Шууд Chart

Татварын төрлийг нэмэгдүүлж байгаа төсвийн тодотгол...

2015-01-06 11:43:12

Өнгөрөгч 12 дугаар сарын 30-ны өдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат 2015 оны Төсвийн тодотголыг өргөн барьсны дагуу энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. Төсвийн тодотголын талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын зарим гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Төсвийн байгууллагуудын орон тоог бууруулаагүй

-Ирэх оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Санхүүгийн шинэчлэл хийх гэж байгаа гол асуудал нь тодотголд яаж орж байна. Энэ жил хийхээр төсөвлөсөн зүйлүүдээ бас яаж харж байгаа вэ?

-2015 оны төсвийн тодотголын хувьд өмнөх хоёр, гурван жилд давтагдсан алдаануудыг засах гол зорилготой байгаа. Эдийн засаг өсөлттэй байна гээд яриад байдаг хэрнээ үр дүн нь ард түмний амьдралд ч, төсөвт ч гардаггүй. Эдийн засаг өсөлттэй байгаа тохиолдолд төсвийн орлого нэмэгдэж шинэ бололцоо гарч ирэх ёстой байтал огт тэгэхгүй байгаа учраас эдийн засаг өгөөжгүй байж, жил бүр төсвийн орлого тэрбумаар тасарч байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Энэ 2015 онд өнгөрөгч оны орлогын төлөвлөгөөнөөс 160 тэрбум төгрөгөөр илүү орлого төлөвлөж оруулж ирсэн. Гэтэл 2014 оны төсвийн орлого нэг их наяд гаруй төгрөгөөр тасарчихлаа. Тийм учраас цаашдаа магадгүй эдийн засгийн өсөлтийг энэ хэмжээнд нь бариад явахад энэ оны орлогын гүйцэтгэлтэй адилтах хэмжээний орлого орох нөхцөл үүссэн байгаа. Тийм учраас бидэнд хэтэрхий тэлсэн төсвийн бодлогоо хумих шаардлага зайлшгүй үүсч байгаа юм. Энэ шаардлагын хүрээнд зарим нэг зардлуудаа бууруулж бодит нөхцөл байдал дээр аваачих зорилго дэвшүүлсэн. Энэ хүрээнд хэд хэдэн зардлыг бууруулсан. Орон тооны хувьд зөвхөн яам, агентлагийн орон тоог бууруулсан. Бусад төсвийн байгууллагын орон тоог огт бууруулаагүй.
 
-Зардлын хувьд олон нийтэд хандсан одонтой эхчүүдийн мөнгө, цалин, тэтгэврийн нэмэгдэл байхгүй. Мөн хүүхдийн мөнгийг зорилтот бүлгүүд рүү шилжүүлнэ гээд Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэл нэлээд анхаарал татаж байгаа шүү дээ. Энэ бүгдийг төсвийн тодотголд яаж тусгасан бэ?
-Хасч болох бүхий л зардлыг хассан. Төсвийн байгууллагуудын хувьд урсгал зардлаасаа эхлээд тэвчиж болох бүх зардлуудыг тооцож, зарим албан байгууллагуудыг энэ жил гадаад албан томилолтоор яах шаардлагагүй гэж үзсэн. Дотоод албан томилолт болоод бензин шатахуун, тээвэр, хөрөнгө техник тоног төхөөрөмжийн зардлуудыг 10-30 орчим хувиар бууруулсан. Мөн халамж үйлчилгээний чиглэлийн зардлуудыг тодорхой хэмжээгээр бууруулах шаардлага үүссэн. Ингэхдээ огт өгөхгүйгээр хасах бус зорилтот бүлгүүд рүү хандуулъя гэж байгаа юм. Жишээ нь, хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгүүдэд нь өгье гэж байгаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар нийт гэр бүлийн 40 орчим хувьд нь өгөхгүй байх боломжтой юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, өрхийн орлого нь амьжиргааны түвшнээс өндөр байвал өгөхгүй. Харин өрхийн орлого нь амьжиргааны түвшинтэй тэнцүү болон бага өрхүүдэд хүүхдийн мөнгө өгч байя гэсэн юм. Одонтой эхчүүдэд олгодог мөнгийг хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрсэн бол зогсооё гэсэн. Өмнө нь манайд төрийн албанд орооод гурав, дөрвөн жил ажилласан хүн л тэтгэвэртээ гарахдаа 36 сарын тэтгэмж авдаг ч гэдэг юм уу их хавтгай олгогдож байсан. Үүнийг нь төрийн албанд ажилласан хугацаатай нь уялдуулж өгч байя гэдэг шаардлагын үүднээс бүх төсвийг боловсруулж тэнд ногдох зардлуудыг тусгасан байгаа.
 
