Шууд Chart

Н.Алтанхуяг: Иргэдийг татвараар, шоронгоор айлгадаг тогтолцооны төлөө би л лав яваагүй

2014-06-05 17:30:08

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр МҮОНТ-ээр иргэдийн асуултад хариуллаа. “11 11” төвөөс шууд дамжуулагдсан нэвтрүүлгийн иргэдээс ирүүлсэн асуулт, Ерөнхий сайдын хариултыг бүрэн эхээр нь уншигч та бүхэндээ хүргэе.   

 - Манай улсад эдийн засаг хүндхэн байдалд орлоо гэдгийг хэн хүнгүй ярьж байна. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн жил үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр хэр үр дүнтэй байсан бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Та бүхнийхээ энэ оройн амар амгаланг айлтгая. Манай “11 11 төв”-д иргэд ямар асуудлаар хандсаныг би мягмар, пүрэв гарагийн өглөө үздэг. Тэгэхээр хүмүүсийн бодол санал ямар асуудалд зонхилохов гэдгийг бараг мэдэж байна. Шинэчлэлийн Засгийн газар энэ нэг жил есөн сарын хугацаанд ард түмний амьжиргааг дээшлүүлэх, хээл хахууль авлигатай тэмцэх, шинэ бүтээн байгуулалтуудыг хийе гээд л урам зоригтой ажиллаж байгаа. Мэдээж бидэнд хүндрэл бэрхшээл тулгарч байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг тодорхой нэр төрлийн бараан дээр хэрэгжүүлж эхэлсэн. Жишээ нь, ард иргэдийн ахуй амьдралд суурь нөлөө үзүүлж болох бензин шатахууны үнэ байна. Бүтэн хоёр жилийн хугацаанд бензиний үнэ нэг л удаа бууж, хэдэн төгрөгөөр нэмэгдсэн. Өөр өөрчлөлт гараагүй. Мөн нүүрс хөтөлбөрөөр үнийг тогтвортой барьсан. Гэсэн хэдий ч өргөн хэрэглээний барааны үнэ болон валютын ханшны өөрчлөлтөөс үүдэлтэйгээр зарим барааны үнэ өссөн. Засгийн газар үүнийг арилгахын тулд ажиллаж байна.
 
-Иргэдийн дунд долларын ханшийг хэзээ бууруулах бол гэсэн хүлээлт байна. Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн эрүүлжүүлэх 100 хоногийг эхлүүлсэн. Энэ хугацаанд долларын ханш буурах болов уу?
-Эдийн засгийн идэвхжүүлэхийн тулд УИХ тогтоол батлуулаад Засгийн газар шуурхай ажиллаж байна. Гэхдээ 100 хоногийн дотор бүх юм өргөс авсан мэт зүгээр болчихно гэж бодох хэрэггүй. Бид 100 хоногийн хугацаанд цаашид эдийн засгийн хүндрэлээс гарах сууриудыг тавьж чадна. Нийтдээ 70 гаруй арга хэмжээ төлөвлөснөөс бид гучийг нь хэрэгжүүлээд явж байна. Валютын ханшийг ярихын өмнө манай эдийн засаг үнэхээр хямарсан уу гэдгийг манай улстай хамааралтай дэлхийн бусад улсуудын эдийн засагтай харьцуулж хэлье. 2011 онд гэхэд дэлхийн эдийн засаг дөрвөн хувиар өссөн үзүүлэлттэй гарч. Тэр үед Оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирсэн учраас манай улсын эдийн засаг хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 17.5 хувьтай гарсан.  2012 он буюу сонгуулийн жилд дэлхийн засгийн өсөлт 3.2 хувьтай байхад манай улсын эдийн засаг 12.4 хувьтай байсан. Ер нь аль ч үед дэлхийн эдийн засаг, ОХУ болон БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтэй харьцуулахад манай улсын эдийн засаг өндөр үзүүлэлтэй гарч байсан. Үүнийг бид манай эдийн засгийн үзүүлэлт хоёр оронтой тоонд явж байна гэж хэлээд байгаа юм. Манай улсын эдийн засаг түүхий эдээс хамаардаг учир алт, зэс, төмрийн хүдэр зэргээ дэлхийн зах зээлд гаргаж борлуулаад тэндээс тодорхой хэмжээний орлого манайд ордог. БНХАУ-ын хувьд эдийн засгийн өсөлт нь 2011 онд 9.3 хувьтай байснаа 7.5 хувьтай болж буурсан байна гэдэг чинь энэ улсын хэрэглээ багассан гэсэн үг. Тийм учраас манай улсаас Хятад улсад гаргаж зардаг барааны үнэ буураад энэ нь эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм.
 
 
-Тэгэхээр бид долларын ханшийг барихын тулд яах вэ. Мэдээж экспортоос доллар оруулж ирэх ёстой байх?
-Хоёр янзын арга байна. Иргэд манай улсын эдийн засаг өндөр үзүүлэлттэй байна гэж бодно. Энэ тоо бодитой. Гэхдээ манай улсад ямар хүндрэл үүссэн бэ гэхээр долларын хомсдол.  Яагаад иргэдийн  гэртээ тавьсан арван тавилга хэрэглэлийн ес нь гадаадын бараа бүтээгдэхүүн байгаа. Бид орж ирсэн доллараа буцаагаад  гадаад руу гаргачихаж байна шүү дээ. Тийм ч учраас Засгийн газар энэ онд  Монголдоо бүтээцгээе гэсэн уриалга гарган ажиллаж байна. Долларын ханш өргөс авсан мэт нэг өдөр л өөрчлөгдчихгүй. Бид хамтарч ажиллах хэрэгтэй. Ард иргэд бөөнөөрөө хамтарч ажиллана гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. 2.8 сая хүн нэг нэг доллар хэмнэхэд 2.8 сая доллар хэмнэнэ. Гаднаас авч байгаа бараа бүтээгдэхүүнээ багасгая гэдэг чинь Монголдоо бүтээцгээе гэсэн үг. Нөгөө нэг арга нь бол дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээ чанартай үйлдвэрлэн  дэлхийн зах зээлд  гаргаж доллар оруулж ирэх боломж. Ерөөсөө Монголдоо бүтээцгээе гээд байгаа маань бүгдээрээ хамтарч долларын ханшийг бууруулья гэсэн үг шүү дээ.
 
-Тэгвэл Засгийн газраас экспортыг дэмжиж импортыг хумих бодлого барих нь гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно.
 
-Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх 888 төслийг шалгаруулсан байгаа. Энэ төслийн санхүүжилт хэзээ хийгдэх вэ. Магадгүй энэ бол экспортыг нэмэгдүүлэх ажлын эхлэл байх?
-Таниас эхлээд иргэдийн дунд энэ талаарх ойлголт жаахан буруу яваад байна.  Засгийн газар 888 төслийг шалгаруулаагүй. Чингис болон Японд босгосон бондын үлдсэн мөнгөөр бид Монголдоо бүтээх үйлдвэрлэлийг дэмжье гэсэн. Экспортыг дэмжих буюу бүтээгдэхүүнээ хийгээд гаднаас доллар орж ирэх, гаднаас доллараар авч байгаа бараа бүтээгдэхүүний дотооддоо үйлдвэрлэх буюу импортыг орлох төслүүд гэсэн хоёр чиглэлээр зарласан. Үүний дагуу 1151 төсөл ирсэн. Эндээс 263 нь экспортыг дэмжиж доллар орж ирэхгүй, импортыг орлож долларыг багасгахгүй байсан учраас хасагдсан. Ингээд 888 төсөл үлдсэн, шалгаруулсан биш шүү.
Одоо 888 төслөө яах вэ гэхээр иргэд эхлээд арилжааны банкууд дээр очно. Дараа нь  арилжааны банк таны төслийг дэмжээд бүх шалгуурт нь тэнцвэл Хөгжлийн банкнаас зээлээ авна. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк Чингис бондын мөнгийг арилжааны банкуудад өгнө гэсэн үг. Ингээд арилжааны банк руу Чингис бондын мөнгө ороод ирэхээр иргэд зээлээ авна. Ийм дөрвөн үе шатыг дамжих юм. Уржигдар твиттер, фэйсбүүкээр энэ 888 төсөлд багтсан дөрвөн тэрбум төгрөгийн зээлийн төслийг зарна гэсэн худлаа мэдээлэл гарсан.
Түүчнлэн бид 888 төслийг ангилж үзсэн. Үүнээс 579 нь жижиг дунд үйлдвэрлэлийн сангаар дамжуулах дээд тал нь хоёр тэрбум, доод тал нь 7.8 сая төгрөгийн зээл хүссэн төсөл байна. Энэ 579 төслийг санхүүжүүлэхийн тулд 100 тэрбум төгрөгийг Чингис бондоос бөөнд нь аваад Жижиг дунд үйлдвэрлэлийн санд өгчихэж байгаа юм. Одоогийн байдлаар эдгээр төслүүдээс 20 гаруй төсөл нь арилжааны банкаар дэмжигдээд Хөгжлийн банкаас зээлээ авчихсан байгаа.
 
