“Хорвоо дэлхий уудам явах зам урт” гэдэг. Бид өдөртутам шахуу танилын хүрээгээ тэлсээр явдаг. Орчин үед танилын хүрээгээ өргөсгөх боломж бүр ч нэмэгджээ. Хол, ойрын ялгаагүйгээр өдөр бүр хамт байгаа юм шиг мэндтэй байж болох боломж ч бидэнд байна. Энэ бол цахим хэрэглээний ач тус. Үүгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Бизнес хийж болно. Ажлаа хөнгөвчилж болно. Нэг үгээр хэлбэл, интернет бидний амьдралд ус, агаар мэт хэрэгтэй болжээ.
Хүн бүхэнд сэтгэлийн нандин нууц бий. Хүмүүс нууцаа хааяа л нэг тохироо нь бүрдсэн үед итгэсэн нэгэндээ ярьдаг. Тэгвэл өнөө үед тэр нууцаа гаргахад ч амархан, алдахад ч амархан болсон гэж болно. Учир нь та фэйсбүүк, тwitter гээд хэрэглээнүүдийнхээ нууц дугаарыг алдахад л бүх юм баларна. Сайныг дагаад саар зүйл ч олон. Гэмт этгээдүүд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглаж улс үндэстэн, хил хязгаар дамнасан гэмт халдлага, хууль бус үйл ажиллагаа эрчимтэй явуулах болсныг дэлхийн улс орнуудын шүүхийн практик, эх сурвалжууд баримтаар нотлож, хувь хүн, нийгэм, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын тулгуур хүчин зүйлийн нэг гэж үзэх хандлага түгээмэл болсон билээ. Нэгэн шинэ мэргэжил үүнийг дагаж гарч ирсэн ньхакер. Хакер гэх тэдний дайралт сүүлийн үед ихээр идэвхжиж байна. Тэдний хувьд энгийн айл гэр, албан байгууллагын компьютерт халдах юу ч биш. Тэрч байтугай хамгийн чанга хамгаалалттай гэгдэх Америкийн Пентагонын компьютерт хүртэл аль хэдийнэ халдаад амжчихсан. Азаар уг халдлага Батлан хамгаалах яамны үйл ажиллагаанд ноцтой өөрчлөлт оруулаагүй гэнэ. Хакерууд угаас л интернеттэй нас чацуу.
Одоо хакерын “хөгжлөөр” дэлхий дээр Орос, Америк, Хятад, Герман улс тэргүүлж байна гэсэн судалгааг интернет хэрэглэгчид гаргаад байна.
Бид өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөөр л...
Монгол Улсад өнгөрсөн зун их хэмжээний мөнгийг өөрийнхөө дансруу шилжүүлсэн гэмт хэрэг гарсан. Саяхан УИХ-ын гишүүдэд өөрийнх нь дугаараас, гишүүдийн дугаараас иргэд рүү мессеж бичсэн тохиолдол Монголд гарсан. Өнөө ч энэ хэргийн зангилаа тайлагдаагүй байна.
Бид дандаа л өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдөг шүү дээ. Уламжлал ёсоор дээрх үйлдэлд цочирдсон уу өнгөрсөн сарын 29-30-ны өдрүүдэд “Террорист үйл ажиллагаанд интернетийг ашиглах ба цахим гэмт хэрэг” сэдэвт сургалт боллоо. Хууль сахиулах их сургуулийн мэдээлэл технологийн тэнхимийн эрхлэгч Д.Ариунжин “Интернет ашигласан гэмт хэрэг ихээхэн гарч эхэлсэн. Ер нь бол хүний эрх, эрх чөлөөнд халдах, ойрын 5-10 жилийн хугацаанд цахим гэмт хэрэг хурдацтай өссөн байна. Харин тоо баримтын хувьд нууцлалтай байдаг. Гэмт хэргийг илрүүлэх арга хэмжээг олон улсын байгууллагатай хамтарч ажиллахгүй бол манай улсын хувьд хоцрогдолтой байна. Одоо яллахдаа эрүүгийн гэмт хэргийн хуулиар л яллаж байгаа. Манай улсад Кибер гэмт хэрэгт зориулсан хууль байхгүй.Бид УИХ-д өргөн бариад удаж байна. Ямар ч хариу ирээгүй. Дэлхийн хэмжээнд бол НҮБ-ын хууль, мөн Английн хууль байдаг. Дэлхий дахинд энэ талаар тодорхой шийдсэн хууль байхгүй. Цаашид энэ гэмт хэрэгт өртөхгүй байхын тулд урьдчилан сэрэмжлүүлэхээс өөр арга алга”гэж ярив.
