“Амьдрал бэлэглэе” аян хоёр сарын турш үргэлжилж байна. Анагаах ухааны доктор, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяртай энэ сэдвээр ярилцсанаа уншигч танаа хүргэе.
-“Амьдрал бэлэглэе” аянд хэр олон хүн нэгдэж байна вэ?
-Цусны донорын өдөр жил бүрийн зургаадугаар сарын 14-нд тохиодог. Цус өгөхийн ач холбогдлыг хүмүүст таниулж байдгаараа чухал юм. Энэ жилийн цусны өдрийг угтаад бид “Амьдрал бэлэглэе” аяныг хоёр сарын хугацаанд зарласан. Өмнөх жилүүдээс илүү их цус цуглуулах үйл ажиллагааг явуулж байна. Мөн ард иргэдэд цус өгөх нь ямар ашигтай талаар мэдээ, мэдээлэл өгч ажиллалаа. Цусаа өгч байх нь хүний биед их хэрэгтэй байдаг юм. Хөгжингүй орнууд бол арван жилийн өмнөөс л ард иргэддээ энэ талаарх мэдлэгийг өгч эхэлдэг юм байна. Бид ч гэсэн улс орнуудын дэвшилтэт жишгийг даган судлаж байна. Одоо дунд сургуулиудаар явж ахлах ангийн сурагчдын дунд сургалт явуулж байна.
-Донор хүний тухай ярилцъя?
-Донор болно гэдэг нь хүн сайн дурын үндсэн дээр цусаа бэлэглэж байна гэсэн үг. Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдалд бид бас анхаардаг. Хүнд таван литр цус байдаг. Цусны 15 хувь нь эрхтэнүүдэд нөөц байдлаар байгаад 80 хувь нь эргэлдэж байдаг. Таван литр цуснаас хүн 350 мл цус өглөө гэхэд тэр өдрөө эргээд нөхөгддөг юм. Эрэгтэй хүн хоёр сард нэг удаа, эмэгтэй хүн гурван сард нэг удаа цусаа өгөхөд хэвийн байдаг. Байнгын доноруудын эрүүл мэндийн мэдлэг сайжирдаг. Цусаа өгөхдөө бэлдэх дүрэм буюу амьдралын зөв хэвшлээ олж авдаг.
-Монголын анхны донор хэн гэж хүн байсан бэ. Одоогоор хэдэн донортой байна вэ?
-Монголд анх н.Ичинхорлоо гэдэг мундаг эмч хүн донор болж байсан түүхтэй. 1963 онд Монголд анх удаа цус судлалын станц гэж үүсч байлаа. Ингээд 2007 онд Цус сэлбэлтийн үндэсний төв болсон. 2013 оноос лавлагаа төв болж судалгаа шинжилгээний ажилдаа ихээхэн анхаарч эхэлсэн юм. Аль болох улсын хэмжээний томоохон лавлагаа шинжилгээний төв болгох гэж хичээн ажиллаж байна. Ер нь цусны донор нэмэгдэж байгаа. Тухайлбал, нэг хэсэг арилжааны донор байсан үе бий. Социолизмийн үед бол цусаа өгч байгаа хүнийг урамшуулдаг. Мөн үнэлэмж тогтоодог байсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж 1994 оноос 100 хувь авлагагүй донорын системд орсон. Монгол Улс бол донорын хуультай ард түмэн. Донорын хуулийг төрийн болон төрийн бус байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг хариуцна. Манай төв бол ирсэн доноруудаас цусаа аваад шинжилгээгээ хийгээд эмнэлгүүддээ хангаж ажиллах ёстой. Энэ дунд донор элсүүлэлт гэдэг зүйл алга байна. Бид шинээр орон тоо элсүүлэлтийн чиглэл дээр анхаарч ажиллаж байна. Монгол Улс залуусын орон болжээ. Манайд донорын нөөц их бий. Хөгжиж буй орнуудад ч гэсэн ижилхэн л дээ. Бид цаашид оюутан, залуус руугаа түлхүү анхаарч ажиллана. Манайд ахмадууд цусаа өгөх нь цөөхөн байдаг. Бид ядаж л нэгэн хэвийн харилцаагаа алдалгүй ажиллахыг хичээж байна. Монгол Улсын нэг иргэн ч гэсэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, хариуцлагатай ажилладаг бол үнэхээр сайн хэрэг.
-Цусыг эмнэлгүүдэд ямар шат дамжлагаар тараадаг вэ?
