Хэдхэн хоногийн өмнө “Инчеон-2014” наадам өндөрлөсөн. Тус наадам олон баяр, харамсал дагуулсан үйл явдлаар дүүрэн боллоо. Гэхдээ муугаасаа сайн нь олон байдаг хойно сайхан үйл явдал илүүтэй тохиолдсон. Үүний нэг нь боксын тэмцээний 60 кг-ын жингийн аварга, ОУХМ Доржнямбуугийн Отгондалайд тохиов. Түүнтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе.
-Таны хүртсэн медаль манай улсын боксчдын хувьд асар их нэр төрийн хэрэг боллоо. Энэ медалийг боксчид болон энэ спортыг сонирхогчид олон жил хүлээлээ. Азийн наадмын индэр дээр алтан медалиа зүүх гээд зогсоход хамгийн түрүүнд юу бодогддог юм байна?
-Маш сайхан. Зорьсон зорилгоо биелүүлнэ гэдэг тамирчдын хувьд хамгийн том баяр байдаг шүү дээ.
-Монголчууд таны тоглолтын цагийг тэсэн ядан хүлээсэн. Ялангуяа медалийн төлөөх тойргуудыг. Харин гол эзэн нь тоглох цагаа бидэн шиг хүлээдэг юм болов уу эсвэл жаахан ч гэсэн удаан яваасай гэж бодсон уу?
-Бид тоглох өдрийнхөө өмнөх өглөө жингээ үзүүлдэг.Харин орой нь бэлтгэлээ хийж өглөө тэмцээн эхлэхийг хүлээдэг. Ер нь тамирчин бидэндтоглолтынцагаа хүлээх хэцүү. Аль болох хурдан рингэндээ гарахыг боддог.
-Энэ удаагийн тэмцээний хэддүгээр тойргийн тоглолт хамгийн хэцүү байсан бэ?
-Тоглолт бүрийн эхний тойрог хүнд санагддаг. Нэг эхэлчихвэл дараа дараагийнх нь гайгүй болно. Ринг, үзэгчтэйгээ дасах гэж эхлээд хэсэг юм болно шүү. Гэхдээ алтан медалийн төлөөх тоглолт хамгийн хэцүү байлаа. Шийдвэрлэх мөч гэдэг утгаараа тэр. Хоёр талаасаа ялсаар байгаад тунаж үлдсэн шилдгийн шилдэг тамирчинтай тулах гэж байгаа болохоор улам хянуур, дайчин, алдаа бага гаргаж тоглох хэрэгтэй болсон.
-Улаанбаатараас очоод жин хассан уу?
-Нэг их нэмээгүй байсан болохоор гайгүй дээ. Бага зэрэг хасаад л жиндээ орсон.Би өмнө нь 56 кг-д тоглож байсан. Харин энэ жиндороод нэлээн удлаа. Тиймээс бараг дассан гэж хэлж болно.
-Боксын холбооныхон “Манайхан энэ наадмаас ядаж 2-3 медаль хүртэнэ” гэж хэлж байсан. Гэтэл шүүгчдийн буруугаас мөн хоёр тамирчны хөмсөг задарснаас тэмцээнээ орхисон. Тэр үед та ганцаараа медалийн төлөө тоглохоор үлдэхдээ юу бодож байв?
-Уг нь манайхан нэлээн хэдэн медаль авах байсан нь үнэн. Тодруулбал, гавьяат тамирчн Н.Төгсцогт, ОУХМ Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ нар.Гэвч тэд маань харамсалтай ньшүүгчдэд хийлгэж, хөмсгөндөө ч гэмтэл авсан болохоор тэмцээнээ орхисон. Тийм үед би ганцаараа медальт байруудын төлөө тоглох гээдсууж байх хэцүү байсан. Нуруугаа хүнд ачаанд даруулчихсан л юм шиг. “Хэрвээ би медаль авч чадахгүй бол яана даа, алтан медаль авчихвал эх орныхоо нэрийг гаргаад боксчдынхоо өмнөөс медалийн тавцан дээр зогсоно” гэж бодохоор улам их эрч хүчээр сэлбэгдэх шиг болдог юм билээ. Ямартай ч намайг дэмжиж байсан бүх хүний итгэлийг дааж энэ медалийн эзэн болсондоо баяртай байна. Хэрвээ би өнөөдөр мөнгөн медаль хүртээд ирсэн бол хүмүүсийн хандлага, өөрийн сэтгэлзүйд ч арай өөр байх байсан биз. Ямартай ч эх орноосоо мордохдоо түрүүлнэ гэсэн мөрөөдлөө ингээд биелүүлсэндээ таатай байна.