Төрд зүтгэдэг чадварлаг хакеруудыг "Төрийн хакер" гэж нэрлэх нь ч бий. Өнгөрсөн хавар Орос, Эстонийн харилцаа муудахад Оросын талаас хакерын дайралт ихэссэн. Дашрамд дурдахад,бусдын компьютер руу, дан ганц хакерууд дайраад байдаггүй гэнэ. Үнэндээ хакераас гадна кракер хэмээх илүү аюултай этгээдүүд ч бас дайралт хийдэг ажээ. Тэд хакеруудыг бодвол хорлон сүйтгэх ажиллагаа илүү явуулдаг. Тэд ямар ч утга учиргүйгээр бусдын компьютерийг эвддэг бөгөөд үүнийхээ төлөө мөнгө нэхдэггүй. Зүгээр л үүнээсээ таашаал авдаг, гаж донтнууд юм. Ер нь хуульд ихэвчлэн садар самуун, хүчирхийллээс гадна долоон төрлийн гэмт хэргийг л буруутгасан заалт байдаг байна.
Эдгээр долоон заалтад:
1. Бусдын вэб сайтыг эвдэх, өөрчлөх.
2. "Картинг" буюу банкны цахим картны дугаар хулгайлах хийгээд өөрчлөх. Мөн хуурамч код тааруулан хууль бус гүйлгээ хийх.
3. Тодорхой үнээр үнэлэгдсэн программ хангамжийн бүтээгдэхүүнийгүнэгүй ашиглах зорилгоор хамгаалалтын систем эвдэх, цааш түгээх. Ийм үйлдлийг "Крекинг" гэж нэрлэдэг.
4. Бусдын захиаг өөрчлөх.
5. Дайралт. Бусдын компьютер эвдэх буюу ажиллагаагүй болгох. Үүнийг хакерууд "Нюкинг" гэж нэрлэдэг байна.
6. Бусдын е-майл хаяг руу хэрэггүй захиа олноор явуулах буюу "Спаминг"
7.Бусдын захиаг унших зэрэг ордог байна.
Манай улсад өдөрт 30-100 мянган кибер довтолгоо ирдэг талаар холбогдох мэргэжилтнүүд судалсан байдаг.Кибер гэмт хэрэггэж нэрлэж байгаа компьютер болон кибер орон зайгаар үйлддэг гэмт хэргийг бусад хуульд заасан гэмт хэргүүдтэй харьцуулбал мөн чанар дээрээ адилхан хүнд хохиролучруулж байгаа хэлбэр билээ.
Гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх олон талт хөтөлбөр боловсруулахын тулд тодорхой асуудлуудыг үр нөлөөтэй шийдвэрлэх зарим боломжийг дэлгэж болох юм л даа.
Үүнд:
- Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх.
- Кибер гэмт хэргийн нийгмийн хор аюулыг тодорхойлох шинж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдэд хариуцлага хүлээлгэх шалгуурыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах.
- Компьютер гэмт халдлагын зүйл болсон. Эсвэл түүнийг хэрэгсэл болгож ашигласан гэмт хэргийг бусад төрлийн гэмт хэргээс ялгаж зааглах.
- Компьютерийн гэмт хэрэгтэй холбогдолтой шүүхээр шийдвэрлэсэн хэргийг нэгтгэн судлах, дүн шинжилгээ хийх.
- Төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийх.
- Кибер гэмт хэрэгтэй тэмцэх Европын конвенцид нэгдэн орох, олон улсын эрх зүйн түгээмэл стандарт, хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгах.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд хууль сахиулах байгууллагуудын олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх.
Өрнөдийн болон мэдээллийн технологийн өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагыг нарийвчлан судалж, мэргэшсэн кибер-мөрдөгчдийг бэлтгэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг төрийн оролцоотой хэрэгжүүлэхийг мэдээлэл, харилцаа холбооны олон талт харилцаа зүй ёсоор шаардагдаж байна.
Эцэст нь хэлэхэд, хүмүүс бид үр хойчийнхоо төлөө санаа зовнидог. Бидний хойч үеийн суурь хүмүүжил ньинтернет орчин л биш байгаасай билээ. Жаахан охид, хөвгүүд маань одоо уруул, амаа түмбийлгээд л, эсвэл хагас нүцгэн зургаасанаа зовохгүй фэйсбүүк хуудсандаа тавьж байна. Зарим нь үзэл бодлоо хуваалцаж, мэдээлэл солилцож ашиглаж ч байна. Бид тэр бүр сөрөг талыгхарахыг анхнаас нь хүсээгүй ч мөхөл гэдэг зүйл чимээгүй л ирдэг билээ. Цахим ертөнцөөс бид бас айх хэрэгтэй л байж шүү дээ. Хэчнээн ч их баярлаж, хөгжил дэвшил ярилаа даа.
Цахим ертөнцөөс бас айх ёстой байжээ | ||
Үзсэн: 6492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.