-Төсвийн алдагдлыг таван хувь байхаар төсвийн тодотголд тусгасан байсан. Тэгэхээр бондуудын мөнгийг төсөв рүү нэгтгэж байгаа гэсэн үг үү?
- Нэг талдаа бондын хөрөнгө гэж ярих нь зөв л дөө. Гэхдээ Төсвийн тухай хуульд нь өөрчлөлт оруулчихаж байгаа юм. Хэрэв төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр улсын чанартай хөрөнгө оруулалтыг санхүүжүүлсэн бол үүнийг тухайн жилийн төсөвт нь тусгаж өгнө гэсэн хуулийн өөрчлөлт оруулж байгаа юм. Тэр нь зөвхөн бондын хөрөнгө ч байж болно. Бусад эх үүсвэрээс, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр, концессын гэрээгээр хийгдэж байгаа ажлууд байж болно. Мөн бондын хөрөнгөөр санхүүжигдэж байгаа ажлууд байж болно. Ингэснээр төсвөөс гадуур төсөв яваад байна гэдэг яриа байхгүй болно гэж үзэж байгаа.
 
-Үүнээс гадна өрийн хязгаарыг 70 хувьд хүргэх заалт орсон байсан?
-Өнөөдрийн байдлаар өр болоод төсвийн алдагдал нь хоёулаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрччихсөн байгаа. Тийм учраас ямар ч байсан нэгдүгээрт хуульд нийцүүлэх ёстой. Хоёрдугаарт тодорхой хугацааны дараа одоогийн тавигдаж байгаа шаардлагад хүргэх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал найм, есөн хувьтай, өрийн алдагдал бараг 55 хувьтай болчихсон байгаа. Үүнийгээ бид тодорхой хугацааны дараа Тогтвортой байдлын тухай хууль дээр байгаа төсвийн алдагдлыг хоёр хувьд, өрийн хязгаарыг 40 хувьд хүргэх ёстой. Ингэхийн тулд нэгдүгээрт эдийн засгаа тэлэх ёстой. Гэхдээ мөнгө босгож ирж байж эдийн засгаа тэлнэ шүү дээ. Гэтэл дотооддоо эдийн засаг хямралтай байгаа үед мөнгө босгоно гэдэг хэцүү болохоор өрийн хязгаарыг нэмэгдүүлэхээр болсон.
 
-Нэмж бонд гаргана гэсэн үг үү?
-Бонд гол нь биш.  Бонд гэдэг бол богино хугацааны арилжааны зээл учраас цаашид зөвхөн бондоор бол явахгүй гэж үзэж байгаа. Энд зээлийн үйлчилгээний зардал маш их гардаг. Үүнээсээ болоод төсөв дээр маш их дарамт үүсдэг. Тийм учраас зөвхөн эдийн засгаа тэлэх баталгаа маягаар урт хугацаатай, богино хүүтэй зээлүүдэд зарцуулна. Засгийн газар цаашдаа богино хугацаатай арилжааны зээл авахгүй гэдэгт хатуу байр суурьтай байгаа.
 
 
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг: Халамжийн мөнгийг сайтар хянаж байж танах хэрэгтэй
 