-Н.Төгсцогтыг булхайгаар хожсон тамирчин рингнээс буухдаа ичиж байгаа шинж байх юм уу. Хөгжөөн дэмжигчид нь ч гэсэн хэрхэн хандаж байсан бэ?
-Нэгэнт яллаа гэсэн шийдвэр гарсан болохоор баярлаад л явчих юм билээ. Ямар аргаар ялалт авснаа мэдэхгүй байгаа ч юм шиг. Улсынх нь иргэд ч баярлаад л их сонин санагдсан. Манай Н.Төгсцогт эхний үед өгөө аваатай тоглосон ч дараагийнхаас нь илт илүү байсан.
-Шүүгчдийн хувьд манайхаас хүн оролцох боломж байгаагүй юм уу?
-Зохион байгуулагчид нь ямар улсын, хэнээр шүүлгэхээ өөрсдөө мэдээд томилдог. Тэгэхээр манайхан өөрсдийн дураар хүсэлт гаргаад оролцох боломжгүй л дээ.
-Энэ удаа тоглосон тамирчидтайгаа та өмнө нь тулалдаж байв уу?
-Алтын төлөөх тоглолтод таарсан тамирчинтай би өмнө нь Казахстаны “Ерөнхийлөгчийн цом”-д оролцохдоо мөнгөн медалийн төлөө тулалдаж 2:1-ийн харьцаагаар би хожигдож байсан.Харин энэ удаа даагаа нэхэж яллаа.
-Алтын төлөө тоглож байхдаа таны хөмсөг задарсан. Тэр үед спорт сонирхогч бид таныг дээрх хоёр тамирчин шиг тэмцээнээ орхих вий гэж эмээж байлаа. Харин тулалдаж байсан танд юу бодогдож байв?
-Нэг их санаа зовоогүй ээ. Хамгийн гол нь тоглолтоо бүрэн гаргаж, хийх ёстой бүхнээ дайчилж тоглоё гэж бодсон. Хэрвээ би хөмсгөндөө санаа зовоод сатаарвал тоглолтоо тэгж сайн гаргаж чадахгүй шүү дээ.
-Ер нь хэрвээ хөмсөг задарвал шүүгчийн зүгээс тоглох эрхийг нь хасах уу эсвэл өөрсдийн шийдвэрээр зогсдог хэрэг үү?
-Эмч шүүгч гэж бий. Тэр хүн тухайн тамирчинг үзэж тоглолтоо үргэлжлүүлж болохоор байна уу, үгүй юу гэдгийг нь харж шийддэг.Цус их гарахаар байвал яах аргагүй болиулна.
-Бас нэгэн сэтгэл зовоож байсан зүйл бол таныг аваргын төлөө эзэн орны тамирчинтай тоглох вий гэсэн бодол. Учир нь Н.Төгсцогтшиг таныг ч мөн адил “цусгүй алах вий” гэж санасных л даа?
-Хэрвээ тэгж таарсан бол сэтгэлзүйд ч гэсэн бас л эвгүй байх байсан болов уу.
-Таны бэлтгэл бүрэн хангагдсан байсан уу. Бусад тамирчдын хувьд ч гэсэн?
-Манайхан Эрдэнэтийн “Олимп” баазад 45 хоног бэлтгэл хийсэн байсан. МөнБаян-Өлгий аймагт болсон “Ulgii-Cup”-д оролцож түрүүлж ирээд хотод үргэлжлүүлэн 14 хоног бэлтгэл хийчихээд Азийн наадам руу явсан. Тэгэхээр бэлтгэл хэн хэнд нь хангалттай хийгдсэн гэсэн үг. Инчеонд бид есдүгээр сарын 18-нд очсон. Харин тэмцээн 25-нд нь эхэлсэн.Манайхан бүгд эхний тоглолтдоо хожсон. Гэтэл шийдвэрлэх мөчид шүүгчид манайхны эсрэг ажилласныг та бүхэн мэдэж байгаа байх.
-Боксчдоо тоглож байхад таныг вакумжуулсан өрөөнд сууж байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Үгүй, үгүй. Би тэднийхээ бүх тоглолтыг рингний дэргэд суугаад үзсэн. Гэтэл нэг сонинд намайг өөр өрөөнд байсан тухай бичсэн байна гэсэн. Би өөрөө ч олж хараагүй л дээ. Надтай ярилцлага хийснээр хүртэл гаргасан байна билээ. Уг нь би Азийн наадмаас ирээд анх удаа л танд ярилцлага өгч байна.
