Үндэсний телевизийн цаг агаарын мэдээний үеэр явдаг “Цэнхэр залаа” аялгууг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Энэхүү гайхамшигтай бүтээлийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх 1969 онд зохиосон бөгөөд 45 жилийн ой нь энэ онд тохиож байна. МҮОНРТ-ийн уран бүтээлчид “Цэнхэр залаа”-гаа 45 жил үнэ төлбөргүй ашиглуулсан зохиогчийг 2014 оны 5 сарын 08 ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, таван сая төгрөгөөр урамшууллаа.
С. Баатарсүх “Би “Цэнхэр залаа”-г зохиосон” гэж ярихаасаа “Төрмөл аялгуу” гэж хэлдэг. Тэрбээр 1966 онд дунд сургуулиа төгсч, МУИС-ийн барилгын инженерийн ангид элссэн юм. Оюутан болоод цахилгаан гитарын чуулга буюу Монголын цахилгаан хөгжмийн анхны хамтлагийг байгуулсан байна. Тухайн үедээ гадны хамтлаг дуучдын, ялангуяа “Битлз”-ийн дууг их тоглодог байж. Харин МУИС-ийн Эвлэлийн хорооны дарга байсан, Монголын хөгжмийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа нэг өдөр “Баатарсүх ээ, та бүхэн Монголын хөгжмийн урлагт цоо шинэ ажил эхлүүлж байгаа нь энэ юм шүү. Тиймээс та нарын тоглож байгаа аялгуу Монгол гэсэн үндэстнийг тодорхойлж, Монгол улсын нүүр царай болох ёстой. Ямар нэгэн гадаадын хамтлаг дуучдыг дууриасан байх ёсгүй” гэж хэлжээ. Энэ нь “Та нар Монголын эстрад хөгжмийн суурийг тавьж байна. Тиймээс маш хариуцлагатай хандах хэрэгтэй” гэсэн санаа байв.
Үүнд ид шатаж явсан С.Баатарсүх 1969 онд ноот ч мэддэггүй байлаа. Харин нэг л шөнийн зүүдэнд гайхамшигтай аялгуу орж ирсэн нь “Цэнхэр залаа” байсан гэдэг. Өглөө нь яаравчлан босч, аялгуугаа мартахаас өмнө гитар дээр тоглож байгаад тухайн үед Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддорж багш дээр очиж ноотлуулжээ. Тэнгэр бурхны шивнэсэн энэхүү аялгууг хамгийн түрүүнд сонссон багш нь толгой сэгсэрч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадрааг дууджээ. Хоёр лут хүн шогшроод унамагц таалагдсангүй хэмээн бодож.
Гэтэл нөгөө хоёр хэний ч танихгүй, ноот ч мэдэхгүй залуугаас ийм аялгуу төрсөнд гайхаад байж. Ж.Бадраа агсан аялгуунд нэр хайрласан ч “Цэнхэр залаа” гэдэг нэр С.Баатарсүхэд таалагдсангүй. Тэгээд “Багш аа, юун тахианы залаа вэ” гэтэл “Битгий дэмий юм яриад бай. Залаа гэдэг чинь залах удирдах гэсэн утгатай үг. Цэнхэр гэдэг чинь Хөх Монгол гэсэн үг гээд л. Энх тайвнаар энх тунх Монгол орноо зална гэсэн утгатай” хэмээсэн нь зохиогчид ихэд таалагдсан аж. Тухайн үед “Хөх Монгол” гэж яривал асуудалд ордог байсан цаг.
Монголын радиогийн хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор Т.Чимэддоржийн санаачилгаар, хуучнаар Мэдээлэл радио, телевизийн улсын хорооны дэргэд цахилгаан хөгжмийн чуулга байгуулж, есөн хөгжимчнийг 1968 оны намар Польш руу сургалтад явуулжээ. Тэд дараа жил нь эх орондоо эргэн ирж, долдугаар сарын 10 нд анхныхаа тоглолтыг хийхдээ “Цэнхэр залаа”-г анх олон нийтэд сонирхуулсан түүхтэй. Тухайн үед манай улсад ЗХУ-ын “Орбит” суваг гардаг байлаа. Тус телевизийн цаг агаарын мэдээний үеэр Францын хөгжмийн алдарт зохиолч Поль Мориагийн сайхан аялгуунууд эгшиглэдэг байв.
Тэр үед Радио, телевизийн улсын хорооны дарга байсан С.Жалан-Аажав гуай үүнээс санаа авч, цаг агаарынхаа мэдээг амь оруулахаар шийджээ. Тус хороонд хөгжмийн редактороор ажиллаж байсан Цагаан гэж хүн “Цэнхэр залаа”-г санал болгосноор “Цаг агаарын ая” гэх нэрээ авсан юм. Тухайн үедээ С.Баатарсүх юмны цаана фон болгон явуулах болсонд жаахан дургүй байсан гэдэг. Гэхдээ энэхүү бүтээл үүний хүчинд радио, телевизээр олон удаа явж, монголчуудын хүртээл болж өдгөө ч амьдарсаар байна.
МҮОНРТ “Цэнхэр залаа”-г 45 жил ашигласныхаа хариуг барьж зохиогч С.Баатарсүхийг таван сая төгрөгөөр урамшуулав | ||
Үзсэн: 4054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.