-2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн тодотголд төсвийн алдагдал ДНБ-ий таван хувьд байх, улсын өр 70 хувьд хүрэх зүйл заалт оруулсан байна. Мөн цалин, тэтгэвэр нэмэхэд 500 тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг танаж оруулж ирлээ. Үүнээс гадна халамжийн мөнгийг бүх иргэдэд олгохгүй, оюутны 70 мянган төгрөгийг зөвхөн сайн сурсан хүүхдүүдэд олгоно, одонтой эхчүүдийн мөнгийг хүүхэд нь 18 нас хүртэл нь олгоно гэх мэт онцлогууд туссан байна л даа. Төсвийн тодотголд таны байр суурь ямар байгаа вэ?
-Төсвийн тодотголд ойролцоогоор нэг их наяд төгрөгөөр төсвийн орлогоо бууруулж оруулж ирж байгаа юм байна. Тэрийг дагаад зардал, санхүүжилт мөн хийгдэж чадахгүй болно. Яг хатуу тоогоороо 903 тэрбум төгрөг бууруулж орж ирж байгаа. Үүнээс 360 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан, 500 гаруй тэрбум төгрөгийн урсгал зардал бууруулсан байгаа юм. Тэр урсгал зардал дотор саяын ярьдаг цалин нэмэхгүй байх, нийгмийн халамжийн зардлуудыг танах гэх мэт зүйлүүдийг оруулж ирсэн байна л даа. За яахав, эдийн засаг хямралтай байна гэдэг үүднээс хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гээд ийм зүйл хийж болох юм. Өөр нэг зүйл бол эдийн засаг хямралтай байгаа үед түүнд өртөж байгаа иргэд нь орлого багатай иргэд байдаг. Тэгэхээр орлого багатай иргэд буюу зорилтот бүлгийг хэр бодитой тооцож гаргаж ирсэн байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Хүүхдийн мөнгө, тэтгэврээрээ амьдардаг айлууд зөндөө байгаа. Оюутны мөнгөө өрхийнхөө орлогын нэг хэсэг болгож амьдардаг айлууд ч бас байгаа. Тийм учраас тэр зорилтот бүлэг буюу өрхийн амьжиргаанд хийсэн судалгаа нарийвчлан үзэж байж шийдэх хэрэгтэй. Би үүнийг бүлэг дээрээ ярьж холбогдох улсуудад хэлнэ гэж бодож байна.
 
Хоёрдугаарт, төсвийн тодотголын ард төсөв сангийн бодлогод өөрчлөлт орж байгаа юм бий. Бид нар тодотгол гэж яриад сурчихсан л болохоос яг нарийндаа бол шинэ төсөв орж ирж байгаа. Яагаад гэвэл татварын байдалдаа нэлээд өөрчлөлт хийж байна. Уг нь тодотгол гэдэг чинь орлого давчихсан, төлөвлөгдөөгүй орлого ороод ирчихсэн бол түүнийг яах вэ, эсвэл зарлага санхүүжилт сох дутсан нөхцөлд тэрийг яах вэ гэх мэт тодорхой асуудалд тодотгол хийдэг болохоос одоогийн хэлэлцэж байгаа бол тодотгол гэхээсээ илүү шинэ төсөв юм. Яагаад гэхээр нийслэлд гэхэд л шинэ татварууд оруулж ирж байна, бүхэлдээ бууны татвар, малын хөлийн татвар оногдуулахаар оруулж ирж байна. Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгөд оногдуулах татварын хэмжээг нэмж байна. Тэгэхээр энэ нэгэнт шинэ төсөв юм бол мөнгөний бодлоготойгоо уялдах ёстой. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх явцад Монголбанкны ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайд нарын алхаа зэрэгцэж явах ёстой. Тэгэхгүй бол нэг нь хямралтай байна гэж танаад, нөгөөх нь тэлээд байвал ямар ч үр дүнгүй болно.
 
-Мөнгөний бодлогод бас давхар өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна уу?
-Би бол шууд өөрчлөлт оруулах ёстой гэж хэлэхгүй. Мөнгөний бодлого бол хэрэгжих явцдаа арга тактик, хугацаа, зохион байгуулалтын хувьд их олон юм болно шүү дээ. Тэрийгээ нэгтгэж ойлголцож явах ёстой. Болж өгвөл УИХ үүн дээр нь хяналт тавиад, хэрэгжилтийг нь хангуулж ажиллах ёстой.
 
