Засгийн газрын Бүтээн байгуулалтын цаг уулзалтад өнөөдөр ТОСК-ийн удирдлагууд оролцож “Буянт-Ухаа 1” болон “Буянт-Ухаан 2” хорооллын талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр ТОСК-ийн дэд захирал Д.Оюунжаргалаас дараах тодруулгыг авлаа.
-“Буянт-Ухаа 1” хорооллын сугалаанд хожсон иргэд төлбөрийн урьдчилгаа болох 30 хувиа банкинд байршуулах гэсэн боловч зээлийн нөхцөл хангахгүйн улмаас буцаагдаж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Банкууд бол хувийн байгууллага учир өөрсдөө эрсдлээ харна. Тиймээс ч өөрсдийн дотоод журмаар асуудлаа шийдэж байгаа байх. Ямартай ч бид хямд, чанартай орон сууцаа бариад өгчихлөө. Гэхдээ иргэдээс зээлийн нөхцөл чанга байгаа гэх асуудлыг тавьж байгаа. Тиймээс бид “Банкуудын холбоо”-ны удирдлагуудад хүсэлт илгээж уулзахаар болоод байна. Маргааш эхний уулзалт болно. Тус уулзалтаар зорилтот бүлгийн иргэдэд зээлийн нөхцлөө зөөлрүүлэх хүсэлт тавина. Тэд хэрхэн хүлээж авахаас бүх зүйл шийдэгдэнэ дээ.
-Ер нь арилжааны банкуудын зээлийн нөхцөлд өндөр настанд урт хугацаатай зээл олгох нь хязгаарлагдмал байдаг. Засгийн газраас журмаа боловсруулахдаа үүнийг тооцоолоогүй юу?
-Засгийн газраас гаргасан журмын шаардлагад арилжааны банкаас тавих зээлийн шалгуур шаардлага хангасан байх ёстойг заасан байгаа. Гэтэл сугалаанд оролцсон иргэд бүгд л энэ үзүүлэлтийг хангасан гэж захиалгаа өгсөн. Иргэдээс ирж буй гомдлын дийлэнх нь “орлогын хэмжээ хүрэхгүй” гэх шалтгаанаар буцаагдаж байгаа.
-Энэхүү зээлтэй холбоотойгоор зөрүүтэй ойлголт нийгэмд тарж байна. Үүнийг нэгэтгэх, нэгдсэн нэг ойлголтод хүрэх, иргэдийг зөв мэдээллээр хангах талаар танайхаас ямар ажлыг хийж байна вэ?
-Нийгэмд маш олон янзын ойлголт гарч байна. Энэ нь зөвхөн зээлтэй холбоотой асуудлууд юм. Үүнийг бид дангаараа шийдэж нэгтгэх боломжгүй. Заавал банкуудтай харилцан зөвшилцөж байж тулгараад байгаа асуудлаа нэг ойлголтод аваачих боломжтой. Тэгэхээр нэгдсэн нэг ойлголтод хүрэх асуудлыг маргаашийн уулзалтаар ярина.
-“Банкуудын холбоо”-ны удирдлагуудтай уулзах уулзалтын үр дүнд зээлийн нөхцөл сулрах найдвар хэр байна гэж харж байна вэ?
-Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн зээлээр олгож буй хөрөнгө банкуудын мөнгө биш. Чингис бондоос санхүүжиж байгаа, цаашлаад ипотекийн үнэт цаас болж олон улсад арилжигдах юм. Энэ утгаараа банкууд бизнесийн байгууллага ч гэсэн ард иргэдийн өмнө хүлээх хариуцлага гэж байх ёстой. Үүнийгээ ухамсарлаж ойлгох байх гэдэгт найдаж, ойлголцолд хүрэх байх.
-Харин энэ уулзалтаар асуудал шийдэгдэх хооронд сугалаанд хожсон иргэдийн урьдчилгаа төлбөрөө байршуулах 10 хоног нь дуусчихаж мэднэ. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Журмаараа 45 хоногийн дотор байр сонгоод, урьдчилгаа төлбөрөө төлөх ерөнхий хугацаа байгаа. Харин зээлийн гэрээ хийх 10 хоногийн хугацаа бол сонгосон байраа баталгаажуулах хоног юм. Өөрөөр хэлбэл, энэ 10 хоногтоо багтаж банктай зээлийн гэрээ хийгээгүй бол тухайн иргэний сонгосон байр, давхар, тоот нь хүчингүй болно. Харин сугалаа нь 45 хоногтоо хүчинтэй байна гэсэн үг юм. Тэгэхээр өөр байр сонгох эрх нээлттэй байна.
Д.Оюунжаргал: Арилжааны банкуудад зээлийн нөхцлөө зөөлрүүлэх хүсэлт тавина | ||
Үзсэн: 1921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.