Шууд Chart

Б.Батболд: Хорин хүнтэй ажиллахад жилд хоёроос гурван хүн архинаас гараад сайхан амьдардаг

2014-11-07 13:49:47

Манай энэ удаагийн “Редакцийн зочин”-оор “Талын сэтгэл” Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батболд уригдлаа. Тэрбээр архины хамааралтай монгол хүнийг архинаас гаргах зорилготой бөгөөд олон хүний амьдралын гэрэл гэгээг асааж яваа буянтай хүн юм.

-Архидалтын эсрэг үйл ажиллагаа явуулах болсноос яриагаа эхлэх үү?
-Монголд архидалт газар аваад байна. Би ч гэсэн нэг хэсэг ийм замаар явсан. Хог шороо түүсэндээ ч биш.Алдаж оножявсан гэх үү дээ. Намайг бага байхад боломжийн амьдралтай байсан айлын хүүхдүүд өнөөдөр гудамжинд гарчихсан байна. Энэ бүхэн архинаас л үүдэлтэй. Тэгээданх яаж энэ хүмүүст туслах вэ гэсэн бодол төрсөн. Олон ч байгууллагаар явж туслаачээ гэж гуйсан. Тэр үед нэг нь ч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Тэгээд би Тамара эгчтэй уулзаж байсан.Тамара эгч хамтарч ажиллахуу гэсэн санал тавьсан. Бид ярилцаадтусдаа үйл ажиллагаа явуулахаар болсон.Үүнээс хойш найман жил өнгөрсөн байна.
 
-Энэ хугацаанд хэчнээн хүнийг архинаас гаргав?
-Одоо би их л завгүй ажилладаг. Хүмүүсийнхээ дунд өөрөөороод амьдардаг даа. Өрөм дотроосоо өтдөг гэдэг шиг байран дотроосоо архи гаргаж ирэх тохиолдол байдаг юм. Шинэ хүн ирэхээр их хэцүү. Энэ жил л би өөртөө байшин барьж байна. Гэр рүүгээ харьж чадалгүй сар болох тохиолдол бий. Тэр яах вэ, монголчууд маань архинаас гарч байвал боллоо гэсэн сэтэлээр ханддаг. Хятад хүмүүс манайхан шиг гудамжиндаа хэвтэж байна уу. Үгүй л байхгүй юу. Нийгэм нь хүртэл тэднийг архи уухыг нь болиулж байна. Гэтэл манай дарга нар бол амаараа л болиулж байна шүү дээ.
-Анх үйл ажиллагаагаа эхлэхэд хэцүү л байсан байх. Одоо байр сууцтай болсон уу?
-Одоохоёр хашаа, байшинтай. Анх 100 айлын ойролцоонэг орон сууцны фодвальд үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тэр үед бөөн хэл ам гардаг байсан. Муу юм болохоор л тэр орон сууцныхан манай хүмүүсийг гүтгэдэг байсан. Тиймээс Дарь-Эх рүү нүүсэн. Тэнд очоод нэлээд удчихлаа. Аливаа зүйлийн эхлэлийг тавихад асуудал тулгарахгүй байна гэж байхгүй шүү дээ. Одоо ч асуудал олон л байна. Тэглээ гээд зорилгоосоо ухрахгүй. 
 
-Санхүүгийн асуудлаа хэрхэн шийддэгвэ?
-Би хүмүүсээ дагуулаад ажил хийдэг. Анх энэ хүмүүсийг цуглуулаад өгье. Та бүхэн ажил хийлгээч гээд олон хүнээс гуйж үзсэн ч бүтээгүй. Бидэнд айлын жорлон ухахаас эхлүүлээд ажил мундахгүй олдоно. Барилгын зарим компанитай тохироод ажлыг нь хямдхан хийдэг.Ажил сайн хийснийг нь цалинжуулаад, муу хийснийг нь цалинжуулахгүй шүү гэж би хүмүүстээ хэлдэг. Үнэхээр ажил хийгээд байгаа залуусыг дэмжинэ. Архинаас гараад сайхан амьдарч байгаа гоё залуус олон байна.
 
-Зарим хүн танай хүмүүсээр ажил хийлгэхээс татгалздаг гэсэн үү?
-Тийм юм зөндөө байна. Би энэ хүмүүсээ заримдаа нуудаг шүү дээ. Манай энэ хүмүүс траншейнд байж байгаад одоо архинаас гарч байгаа гэж хэлэх үнэхээр хэцүү байдаг.  Ажил хийлгэх гэж байгаа зарим хүн манайхныг хараад л гадарладаг юм. Тэгээд л гэрээ хийсэн мөртлөө мөнгөө хямдруулна. Энэ хүн траншейнд байсан юм чинь юу гэж жирийн хүний цалингаар цалинжих юм гэдэг. Зарим хүн чинь их сонин байдаг юм билээ. Сүүлдээ бид  өгснийг нь л авна.
 
