Өнөөдөр сарны хиртэлт болохыг Улаанбаатар хот дахь Сансар, од эрхэсийн ордон өөрийн нүүр хуудсаараа мэдээлжээ. Энэ жил сарны хиртэлт хоёр дахь удаагаа тохиож байгаа нь энэ бөгөөд өмнө нь өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сарын 15-нд болж байв.
Өнөөдөр Улаанбаатарт эхлээд сарны тал хэсэг нь хиртсэн байдалтайгаар ажиглагдах бөгөөд хиртэлтийн хамгийн их фаз нь 18 цаг 56 минутад, хиртэлтийн төгсгөл 20 цаг 35 минутад болно. Судлаачдын мэдэгдэж буйгаар энэ удаагийн сарны хиртэлтийн үеэр улаан сар харагдах онцлогтой ажээ. Сарны хиртэлтийг Номхон далай, Авсрали, Хойд Америк болон Азийн орнуудаас ажиглах боломжтой байх гэнэ. Уншигч та энэхүү сарны хиртэлтийг ажиглахыг хүсвэл доорх дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай.
Тодруулга, Сар дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сар хиртэлт гэдэг. Сар хиртэлт болох нөхцөл нь мөн л нар, дэлхий, сар гурав шулуун орших явдал юм. Сар дэлхийн сүүдэрт орж ирэхэд сарны гадаргуу дээр бараан сүүдрэн зурвас гүйж харагддаг. Энэ сүүдрийг дэлхийн агаар мандалд сарнисан, хугарсан нарны цацраг гэрэлтүүлж өгдөг учраас харьцангуй тод ялгаран харагддаг байна.
Дэлхий дээр нарны гэрэл тусахад эсрэг талд нь дэлхийн сүүдэр үүснэ. Нарны диаметр дэлхийгээс их учраас дэлхийн сүүдэр алгуур нарийссан конус хэлбэртэй байна. Дэлхийн сүүдрийн конус сарны сүүдрийн конусаас урт байх бөгөөд сарны зам дээрх дэлхийн сүүдрийн диаметр сарны диаметрээс 2.5 дахин их байна.
Сар дэлхийг тойрон эргэх замдаа дэлхийн сүүдэр дотор орвол сар хиртэх үзэгдэл ажиглагдана. Хиртэлт дэлхийн шөнө болж буй хагас бөмбөрцөгт ажиглагдах ба энэ хагас бөмбөрцөгт физикийн нэг агшинд эхэлж нэг агшинд төгсөнө. Энэ агшин нь нутгийн цагаар бол дэлхий дээрх цэг бүрт өөр өөр байна. Энэ нь нутгийн газарзүйн уртрагаас хамаарна.
Хэрэв Сар дэлхийн сүүдэрт бүтнээрээ орвол сарны бүтэн хиртэлт болно. Дэлхийн сүүдэрт сарны зөвхөн хэсэг нь орвол сарны хэсгийн хиртэлт ажиглагдана. Сарны зам дээрх дэлхийн сүүдрийн диаметр сарны диаметрээс 2.8 дахин их байх ч тохиолдол буй. Иймээс сарны бүтэн хиртэл бараг 2 цаг үргэлжилдэг.
Жилд ганц ч удаа сарны хиртэл болохгүй байх тохиолдол бий. Жишээ нь, 2009 онд сарны хиртэлт болоогүй. Сарны хиртэлт хамгийн олон болох нь жилд гурван удаа байж болно. Хиртэлт болох нөхцлөөс үзвэл, жилийн дотор хиртэлт хамгийн олон болох нь долоон удаа байж болох байна. Үүний хоёр нь сарных, тав нь нарных эсвэл гурав нь сарных, дөрөв нь нарных байж болно.
Сар хиртэж байна | ||
Үзсэн: 5869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.