Шууд Chart

Аутизмтай хүүхдийг спорттой хослуулан хөгжүүлэх сургалт болно

2022-11-02 09:25:25

“Аутизмтай хүүхдийг спорттой хослуулан хөгжүүлэх Турк Улсын сургалтын туршлага” сургалт энэ амралтын өдрүүдэд эцэг эх болон багш нарт зориулан хийх гэж байна. Үүнийг Монголын аутизмын холбоо, МУБИС-ын БСС-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах аж.

Сургалтыг Турк Улсын нийслэл Истанбул хот дахь "Хэдэф Аутизм Монголиа" ТББ-ын “Хэдэф Аутизм Спорт” сургалтын төвийн чадварлаг багш нар удирдан явуулах нь ээ. 

Дээрх сургалтаар аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн зан авир, бие даах чадвар зэрэгт идэвхтэй хөдөлгөөний үзүүлэх нөлөө, нийгэмших чадварыг дээшлүүлэх, сургуульд бэлтгэх талаар өөрсдийн туршлагад үндэслэн мэдлэг түгээж, хэлэлцүүлэг хийх юм байна.

Энэ талаар "Хэдэф (Тэмүүлэл) аутизм Монголиа", "Тэмүүлэл" ТББ-ын тэргүүн Б.Цэрэндуламаас тодруулга авлаа.

Б.Цэрэндулам: Аутизмын шалтгааныг одоо хир нь шинжлэх ухаан олж нээгээгүй байна

-Аутизмын хүрээний эмгэг (АХЭ) гэж юу вэ гэдгээс яриагаа эхлэх үү ...

-За тэгье. “Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлэээ авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг” юм гэж тодорхойлсон байдаг. Аутизмын шалтгааныг одоо хир нь шинжлэх ухаан олж нээгээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэгт эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна. Шалтгаан нь тодорхойгүй байгаа тул эмчлэх, эдгээх, засах, хэвийн болгох гэсэн ойлголтын талаар одоо ярихад эрт байгаа гэдэгтэй маргах арга үгүй. Тархины үйл ажиллагаатай холбоотой тархины хөгжилд нөлөөлдөг биологийн шалтгаантай учраас аутизмтай хүн насан туршдаа аутизмтай хэвээр байна.

-Дээрх сургалтыг хийх болсон шалтгаан юу вэ?

-Спортоор дамжуулан хүүхдийн жижиг, том булчинг хөгжүүлэх, биеэ удирдах чадварыг нэмэгдүүлэх гэх мэт ач холбогдол. Цаашлаад өөрийн биеэ удирдаж чаддаг болсон хүүхдийн хувьд академик, бие даах, зан авир, нийгэмших чадварууд харьцангуй хурдан хугацаанд сайжирдаг.

-Манай улсад ийм сургалт өмнө нь зохиогдож байсан уу?

-Үгүй. Тиймээс энэ төрлийн сургалт, түүний ач холбогдлыг эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд танилцуулах нь хамгийн том ач холбогдол болоод байна. Нөгөөтэйгүүр магадгүй энэ сургалтаас санаа авч цаашдаа Турк багш нартай байнгын холбоотой байж, арга зүйн зөвөлгөө авах байдлаар энэ төрлийн сургалтыг Монгол улсдаа нэвтрүүлэх боломж байгааг ч үгүйсгэхгүй юм.

-Манай улсад аутизмтай хэдэн тооны хүүхэд бүртгэгдсэн байдаг вэ?

-Одоогоор албан ёсоор гаргасан статистик мэдээлэл байхгүй. 2021 оны байдлаар сэтгэцийн бэрхшээлтэй хүний тоо 20.414 гэсэн байдаг. Үүнд аутизмын хүрээний эмгэг багтаж байгаа. Тодорхой тоо албан ёсоор аль ч байгууллага гаргаж өгч чадахгүй.

-Ийм эмгэгтэй хүүхдүүдийн ар гэрт гардаг хүндрэлүүд юу вэ?

-Аутизмтай хүүхэдтэй гэр бүлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэдгээр гэр бүлүүд хүүхдийнхээ онцлогийг танин мэдсэнээс эхлээд оношлуулах, боловсролд хамруулах, хөгжүүлэх зэрэг олон бэрхшээл гардаг. Нэг талаасаа аутизмтай ажилладаг, танин мэдсэн мэргэжилтэн, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага тун ховор байдаг. Мөн аутизмын талаар ойголт бага учир олон нийт буруугаар ойлгох, ялгаварлан гадуурхах тохиолдол их. Үүнээс болоод гэр бүлүүд хүүхдээ олон нийтийн газар авч явахгүй байх, цаашлаад сургууль, цэцэрлэгээс завсардуулах асуудал үүсдэг. Жишээ нь маш олон хүүхэд есдүгээр сард сургуулиасаа хөөгддөг. Тэдгээр гэр бүл хаана, хэнд хандахаа мэдэхгүйгээс болж хүүхдээ бүтэн нэг жил сургууль завсардуулахад хүрдэг. Товчхондоо аутизмтай хүүхэдтэй гэр бүл хүүхдээ хөгжүүлэх, сургах сонголт, мэргэжилтэн хомс байдаг. Бид Туркийн сургалтын аутизмтай хүүхэдтэй ажилладаг туршлагыг багш нар болон эцэг эхчүүдэд таниулснаар цаашид тэдний сургалтын арга барилыг Монголд нэвтрүүлэх зорилготой байгаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аутизмтай хүүхдийг спорттой хослуулан хөгжүүлэх сургалт болно   
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй