Олон улсын түвшинд "Зочид буудал" буюу Hotel гэдэг үг нь анх хуучин Францийн hôtel гэсэн үгнээс үүдэлтэй гэж үздэг аж. Харин hôtel гэдэг энэ үг нь Латин гаралтай бөгөөд hospes буюу зочин гийчин, гадаадын хүн гэсэн утгыг илэрхийлдэг байжээ. Тухайн үед "Зочид буудал" нь зочдыг дан ганц байр сууцаар хангаад зогсохгүй тэдэнд хамгийн найрсаг дотноор хандаж асарч халамжилдаг байсан байна. Үүнээс гадна "Зочид буудал"-ын үйлчилгээний салбарыг олон улсын зах зээлд “HOSPITALITY INDUSTRY” гэж нэрийддэг бөгөөд энэ нь зочлох үйлчилгээний үйлдвэрлэл юм.
Харин манай улсын хувьд зарим судлаачид "Зочид буудал" буюу зочлох үйлчилгээний салбар 1639 онд "Өргөө"-тэй хамт үүсэж бий болсон хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, Өргөө анх үүссэн үед Богд гэгээнтэнд бараалхахаар ирсэн зочид тусгай гэрт байрлаж амардаг байсан ба Богдын хүндэт зочдод тусгайлан үйлчилдэг албатууд байсан учраас зочлох үйлчилгээний түүхийг эндээс эхлэлтэй хэмээн үздэг аж.
Харин орчин цагийн хөгжил нь 1926 оноос эхэлсэн хэмээн үздэг. Учир нь 1925 онд Улсын хоёрдугаар их хурлаар нийт 49 зүйлтэй “Улаанбаатар хотын захиргааны газрын дагаж явах дүрэм”-ийг баталсан бөгөөд энэ дүрэмд хотын захиргаанаас эрхлэн гүйцэтгэх олон ажлууд дурдсаны нэг нь хоолны ба буудлын газруудыг байгуулах явдал байсан хэмээн үздэг юм.
Даруй 90 гаруй жилийг ардаа үдсэн "Зочид буудал", зочлох үйлчилгээний салбар манай улсад хоёр талтай хөгжөөд байх шиг. Хоёр талтай гэсний учир нь, олон улсад “HOSPITALITY INDUSTRY” гэж нэрийддэг зочлох үйлчилгээний үйлдвэрлэл манай улсад боломжийн хэрээр хөгжиж байна гэж би хувьдаа дүгнэдэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орны бизнесменүүдээс эхлээд дуучид, улс төрчид, Ерөнхийлөгч нь хүртэл манай улсад ирээд лав л зочлох үйлчилгээ нь муу юм гэж толгой сэгсэрч байгаагүй санагдана. Мэргэжлийн хүн биш учир энэ хэсгийг ингээд орхиё.
Харин "Зочид буудал" гэсэн нэрийн доор муу бүхний үүр болдог “оромж”-уудын талаар энд онцлон бичье.
Манай улсад мөрдөгддөг хууль, дүрмийн дагуу "Зочид буудал", "Дэн буудал" гэдэг ойлголтууд болон өгөх зөвшөөрөл нь хүртэл ялгаатай. Тодруулбал, "Зочид буудал" гэдэг нь хот, бусад суурин газарт байрласан бөгөөд зочид, үйлчлүүлэгчдийг хүлээн авч, байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг цогцолборыг хэлдэг бол "Дэн буудал" гэдэг нь зочид үйлчлүүлэгчдийг хүлээн авч байрлуулах, ихэвчлэн өглөөний хоолны үйлчилгээ үзүүлдэг сууц хэлбэрийн байрыг хэлдэг.
Албаны эх сурвалжийн мэдээгээр манай улсад:
1997 онд 301 зочид буудал,
1998 онд 315 зочид буудал
1999 онд 262 зочид буудал
2000 онд 273 зочид буудал
2001 онд 326 зочид буудал
2002 онд 432 зочид буудал
2003 онд 364 зочид буудал
2006 онд 320 зочид буудал
2009 онд 229 зочид буудал, 263 дэн буудал,
2010 онд 200 зочид буудал, 249 дэн буудал
2011 онд 207 зочид буудал, 220 дэн буудал
2012 онд 162 зочид буудал, 300 дэн буудал
2013 онд 206 зочид буудал, 249 дэн буудал үйл ажиллагаа явуулдаг байсан бол өнгөрөгч 2014 онд нийслэлд нийт 460 зочид буудал болон дэн буудал ажиллаж байжээ.
Сүүлийн таван жилийн дунджаас харахад манай улсад жилд 450 орчим зочид буудал, дэн буудал тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Харин одоо эдгээр буудлууд хэнд зориулж үйл ажиллагаа явуулдаг талаар бодоод үзье.
