Европын Холбооны парламентын сонгууль ирэх сард болно. Сонгуулийг угтаж Европ даяар олон янзын санал асуулга, судалгаа явагдсаар байна. Үүний нэг нь шинжлэх ухааны салбарын судлаач эрдэмтдийн дунд явуулсан судалгаа байлаа. Тэд Европын Холбооны парламент, улс орнуудын засгийн газарт хандаж, ДНБ-ийхээ наанадаж 3 хувийг эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбарт зарцуулахыг хүсжээ. АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудыг бодвол Европын Холбооны шинжлэх ухааны судалгаа шинжилгээний улсын төсөв хэт бага гэсэн судалгаа гарсан байна.
Европын Холбооны гишүүн 27 улсын шинжлэх ухааны академууд хамтарч Брюссель дэх Европын Холбооны парламентэд мэдэгдэл хүргүүлсэн байна. Үүнд олон улсын хамтарсан нээлттэй судалгаа шинжилгээний ажил нь нэн чухал болохыг дурджээ. Хүрээлэн буй орчны асуудлууд, давагдашгүй хүчин зүйлүүд, өвчин тахал гээд болзошгүй тулгамдсан асуудлуудыг бид байнга урьдчилан тааварлах боломжгүй. Яг ийм нөхцөлд Европын улс орнуудыг бэлтгэлтэй байлгах үүднээс эрдэм шинжилгээ, боловсролын салбарын судалгаа явуулахад дотоодын нийт бүтээгдэхүүний 3-аас доошгүй хувийг зарцуулах нь зүйтэй гэж онцолсон байна. Мөн нэн яаралтай үед хариу арга хэмжээ авах, урт хугацаандаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад улс орны парламентууд хамтарч, салбарын хөрөнгө оруулалт хийхэд нэгдсэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж илэрхийлжээ.
Одоо үед Европын Холбооны дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 2,27 хувь нь эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбарт зарцуулагдаж байна. Гишүүн улс тус бүрээр нь авч үзвэл бүр ч хол зөрүүтэй хариу гарна. Бельги улс гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3,43 хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулдаг бол Холбооны гишүүн 6 улсын шинжлэх ухаан судалгаа шинжилгээний салбарт оруулах ДНБ-ий хэмжээ 1 хувь ч хүрдэггүй. Румын улс сүүл мушгиж, ДНБ-ийхээ ердөө 0,47 хувийг судалгаа шинжилгээний салбарт зарцуулдаг байна. Тэгэхэд дэлхийд шинжлэх ухааны хөгжлөөр тэргүүлэгч улс орнуудын шинжлэх ухааны салбарын ДНБ-нд эзлэх хувь Европынхоос илүү өндөр байдаг. Өмнөд Солонгос улс гэхэд судалгаа шинжилгээний салбарт ДНБ-ийхээ 4,93 хувийг зарцуулдаг бол АНУ 3,46 хувь, Япон улс 3,34 хувь, Хятад улс 2,41 хувийг тус тус зарцуулж байна.
2021 оны байдлаар Европын Холбоо судалгаа хөгжүүлэлтийн салбарт 331 тэрбум евро төсөвлөсөн нь 2011 оноос хойш 10 жилийн дотор 45 хувь өссөн дүн боловч хангалтгүй хэвээр гэж эрдэмтэд дүгнэжээ. Энэхүү судалгааг Европын Холбооны парламентын сонгуультай холбон авч үзвэл, нэр дэвшигч нам эвслүүд шинжлэх ухааны судалгааны салбарыг маш их орхигдуулж байгааг харж болно гэж Евроньюс агентлаг мэдээлсэн байна. Ирэх сарын сонгуульд өрсөлдөх хоёр нам л энэ салбарын нийт төсвийг нэмэгдүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө дурдаж өгчээ. Европын Ардын нам шинжлэх ухааны салбарт 4 хувийн ДНБ-ий төсөв оногуулах саналыг дэвшүүлж байгаа бол Европын Зүүний нам эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн салбарт ДНБ-ий 7 хувийг гаргуулах санал дэвшүүлсэн байна.
Эрдэмтэд ДНБ-ий гурван хувийг шинжлэх ухааны салбарт зориулахыг хүсэв | ||
Үзсэн: 345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.