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төсвийг илүү муутгасан хэлбэр рүү ороод байна
 
-Төсвийн тодотголыг оройтож хэлэлцэж байна гэсэн зүйлийг та хэлж байсан?
-Энэ төсвийн тодотголыг уг нь бол оны өмнө хэлэлцэх ёстой байсан юм. Яагаад гэхээр манай улс анх удаагаа төсөвгүй яамдтай онтой золголоо.  Өөрөөр хэлбэл, 2015 оны төсөвт Аж үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн спортын яам гэж байгаагүй. Өнөөдөр тэр яамдууд яаж санхүүжилтээ авч байгааг мэдэхгүй байна. Яамдын нэрийг өөрчилсөн тохиолдолд төсвийн тодотголыг зайлшгүй хийж байх хэрэгтэй.
 
-Төсвийн тодотголд өрийн хязгаарыг мөн нэмэгдүүлэхээр заасан байсан?
-Өрийн хязгаарыг нэмэхгүй, улс эх орноо өрөнд орууллаа гээд байсан хүмүүс 2015 онд өрийн хязгаарыг ДНБ-ий 70 хувьд хүргэнэ гээд нэмчихлээ. 2016 онд 65 хувь, 2017 онд 60 хувьд хүргэнэ гэсэн. Мөн  төсвийн тодотголын хуулиар төсвийн тэнцэл хоёр байхыг өөрчилсөн. 2015 онд төсвийн тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 4.8 хувь байхаар тусгасан байна. Төсвөө муутгасан хэлбэр рүү ороод байна. Бас нэг сонин юм харагдаад байгаа нь нэгдсэн төсвийн орлого 905 тэрбум орчим төгрөгөөр буурсан. Улсын төсөв 630 тэрбумаар буурсан. Гэтэл зарлага нь 8.7 тэрбумаар өссөн байна. Уг нь нэг их наядыг хасна гээд баахан юм хассан байгаа шүү дээ.
Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл болох 234 тэрбум төгрөгийг байхгүй болгосон. Тэтгэвэртээ гарахдаа авдаг байсан 36 сарын урамшууллыг үндсэндээ байхгүй болгож тэтгэмжийн хэмжээг Засгийн газраас тогтооно гэсэн. Мөн олон хүүхэд төрүүлсэн настай эхчүүдийг гаргуунд нь гаргаж байна. Хүүхдүүд нь 18 нас хүрсэн бол мөнгө өгөхгүй болж байна. Өнөөдөр тэтгэврээсээ гадна хүүхдийн мөнгө авч амьдралаа залгуулдаг эхчүүд байгаа.
 
Хөрөнгийн албан татварын хууль шинээр бий болсноор үл хөдлөх хөрөнгөөс татвар авна. Мөн тээврийн хэрэгсэл, буу, малын хөлийн татвар бүгд нэмэгдэнэ. Малын хөлийн татварыг бий болгож байгаа. Энэ Засгийн газар  малчдад дэндүү хахир хандаж байна. Бууны татвар ч гэсэн малчдад илүү хамаатай.
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Татварын төрлийг нэмэгдүүлж байгаа төсвийн тодотгол...  
Үзсэн: 1778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2015-01-07 10:22
УБ хотод амьдарсаны татвар бий болгож, бүсчилэн тогтоож, бага тойруу орчмоос хамгийн өндөр татварыг энэ бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага ард иргэдээс авах г,м бодох сэтгэх юм их байна эрхэм гишүүдээ
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-01-06 12:11
Буу, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгийн татварын хуулиудыг нэгтгээд дээр малын тоо толгойд ногдуулах татварыг нэмж хөрөнгийн татварын хууль гаргах нь гэж ойлгогдлоо. Өөр өөр аргачлалаар төлөх тайлагнах бүртгэл хийх хугацаа нь ч өөр хөрөнгүүдийг нэг хууль дор нэгтгэх нь маш буруу юм. хэрэгжүүлэхэд ихээхэн зөрчил гарна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гэж хууль гаргаж ой, мод, ус, агнуурын нөөц ашигласны төлбөрүүдийн хуулийг нэгтгэсэн. Хуулийн тоо цөөрсөн ч шинэ хууль нь хэрэгжүүлэхэд зөрчилтэй дараа засаж сайжруулахад уян хатан биш болно. 1 татварыг нэг л хуулиар зохицуулдаг ТЕОРЕМ байдаг юм. үүнээс гажаад хэрэггүй. үүнийг бас татварын ШИНЭЧЛЭЛ гэж нэрлэж ч болохгүй байх.

Бидэнтэй нэгдээрэй