Өнгөрсөн 2023 оны зун дэлхийн түүхэнд хамгийн халуун зун байж, бөмбөрцгийн өнцөг булан бүрд хэт халуунаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүд үүссэн. Тэгвэл цаг уур шинжээчид дэлхийн дундаж температур цаашдаа жил ирэх тутам өссөөр, дэлхийн рекордыг шинэчилсээр байх болно гэж анхааруулж байна. Европын цаг уур шинжээчид энэ зуныг өдгөөг хүртэлх хамгийн халуун зун болно гэдэг төлөв байдлыг танилцуулжээ. Ялангуяа ирэх долоо хоногоос эхэлж тэр бүр халаад байдаггүй Европын умард нутгуудаар онцгой халах төлөвтэй байна.
Герман, Нордикийн орнууд Өмнөд Европын улсуудыг бодвол харьцангуй сэрүүн тааламжтай зун болдог ч энэ жил олон жилийн дунджаас давсан халуун болохыг тооцоолж байна. Францад мөн хэт халах төлөвтэй, энэ зуны шуугиант үйл явдлуудын нэг болох Парисын олимпын үеэр хэт халж, тамирчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх вий гэж зохион байгуулагчид нь санаа зовниж эхэлжээ. Өнгөрсөн жил маш их халсан Испани улсад ялгаагүй энэ жил хэт халалт үргэлжилнэ. Аагим халуунд бэлтгэлтэй байхыг тулд Испанийн цаг уурчид хэт халалт хэзээ хаагуур хамгийн их үргэлжлэхийг урьдчилан тооцоолсон хиймэл дагуулын зураг боловсруулахаар ажиллаж байна. Европ даяар том хотууд хэт халалтад бэлтгэж, даван гарах арга боловсруулсаар байна. Сүүлийн 11 сарын хугацаанд агаарын температур дэлхий даяар бүх рекордыг дараалан эвдэж, дулаарч байна. Умард Атлантын далайн усны температур хэт нэмэгдэж, сүүлийн 40 жил байгаагүйгээр халж байна. Европын цаг уурчид энэ зуны цаг агаарыг нарийвчилж хэлэхэд төвөгтэй гэдгийг онцолж байна. Учир нь бүсчлэл бүрээрээ өөр өөр байгаль цаг уурын онцлогтой учир Европ тэр чигтээ хэт хална, ган гачигт автана гэж хэлэх боломжгүй гэж дурдлаа. Гэхдээ цаг уурын төлөв байдлын загварчлал ашиглаж хаагуур халж, хаагуур байгалийн онц ноцтой үзэгдэл болох боломжтойг таамаглаж байна. Өмнөд, Зүүн Европт хэт халах нь ойлгомжтой гэж цаг уурчид үзэж байна. Харин Баруун Европ 6-р сард бороошно. Өмнөд Европт 7-р сард олон жилийн дунджаас илүү их борооших төлөвтэй. Зүүн Европ энэ үед хуурай хэвээр байна гэдгийг онцолж байна. Харин 8-р сард Европ даяар маш их хуурайшна гэж тайлбарлаж байна. Гэхдээ эдгээр бол ерөнхий дүр зураг, тухайн цаг бүрд ямар цаг уурын онц ноцтой үзэгдэл болохыг таашгүй гэж тайлбарлаж байна. Европ тивийн цаг агаарт маш олон хүчин зүйл нөлөөлдөг.
Дэлхий даяар одоогоор Номхон далайн Эль Нино болон Ла Нина урсгалын солигдох зааг дээр байгаа. Энэ хоёр урсгал нь дэлхийн цаг уурын байдлыг шууд тодорхойлдог чухал хүчин зүйлүүд юм. Эль Нино урсгал далайн усны температурыг нэмэгдүүлж, дэлхийн зарим нутагт хэт их борооших, зарим газар хэт их хуурайших нөхцөл болдог. Мөн энэ далайн урсгалууд нь Номхон далайн гэх тодотголтой, голчлон Номхон далайн эрэг дагуух улс орнуудад түлхүү нөлөөлдөг ч дэлхийн бөмбөрцгийн хэмжээнд нөлөөтэй гэдгийг цаг уурчид онцолж байна. Дэлхийн нэг булан дахь цаг уур нөгөө захад нөлөөлдөг онцлогтой. Дэлхийн нэг өнцөгт хэт их бороошиж, үер болж байгаа бол өөр газар заавал хэт хуурайшиж ган болж байна гэж цаг уурчид тайлбарладаг. Яг энэ нөлөөнд Номхон далайгаас алслагдмал орших Европ тив өртдөг байна. Ялангуяа Европ тив уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа тив гэж тооцогддог. 1991 оноос хойш Европ тивийн агаарын дундаж температур дэлхийн дундаж өсөлтөөс хоёр дахин хурдацтай явагджээ. Дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэр 1,3 градусаар өссөн бол Европын дундаж 2,3 градус байна гэдгийг цаг уурчид анхааруулжээ.
ЕВРОП: 2024 оны зун түүхэн дэх хамгийн халуун зун болно | ||
Үзсэн: 2647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.