-Архины хамааралтай хүмүүсийн дунд дээд боловсролтойхүн хэр олон байдаг юм бэ?
-Тийм хүн олон байгаа. Жишээ нь, Эрдэнэтэд маш сайн гагнуурчин байсан залуу сая  хашааныхаа дааман гагнаад л үлдлээ. Манай тэр залууг хүмүүс яаж ингэж гагнуур хийж чадаж байна гээд биширдэг. Англи, солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг хүн байна. Цэргийн офицер ч байна. Тэд орос кино үзээд яриаг нь шууд орчуулж шивээд үүнийг зарах уу гээд  надаас асуугаад сууж байна шүү дээ. Манай нэг залууг “Eagle”телевиз хүртэл авна гэж ярьдаг байсан. Даанч ээж,аав дээрээ очихоороо эрхлээд архи уугаад болдоггүй байсан юм. Тэгээд тэр маань “Сансар”-ын тэнд өөд болсон доо. Ер нь мундаг боловсролтой, мэдлэгтэй хүн олон байдаг юм.
 
-Хүмүүстаныг зорьж очиж байна уу. Та өөрөө олж авч байна уу?
-Анхандаа би өөрөө яваад ярилцдаг байсан. Одоо өвөл болж байгаа болохоор өөрсдөө хүрээд ирдэг. Яахав дээ манай хаалга хэний ч өмнө дэлгээтэй. Анх ирэхэд нь энд архи уудаггүй газар яг архинаас гарах гэж ирж байгаа биздээ гээд л ярилцана. Овог, нэр, нас, хүйсийг нь тэмдэглэж аваадхоол, унд чинь бэлэн.Усанд ороод хувцсаа сольж өмс гээд л хүлээж авна даа. Хамгийн голнь хүнтэй муудаж ерөөсөө болохгүй, эвтэйбай гэж захидаг.
 
-Ухуулга, сурталчилгаагаа хэрхэн хийдэг вэ?
-Тэр хүмүүс архинаас гарна гэж зориод ирсэн болохоор бидний дунд итгэлцэл л байх ёстой. Ирсэн хүн нэгдүгээрт, даарахгүй, өлсөхгүй. Харин дараачийн зүйл гэвэл бид ямар ажил яаж хийхээс шалтгаална л гэдэг. Бидэнд нууц гэж юу ч байхгүй. Бүх гэрээ хийсэн ажлаа би хүмүүстээ тайлагнаж явдаг.
 
-Танай төвд эмэгтэй хүн ирж байв уу?
-Эмэгтэй хүн ёстой байлгахгүй. Өмнө нь нэг эмэгтэй хүн байсан. Би эмэгтэй хүнтэй ажиллаж чадахгүй юм билээ. Эмэгтэй хүнийг муу хэлж байгаа юм биш л дээ. Нэг удаа намайг байхгүй хойгуур манай 50 гаруй залуугийн бүгдэд нь “Чамтай гэрлэнэ” гээд хэлчихсэн байсан. Тэгээд нөгөөдүүл нь “Миний авгай” гэж хоорондоо булаацалдаад нэгийгээ хутгалсан байсан л даа. Түүнээс болоод би эмэгтэй хүн байлгахгүй шийдвэр гаргасан. Тэгээд ч миний анхны бодол зөвхөн эрэгтэйчүүдэд л туслах байсан. Эмэгтэй хүнийг эр нөхөр нь л татаж авна. Хүүхдээ аав нь л татаж авна. Манайд тийм тохиолдол гарсан юм. Нөхөр нь шоронд орчихсон эхнэр нь хүүхэдтэйгээ траншейнд амьдарч байгаад гудамжинд нас барсан байсан. Тэгээд шоронгоос нөхөр нь гарч ирээд өөр нэг эмэгтэйтэй гэрлээд манайд хэсэг амьдарсан. Тэгээд архинаас гараад нэг өдөрхүүхдээ аваад явсан даа. Одоо сайхан амьдарч байна. Сая хүүхэд нь цэрэгт явчихлаа. Тэр залуу хүүхдээтраншейнаас гаргаж авсан даруйдаа гэрээр хичээл заасан. Эр хүн ингэж чаддаг л байхгүй юу. Эрчүүд нь л архинаас өөрийгөө татаад авчих юм бол эмэгтэйчүүд, хүүхдүүд гудамжинд амьдрахгүй болчихно. Эрчүүд нь муу байгаагаас л хүүхдүүд нь гудамжинд гарч, эхнэрүүд нь архинд орж байгаа. Хаана ч монгол эр хүнийг амьдралын ноён нуруу гэж ярьдаг шүү дээ.
 
-Эмэгтэй хүн архинд орохоороо эрчүүдээсээ ч дор байдаг гэж сонссон. Энэ үнэн болов уу?
-Тэр үнэн байх. “Нарантуул”зах орчимд байдаг архины хамааралтай болсон эмэгтэйчүүд бүгд л намайг танина. Би мөнгөтэй явж байхдаа нууцаар хоол идээрэй гээд байгаагаа өгчихдөг. Нууж өгөхгүй бол нөгөөдүүл нь булааж аваад архи аваад уучихдаг юм.
 
-Та түрүүн төвдөөэмэгтэй хүн авахгүй гэж хэлсэн. Таниастусламж гуйгаад эмэгтэй хүн хүрээд ирвэл яах вэ?
-Ямар нэгэн байдлаар тусламжийн газар олж өгнө дөө. Эхнэрийнхээ хувцсыг ч хүртэл хүнд гуйгаад зогсож үе надад бий.
 
-Амьдралын идэвхтэй цагаа тэр хүмүүстэй өнгөрүүлээд, хувцсаа ч хүртэл өгөөд байхаар гэр бүлийн тань хүн дургүйцэх үү?
-Бухимдалгүй яах вэ. Эхлээд хэцүү байсан. Гэхдээ буддын шашинд ч, христийн шашинд ч, ер нь ямар ч шашинд хамгийн дорд нэгэнд тусла гэж байгаа юм. Тэгвэл чиний үр хүүхэд сайн явна гэж. Би энэ бүхнийг эхнэртээ ойлгуулж хэлсэн учраас манай хүн намайг их дэмждэг.
 
-Ингэхэд та эхнэртэйгээ танилцаж байсан үеэ дурсаач?
-Би энэ ажлаа дөнгөж эхлүүлж байхдаа эхнэртэйгээ танилцсан. Монголын хамгийн анхны хар тамхичинаар бүртгүүлсэн нэг хүн байдаг. Одоо нас барчихсан л даа. Тэр залуу надтай хамт хөгжмийн цэрэгт байсан юм. Ээж, аав хоёр нь багш, ах нар нь бүгдээрээ гадаадад амьдардаг. Тэр маань энд архинд орчихсон байдаг байна шүү. Тэр залуутай цуг амьдарч байхад анх удаа эхнэр маань манайд ирээд “Чи ингэж амьдардаг юмуу. Үнэр танар чинь ямар аймаар юм бэ. Би дахиж ирэлтгүй юм байна л даа” гээд уурлаж байсан. Би “Яагаад болохгүй гэж. Чи намайг ядарсан байх үед хаях юм байна л даа” гэх мэтийн үгс хэлж, тогтоож авсан даа. Эрэгтэй хүн чинь ямар нэгэн аргаар хажуудах хүнээ тогтоочихдог юм байна лээ /инээв/. Одоо бол эхнэр маань манай санхүү, тайлангийн ажилд оролцоод, туслаад явдаг.
 