-Үүнээс гадна манай эдийн засгийн гол хөшүүргийн нэг нь уул уурхайн салбар. Энэ салбарт тантай холбоотой мэдээлэл гарлаа. “Чалко” компанитай хийсэн гэрээг дордуулсан тул одоо нүүрсний үнэ буурсан гэж байна?
-Бид нар нүүрс, зэсээ урьдчилж зараад нилээд их хэмжээний мөнгө болгоод тэрийгээ тараачихсан. Таны хэлж байгаа Чалкогоос 350 сая долларыг нь түрүүлж аваад Хүнийг хөгжлийн сангаар тараачихсан. Тэрийг дахин дахин яриад байх хэрэггүй байх. Бид нүүрсний үнийг багадуулаагүй, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өөрөө буурч байна.  
 
-Өнөөдөр эдийн засгийг олон тулгууртай болгоё, хэт нэг салбараас хамааралтай байхаар ингэж эдийн засгийн хямрал үүсээд байна гэсэн яриа бас байна?
-Тэгэхээр бид энэ Чингис болон Японд босгосон бондын мөнгөнөөс зөвхөн уул уурхайн салбараас гадна мал аж ахуй, газар тариалан, оёмол сүлжмэл эсвэл сүүний махны чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжье гээд ажлууд хийгдэж байгаа. Одоо манай иргэд Чингис бондын мөнгө хаачсан бэ гээд асуугаад байгаа. Би энэ талаар УИХ-д танилцуулга хийсэн.
Өнөөдөр бид гадаадаас 1.5 тэрбум америк доллар босгосон. Тэр нь монгол мөнгөнд шилжүүлэх юм бол 2.5 их наяд төгрөг. Энэ мөнгөний бараг тал хувийг нь зарцуулсан үлдсэн хэсэг нь одоо арилжааны банкин дээр байгаа. Арилжааны банкууд Чингис бондын мөнгийг өөрсдийнхөө банкинд байлгасны төлөө хүү төлдөг. Нөгөө үйлдвэрлэлийг дэмжих нэг их наяд төгрөг чинь энд байгаа юм. Өөрөөр хэлбэл үлдсэн 1.2 их наяд төгрөгөөр үйлдвэрлэлийг дэмжинэ гэж ойлгох хэрэгтэй. Харин хэрэглээд дуусан 1.2 их наяд төгрөгийг юунд хэрэглэсэн юм бэ гээд хүмүүс асуудаг. Жишээ нь аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажилд нийт 574 тэрбум төгрөг гаргасан. Гэхдээ замын ажил нь гүйцээгүй байгаа учраас одоо 300 гаруй тэрбум төгрөг нь гарчихсан явж байна. Гудамж төсөлд 300 гаран тэрбум төгрөг зарцуулсан. Үүний дараа дэд бүтэц. Энэ юу гэхээр манайд олон газруудыг хувийн компаниуд орон сууц барина гээд авчихсан. Гэхдээ тэр газар луу нь цэвэр бохирын шугам дэд бүтэц ороогүй учраас тийшээ бас 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Тавдугаар цахилгаан станц болон Эгийн голын цахилгаан станцуудад их мөнгө өгөөгүй, эхлүүлэх хэмжээний мөнгө өгсөн, 80 гаруй тэрбум төгрөг. Төмөр замд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Төмөр зам гэж яриад юу ч хийгээгүй байсан. Бид харин энэ бондын хөрөнгөнөөс өгөөд Таван толгойгоос урагшаа хил рүү явж байгаа төмөр замын далангийн ажлыг хийгээд эхэлчихсэн. Энэ хийгдсэн ажлуудын мөнгө бол буцаагаад төсвөөс төлөгдөнө.
Харин үлсдэн хагас хөрөнгө нь аж ахуйн нэгжээс төлөгдөх юм. Энэ төсвөөс төлөгдөхгүй хөрөнгө оруулалтад агаарын тээвэр, төмрийн хүдрийн үйлдвэр, ТОСК, ХАА хөнгөн үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинат зэрэг хамаарч байгаа. Монгол улс барилгын салбарын цаашдын хөгжилд анхаарахын тулд цементийн болон төмрийн гэсэн хоёр үйлдвэрийг л дэмжих хэрэгтэй. Байшин барилгын гол араг яс нь арматурын төмөр, гол мах нь цемент байдаг. Тийм учраас ийм үйлдвэрлэлийг дэмжиж зээл өгсөн. Зээл авсан компани нь жил жилдээ зээлээ төлөөд явна. Тэгэхээр Чингис бондын мөнгө гэж Засгийн газарт их ачаалал ирэхгүй, дээрээс нь бид цементийн болон төмрийн үйлдвэртэй болчихож байгаа юм. ТОСК-ын хувьд бол бид Буянт-Ухаа хорооллыг барих мөнгийг нь л өгсөн. Иргэд зээл аваад мөнгөө төлчихнө. Одоо дахиад зээл аваад Буянт Ухаа II хорооллыг барьж байна. Энэ бол алга болж байгаа биш, эргэлдэж байгаа мөнгө. Хөдөө аж ахуйн салбарт ноос, ноолуур болон сүүний үнээний үйлдвэрлэл болон оёдлын үйлдвэрлэлийг дэмжих, хүлэмжийн аж ахуйг бий болгох гэсэн таван чиглэлээр 270 тэрбум төгрөг гаргасан. Байшин үйлдвэрлэх комбинаттай болохыг дэмжээд Германы орчин үеийн тоног төхөөрөмжтэй болоход зориулж 20 гаруй тэрбум төгрөг өгч байгаа. Чингис бондын мөнгө эдгээр зүйлд зарцуулагдаж байна.
 
 
-НӨАТ-ын  хоёр хувийг нь буцааж олгодог  болно-
 
-Чингис бондын зарцуулалтад сөрөг хүчнийхэн тань шүүмжлэлтэй ханддаг.Бондын хөрөнгийн тал хувийг нь аж ахуйн нэгжүүд төлж,  дээр нь бүтээн байгуулалт бий болох нь гэж таниас ярианаас ойлгож болох уу?
-Ашиглаагүй үлдсэн 1.2 их наяд төгрөг бол ашиг орлого олох аж ахуйн нэгжүүдэд очоод үйлдвэрлэл, бүтээгдэхүүн болохтэр мөнгө рүү явж байгаа юм. Ингээд харахаар Чингис бондын нийт хөрөнгийн дөрөвний нэг нь л замын ажилд зарцуулагдсан. Бусдыг нь бид аль болохоор буцаж ашгаа өгөх үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулж байгаа.
 
-Та эдийн засгаа идэвхжүүлэх 100 хоногт ид шид бүтээхгүй. Эдийн засаг бизнес чөлөөтэй эрхлэх орчныг сайжруулах суурийг тавьж зөв замдаа орно гэж хэлсэн. Хувийн өмч, хувийн бизнест халддаг баялаг бүтээгч татвар төлөгчдөө барьж хорьдог, мөнгөө гаргаж хөрөнгө оруулахаас айдаг,  нуудаг энэ айдсыг яаж арилгах вэ?
-Энэ зөвхөн 100 хоногт биш л дээ, иргэдийг татвараар шоронгоор айлгадаг ийм тогтолцооны төлөө би л лав яваагүй. Би улс төрд 25 жил явж байна, аль болох айдасгүй эрүүл саруул эрх чөлөөтэй нийгмийн төлөө явсан. Бид тэрний төлөө л ажилладаг. Би УИХ-д ажлаа байнга тайлагнадаг юм. Харин ард иргэдэд тайлагналгүй их удсан юм шиг байна. Энэ 100 хоногт ямар ажлуудыг хийхээ иргэдэд ойлгоход зориулаад товчхон хэлье. Хамгийн гол нь энэ 100 хоногийн хугацаанд бизнес эрхлэгчдээ дэмжье гэж байгаа. МХЕГ-ын шалгалтаар эсвэл шоронд хийнэ гэж битгий айлгаад байгаач ээ. Энэ чинь эдийн засагт маш их хохиролтой байна гэж би хэлээд байгаа юм. Тэгэхээр хамгийн эхний ээлжинд аль болохоор манай ард иргэд гаднаас авдаг юм аа багасгаач ээ. Дотооддоо хийдэг юм аа бүгдээрээ дэмжье ээ. Нэг нэгнийхээ хийж байгаа юмыг худалдаж авъя аа. Үүнийг нэлээд том ажил болгож өрнүүлье гэсэн юм .
Тендерийн хуулийг өөрчилье гэсэн юм. Жил есөн сар болж байхад тендер дээр нэлээд маргаж байна. Нэгдүгээрт, тендер хамгийн бага үнээр өрсөлдөж байна. Хамгийн муу чанартай гэсэн үг болж байна. Хоёрдугаарт, нэг юм босгоно гэж авчихаад хэзээ ч босгодоггүй. Жил дараалж мөнгө аваад байна. Энэ байдлыг өөрчилье гээд тендерийн хуулинд өөрчлөлт оруулж байгаа.
 
-Хариуцлагыг нь өндөрсгөхгүй бол өнөөдөр балгас болсон байшингууд үлдээд байна. Дахиад тендер шалгаруулж болохгүй юу?
-Бага үнээр өрсөлддөг болохоор тийм байдал үүсээд байна. Хамгийн бага үнээр өгсөн ш дээ. Одоо юмны үнэ өсөөд байна гээд хачин завхарсан юм болсон. Тэгээд өөрчилье гэсэн юм. Гуравдугаарт, манай иргэд 10 хувийн НӨАТ төлж байгаа тэрнийхээ хоёр хувийг нь буцааж авдаг болно. Иргэдээ урамшуулахын тулд ингэж байгаа. НӨАТ гэдэг юманд манай иргэд оролцохоор тэр чинь бас давхар хяналт болно. Жишээ нь, би энэ түцнээс очоод юм авах уу, дэлгүүрээс орж авах уу? гэхээр дэлгүүрээс орж авна. Яагаад гэвэл талонтой өгнө. Талоноо би цуглуулж байгаад хоёр хувийнхаа НӨАТ-ыг авна. Дараа нь төрийн өмчийг эзэнжүүлэхийг ажлыг хийе. Энэ 100 хоногт дараагийн долоо хоногоос эхлээд өдөр тутам төрд байгаа хэрэггүй юмнуудаа, ашиглахгүй байгаа эд зүйлсээ эсвэл түрээсэлсэн нэрээр хэдэн хүн ашиг олоод байгаа юмнуудыг заръя гэж байгаа юм.
 
-Хувьчлах уу?
- Хувьчлана л гэдэг байхдаа. Дуудлага худалдаагаар өгье. Хувьчлана гэхээр манайхан тэр нэг гурван нөхөрт өгчихнө гэж ойлгоод байгаа, тийм биш. Дуудлага худалдаа, гэрээгээр, зарим нь хөрөнгийн биржээр өгөх хувьчлалын аргуудыг хэрэглэе гэж байгаа.
Төрийн шаардлагатай хяналт шалгалтыг зогсоож бизнес эрхлэхэд зөвлөмж өгөх. Үүнд дээр бол би түрүүн хэлсэн хамаагүй битгий хяналт шалгалт хийгээд байгаа ч ээ. Газрыг эргэлтэд оруулъя. Бизнес эрхлэлтийг зөвшөөрөх. Мөн далд эдийн засгийг ил тод болгох хэрэгтэй. Бүгдээрээ л айсан, таван төгрөгөө нуусан сонин нийгэм болчихжээ.
Байгаа юмнуудаа ил гарга. Ил гаргаснаараа манай улсын эдийн засгийн чадавхи нэмэгдэнэ. Иргэд айх юмгүйгээр амьдардаг болно. Тийм учраас эдийн засгийг ил тод болгох хэрэгтэй. За тэгээд өршөөлийн тухай хуулийг УИХ-д удахгүй өргөн барина. Ингэснээр манай эдийн засаг таван төгрөг нууж байсныг бодоход ил гаргачихна. Нэг байшин нуугдчихсан байсан бол тэр нь ил гарна. Ингэхээр манай нийт татвар төлдөг хэмжээ бол ихсээд явчихна.
 
-Томоохон бизнес эрхлэгчдийг нэлээд хэдэн жилийн өмнө татвараас чөлөөлж байсан шиг үйлчлэх үү?
-Татвараас чөлөөлөхгүй. Нуугдсан, хаагдсан, орхигдсон зүйлийг ил гаргаж бичиж байгаа. Уул уурхайн ашигт малтмал, нүүрсний экспортон дээр тодорхой анхаарал тавьж байгаа. Өнгөрсөн жилийн энэ үед экспортолж байсан нүүрснээсээ арга хэмжээ аваад 800 тн нүүрс илүү гаргачихсан. Бас тодорхой ажлууд хийгдээд байгаа. Энэ хүрээнд төмөр замын цариг, дэд бүтцийг шийдвэрлэнэ гэсэн байна. Тухайлбал, өнөөдөр нүүрсийг үнэд хүргэхийн тулд тээвэрлэлтийн зардлыг хасах ёстой. Царигийн асуудлыг шийдэж байгаа юм уу гэсэн асуудал уул уурхайн салбар дээр ороод ирчихсэн байна лээ.
Засгийн газрын хуралдаанаар бид ямар шийдвэр гаргасан гэхээр Таван Толгойгоос Гашуунсухайт руу явж байгаа төмөр зам байна ш дээ. Тэр нарийхан өнчин төмөр зам бүдүүн байгаад хэрэггүй юм байна. Цаад талдаа нарийн царигтай юм чинь нарийнаар хийе гэсэн шийдвэр гаргасан. Одоо УИХ-аар эцэслээд шийдвэрлэх байх. Манайх шиг айл нүүрсээ зарж байна ш дээ. Нүүрс тээврийн зардал их ордог төвөгтэй юм байна. Харин морин тэргээр явбал зөндөө их удна. Машинаар зөөвөл илүү удна, шуудайгаар үүрээд явбал бүр бүтэхгүй. Тэгэхээр аль болохоор их хэмжээгээр гаргахын тулд заавал төмөр зам хэрэгтэй. Өргөн царигаа тавьчих юм бол цаана Хятадад нарийн цариг байдаг яаж шилжүүлж ачих вэ. Шилжүүлж ачна гэхээр ахиад л зардал үүснэ. Тийм учраас бид нар яриад сая шийдсэн байгаа. Үүнийг би бүгдийг нь хэлээд яахав.
 
-Төрийн байгууллагуудын тэвчиж болох зардал бодитоор хэрэгжиж байгаа юу? Үүнд хяналт тавьж байгаа юу гэсэн асуулт нэлээд давхцалтайгаар ирж байна?
-Бид нар УИХ дээр төсвийн хязгаарлагдмал тодотгол гэдгийг хийсэн. Тэрэн дотроо төсвийн нэлээд олон байгууллагын зарим тэвчиж болох зардлыг оруулсан. Зардал хаслаа гэхээр цалин тэтгэвэр хассан юм шиг ойлгож болохгүй. Харин ч цалин, тэтгэвэр тэтгэмж бол тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байгаа юм. Тэгэхээр тэвчиж болох зардлуудыг нэлээд хэмжээгээр багасгасан байгаа. Дунджаар 13-14 хувиар багассан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг удаа семинар хийхээ больчих. Эсвэл нэг удаа гадаад явах, бичиг хэргийнхээ зардлыг , эсвэл шатахууныхаа үнийг багасгачих. Өөр нэг юм байгаа. Нэг жилдээ сандал ширээ худалдаж авахаа болчих гээд. Ийм байдлаар 40 орчим тэрбум төгрөгийн урсгал зардлыг бууруулсан.
 
-Өрсөлдөх чадвартай болохын тулд нүүрсээ эхлээд дотооддоо угаах ёстой-
 
-Төмөр замын төсөлтэй холбоотой асуулт их ирж байна. Төмөр замын төсөл хэр  явж байгаа вэ. Ямар тендер шалгаруулалтаар “Самсунг” энэ ажлыг авсан юм. Гэрээ хийсэн гэсэн нь үнэн үү. Туслан гүйцэтгэгч компаниудыг нь нэр бүхий улс төрчид авсан гэсэн. “Чингис” бондын зарцуулалтад үнэхээр сэтгэл өвдөж байна? 
-Урагшаа нүүрсээ зарахын тулд Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл төмөр зам тавъя гэсэн шийдвэр аль хэдэн жилийн өмнө гарсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тавьж чадаагүй. Тэгэхээр бид “Чингис” бондын мөнгөнөөс 200 сая орчим доллар гаргаад ямар ч байсан энэ жилийн хувьд даланг нь тавьж байгаа. Өмнө нь бол “MCS” тавина гэж байсан. Тэр компанийн үед шалгарсан компани. Үргэлжлүүлээд хийж байгаа. Туслан гүйцэтгэгч Монголын компаниудыг аваад ажиллуулж байгаа юм уу гэдгийг бид мэдэхгүй. Бид бол мөнгөө өгч байгаа. Манай яам хяналтаа тавиад явж байгаа.
 