-Манай улсын иргэд нэлээн “үзэж” байгаа харагдсан. Тэдний уухайлах чимээ их байсан биз?
-Маш их байсан. Тус улсад ажиллаж, амьдардаг иргэдээс гадна Монголоос зорьж очиж үзэх гэсэн хүн ч их байна билээ. Том том төрийн далбаагаа намируулаад Монгол, Монгол гэж хашгираад л сүртэй байсан шүү.Намайг аваргын төлөө тоглож ялаад гараад ирэхэд тэд үүдэнд хүлээгээд зогсчихсон гар барьж, баяр хүргээд, хамтдаа зургаа татуулсан.
-Медалиа зүүгээд зогсч байхдаа та уйлах шиг болсон?
-Нэг их урсгаад уйлаагүй ээ. Төрийн дуулал эгшиглэхэд гоё санагдаад нулимс өөрийн эрхгүй цийлэгнэсэн. Харин сэтгэл дотроо бол маш их огшсон, сайхан байсан. Тэр мөчид миний сэтгэл санаа 100 хувь амарсан. Ер нь тамирчин хүн биелүүлэх гэсэн амжилтынхаа ард гарвал ийм л сайхан тэнэгэр болдог доо.
-Амжилт гаргах мэдээж ийм сайхан. Гэхдээ үүнд хүрэхэд асар их хугацаа, хүчин зүтгэл ордог. Хамгийн гол нь өөрийгөө энэ спортын хүн болно гэдгээ таних эхний амжилт болов уу. Боксчин болохоо та өөрөө шийдсэн үү эсвэл хэн нэгний зөвлөмж байв уу?
-Дунд сургуульд байхад манай ангийнхан боксын дугуйланд хичээллэдэг байлаа. Тэднийг харахаар нэг л гоё санагдаад өөрийн хүсэлтээр энэ спортоор хичээллэдэг болсон. Харин одоо манай ангийнхан тэр сонирхлоо орхиод тус тусдаа өөр хүсэл тэмүүлэлтэй болсон.Тэднээсээ тууштай хичээллэж байгаа нь би л болж байна. Миний анхны дасгалжуулагч гавьяат тамирчин Ё.Төмөрбат. Дараа нь шигшээ багт орсноор Ардын багш, гавьяат дасгалжуулагчД.Банди багшийнхаа удирдлага дор хичээллэдэг болсон.
-Энэ наадамд аваргалахад Д.Банди багш хэрхэн хүлээж авав?
-Алтан медалийн болзол хангаад байрандаа орж ирэхэд багш намайг тэврээд үнссэн, бас уйлж байсан.
-Та Дорнод аймгийнх уу. Энэ аймгаар овоглож тоглодог юм билээ?
-Тийм, миний төрж, өссөн нутаг.Дорнод аймаг, “Алдар” спорт хороо, “АПУ” ХХК, Хилхамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо 0168 дугаар ангийн тамирчин. Энэ ангидаа харьяалагдаад зургаан жил болж байна. Одоо ахлагч цолтой.Мөн манай боксын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдД.Бат-Эрдэнэ, ССАЖЯ, Олимпийн хороо, Спорт бэлтгэлийн төв, дорнодчууддаа баярлаж явдгаа хэлье.
-Дүрэмт хувцас хааяа өмсөх сайхан биз?
-Өмнө нь би хувцсаа авч амжаагүй байсан юм. Харин Инчеоноос ирсэн өдрөө өмссөн чинь сайхан санагдсан.
-Таныг “Лондон-2012” олимпод оролцох байх гэж олон хүн харсан. Гэвч харамсалтай нь чадаагүй. Тухайн үеийн сэтгэгдлээ дахин сөхөөч?
-Боломж уг нь байсан. Гэхдээ тус олимпод оролцох тамирчдад 2011 оны ДАШТ-д амжилттай оролцсонд нь эрх өгсөн юм. Би эхний тойрогт Солонгосын тамирчинг ялж Ирландын тамирчинтай тоглоход бидний оноо тэнцсэн. Гэвч шүүгчийн эцсийн хариу гарахад миний эсрэг шийдэгдсэн. Уг нь би түүнийг хоёр раундад хүнд цохилтод оруулсан. Тэгсэн байтал ялалт эсрэгээр эргэхэд их харамссан.
-Тамирчид толгойны хамгаалалтгүй тоглоод удаагүй байна. Үүнд та дасч байна уу?
-Толгой хагарах, хөмсөг задрах зэрэг гэмтэл их гарч байна. Гэхдээ шийдвэр ингэж гарсан хойно дасахаас яах вэ.
-Одоо таныг ямар тэмцээн хүлээж байна вэ?
-Боксын ДАШТ хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Ирэх жил болох тэмцээнд амжилттай оролцохын төлөө бэлтгэлээ сайн хийнэ дээ.
-2016 оны олимпийн дүр зураг төсөөлөгдөж байна уу?
-Олимп улам л ойртоод байна. Азийн наадмын аварга болсон болохоор чансаа нэлээн дээшилнэ. Оноолт ч гайгүй таарах биз. 56 кг-д тоглож байхдаа би дэлхийд есдүгээрт эрэмбэлэгддэг байсан. Харин одоо дөрөв рүү орж байгаа байх аа. Гэхдээ би сайн мэдэхгүй байна шүү, энэ бол таамаг (инээв).
-Таны тоглолтын арга барил Монголынхоо алдарт тамирчдын хэнийхтэй төстэй гэж боддог вэ?
-Яг түүнийхтэй гэж хэлэх хэцүү. Гэхдээ манайхан хоорондоо төстэй байдаг шүү дээ. Монголчуудын арга барил гэж ер нь тусдаа байх шиг байгаа юм.
-Бөхчүүдэд хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг дархан мэх гэж бий. Түүн шиг таны дархан цохилтыг асуувал?
-Баруун гар шулуун, зүүн гар гэдсэндцохидог.Харин энэ удаагийн тэмцээнээс би өөрөө цохичихоод ухрахдаа яаж цохиулахгүй байхталд илүү суралцлаа.
-Одоогоор таны гол өрсөлдөгч аль улсын тамирчин байна вэ?
-Куб, Бразилын тамирчин. Гэхдээ тэдэнтэй би гар зөрүүлээд үзсэн. Өгөө, аваатай л яваа.
-Энэхүү эр зоригийн спортоор хичээллэхдээ тах ааяа ч гэсэн халгамаар болдог уу?
-Үгүй дээ, энэ бол миний хобби. Өөрийнхөө хүссэнээр хичээллэж байгаа болохоор сайхан байдаг. Өөр нэг хобби бол найзуудтайгаа сагс тоглох.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Г.Хулан гэдэг. Их сургуульд багшилдаг. Охиныг маань Цэлмүүн гэдэг. Дөрвөн настай, цэцэрлэгт явдаг.
-Охин тань зурагтаар аавыгаа хараад уйлсан гэсэн үү?
-Тийм. Медаль аваад зогсч байсан чинь “Ааваа” гээд уйлсан гэсэн.Аавтайгаа уулзаагүй удсан болохоор санасан юм байлгүй дээ. Бид чинь тэмцээн, бэлтгэл гэж явсаар жилийн 365 хоногийн 65 хоногт нь л гэртээ байдаг байх.
-Алтан медалийн болзол хангачихаад хамгийн түрүүнд хэнтэй утсаар холбогдсон бэ?
-Эхнэртэйгээ байнга холбоотой байсан л даа. Гэр бүлийнхээ хүнтэй ярихаар тэр бусад хамаатан руу мэдэгддэг.
-Залуу насныхаа аагаар зарим тамирчид маань тэмцээн, бэлтгэл гэж явсаар боловсрол, мэргэжлээ орхигдуулдаг тал бий. Ер нь та ямар мэргэжилтэй вэ?
-Бэлтгэл, тэмцээнийхээ зав зайгаар би өнгөрсөн жил “Зохиомж” дээд сургуулийн гаалийн ангийг төгссөн.Дахиад ч сурах бодол бий. Барилгын инженер болох хүсэлтэй.
-Аав, ээж тань ямар мэргэжилтэй вэ. Танайханд спортын хүн бий юу?
-Аав, ээж маань Дорнод аймгийннисэх онгоцны буудалд ажилладаг байсан. Одоо ээж тэтгэвэрт гарсан,хотод амьдарч байгаа.Аав маань 1996 онд бурхан болсон. Би гурван ах, хоёр эгчтэй, айлын бага.
-Ярилцсанд баярлалаа, спортын өндөр амжилт хүсье.
У.Баярсайхан
Д.Отгондалай: Би луйвардуулсан боксчдынхоо өмнөөс заавал алт авна гэж тоглосон | ||
Үзсэн: 3503 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.