Усны хомсдол бол хүн төрөлхтний хувьд цоо шинэ аюул биш. Усны хомсдол үүсэхэд ган гачиг, гүний усны хэт их хэрэглээ, эх газрын цэнгэг усны бохирдол, хүн амын хэт өсөлт зэрэг олон хүчин зүйлийг нэрлэж болно. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь буюу 4 тэрбум хүн сардаа нэг удаа усны хомсдолд өртөж, ундны усаа залгуулж чадахгүй нөхцөлд хүрдэг гэсэн судалгаа байна. Мөн 2 тэрбум хүн 2025 он гэхэд усны хомсдолын гүн хямралд өртөх эрсдэлтэй улсад амьдарч байна гэсэн судалгааг НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын тайланд дурджээ.
Цэвэр усны нөөц бол хүний ундны, ариун цэврийн, эрчим хүчний, үйлдвэрлэлийн зэрэг олон хэрэгцээг хангадаг амин чухал нөөц. Гэвч энэ нөөц маш их хомсдож байгааг дэлхийн олон орны эрдэмтэд анхааруулсаар байна. Эрдэмтэд энэ зууны эцэс гэхэд цэвэр усны нөөц хэр байхыг математик загварчлалын аргаар тооцоолж гаргаж байна. Нидерландын Утрехтын их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар дэлхийн хүн амын 55 хувь нь сардаа нэг удаа ундны усны хомсдолд ордог гэдгийг тогтоожээ. Энэ зууны эцэс гэхэд энэ тоо 66 хувь болж өсөх магадлалтай байгаа юм. Усны хомсдол цаашдаа улам дордоно гэж эрдэмтэд анхааруулж байна. Гэхдээ дэлхийн бөмбөрцгийн бүсчлэл, цаг уурын ялгаатай байдлаа хамаарч усны нөөц улс орон бүрд өөр байна гэдгийг онцолжээ. Жишээлбэл, Баруун Европ, Хойд Америкийн нутгаар усны хомсдол улирлын шинжтэй тохиолдох бол хөгжиж байгаа орнуудад газар зүйн байршлаас хамаарч усны хомсдол жил тойрон илүү удаан үргэлжлэх эрсдэлтэй байгаа юм. Усны хомсдолын асуудлыг бас нэг яригддаггүй тал нь усны чанар байдаг. Ихэнх тохиолдолд усны нөөцийг хэмжээнд нь анхаарч судалдаг ч цэвэр усны нөөц хэр чанартай, эрүүл мэндэд хоргүй байгааг тогтоох нь чухал гэдгийг Утрехтын их сургуулийн эрдэмтэд тайлбарлаж байна. Түүнчлэн дэлхий даяар цэвэр усны хомсдолоос үүдэж 2030 он гэхэд 700 сая гаруй хүн амьдран суугаа газраасаа дүрвэн дайжна гэдэг судалгаан тоон баримт байна. Усны нөөцийн хомсдол хамгийн хүнд тусдаг Африк тивд гэхэд 25 улс 2025 он гэхэд усны нөөцийн маш том асуудалд орно гэж тооцоолж байна. Сахарын бүсийн орнуудад энэ нөхцөл байдал бүр ч хурцадмал болох төлөвтэй байна.
Энэ бүсийн орнуудад хүн амын ердөө 22-34 хувь нь л цэвэр усны нөөцөөр аюулгүй хангагдаж байна гэсэн судалгаа байна. Усны хомсдол нь дан ганц уух усны нөөцийн асуудлаар хязгаарлагдахгүй. Усны хомсдолын уршгаар дэлхийн даяар хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, эдийн засаг гээд олон салбар аюулд орох эрсдэлтэй юм. Мөн цэвэр усны нөөцийн хомсдол зарим бүсэд маргаан мөргөлдөөн, цэвэр усны төлөөх тэмцэл, улс төрийн эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй. Иймд дэлхий нийтээрээ усны хомсдолын асуудлыг нэн тэргүүнд тавьж, гарц шийдэл олоход анхаарах, усны чанарыг дээшлүүлэхэд анхаарах нь чухал гэж эрдэмтэд үзэж байна.
НҮБ: 2025 онд хоёр тэрбум хүн цэвэр усны хомсдолд өртөх эрсдэлтэй | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.