-Нууц биш бол таалдаж онож явсан үеэ яриач. Бидний ярилцлагыг олон хүн унших тул зарим хүнд сургамж, ухаарал хайрлах болов уу?
-Тийм ээ. Миний амьдрал алдаа оноотой байсан. Би багадаа нэлээн хөдөлгөөнтэй, дүрсгүй хүүхэд байлаа. Эрдэнэт хотод “Мангарын арми” гэж байсан юм. Хамгийн бага нь дөрөвдүгээр ангийн хүүхэд, том нь наймдугаар ангийн хүүхэд байсан санагдана. Бид нийлээд олон жил Эрдэнэт хотод тэнэсэн. Би аавгүй өссөн хүүхэд. Эцэггүй хүүхдийн толгой том гэгчээр би “Мангарын арми”-ийн “гол дүр” нь байлаа. Тэгж явсны гайгаар амьдралынхаа арван хэдэн жилийг дэмий өнгөрөөсөн дөө. Сүүлд нийгэмшиж гарч ирээд амьдрах болсон чинь намайг ямар ч газар ажилчнаар аваагүй. Бэлэн гоймонгийн үйлдвэрт ажиллаж үзсэн. Заримдаа өнгөрсөн амьдралаа баллуурдаад арилгачих юмсан гэж хүртэл бодогддог байсан. Нэг хэсэг энэ байдлаас залхаад дахиад архи ууж эхэлсэн. Тэгээд Монгол Улс яагаад яг над шиг ийм хүмүүсийг ажилтай болгож болдоггүй юм бол гэж бодсон. Анх би гудамжны хүмүүсийг цуглуулаад нэг компанид зуучилдаг ажил хийе гэж бодсон юм. Хүн амьтан дээрэмдэж, булааж, алдаж явсныхаа төлөөнд би ийм л ажил хийх ёстой гэж зүтгэсэн. Ингээд олон улсын байгууллагаар хэсэг авсан. Хүнээс хоол гуйж байгаа юм шиг санагдаад ичмээр юм байна лээ. Сүүлдээ больсон. Тэгээд “Таван шар”-д арваад хүнд “Хэдүүлээ архиа зогсооё. Ажил хийе. Хэрэв миний энэ саналыг дэмжиж байгаа бол ирээрэй”гэж хэлсэн.Тэгсэн 50 хүн цугларсан байсан. Түүнээс хойш сэтгэл шулуудсан.Тэр үеийн зах зээлээс хамгийн хямдаар ажиллаад өгнөгэж ажил олгогчоос гуйж бүх цутгалтыг нь хийсэн. Арваад хоногийн дараагаас хүмүүсийн маань архины хордлого тайлагдаад маш сайн барилгачин, шаварчид тодорч эхэлсэн. Хажууд маань  барилга барьж байсан хүмүүсээс бид илүү хурдан, чанартай ажилласан. Нэг үгээр хэлбэл, бид чадсан юм. “Хүмүүс надад улсаас санхүү хөөцөлдөөч. Улс заавал туслах ёстой. Жилд архины эсрэг асар их мөнгө төсөвлөж байж яагаад энэ хүмүүст нэг ширхэг оймс авч өгдөггүй юм бэ”гэдэг. Харин би тэдэнд “За яахав ээ. Болгоод л байна” гэж хариулдаг.
 
-Архинд нэг мөр орсон хүн хэвийн бус сэтгэлгээтэй болсон байдаг байх л даа. Элдэв янзын ааш араншин гаргадаг хүн байна биз?
-Мэдэхгүй ээ. Манайхан намайг их хүндэлдэг. Согтуу байгаа хүн бол янз, янзын ааш гаргаж мэднэ л дээ. Сэтгэл санааны тогтворгүй үед нь ажилд дагуулж гарахгүй бол архи уучих гээд байдаг тал бий. Хамгийн гол нь би хүмүүстэйгээтун энгийн харилцаа үүсгэдэг. Дандаа тийм байхыг хичээдэг. Бид хамтдаа хоолоо идээд, цайгаа уугаад, хүн яаж л амьдардаг түүнтэй адилхан байдаг даа.
 
-Танай байгууллага ажил хийгээд 50 сая төгрөг оллоо гэж бодвол хэдэн хувь нь  архинаас гарах гэж байгаа хүндээ зарцуулагддаг вэ. Сан байгуулах ч юм уу, цаашид өсөн дэвжих тал дээр хэрхэн анхаарч байна?
-Тэр тал дээр жаахан муу байдаг. Би архинаас гараад тусдаа амьдралаа зохиогоод явж байгаа хүнээс л сэтгэлийн таашаал авдаг. Санхүү болүнэхээр асуудалтай. Заримдаа ажил олдохгүй, заримдаа хулхидуулаад өнгөрнө. Би архи уухгүй байгаа хүнд үнэхээр дуртай. Архиуугаагүй хүнд мөнгийг нь өгнө. Уучих болов уу гэсэн хүний цалингаар гар утас ч юм уухэрэгтэй зүйлийг нь аваад өгдөг. Хүн гэдэг амьтан чинь сэтгэлээрээ л шүү дээ. Дунд нь ороод байхаар адилхан баярлана, адилхан уйлна. Нэг үгээр бид жаргал, зовлонгоо хуваалцаж яваа жирийн л нэг монгол эрчүүд.
 
-Дандаа эрэгтэй хүмүүс нэг байранд байгаад байхаар хэцүү биш үү. Маргаанаас эхлүүлээд үл ойлголцол гардаг байх?
-Манай хүмүүс чинь дандаа солигддог шүү дээ. Архинаас гарчихсан хүнийг би байнга байлгаад байх сонирхолгүй.Хүмүүс хэлэхдээ“Энэ хүн чинь ажил сурчихлаа, гоё болчихлоо. Одоо ажил хийлгээд байгаач” гэдэг. Миний ажил чинь ядарсан хүнд туслах. Би бизнес хийх гээгүй болохоор эднийгээ явуулах ёстой шүү дээ. Архинаас гарчихсан хүмүүсээ нийтийн байр хөлслүүлээд тусад нь гаргачихдаг юм.
 