-Цус сэлбэлт судлалын үндэсний төв гуравдугаар шатлалын нарийн мэргэжлээр ажилладаг. Бүх орон нутагт салбар төвүүд ажиллаж байна. Мэргэжлийн аргачлал, сургалт гээд бүх асуудлуудыг удирдаж ажиллаж байна. Сайдын тушаалын дагуу эмнэлэгүүдтэй гэрээ хийгээд гэрээнийхээ дагуу цусаа нийлүүлдэг. Бид 60 гаруй эмнэлэгтэй гэрээ хийсэн. Зарим нь жилд арван удаа авч байхад зарим нь маш их авдаг. Эмнэлэг бүр адилхан цус авдаггүй. Өөр өөр цусны хэрэглээтэй эмнэлгүүд байдаг. Манай цусны төв нь цахим сүлжээтэй кодлогдсон. Эмнэлгүүд цусаа манайхаас цахимаар захиалчихдаг. Энд хүнээс шалтгаалах алдаа буурч байна. Цаг хугацаагаа хэмнэж байна. Одоогийн байдлаар эмнэлгүүдийн бэлтгэгдсэн сувилагч тусгай сав барьж ирээд манайхаас цусаа аваад явдаг. Савны дулааны хэмжээ ч маш нарийн байдаг. Түгээлтийг бид бас хариуцаж ажиллаж олон улсын жишигт нийцүүлж ажиллана гэж бодож байна.
-Дэлхий нийтэд цусны хэдэн бүлэг байдаг вэ ?
-Цусны 100 гаруй бүлэг байдаг. Анагаах ухаанд хамгийн их хэрэглэдэг дөрвөн бүлэг байна. Нэмэх, хасах буюу нарийвчлан авч үзэж болно. Олон улсын цусны хөтөлбөрөөс гаргаж байгаа шаардлага бол тухайн бүлгийн цустай хүнд тухайн бүлгийн цусыг нь л хийвэл сайн гэж байгаа юм. Энэ дөрвөн бүлгийн цус дөрвүүлээ хэрэгтэй. Нэгдүгээр бүлэг харьцангуй өндөр хувьтай байдаг. Жил жилийн байдлаар цусны бүлгийн хэрэглээ янз бүр.
-Хүнээс нэг удаа цус авахдаа ямар хэмжээтэйгээр авдаг вэ?
-Нэг удаа 350-400 мл цус авдаг. Энэ хэмжээний цус өгсөн хүн шингэн юм сайн уувал өдөртөө л цус нь нөхөгдчихдөг. Харин эрдэс бодис нь 7-10 хоногийн дотор нөхөгддөг юм.
-Хэр олон байгууллага танайхтай хамтран ажиллаж байна?
-Ажлын таван өдөр 8-15 хүнтэй баг байгууллагаас цус цуглуулдаг. 60-аас дээш хүн цусаа өгөхөөр бол бид очиж үйлчилдэг. Түүнээс гадна суурин хэлбэрээр манай төв дээр цус авах үйл ажиллагаа өдөр бүр явагдаж байна. Манай байгууллагын утсаар холбогдоод түрүүлээд зөвлөгөө авах хэрэгтэй. Бид хоёр долоо хоногоор ажлаа төлөвлөөд явчихдаг л даа. Бид байгууллага нэгжүүдтэй хамран ажиллаж байна. Нэг байгууллагаас тогтсон өдөртэй болоод л дараа жил нь яг тэр өдрөө очоод цусаа авдаг, өгдөг болчихвол их зүгээр юм. Ер нь олон улсын жишиг тийм л байдаг.
-Танай байгууллагад талархал их ирдэг юм байна шүү?
-Манай цус цуглуулах хэсэг дээр хүмүүсийн баярлаж талархсан сэтгэгдэл харагдана. Бид чөлөөтэй дэлгэдэг. Донорын ач буянд талархсан сэтгэгдлийг “Цусны өдөр”-өөр албан ёсоор авдаг. Маш олон талархал ирдэг юм. Энэ бол маш их хариуцлагатай алба.
-Танай байгууллагад донор бий юу?
-Манай байгууллагад арав гаруй хүндэт донор бий шүү. Нийт 60 орчим хүн байдаг. Миний хувьд өөрөө цусаа өгдөг. Манай байгууллагын ажилчдын 50 орчим хувь нь донор.
Эцэст нь хэлэхэд, ард иргэд, залуучууд маань хэнд ч тохиож болох өвчин эмгэгээс нэгнийгээ хамгаалж, хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцоно гэвэл бид бүхэн дуртай хамтарч ажиллана. Бид техник технологийн байдлаасаа сайжирч, энгийн, хүнд айдас төрүүлэхгүй орчин бүрдүүлж өөрчлөлт хийж байна. Тийм болохоор иргэний үүргээ нэр төртэй биелүүлж манай байгууллагатай хамтран ажиллавал бид хэзээ ч таатай хүлээн авна.
-Баярлалаа
Н.Эрдэнэбаяр: Цусны 100 гаруй бүлэг байдаг | ||
Үзсэн: 3281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.