-Өнөөдөр Оюутолгойн гэрээ хэлцэл ямар байна. Хэр урагшлах вэ. Саяхнаас ажилчдаа цомхотгоод эхэллээ гэх мэдээлэл гарах боллоо?
-Оюутолгойн хувьд манай Засгийн газар гараад их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн. Тэрний 34 хувь нь манайх. Үүнийгээ цааш явуулъя гэсэн байр сууриа илэрхийлсэн байгаа. Дэлхийн эдийн засгийн байдал сайн биш байна. Зэсийн эрэлт хэрэгцээ бас их биш байна. Тэгэхээр энэ үйлдвэрийнхээ хүчин чадлыг илүү нэмэгдүүлье гэж яарахгүй байгаа. Тийм учраас Засгийн газраас хамаараад зогсож байгаа юм байхгүй. Энд нар маань хөрөнгө оруулалт хийх хугацаагаа сар сараар сунгаад л яваад байгаа. Есдүгээр сарын 31 гэхэд бид дараагийн шатныхаа хөрөнгө оруулалтуудаа хийнэ гэсэн байгаа. 
 
-Монголын нүүрсний үнэ, тээвэрлэлт боловсруулалт хэзээ өрсөлдөх чадвартай болох вэ?
-Өрсөлдөх чадвартай болохын тул нүүрсээ эхлээд дотооддоо угаах ёстой. Цаашлаад боловсруулах хэрэгтэй. Төмөр замаар тээвэрлэдэг болох хэрэгтэй. Тэгж байж их хэмжээтэй гарах боломж бүрдэнэ. Гэхдээ түүхийгээр нь их гарга гэж байгаа юм биш шүү. Боловсруулах хэрэгтэй.
 
-Гол түүхий эдээ Тавантолгойгоос урагшаа ачих төмөр замын ажил хэдийгээр дуусах бол. Санхүүжилтийнх нь хувьд ямар байна?
-Засгийн газар “Чингис” бондын мөнгөнөөс 200 сая орчим төгрөг гаргасан явж байгаа. Одоо нэмж Засгийн газар гаргах юм уу, эсвэл хувийн хэвшлийг татаж оруулах замаар санхүүжилт хийнэ.  
 
-Нүүрс, зэснээс гадна манайд алтны олборлолтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг Засгийн газар санаачилсан. Энэ нь эдийн засгаа нэмэгдүүлэх гарц байх гэж хараад байна?
-Алтны хувьд Засгийн газар хуулийн төсөл санаачлаад УИХ баталчихсан. Алт олборлож байгаа хүмүүс нуугаад байх шаардлага байхгүй. Татварыг нь боломжийн хэмжээнд болгосон. Ер нь Монголбанкинд алтаа тушаах юм бол илүү таатай нөхцөлөөр худалдаж авдаг тийм хуулийг гаргачихсан. Манай иргэд алтаа бага багаар гадагшаа гаргаад байх шаардлага байхгүй болсон. Монголбанкинд алт тушаах нь нэмэгдсэн.
 
-Одоо бүтээн байгуулалтын талаар асууя гэж бодож байна. Бид нар бүтээн байгуулалт хийж байж хөгжлийн өөр гарц руу дөхөх байх. Тэр дундаа орон нутагт дэд бүтэц, зам тавих, эрүүл мэндийн асуудал орхигддог. Энэ талаар?
 -Ерөөсөө “Чингис” бондын мөнгө Монголын том том бүтээн байгуулалт руу орох ёстой. Орж эхэлж байгаа. Цахилгаан станцын асуудал байна. “Чингис” бондын мөнгөнөөс гуравдугаар цахилгаан станцын хүчин чадлыг 50 мегаватаар өргөтгөсөн. Бид энэ сарын 16-нд нээлтээ хийнэ. Өнгөрсөн жилийн өдийд шийдсэн асуудал. Бүтэн жилийн хугацаанд өргөтгөчихлөө. Дөрөвдүгээр цахилгаан станц 123 мегаватаар хүчин чадлаа нэмж байгаа. Тэрнийг бид 11 дүгээр сард хүлээж авна. Тэгэхээр “Чингис” бондын мөнгө аль хэдийнэ орж ирээд ажил болж суурилагдаад энэ сарын 16-наас эхлээд цахилгааны шинэ хүчин чадал бий болж байна. 11 дүгээр сараас эхлээд олон ажил хийгдэнэ. Өвөл болохоор цахилгаан дийлдэг болов уу гэсэн асуудал байхгүй болж байгаа. Тэгэхдээ мэдээж манай хэрэгцээ нэмэгдэж байгаа.
 
-Тавдугаар цахилгаан станцыг урагшлуулах асуудалд бондын хөрөнгөөс зарцуулна гэж байсан. Энэ цахилгаан станцын барих тухай олон жил ярьж байна?
-Тавдугаар цахилгаан станц руу бондын мөнгөнөөс орохгүй. Үүнийг өмнөх Засгийн газрын үед шалгаруулчихсан байгаа. Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгө оруулалтаар станцаа бариад дараа нь цахилгаанаа зараад мөнгөө олж авна гэсэн нөхцөлтэй.
 
-Өнгөрсөн жил зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоно гээд тоо нь бас гүйцээгүй байгаа. Энэ жил зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох уу?
-Өнгөрсөн жил зургаан аймгийн төвөөс дөрвөн аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбосон. Энэ жил мөн зургаан аймгийн төвийг холбоё гэсэн. 100 хоног зарласнаас хойш Засгийн газар хагас сайн өдөр, гурав дахь өдөр гээд хоёр удаа хуралддаг болчихоод байгаа. Өнөөдөр хийсэн Засгийн газрын ээлжит бус хурлаар зургаан аймгийн явцыг сонслоо. Энэ жил бид Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл аймгаа холбохоор дүр зураг нь гараад ажил нь явж байна. Завхан аймгийн хувьд 100 гаруй км зам эзэнгүй байгаа. Говь-Алтай аймгийн 200 гаруй км зам хараахан эцэслэгдээгүй байна. Энэ хоёр замын хувьд энэ жил арай боломжгүй.
 
-Орон нутагт эрүүл мэндийн асуудал ямар байна вэ?
-“Чингис” бондын мөнгөнөөс орон нутгийн эрүүл мэнд рүү өгсөн юм байхгүй. Улсын төсвөөс Ерөнхий сайдын нэр дээр байсан 50 тэрбум төгрөгийн 25 тэрбумаар нь 11 аймагт оношлогооны шинэ төвүүдийг бий болгосон. Яагаад хөдөө орон нутгийг анхаарах ёстой юм гэхээр бүх юм Улаанбаатарт төвлөрчихөөд байна. Ингээд оношлогооны төвүүд бий болсон.
 
-Үлдсэн мөнгийг нь ямар дэд бүтцийн салбарт зориулж байна вэ?
-Би энэ баасан гарагт 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг ярина. Тэгэхдээ багцлаад хэлэхэд, 11 аймгийн оношлогооны төв дээр нь ЭНЭШТ-д хүүхдийн зүрхний хагалгаа хийхэд бэлтгэл хангахад хэдэн төгрөг гаргасан. 10 гаруй тэрбум төгрөгөөр 13 аймгийн зах баригдсан. Замын цагдаа нар мөнгө бичээд тасалбар өгөөд байдгийг таслан зогсооё гээд хэдэн төгрөг гарсан. Одоо иргэн, цагдаа хоёрын хооронд бэлэн мөнгө өгч аваад байхгүй бэлэн бус торгуулийн систем бий болсон. Залуучууд руу чиглэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйн зам, явган хүний зам 2.7 км урттай цанын замыг бий болгосон. Хажууд нь хөлбөмбөгийн талбай, сагсны талбай гээд цогцолбор байна. Дээр нь залуучуудын соёлын төв гээд бараг балгас болсон байшин байсан. Тэрийг залуучууд нь өөрсдөө чөлөөт цагаа өнгөрөөдөг тийм төв болж хувиргахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Ийм тоймтой зүйлд мөнгө зарцуулагдсан.
 
 
-Болохгүй байгаа юмыг шийдэх нь бидний ажил учраас болж байгаа мэтээр харах бодол байхгүй-
 
-Орон нутгаас эрчим хүчний бэрхшээлээс хэзээ гарах вэ гэсэн асуулт ирсэн байна. Хөдөө амьдарч буй хүмүүст 7-8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломж байна уу?
-Засгийн газрын хурлаар аймгийн төв дээр орон сууцны байшин урт хугацаатай зээлээр авъя гэвэл жилийн найм биш долоон хувийн хүүтэй болгохоор шийдвэрлэсэн. Улаанбаатар хотод найман хувьтай байгаа. Нөгөө талаасаа улсын төсөвт байсан хэдэн төгрөгийг ашиглаад есөн аймагт дулааны станцыг эхлүүлж байгаа. Их том зорилт тавьж байгаа. Бид түүхэндээ анх есөн аймагт дулааны станц зэрэг барих ажлыг эхлүүлсэн. 2016 он гэхэд дулааны станцтай болно.
 