-Гаргасан хүмүүсээс тань архинд ороод эргээд ирж байгаа тохиолдол бий юу. Байдаг бол дунджаар хэд орчим нь ингэж ирдэг бол?
-Байгаа. Гэхдээ ховор шүү. Хорин хүнтэй ажиллалаа гэхэд жилд хоёроос гурван хүн архинаас гараад сайхан амьдардаг. Баяр ёслолоор миний утас амрахгүй хангинана. “Танд баярласан шүү. Би тэр байна аа” гээд л залгаж эхэлдэг. Заримыг нь өөрөө ч танихгүй байгаа мөртлөө надад их сайхан санагддаг юм.
 
-Архидалтын хувь хэмжээ буурч байна уу. Сүүлийн үед ямар хүмүүс архинд их орж байна вэ?
-Буураагүй. Одоо боловсон архичид ихэсч байна.Асар ядуу хүмүүс нь амьдрах гээд зүтгэж байна. Төмөр тушаагаад олсон жаахан мөнгөө ар гэртээ зарцуулахыг бодож байна. Ер нь архинд орсон хүмүүсийг ажиглаад байхад гэр нь дандаа боломжийн байдаг. Ах, эгч нь шүүгч, прокурор хүмүүс ч байна. Манайд нэг залуу байсан юм. Өөрөө гурван өрөө байртай мөртлөөархинд орчихсон. Одоо уухгүй гээд сар ажилчихаад цалингаа аваад хоёр хоногийн чөлөөтэй явсан байгаа.
 
-Зовлон үзээгүй хүмүүс архинд орох нь амархан байна уу?
-Янз бүрийн байдлаас болж хүн архинд орж байна. “Эрхийн балай” хүмүүс ч бий. Аав, ээж нь хашаа, байшин хэд хэдэн удаа авч өгөөд  ч нэмэргүй зараад уучих нь бий. Тийм хүмүүс засрах нь маш бага.
 
-Сүүлийн үед архидалт залуужиж байна гэж ярих болсон. Таны бодлоор?
-Манайд байгаа хүмүүсийн хамгийн залуу нь 19 настай.
 
-Тэр хүн хэдэн жил архи уусан гэхээрээархичин хүний тоонд орчихдог байна аа?
-Өө тэр маань бүр багаасаа дэмий тэнэчихсэн юм билээ. Бичиг үсэг ч мэдэхгүй. Харахад үнэхээр ганган, залаа хүртэл тавьж үсээ засуулдаг. Хамгийн хөгшин нь 55 настай хүн байна.64 настай нэг хүн байж байгаад нас барчихлаа.
 
-Ингэж нас барсан тохиолдолд яадаг вэ? 
-Одоо тэгээд яахав дээ. Эмч ирээд үзээд биед нь гаднын гэмтэл байна уу, үгүй юу гэдгийг нь шалгадаг юм байна лээ. Ар гэрийнхэн нь ирсэн. Тэгсэн нэг хүү нь цагдаагийн ахмад юм билээ. Тэр хүү нь надаас “Аав маань энд байхдаа юу ярьдаг байсан бэ?” гэж асуусан. Би  “Миний хүү ч мундаг хүү дээ” л гэдэг байсан гэж хэлсэн. Өөр юу гэхэв дээ.
 
-Олон жил архи уусан, настай хүмүүсийн бие маш муу болчихсон байдаг байх?
-Үгүй ээ бүгд тийм биш. Зарим хүн өвөл цасан дундаас босоод ирэх юм байна ш дээ. Саяхан вокзал орчмоос манайд хэдэн залуу ирлээ. Архинаас гарсан нэг залуу “Вакум цонх”-ны үйлдвэрт ажилладаг юм. Тэр дагуулж ирсэн. “Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ” гэж бодоод л сууж байна даа /инээв/.
 
-Архи уудаггүй мөртлөө гудамжинд амьдардаг хүн байдаг уу?
-Байна байна. Цагтаа Архангай аймгийн Засаг дарга хийж байсан нэг хүн байсан. Орос хүн байлаа. Хойд солонгос хүн хүртэл гудамжинд амьдарч байсан. Янз бүрийн л хүн ирнэ дээ. Хойд солонгосчууд чинь харин их зэрлэг улсууд байна лээ шүү. Манайд байсан нэг нөхрийгөө зодоод л аваад явчихсан. Тэр байдлыг хараад миний уур хүрсэн ч хэл нэвтэрч чадаагүйн улмаас хараад л зогсч байсан даа. 
 