Мэдээж хамгийн эхэнд жуулчид. Сүүлийн таван жилд манай улсад жилд дунджаар 400 мянга орчим жуулчин ирсэн байна. Тодруулбал, өнгөрсөн 2014 оны эхний 10 сарын байдлаар нийт 442 мянган гадаадын иргэн ирсний 349 мянга нь л жуулчид байгаа юм. Мөн 2013 онд 366 мянга, 2011 онд 457 мянга, 2010 онд 456 мянган жуулчин иржээ.
Эдгээр жуулчдын тал орчим хувь нь мэдээж хөдөө орон нутгаар аялна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод ердөө ганц нэг өдөр л зочид буудалд буух магадлалтай. Харин үлдсэн жуулчдын зарим нь албан буюу бизнес ажлаар ирнэ. Тэд мэдээж захын нэг байрны хонгил дахь дэн буудалд биш харин одтой зочид буудалд буух нь ойлгомжтой. Үлдсэн хэсэг нь Монголд байгаа иргэдийн урилгаар тэдний гэрт нь зочилно.
Тэгэхээр эерэгээр бодоод үзэхэд, жилд ердөө 100 мянга орчим иргэн л Монголд байгаа 450 орчим зочид болон дэн буудлуудаар үйлчлүүлэх нь. Үүнийг жилийн 12 сард хуваагаад үзвэл нэг сард дунджаар найман мянган жуулчин үйлчлүүлдэг. Харин үүнийг зочид буудлын тоонд харьцуулахаар сард нэг зочид буудалд 18 хүн буудаллана. Энэ бол хангалтгүй тоо. Үүнээс бид манай улсад жилийн бүх улиралд бус, зөвхөн зуны хэдэн сард л жуулчид ирдгийг мэдэж авч болно.
Дараагийн зочид буудлын үйлчлүүлэгчид нь дотоодын иргэд байж болох юм. Тодруулбал, хөдөө орон нутгаас түр хугацаагаар Улаанбаатарт ирсэн иргэд. Гэхдээ энэ бараг л боломжгүй. Учир нь манай нийслэлийн иргэдийн олонх нь аль нэг аймгийн уугуул, эсвэл аль нэг аймагт заавал хамаатнууд нь амьдардаг байж таардаг. Тэгэхээр орон нутгаас ирж байгаа иргэд аль нэг хамаатныдаа байрлахаас биш зочид буудлыг сонгох нь бараг л үгүй.
Тэгэхээр энэ олон зочид буудлууд хэнд зориулж, хаанаас ашиг олох гэж үйл ажиллагаа явуулдаг болж байна аа.
Хэрэв та зочид буудалд хоноглон архидаж байгаад нэгнийхээ аминд хүрсэн залуусын тухай, зочид буудалд хүчиндүүлсэн гэх охины тухай, зочид буудалд орхигдсон хүүгийн тухай сонссон бол энэ олон зочид буудлын үнэн дүрийг гадарлаж буй байх.
Орон сууцны нэг давхарт хэдэн өрөөг тохижуулж, эсвэл жижигхэн шиг хоёр давхар обьектийг өрөө бүрт нь хэдэн ор, сандал, ширээгээр тохижуулсан дэн буудлуудыг та нийслэлийн хаанаас ч очиж үзэж болно. Тэндэхийн үйлчлүүлэгчид нь хэн байдгийг ч төвөггүй харж болно. Ердөө л залуус түүгээр "холхидог".
Залуус нийлж өдөр, шөнийг ялгалгүй архидахын тулд зочид буудлын мөнгийг төлөөд буудалд ордог байна. Харамсалтай нь буудлын ресепшин тэдний биеийн байцаалтыг хурааж авахаа урьтал болгохгүй. Тэгэхээр тэр өрөөнд болсон "аймшигт" үйл явдлын эзэд нь тодорхойгүй үлдэнэ гэсэн үг.
Нэг ганган залуу жаахан охиныг дагуулаад мөнгөө төлчихөөд буудалд орж байхад буудлын ажилчид нууц амрагууд гэж "дүгнээд" тэднийг биеийн байцаалтгүй оруулдаг гэнэ. Энэ бол хамгийн наад захын жишээ. Тэнд биеэ үнэлэлт ч байдаг аж.
Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй энэ олон зочид буудал, дэн буудлуудыг даруйхан цэгцлэхгүй бол хэзээ нэг өдөр таны хүү, охин тэнд очоод архидаж суух вий... Элдэв гэмт хэргийн золиос ч болж болзошгүй юм.
"Зочид буудал" гэх нэртэй энэ олон "оромж"-уудад зочид буудаллаж байна уу, залуус хоноглож байна уу гэдгийг бодож нэг үзүүштэй.
Зочид буудаллах уу, залуус хоноглох уу | ||
Үзсэн: 7332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.