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд хөдөө, орон нутагт мөнгө хуваарилагддаг. Гэтэл мөнгө нь зориулалтаараа ашиглагдахгүй дарга нарын гараар ордог. Жижиг сумдад ямар ч хяналт байхгүй төсвийн мөнгийг үрж байгаа гэсэн асуулт ирүүлсэн байна. Мөн Солонгосоос Монголд хийгддэггүй барилгын материалыг оруулж ирдэг. Гэтэл Монголын гааль хүндрүүлж компаниудыг уналтад оруулж байна гэсэн байна?  
-“Чингис” бондоос 100 тэрбум төгрөгийг хөдөө, орон нутгийн сан руу өгч байгаа. Түүн дотроосоо аймаг бүрт нэг хүртэлх тэрбум төгрөг хуваарилдаг. Тэгэхээр 100 тэрбум төгрөгийн 30 тэрбум төгрөг нь аймаг орон нутагт хуваарилагддаг. Одоо та нар минь тэр хавиараа хэрүүл багатай, аймгийн Засаг дарга нар нь хариуцлагатай хандаад банктайгаа хамтраад ил тод л шалгаруул. Бид ямар ч байсан байхгүй биш мөнгөтэй болгож өгч байна ш дээ. Тэрнийгээ тэндээ ил тодоор шалгуулах шаардлагатай. 
Монголд үйлдвэрлэдэггүй зүйлийг гаднаас оруулж ирэхээс өөр аргагүй. Тэдгээр бараануудад гаалийн татвар, НӨАТ тавьдаг. Дотоодод хийх юм бол дээрх татваруудыг төлөхгүй.
 
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш ил тод, нээлттэй байна гэж дандаа ярьж байна. Гэвч зарим яам, агентлагийн мэдээлэл хаалттай хоорондоо зөрөөтэй байна. Таниас бусад сайд нар нээлттэй биш байна шүү дээ?  
-Манай сайд нар ч гэсэн нээлттэй байгаа. Гурав дахь өдрийн 11.00 цагаас манай сайд нар “11 11” төвд очиж ярилцдаг. Сайд их ороод байхаар нь яам, агентлагийн дарга нарыг оруулж иргэдийн асуултад хариулуулж байгаа. Даваа гараг болгонд бүтээн байгуулалтын ажлаар хаана, юу хийгдэх гэж байгааг танилцуулж байгаа. Пүрэв гарагт “Ерөнхий сайд 30 минут”-аар сэтгүүлчдийн асуултад хариулж байгаа. Аль болохоор ил тод, нээлттэй байх гэж оролдож байгаа. Тэгэхдээ энэ иргэний шүүмжилж байгаа шиг бүх газар бас тийм байж магадгүй. Тэрнийг  та нар минь “11 11” төв рүү сайн хэлээрэй. Бид нар засах залруулах арга хэмжээ авч ажиллая.
 
-“11 11” төвд иргэдээс ирсэн асуудлын шийдвэр хариуг нь Засгийн газар яаж өгдөг вэ?
-“11 11” төвийнхөн холбогдох газрууд руу хуваарилдаг. Засгийн газар 14 хоноод “11 11” төвд ирсэн асуудлыг яаж шийдэж байгаа талаар танилцуулга хийдэг. Би өөрөө мягмар, пүрэв гарагийн өглөө Ерөнхий сайдад хандаж ирсэн бүх санал, асуултуудыг нэг бүрчлэн ярьдаг. Тэгээд холбогдох хүмүүст нь үүрэг өгдөг.
 
-Ерөнхий сайдыг гэр хорооллоор явж иргэдийнхээ амьдралтай танилцаач гэсэн хүсэлтүүд нэлээд давтагдаж байна?  
-Би хөдөө ч, гэр хорооллоор ч явж байгаа. Тэр бүхнийгээ олон нийтэд зарлахгүй байгаа. Би өөрөө гэр хороололд 18-20 нас хүртлээ амьдарсан. Тийм ч учраас манай Шинэчлэлийн Засгийн газрын гэр хороолол руу хандаж хийсэн хамгийн эхний ажил бол нүүрсний үнийг хямдруулах. Би нүүрстэй багаасаа ноцолдож өссөн учраас нүүрс гэр хороололд ямар үнэ цэнэтэй гэдгийг мэднэ. Одоо шаардлагатай бол ахиад явъя.
 
-Захын гэр хороололд худалдан авах чадвар муу байна. Амьжиргааны түвшин дор хүмүүс амьдарч байна. Талхыг таллаж, тосыг граммлаж авч байна гэдэг. Тэр хүмүүсийн өрхийн эдийн засгийг нь яаж дэмнэх вэ?
-Ямар ч байсан тодорхой арга хэмжээ авахын тулд ажиллана. Гэхдээ зарим зүйлийг харлуулж байгаа тал бий. Валютын ханшнаас болоод зарим валютаар орж ирж байгаа зүйлийн үнэ өссөн. Түүнээс мах, хүнс ногооны үнэд тодорхой өөрчлөлт гараагүй. Ялгаатай, гэхдээ тэр дээр би маргаад яах вэ гэдэг. Болохгүй байгаа юмыг шийдэх нь бид нарын ажил учраас болж байгаа мэтээр харах бодол байхгүй.
 
-Бензиний үнэ өснө гэдэг цуурхал-
 
-Та түрүүн үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр хэдэн барааны үнийг тогтвортой байж ирлээ гэсэн. Үүн дотор шатахууныг нэрлэсэн. Тун удахгүй бензиний үнэ өснө, буурна гэсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэл хэр бодитой вэ?
-Манай Засгийн газар нэг зүйлтэй ноцолдоод ядарч байна. Иргэдийнхээ төлөө ажиллах авлига, хээл хахууль, бүтээн байгуулалт хийхэд бид нар урам зоригтой ажиллаж байна. Доромжлол, гүтгэлэг, цуурхал гэдэг зүйл үнэхээр маш хүнд юм. Намайг сая ОХУ явахад нефтийн компаниуд хамт очсон. Тэд нар маань нефтийн компаниудтай үнээ хэд гурван төгрөгөөр буулгаад гэрээ үзэглэж байгаа юм. Тэгээд Монголд ирээд сэтгүүлчидтэй уулзахаар хэзээ үнэ нэмэгдэх гэж байна гэж асуух юм. Энэ хорлон сүйтгэх ажиллагаа л юм шиг байна. Бид нар жил есөн сар ажиллаад иргэдийн 100 хувийн итгэлийг олоход хэцүү юм байна гэж харж байна. Манай иргэд хүнд итгэхээ байчихсан. Жишээ, найман хувийн зээлийг 2013 оны зургаадугаар сард эхэлсэн. Хэрэгжүүлж эхлэхэд л Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч болгох гэж хийж эхэллээ, маргааш гарангуут нь болих юм байна гээд л эхэлсэн. Гэвч найман хувийн хүүтэй зээл бүтэн жил явлаа ш дээ. Бид нар ч цуурхалыг дарах гэж олигтой ажиллахгүй л байна л даа. Твиттер, фейсбүүк хөгжсөнөөс хойш цуурхал тараагчид их болсон. Энэ цуурхалыг дарахын тулд би долоо хоног болгон сэтгүүлчидтэй уулзаж байгаа. Тэгэхээр бензиний үнэ өснө гэдэг цуурхал гэж хэлмээр байна.
 
-Орон нутгийн иргэдээс ирсэн хоёр асуултыг тавъя. Сумын хөгжлийн асуудлыг яриад эхэлчихсэн байгаа. Гэтэл сумын шинэчлэлийн асуудалд Засгийн газар баахан үр дүнгүй мөнгө зараад байгаа юм уу гэсэн асуулт иржээ?  
-Үр дүнгүй мөнгө зараагүй л дээ. Монгол Улсын хөгжил сумаас эхэлнэ. Бид нар Улаанбаатараас эхэлнэ гэсэн ойлголттой болчихсон юм байна. Засгийн газар, УИХ хоёр өнгөрсөн жил гурван сумын шинэчлэл ярьсан. Энэ онд 16 сумын шинэчлэл ярьж байгаа. Нэг суманд таван тэрбум төгрөг л өгч байгаа. Энэ мөнгөөр газар доогуур явдаг халаалт дулаан, бохир усаа шийдээд сумандаа шаардлагатай байгаа зүйлээ хийгээчээ гэсэн. Сумын төвд тохилог халуун усанд орчихдог болгох нь манай Засгийн газрын бас нэг чухал зорилт. Сум, аймаг, нийслэл гэсэн гурван түвшин байна ш дээ. Аль алинийг нь хөгжүүлэх явдал бол маш чухал.
 
-Орон нутгаа эзэнтэй байлгах, орон нутгийн хөгжлийг дэмжих нь малчдын анхаарлын төвд байна. Та хөдөөгийн хөгжлийг юу гэж харж байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газрын гол явуулж байгаа бодлого бол хөдөө чиглэсэн. Сум, аймагтаа тав тухтай амьдрахад дулааны станц, орон сууц хэрэгтэй. Улаанбаатарт ирэх биш аймагтаа оношлуулдаг, шинжлүүлдэг болох ёстой. Тэгэхээр орчин нь сайн байх ёстой. Гудамж төслийг яагаад аймаг руу явуулж байна гэхээр аймгийн төв бол тухтай орчинтой байх ёстой. Орчин нь тав тухтай болох ёстой. Тэгэхээр бид аймаг, сумын орчныг сайжруулах нь хамгийн чухал ажил гэж байна.
 