-Тэр солонгос хүн яаж яваад танайд хүрээд ирсэн юм бол?
-Монгол хүн гээд манай хоёр залуу траншейнээс аваад гараад ирэхгүй юу. Харин орос нь саяхан надтай таарсан. Архи уухгүй байгаа. Орост байж байгаад ирсэн гэсэн. Аав, ээж нь Монголд амьдардаг юм.
 
-Цаашид хийхээр төлөвлөсөн ажил тань юу вэ?
-Болж өгвөл жижиг салбаруудаа нэгтгэмээр байна. Гэхдээ айх юм. Манай монголчууд бас нэгдэхээрээ хэцүү л дээ. Миний бодол бол анхнаасаа л хүний төлөө, архинаас хүн гаргах зорилготой болохоор надад одоо дарга болох ямар ч бодол байхгүй. Ядарсан хүмүүсийг өөд татахад ажил их орно. Би хүмүүсээ дагуулаад жорлон ухдаг. Өдөрт нь л гялалзуулна.
 
-Туслая гэсэн хувь хүн гарч ирж байна уу?
-Тийм хүмүүс байна аа. Саяхан нэг нэвтрүүлэгт орсон. Олон хүн уулзая, туслая гэж залгаж байсан. Тэгээд л одоо чимээ анир алга. Мэдээллийг шинэхэн дээр нь олон хүн утасдаж байх л юм.
 
-Танайд ирж байгаа хүмүүсийн хаягжилт, бүртгэл хэр байдаг юм бэ?
-Бичиг баримтгүй хүн их ирнэ. Худлаа бүртгүүлээд, худлаа нэр хэлсэн нь ч байдаг.Яахав ээ, бусдаас айж яваа хүн бас байгаа л байх. Гэхдээ тэр нь надад хамаагүй. Архинаас гараад амьдралаа аваад явж байвал л болоо шүү дээ.
 
-Туслаад байх тусам давраад байдаг хүн байдаг ш дээ. Ер нь та цөхөрч байв уу?
-Даварсан хүн ховор оо. Асуудалгүй ажил гэж байхгүй. Зарлага бол харилцан адилгүй. Архинаас гарч байгаа хүн эхний долоо хоногтоо ерөөсөө цаддаггүй юм. Энэ үед хүнийхоолыг нь хорьж болдоггүй. Тэнд ногоо байна, наана нь гурил байна өөрсдөө хоолоо хийж идээрэй гэж хэлдэг. Би өөрөө их өлсөж үзсэн болохоор өлсөхийн зовлонг мэднэ. Бүх юм чинь бэлэн байна, өөрөө хоолоо хийгээд ид гээд байхад л хоолноос самардаж буланд очиж нууж иддэг хүмүүс байдаг. Анх ирэхдээ л ийм байна. Тэгээд яваандаа гайгүй болдог. Ийм хүмүүсийг цагийн хуваариар хооллож болохгүй. Тэгвэл хэзээ ч цадахгүй. Би хүмүүсээ  дагуулж яваад хогон дээр очоод хог түүж идэж байгаа хүмүүсийг харуулдаг юм. Та нар ийм л байсан. Яг нохой шиг байгаа биздээ гэж ам асуудаг. Энэ нь хүнийг архинаас жигшээхнэг арга.
 
-Сэтгэлзүйн засал байдаг уу?
-Хааяа хүмүүс ирдэг юм. Гэхдээ хүн амьдрал дээрээаажмаар сэтгэлээ засдаг.Өөрсдөө хувцсаа угааж, ор дэрээ янзална. Тэгэхгүй бол заваарсан юм болно. Би нэг удаа гэртээ орохдоо орцондоо хамаг хувцсаа тайлаад гэртээ нүцгэн орж байлаа шүү дээ.Яасан гэхээр гэрийн орон дээр маань бөөс явж байсан гэсэн. Ичиж зовоод байх зүйлгүй энэ бол байгаа л амьдрал юм болохоор би ярьж байгаа юм. Би хүмүүст угаалга, цэвэрлэгээний бүх юмыг нь авч өгдөг. Харин манайхан сэгсрэгчээ байсхийгээд л эвдэлчихээд болдоггүй юм. Гэхдээ шинэ хүн ирэхээр цэвэрлэгээ, угаалга сайн хийхгүй бол нийтээрээ бөөстөнө.
 
-Архинд донтоод гудамжинд тэнэж яваа хүмүүсөөрийгөө хүний тооноос хассан байдаг санагдсан?
-Гудамжны хүмүүсийг архинаас гаргадаг байгууллага асар их болж байна. Өнгөрсөн жил гудамжны хүмүүсийг гаднаас нэг ерөнхийлөгч ирэх гэж байна гээд цуглуулсан юм. Тэгэхэд 1000 гаруй хүн цуглуулсан гэж зурагтаар ярьж байсан. Тэгсэн хэрнээ л манай тэр хавиар олон хүн явж байсан. Энэ хүмүүс архиндаа хордож,хүний гарт өртөж гээд өдөрт олноороо нас бардаг. Гэвч энэ мэдээлэл маш ховор явдаг юм. Мэдэхгүй ээ, би заримдаа ойлгодоггүй. Ингэж нуух нь улсын бодлого ч юм болов уу.
 
-Бас тэдний яриаг жирийн хүмүүс ойлгохгүй тохиолдол байдаг?
-Манай хэдийн хэллэг бас сонин шүү дээ. Заримдаа нөгөө хэдийнхээ дунд байсаар байгаад би тийм хэллэгээр ярьдаг. Жирийн хүмүүсийн дунд хэлчихээд тэр хэллэгээсээ ичих тохиолдол бий. Жишээ нь, хоолхийхийг “Хар сур шаръяа” гэж ярьдаг.
 
-Энэ олон хүнийг чинь хооллож, ундалж чадахгүйд хүрч байв уу?
-Тийм үе их олон байдаг. Юм их сонин. Би өөртөө ажил хөөцөлдөхөөр бүтдэггүй хэрнээ энэ хүмүүсийн ажлыг, хоолыг хөөцөлдөхөөр бүтээд байдаг юм. Бурхан хүртэл энэ хүмүүст хайртай юм байна гэж би боддог.
 
-Бурхан гэснээс та хэр шүтлэгтэй хүн бэ?
-Шүтлэгтэй байлгүй яахав. Өмнө нь тоодоггүй байлаа. Одоо юм юмнаас айж явахгүй бол болохгүй. Миний ард намайг хуулбарласан үр хүүхдүүд маань байна. Хүмүүс намайг хувцас хунараа солиочээ л гэдэг. Танай ажлынхан чинь сайхан залуус байна. Тэгтэл та гэж ийм халтар байж болох уу л гэнэ. Тэгэхээр нь би хувцас хунар ямар хамаатай юм бэ л гэдэг. Муу хувцастай байлаа гээд муу хүн байх ёсгүй биз дээ.
 
-Та ямар авьяастай вэ?
-Орцны гитарчин. Нөхдүүдээ хааяа хөгжөөчихнө. Өөр онцлоод байх авьяас байхгүй ээ. Манайд урлагийн талын мундаг хөгжимчид байна. Ер нь би залуусаа аль болох тухтай байлгахыг хичээдэг. Хүн гэртээ ороод үр хүүхдүүдээхараад алжаал нь тайлагддаг шиг тэд ч гэсэн байрандаа тав тухтай байх ёстой.
 
-Эрчүүд хааяа өнгөрсөн амьдралаа дурсаж, ярьж, уйлна биз?
-Тийм үе байдаг. Нэг сэтгэл судлаач япон эмэгтэй манай байгууллага дээр өглөө бүр ирдэг байсан. Манай залуусын нэгийг нь дагуулаад өрөөнд орж ярилцана. Бүгдийг нь уйлуулаад л гаргадаг байсан. Тэр хатуужчихсан, гэр орноо хаяад, эхнэр, хүүхдээ орхичихсон нөхдүүдийг уйлуулж байна гэхээр жирийн хүнийг бол уяраах л байх даа.
 
-Хоолныхоо материалыг хэр ихээр авдаг вэ?
-Цөөхөн хүнтэй үед 50 кг ууттай гурил долоо хонодог. Би хүмүүстээ хоёрдугаар гурил өгөхөөс ичдэг. Хүн ороод ирэхээр хар харагдаад болдоггүй/инээв/.
 
-Бичиг үсэг мэддэггүй хүн хэр олон байна?
-Байгаа. Сурдаггүй юм байна лээ. Манай хүү, эхнэр хоёр хэд хоног манайханд үсэг заасан. Гэтэл гурав хоноод л мартчихдаг. Зарим нь ч нэрээ бичих хэмжээний л болсон. Харин хажууд нь манай таван настай хүү уншаад сурчихаж байгаа юм чинь.
 
-Танай эрчүүд тамхи татаж байна уу?
-Манайхан бол тамхийг маш сайн татна шүү. Тамхи татаад хүн галзуурдаггүй. Харин архи уухаараа галзуу болдог. Би дүнсэн тамхи, сонин аваад л өгчихдөг. Зарим газар татуулдаггүй. Архи, тамхийг зэрэг болиулчихаар хүнд хэцүү байна биз дээ. Яахав ээ, эхний ээлжинд архинаас гарчихаг. Тамхи хувь хүний асуудал л гэж би боддог. Одоо манайд тамхи татдаггүй хүн хоёр байна. 
 
