![](/uploads/201406/news/thumb/f0008e7d24730b3a9fbb037655bff726_x3.jpg)
Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, хорь гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулан Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтсон байна.
Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкнаас олон улсын зах зээл дээр бонд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дэмжлэг үзүүлэх захидал”-ыг гаргахыг зөвшөөрчээ. Засгийн газрын зүгээс энэ асуудалтай холбоотойгоор хариуцлага хүлээж, баталгаа гаргахгүй юм байна.
Мөн Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, энхийг сахиулагчид болон тэдгээрийн гэр бүлд дэмжлэг үзүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн дэмжээд хариуг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар шийдвэрлэжээ.
Дээрх асуудлуудаас гадна өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
УИХ-аас 2002 онд “Чөлөөт бүсийн тухай” хууль батлан гаргаж, Чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны үйл ажиллагааг хэвийн явуулахад Улсын төсвөөс 6.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн Улсын төсвөөс 31.7 тэрбум төгрөг, гадаадын хөнгөлөлттэй зээлээс 31.3 сая ам. доллар тус тус зарцуулж, дэд бүтцийн зураг төсөв, төлөвлөлт, барилга байгууламжийн зарим ажлуудыг хийж байгаа боловч хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байна. Цаашид чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт болон манай улсын онцлог, эрх ашигт нийцүүлэн чөлөөт бүсийн хууль, эрхзүйн орчныг дахин өөрчлөх шаардлага гарч байна. Шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд чөлөөт бүсийг хэлбэрээр нь ангилсан заалтыг өөрчилж, чөлөөт бүсийг хилийн боомт болон Засгийн газрын санал болгосон тусгай бүс нутагт байгуулж хөгжүүлэхээр тусгажээ.
Чөлөөт бүсэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд үл харшлах, олон улсын гэрээний тулгуур зарчим, шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, олон улсын банк, санхүү, даатгал, төлбөрт таавар, бооцоот тоглоом, нийгэм, зах зээл, дэд бүтцийн бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болохоор тусгасан байна. Концессын гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн хөрөнгөөр чөлөөт бүсийг бүхэлд нь буюу хэсэгчлэн байгуулж хөгжүүлэх боломжтойгоор шинэчилж, чөлөөт бүсэд гадаад болон дотоодын иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших, ашиглах зохицуулалтыг тодорхой болгожээ. Шинэчилсэн найруулгын төсөл нь чөлөөт бүсэд иргэний бараа солилцоо, худалдааг дэмжих, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний шинэ салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.
Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина | ||
Үзсэн: 934 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.