-Дорнод аймгийн иргэд манай аймгийн газар нутгаас газар зарсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү гэсэн асуулт ирүүлсэн байна?
-Манай улс ардчилсан, парламентын засаглалтай улс. Парламент, засаг, ерөнхийлөгчийнх нь үйл ажиллагаа бүгд ил тод байдаг. Хуулийн дагуу бүх зүйл нь зохицуулагддаг ийм улсад хэн нэгэн хүн эсвэл парламент дангаараа мэдээд газар зарна гэсэн асуудал байхгүй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулиар дархлаажсан зүйл шүү дээ. Энэ цуурхал. Нэг сарын өмнө твиттер хуудсаар ийм асуудал яваад байсан юм.
 
-Мөн Дорноговь аймгийнхан Ураны асуудлыг сөхөж тавьсаар байна. Тэр дундаа Улаанбадрах сумын хүн, мал, амьтанд генийн өөрчлөлт явагдаад байгаа талаар ТББ, хувь хүмүүс мэдээлсээр байна. Гэтэл Цөмийн энергийн газраас огт өөр тайлбар хийсээр байгаа. Олон нийтийг төөрөлдүүлээд байгаа энэ асуудлын тухайд?
- Намайг ажил авсны дараахан Дорноговь аймагт ажиллах үеэр Д.Норсүрэн гэдэг айлын хотонд тугал үхсэн талаарх яриа сөхөгдсөн. Тухайн үед би “Чухам юунаас болж хордсоныг та мэдэхгүй, би ч мэдэхгүй. Мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуулж, дүгнэлтийг гаргуулна ” гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу мэргэжлийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 100 гаруй сая төгрөг зарцуулан байж, тугал юунаас хордсоныг тогтоосон. Дүгнэлт нь, уранаас болоогүй. Гэхдээ энэ газар нутаг дээр Селен гэдэг элемент ихээр байгаа учраас тугал хордсон байна гэсэн. Селен хаанаас, ямар замаар тараад байгааг олох шаардлагатай байна аа гэх эцсийн дүгнэлт л гарсан гэсэн үг.  
 
-Ерөнхий сайд Монгол Улсын хөгжлийг яг яаж тодорхойлоод байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсчээ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарыг иргэдэд өгнө үү. Жишээлбэл, таны ойрын саруудад хийх ажлын төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Энэ зургаадугаар сард би 50 тэрбум төгрөгийнхөө тайланг хийнэ. Мөн төмөр замынхаа шийдлийг энэ сард заавал дуусгана. Жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжинэ. 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцааж өгнө. Иргэдэд бол хоёр хувийг нь буцааж өгнө. Дулааны цахилгаан станцын өргөтгөлөө энэ сарын 16-нд хүлээж авна. Гудамж төслийн хүрээнд Цэцэг төвийн гурван замын уулзварыг дөрвөн замын уулзвар болгоно. Мөн энэ сард багтаж 150 сумыг интернэтэд холбох ажлыг хийнэ. 56 ширхэг ТҮЦ машиныг Улаанбаатар хотод нэмж суурилуулна. Бас энэ сард агаарын бохирдлын асуудлыг тавьчихаад байгаа юм. Манайхан чинь их сонин хүмүүс шүү дээ. Намар болохоор яриад хавар болохоор алга болчихдог. Тиймээс агаарын бохирдлын торгууль ногдуулах журмыг боловсруулаад аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж байна.
Ирэх долоодугаар сард бол визийг хөнгөвчлөх асуудлыг ярина. Мөн энэ сард оюутнуудыг зуны ажил хийлгүүлэх болон “оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Манай улсын түүхэнд анх удаагаа бид багийн Засаг дарга нарын семинарыг хийж байгаа. Багийн Засаг дарга нарыг аймаг дээр нь цуглуулаад багийн хөгжил, хөдөө орон нутгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж гарцыг нь ярилцдаг. Одоо долоон аймаг үлдсэнийг нь ирэх сард дуусгахаар төлөвлөж байна. Шинэ ногооны худалдааг өнгөрсөн жил наадмын дараа хийсэн. Энэ жил ба дахин хийхээр төлөвлөж байна.
Наймдугаар сард болох нилээд ач холбогдолтой ажил бол Халх голын ялалтын 75 жилийн ой байгаа. ОХУ-ын ерөнхийлөгчийг урьсан байгаа.
 
 
-Нэг суманд таван тэрбум төгрөг л өгч байгаа-
 
- Танд амлалтаа биелүүлэхийн төлөө ажлаа хийгээд явахад хамгийн ихээр юу  саад болж байна вэ?
-Саад гээд байх юу байхав, Монголчуулд бүгдээрээ нэг нэгнийгээ ойлгож дэмжиж нэг зорилгын төлөө бид нэг улс гүрэн учраас хамтарч ажиллах л дутагдалтай байна. Хийж бүтээе босгоё гэж байгаа дийлэнх хэсэг нь байна, хийж байгаа юмыг харлуулж, мушгидаг бас нэг хэсэг байна. Энэ л манай нийгмийг урагшлан дэвжихэд саад болж байна. Одоо хүн бүхэн долларын ханш буугаасай гэж хүсч байхад долларын ханш өсөөсэй гэж хүсээд тэрийгээ ил хэлээд явдаг хүмүүс байна. Тэгэхээр би Монголчууд аль болох ойлголцож ард түмний ахуй амьдрал сайжрахад, хөгжил дэвшлийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг л хэлмээр л байна.
 
- Сумын шинэчлэл гэж баахан мөнгө зарсан гэх юм. Бодит мэдээлэл өгнө үү?
- Энэ талаар өмнө нь хэлсэн. Нэг суманд таван тэрбум төгрөг л өгч байгаа.
 
- Саяхан та өвлийн хүлэмжийн нээлтэд оролцож байсан. Цаашид энэ мэт жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжвэл их сайн байна?
- Чингис бондын 270 тэрбум төгрөгнөөс нэг хэсгийг нь зарцуулж өвлийн хүлэмж байгуулсан юм. Монголчууд бид анх удаагаа Улаанбаатар хотод өвлийн хүлэмж байгуулсан. Иргэд Чингис бондоос 940 сая төгрөг аваад үлдсэн мөнгөө өөрсдөө гаргасан. Тэгээд өвөл өргөст хэмх, улаан лоолийг тарьж ургуулах боломж бүрдүүлсэн гэсэн үг. Яг үүн  шиг 30, 40 хүлэмж хийчих юм бол бид гаднаас доллараар, юаниар өргөст хэмх, улаан лооль худалдаж авах шаардлагагүй болно.
Одоогоор энэ чиглэлд 15 компани үйл ажилагаагаа эхлүүлж байгаа. Ирэх намраас 20-иод компани хүлэмжийн үйл ажиллагаа явуулна. Энэ чинь нөгөө л бидний Монголдоо бүтээцгээе, долларын ханшийг багасгая гэсэн зорилгод нийцэж байгаа юм.
 
- Сүүлийн үед Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудал шил дараад л гардаг боллоо. Х.Тэмүүжин сайдыг огцруулна гээд чадаагүй. Одоо Н.Батбаяр сайдыг мөн огцруулах саналыг өргөн барилаа. Болохгүй байгаа сайдууддаа Ерөнхий сайд та өөрөө хариуцлага тооцож болдоггүй юм уу?
- Юуны түрүүнд хариуцлага гэдэг зүйлээ ярих ёстой л доо. Одоо яг ингээд 100 хоногт эдийн засгаа эрчимжүүүлье гээд ажлууд төлөвлөөд хийгээд явж байгаа энэ үед Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулья гэдэг чинь хариуцлага тооцох биш харин ч үймүүлж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх энэ 100 хоногт аль болох хоорондоо хэл амаа ололцоод зохицоод ажилчихмаар байна. Мэдээж огцруулна гэдэг асуудлыг тавих эрх нь хүмүүст байгаа. Гэхдээ цаг үе нь биш юм.
 
-Ер нь танай Засгийн газарт хариуцлагын тогтолцоо байна уу?
- Байлгүй яахав, манай Засгийн газар жил есөн сар ажиллаж байна. Бас тодорхой хэмжээгээ хариуцлагагүй ажиллаж байгаа, тэр хэсэгтээ хариуцлага тооцож байгаа. Би бол учтир зүггүй хүний толгойг нь илээд байдаг хүн биш, гэхдээ илдэггүй гээд толгойг нь аваад хаячихдаг хүн биш. Тэр завсар нь хариуцлагыг нь тооцоод явж байна. Жишээ нь өнгөрсөн Засгийн газрын хуралдаан дээр хорих байгууллагад хүн нас барсантай холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр өөрчлөлт хийлээ. Ашигт малтмалын хувьд бас тодорхой ажлууд явахгүй байгаа болохоор өөрчлөлт хийлээ. Засгийн газраас гаргаж байгаа арга хэмжээнүүдийг хурдтай хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас хоёр гурван яамдын төрийн нарийн бичгийн дарга нарт арга хэмжээ авсан. Нэг өдөр бүгдийг нь халчих биш, алдаа гаргасан хүмүүст шаардлага тавиад илүү сайн ажиллахыг даалгадаг. Хэрвээ тэгж чадахгүй бол дараагийн арга хэмжээг авна.
 
-Хаваржингаа ярьсан юмыг зунжингаа ярих хэрэг байна уу-
 
- Н.Алтанхуягийн Засгийн газрын 19 сайдын 17 нь “давхар дээл”-тэй байна гээд өнгөрсөн намар, хавар багагүй улс төр боллоо. Энэ “давхар дээл”-ийг тайлах асуудалд Ерөнхий сайд таны бодол ер нь ямар байдаг вэ?
-Хаваржингаа ярьсан юмыг одоо ингэж зунжингаа ярих хэрэг байна уу. Монгол улсын Үндсэн хуульд Монгол улсын Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнийг хавсарч хийж болно гээд заачихсан. Намайг байнгын хороон дээр яваад орсон чинь сөрөг хүчнийхэн шүүмжлээд байна лээ. Тэгээд таван гишүүн “давхар дээл”-тэй байгаа гэж хэлсэн. Хэн нь “давхар дээл”-тэй болоод хэн нь болдоггүй юм. Өнгөрсөн хавар энэ асуудлыг ярьж баахан цаг алдсан. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн ядагдаж байгаа л даа.
 
- Би өмнө нь таныг сэтгүүлчидтэй уулзаж байхдаа хоёр ч удаа Авлигатай тэмцэх газар ажил хийхэд саад болж байна гэж хэлэхийг сонссон. Сүүлийн үед ер нь АТГ-аас иргэд их болгоомжилдог боллоо, АТГ улстөрийн томилгоонд ихээр оролцож байна гэсэн яриа гарсаар байна. Энэ тал дээр Засгийн газар ер нь ямар бодолтой байгаа вэ?
- Ер нь зөв сонссон байна, би тэгж хэлсэн. Ялангуяа бизнес эрхлэж байгаа, ойр зуурын аж ахуй эрхлээд явж байгаа хүмүүсийг янз бүрээр мөрддөг мөшгидөг янз бүрийн хэрэг гаргаж шоронд хийдэг болсон. Ялангуяа хүмүүсийг шоронд удаан хугацаагаар хориод байгаа явдал надад ерөөсөө таалагддаггүй. Хүнийг гэм буруутайг нь тогтоогоогүй байж хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд цацдаг.
Энэ нь манай ардчилсан оронд байж болохгүй үзэгдэл учраас би Ардчилсан намын даргын хувьд эсэргүүцдэг. Ардчилсан нам 25 жилийн өмнө хүний эрх эрх чөлөө, хүний нэр төрийг гутаан доромжлохгүй байх, хувийн өмчийг хүлээн зөвшөөрөх, тэрнийг нь хамгаалахын тулд гарч ирсэн. Гэтэл үүний эсрэг үйлдэл хийж байгаа учраас энэ бүхнийг зогсоох ёстой гэдэг байр суурьтай байгаа.
 
- Тэгэхээр “авлигажсан төсөв” гэдэг зүйлийг нэг хэсэг ярьж байгаад алга болчихлоо. Үнэхээр “авлигажсан төсөв” батлаад тэрнийг цааш нь зарцуулаад байна уу. Энэ дээр ямар нэг шийдэл гарч байна уу?
- Одоо ингэж нэр томьёогоор хөөцөлдөөд яахав дээ. Би УИХ-д 2014 оны төсвийг оруулахдаа тэгж хэлсэн. Яагаад гэхээр хоёр тэрбум төгрөгөөр босох сургууль зургаан тэрбум төгрөг болтлоо гурван жил явж байгаа юм чинь авлигажсан гэхгүй өөр юу гэх юм. Гэхдээ энэ асуудлыг УИХ-д тавиад,  зарим газруудыг нь түр зогсоож үйл ажиллагааг нь хянаадирэхээр нилээд цочиж, эмээсэн байна лээ. Төсвийг авлигажуулж болохгүй юм байна гэдгийг бүх шатныхан ойлгосон байх.
 
- 2014 оны төсөвт тодотгол хийх шаардлага байгаа юу, өнөөдөр төсвийн орлого хэр биелэлттэй байгаа вэ?
- Төсвийн орлого жаахан дутуу явж байгаа. Гэхдээ төсвийн орлого маш их хэмжээгээр тасалдсан тохиолдолд тодотгол хийдэг хууль байдаг, тэр хэмжээнд бол хүрээгүй.
 
- ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх хийн хоолойн бүтээн байгуулалт Монгол улсаар дайрах уу?
-Сая Монгол улсын Ерөнхийлөгч Шанхай хотод БНХАУ-ын дарга болон ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзсан. Би бас Санкт-Петербург хотод ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан. ОХУ-аас БНХАУ-ын нутаг руу хий нийлүүлэх хоолой тавихад шаардлагатай гэж үзвэл Монгол улсын нутаг дэвсгэрээр дайруулах юм бол Монгол улсын Засгийн газраас дэмжинэ гэдгийг хэлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч энэ асуудлыг судлья, хамтарч ажиллая гэсэн хариу өгсөн.
 
- Хэрвээ энэ асуудал шийдэгдвэл Монголын талд эдийн засгийн хувьд нэлээд ашигтай байх?
- Мэдээж манай нутгаар хийн хоолой дайрвал бид тодорхой хэмжээгээр тэндээс үр өгөөжийг нь авна.
 
- Ард түмний амьдрал маш хүнд байна. Монгол Улсад архичид их байна. Үүнийг нэгдүгээрт анхаарах хэрэгтэй. Төсвийн, төрийн албан хаагчийн цалин болон тэтгэвэр тэтгэмжийг хэзээнээс нэмэх вэ?
- Төсвийн байгууллагын албан хаагч тэр дотроо төрийн үйлчилгээний байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн байгаа.  Бид цалинг нэмэхдээ өмнө нь урьдчилж мэдэгдэхээ больчихсон. Төрийн албанд ажиллаж байгаа томоохон албан тушаалтнуудаас бусдынх нь цалин нэмэгдсэн байгаа.
 
-Сугалаа явуулахгүйгээр төрийн байгууллагуудаас ирсэн саналуудад хувааж өгөхөөр болсон-
 
-“Буянт Ухаа I” хорооллын үлдсэн байруудыг иргэдэд яаж олгох вэ?
“Буянт Ухаа I” хорооллын байруудыг сугалаа явуулж эзэнгүй үлдсэн 200 орчим байр байгаа. Тэрийг дахиж сугалаа явуулалгүйгээр төрийн байгууллагуудаас ирсэн саналуудад хувааж өгөхөөр болсон.
 
- Эрдэнэт, төмөр зам шиг томоохон хамтарсан үйлдвэр барих,  ашиглах гуравдагч хөршийн асуудалд та ямар байр сууринаас ханддаг вэ?
- Ер нь Эрдэнэт ч юм уу Төмөр зам шиг хамтарсан үйлдвэр барих нь аль аль талдаа хэрэгтэй. Эдгээр үйлдвэрүүд өдийг хүртэл  ашигтай ажиллаж байгаа. Бид бас БНХАУ-тай хамтраад манай улсад байгаа нүүрсийг хий болгож,  хийгээ БНХАУ руу гаргая гэж ярьж байгаа. Энэ бол Эрдэнэт үйлдвэрээс том төсөл болох юм. Ирэх наймдугаар сараас шавыг нь тавиад үйл ажиллагаа нь эхлэх учиртай.
Манай улс хоёр хөршөөс гадна гуравдагч хөрш болох Япон улстай найрсаг харилцаатай. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд хоёр хөрш орнуудтайгаа харилцаагаа сэргээж хэвийн болгож чадсан. Бид мөн ОХУ-тай харилцан визгүй зорчих боломжийг шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байгаа. Одоо бол энд техникийн асуудал л үлдсэн.
 
-Бондын мөнгө иргэдийн нуруун дээр ачаа болж ирэх юм биш биз дээ?
- Би түрүүн задаргаан дээрээ хэлсэн. Зам тавьж байгаа бол төсвөөсөө төлөхөөс өөр аргагүй. Бондоос цементийн үйлдвэрт өгчихсөн мөнгийг бол цементийн үйлдвэр түрүүн хүлэмжийн хүнд өгчихлөө ш дээ. Тэр хүн таван жилийн хугацаанд өргөст хэмхээ тариад мөнгөө олоод буцаагаад төлнө. Тийм болохоор энэ бол том ачаа болохгүй.
 
-Тухайн үед эдийн засаг тэлсэн байх учраас төсөвт болоод эдийн засагт дарамт болохгүй гэдэг?
- Бондын мөнгийг өнөөдөр авч юм хийгээд байгаа. Би 1992 онд ганзагын наймаанд явахдаа 3000 ам.доллар аваад явж байсан. Би өрөнд орох гэж яваагүй. 3000 ам.долларыг 6000 ам.доллар болгож байсан. Тийм итгэл үнэмшилтэйгээр бид нар үүнийг хийж байгаа.
Хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулахгүй бол жижиг дунд үйлдвэрлэл явуулж байгаа иргэд маш хүндрэлтэй байна. Хөдөлмөрийн гэрээ хийлгээд ажил хийлгэж байхад цалингаа аваад зугтах, цалин хөлсөө голох асуудал гарч байна.
Бид бүхний байнга л ярьдаг асуудал. Манай Засгийн газрын явуулж байгаа бодлого бол бэлэн халамжийн зүйлээс зайлсхийх. Энэ нь  зарим хүмүүст таалагдахгүй байгаа. Бид нар юм хийж байгаа хүнээ л дэмжинэ.
 
- Саяны яриан дээр халамжийн бодлогоосоо татгалзаж байна гэлээ. Өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа хүний хөдөлмөрийн үнэлэмж хэр бодитой байна вэ?
- Хоёр талтай зүйл. Монголд чанартай ажил, мэргэжил эзэмшээд тэрнийгээ сайн хийж байгаа хүмүүст боломжийн хэмжээний цалин авах нөхцөл бүрдчихсэн. Харин ажлаа хийхгүй зугтаачихдаг хүнд бол цалин байхгүй. Энэ бол хувь хүнээс хамаарсан асуудал байгаа юм. Бид нар яагаад бүтээн байгуулалтын корпораци гээд барилгын том нэгдлийг дэмжсэн юм гэхээр Монгол хүнээ ажиллуулж мэргэжлийг нь сайжруулаад нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэсэн санаа. Бид нар тийм компаниудаа дэмжиж байгаа.
 
-Ерөнхий сайд таныг маш их дэмжиж байна. Гэмт хэргийн тухай хуулийг хурдан баталж өгөөч гэсэн байна. Олон нийтийн хувьд өнөөдөр гэмт хэргийн гаралт өссөн гэсэн болгоомжлол байх шиг?
- Х.Тэмүүжин сайд маань энэ тал дээр хүчин зүтгэл гаргаж олон төрлийн шинэчлэл хийж байгаа. Ажил хийж байгаа хүнийг шүүмжлэл дагана. Хуучин эрүүгийн хууль гээд нэртэй байсан одоо бол энэ гэмт хэрэг биш зөрчил юм байна. Зөрчлийн тухай хууль, гэмт хэргийн тухай хууль гээд хоёр салгаж байгаа. Үүнийг бид нар ярилцаад батална.
 
-Ерөнхийдөө “11 11” төвд ирсэн асуултууд багцлагдаад дууссан байна. Олон шийдлээ хүлээсэн асуултуудыг 90-хэн минутад багтааж асууна гэдэг боломжгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд хариултыг өгсөн гэж найдаж байна. Та бид хоёрын ярилцах хугацаа дуусч байна. Та үзэгчдэдээ хандаж үг хэлэхгүй юу?   
- Засгийн газар маань нэг жил есөн сарын хугацаанд ажиллаж байна. Энэ найман сард хоёр жил болно. Энэ хугацаанд Шинэчлэлийн Засгийн газрыг дэмжиж, гаргаж байгаа алдаа дутагдлыг өдөр тутам “11 11” төв рүү хэлж, бид нарын анзаараагүй байгаа асуудлуудыг хүргэж байгаа иргэддээ Ерөнхий сайдын хувьд баярлалаа гэж хэлмээр байна. Мэдээж бид нарт дутуу хийж байгаа, валютын ханшаас болж байгаа олон асуудлууд бий. Намайг гэр хорооллоор явж үзээрэй гэдэг шиг. Би сэтгэл зүрхэндээ маш их хүндээр тусган авч байгаа.
 Тэгэхээр энэ асуудлуудыг шийднэ, үүний тулд ажиллана. Ер нь бүтээн байгуулалт 20-30 жилд байгаагүй хэмжээнд хийгдэнэ. Энэ завсар зарим бэрхшээл тулгарч байгаа. Энэ хүндрэл бол зөвхөн Алтанхуягийн, Шинэчлэлийн Засгийн газар, АН-ын бэрхшээл биш. Энэ бол нийт Монголчуудын бэрхшээл юм. Үүн дээр гар гараасаа бариад хэд гурван долларынхаа хэрэгцээг багасгаад өөрсдөө юм аа хийгээд энэ Монголдоо бүтээцгээе гэсэн ажлыг хийж чадах юм бол Монгол Улс улам цэцэглэн хөгжихөд ойрхон байна.
Түр зуурын хүндрэл бэрхшээлийг хамтдаа бие биенээ дэмжиж даван туулъя. Үүний тулд ч эзэн 100 гээд эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг хийж байгаа. Олон дутагдал байгаа байх. Манай “11 11” төвд урьдын адил хэлж шүүмжлээрэй. Бид алдаа дутагдлыг залруулж ажиллахыг чармайх болно.
 
- Ярилцсанд баярлалаа.
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Алтанхуяг: Иргэдийг татвараар, шоронгоор айлгадаг тогтолцооны төлөө би л лав яваагүй   
Үзсэн: 4567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.2.209.xxx [180.2.209.xxx] 2014-06-06 17:04
noatiin 2huvi bish 5 huviig butsaaval hun burzov uilchilgee avna da
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-06 15:55
намынхаа зорилгыг буруу л тайлбарлаж байна даа уг нь АН-ын зорилго бол шоронгоо хүнээр дүүргэх ард түмнээ татвараар хоосруулах 2 л байгаа юм биш үү?????
124.158.111.xxx [124.158.111.xxx] 2014-06-06 11:24
Tatvariin daramtiig hurdan shiideerei ene ajil hiij baigaa humuusiig uneheer daramtalj b,a yagaad iluu ajilsan hun iluu hohiroh bolood b,a aa tatvarii n akt tavidag huuli durmee hurdan saijruulaasai
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2014-06-06 11:09
Татвараар дарамтлаж байгаад улсын хөрөнгө санхүүг авж явдаг хоцрогдсон аргаасаа салахгүй бол татвар төлөгчид улам цөөрсөөр л байх болно. Бүхэл бүтэн авто сэлбэгийн томоохон дэлгүүр лангуутай нөхдүүд орлогоо тодорхойлох боломжгүй гээд сард 12000 төгрөг төлдөг, аж ахуй нэгжүүд худалдан авалт хийснийхээ төлөө, өмнөөс нь татварыг нь төлсөөр байх татварын гаж бодлогоо засахгүй бол монгол төрд татвар төлөх компаниуд хаалгаа барисаар байх болно
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2014-06-06 10:54
odoo yu ch gej hudlaa shaagaad hereggui dee chi
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-06-06 10:44
tatvariin daramtiig bolioch gej huseh bna
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-06-06 10:44
ajil hiij hiij hunees ert bosoj hunees oroi untaj ajillaad tatvart daramtluulah estoi hetsuu
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-06-06 10:43
tatvar bol buur aimaar daramttai bna shuu
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2014-06-06 10:39
zail zail dahin AH bolon chamaig songoh humuus garahgui
49.0.195.xxx [49.0.195.xxx] 2014-06-06 10:38
Мөнгө хулгайлсан хүнд шорон ярихаас яахав. Хэрэг хийгээгүй бол айх юу байхав.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-06 10:25
ishh minii hiisen ajil nuursnii uniig hyamdruulah bi ger horoolliihond hiisen hamgiin tim ajil maani ene gene. Oyu tolgoin asuudald Delhiin zah zeel deer nuursnii une n uuruu unaad baigaa um bid unagaagui... Yu gesen ug we
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-06-06 10:14
одоо чармайгаах нь дэндүү оройтсон байх болов уу. энэ хэдэн жил нүгэл хийхдээ их чармайсайн шүү дээ
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-06-06 10:12
танайхан тэгэж байгаа гэдэг чин чи ч мөн тэгэж байгаа гэсэн үг. энхийн цагаан тагтаа шиг харагдахгүй л байна да.
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-06-06 09:58
Шал худлаа яриад байна Аав Охин 2 нийлж их ч МОНГО идэж байна даа НУГЭЛ нудээрээ гардаг юм шдээ АЛТАНХУЯГ аа

Бидэнтэй нэгдээрэй