-Нэг хүн хамгийн удаандаа танайд хэдэн жил болж байна?
-Нэг хүн бий. Манайд зургаан жил болж байна. Бараг л байгууллагын түүхтэй холбоотой гэхүү дээ. /инээв/ Түүнийг уг нь хүүхэд нь аваад явсан. Манай хүн ачийгаа харна гэж явсан юм. Тэгээд манай хүн болохгүй гэр орноос нь юм аваад гарсан юм байна лээ л дээ. Тэгээд ярилцахаар эрчүүд юм чинь үнэнээ л хэлнэ. Загнаад л өнгөрсөн дөө. Миний хийж чадах зүйл тэр л байсан юм.
 
-Сүүлийн асуултыг нээлттэй үлдээе?
-Ер нь тэгээд эцэст нь хэлэхэд манай монголчууд эвтэй байж сурмаар байна. Нэгэндээ туслаж сурмаар байна. Монголчууд маань их уяхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Алдаж онож яваа нэгийгээ өөд нь татаад босгож байгаарай. Амьдралдаа алдаа гаргасан ч түүнийгээ засахаар хөдөлмөрлөж яваа хүмүүсээ битгий цааш нь түлхээрэй. Бид хамтдаа л элэг нэгтнүүдээ дэмжихгүй юм бол өөр хэн монгол хүнийг татаж босгох юм бэ.
 
-Ярилцсанд баярлалаа.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Б.Батболд: Хорин хүнтэй ажиллахад жилд хоёроос гурван хүн архинаас гараад сайхан амьдардаг  
Үзсэн: 9465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-12-04 20:53
Маш сайн хүн байна ийм хүн олон байгаасай Төрийн томчууд та нар юу бодож байна даа энэ хүнд туслаач
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-12-03 19:31
буддын шашинд ч, христийн шашинд ч, ер нь ямар ч шашинд хамгийн дорд нэгэнд тусла гэж байгаа юм. Тэгвэл чиний үр хүүхэд сайн явна.......saihan ug bna
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2014-11-25 13:31
ta jmar mundag xvn be jmar olon xvniig zovlongoos salgaj bgaa boloo ard ni dandaa emegteizyyd xvvxdvvd bgaa chyydee avgai zini aguu jmaa amjilt xvsie chi chvv chamaar baxarxaj bna iim ajliig bargin xvn xiixgyi chyy
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-11-23 09:38
үнэхээр сайн залуу байна.ийм залуучууд олон байгаасай.
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2014-11-19 01:37
uuliin mod urttai boginotoi gej ene tsag ued iim hun bn gedeg gaihamshig shuu
183.177.97.xxx [183.177.97.xxx] 2014-11-18 17:06
ТА САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН БАЙНАА, ТА УЛАМ ОЛОН ХҮНИЙГ АРХИНААС ХОЛДУУЛААРАЙ, ТАНЫГ БҮРХАН ИВЭЭГ
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2014-11-18 11:57
энэ хүн жинхэнэ монголоо гэсэн сэтгэлтэй мундаг б.а
77.57.28.xxx [77.57.28.xxx] 2014-11-16 21:33
ajil muuhan hiisenii tsaling hen avah uu ta yu ene chin mulljlug garn hudulj baival hemjeendn taarsnaa ter hun avah eostoi.
99.233.216.xxx [99.233.216.xxx] 2014-11-14 12:52
Үнэхээр сэтгэл хөдлөм сайхан ярилцлага байна,хүний мөс хүн чанар гээгдэж байгаа өнөө үед "ховрын бараа" гэдэг шиг л сайхан хүн байна.Ядарч зүдэрсэн архинд орж амьдарлаа үрж яваа нэгнээ "хүмүүсийн" эгнээнд оруулах гэж нөр их хөдөлмөрлөж байгааг нь улс нь харин харж үзэхгүй албан байгууллага туслахгүй байгааг уншаад сэтгэл их гутарлаа.Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж санасан бүхэн нь сэтгэчлэн бүтэх болтугай.Гэр бүл үр хүүхдүүдэд нь аз жаргалын дээдийг хүсэе
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2014-11-12 21:07
Ямар сайхан сэтгэл вэ? Ийм хүн ховор доо
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-11-11 23:32
Batboldoo amjilt husie
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-11-11 14:11
Ийм хүн олон болбол монголчууд хэний ч доор орохгүй болно шүү
182.160.4.xxx [182.160.4.xxx] 2014-11-11 11:51
san zaluu bna saihan setgeltei hun ymdaa
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-11-07 16:07
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй