Шууд Chart

Д.Ганхуяг: Төлж чадаагүй зээлийг иргэд өр гэж буруу ойлгоод байна

2015-01-20 12:11:22

Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж улсын өрийн дээд хэмжээг ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй байх саналыг оруулсан.

Харин УИХ дахь МАН-ын бүлгээс уг саналыг дэмжих боломжгүй, өрийн таазыг одоо байгаа 58.3 хувьд нь барих ёстой гэсэн санал гаргасан боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй юм. Уг Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбоотой гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.
 
УИХ-ын гишүүн Ч.Улаан: -Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол эдийн засгийн суурь хууль гэдэг утгаараа тогтвортой мөрдөгдөх ёстой хууль. Гэхдээ энэ хууль өөрөө хоёрдмол шинжтэй. Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол эдийн засгийн гол зарчмыг тодорхойлсон, түвшинг заасан агуулгатай. Хоёр дахь агуулга нь энэ түвшиндээ хүрэх шилжилтийн үеийн зохицуулалтыг хамтад нь хийж өгсөн хууль. Тэгэхээр тэр нийт өр 40 хувь, төсвийн алдагдал хоёр хувь гэдэг бол тогтсон эдийн засагт байх жишиг хэмжээ. Манайх шиг ийм савлагаатай эдийн засгийн үед бол тэрэнд очих шилжилтийн үед  нь 60, 50, 40 хувь гэж аажмаар шилжиж очно гээд хуулинд хийчихсэн. Гэтэл бодит амьдрал дээр бидний шилжилтийн хугацаа сунаад байгаа учраас бид үүндээ таарсан зохицуулалт хийхгүйгээр механикаар, тогтсон эдийн засгийн шаардлага үзүүлэлтээр нь өнөөгийн эдийн засгаа хязгаарлахаар эргээд амьдралтай нийцэхгүй болчихоод байгаа юм. Харин эдийн засаг тогтворжоод ирсэн үед бол тэр 40 хувь, хоёр хувьд хүрэх зорилт нь хэвээрээ үлдэх ёстой. Тэгэхээр энэ хуулийн шилжилтийн үеийг яаж зохицуулах вэ гэдэгт л гол асуудал байгаа юм. Өнөөдөр манай эдийн засаг өмнөх онуудаас уналттай, хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсчихсэн байгаа учраас эх үүсвэр татах шаардлагатай. Гэтэл энэ шаардлагын чинь эсрэг ДНБ-ий хоёр хувийн алдагдал, ДНБ-ий 40 хувьтай тэнцэх өр нь саад болчихоод байна. Тэгэхээр Засгийн газар бол тодорхой хугацаанд энэ шилжилтийн үеийг оновчтой зөв тогтоох хэрэгтэй гээд энэ 60 хувийн саналыг оруулж ирсэн гэж бодож байна. 2014 оны 10 дугаар сарын нэгний өдөр улсын өр  ДНБ-ий 49.3 хувьтай тэнцүү, харин 12 дугаар сарын 31-ний  өдөр 55.2 хувь болсон. Тэгэхээр энэ 2015 онд өрийн хэмжээг нэмнэ гэдгээ бүгд ойлгочих хэрэгтэй. Харин хэмжээг нь заавал нэг 58.3 хувь гээд байх хэрэггүй, Засгийн газраас оруулж ирсэн 60 хувийг нь зөвшөөрчих хэрэгтэй. Тэгээд Шийдлийн Засгийн газар энэ онд өрөө нэмэгдүүлж байгаа гэдгээ ичихгүйгээр ил тод хүлээж сур.
 
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Төсвийн алдагдлын хэмжээг жил бүр бууруулна гэдэгт ерөөсөө итгэхгүй байгаа юм. Ирэх жил эдийн засаг юу ч болоо бил ээ. Төсвийн алдагдлын хэмжээ 10 хувьд хүрч байсан тохиолдол байгаа. Гэтэл УИХ заавал дөрөв, таван хувь байх ёстой гээд өөрсдийгөө хавханд аваачиж хийчихээд тийчлээд байдаг зүйлээсээ гарах хэрэгтэй шүү дээ. Буруу зүйл хийсэн бол засах хэрэгтэй. Энэ өрийн хэмжээг өмнөх Засгийн газар хэтрүүлчихсэн, одоогийнх нь бүр хэтрүүлэх гэж байна гээд л байна. Эцсийн дүндээ энэ бол сонирхолтой сэдэв биш шүү дээ.
 
 
 
 
 
 
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: -Бид бодит байдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. УИХ-аас таван тэрбум долларын бонд босгох шийдвэрийг гаргачихсан. Тэрнээс нь гадаадын зах зээл дээрээс 1.8 тэрбум долларын бонд босгоод ирчихсэн. Тэрийгээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлээд төсвийн үзүүлэлтүүддээ оруулах шаардлагатай байсан. Үүнийг оруулах гэж хоёр жил маргалдсан, одоо бид нар газар дээр бууж байна. Улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь гэдэг нь уг нь зээл байгаа юм. Зээлээ төлж чадахаа байсныг өр гэж тодорхойлдог. Олон түмэнд өр гэдэг их муухай сонсогдоод байгаа юм. Хуулинд заасан энэ автомат үзүүлэлтүүд нь 2012 онд 60 хувь байсан. 2013 онд 50 хувь, 2014 онд 40 хувь гээд тавьчихсан. Энэ өөрөө хэрэгжихэд хүндрэлтэй үзүүлэлт. Бидний экспортын гол орлого олдог зүйл болох түүхий эдийн үнэ нь асар их хэлбэлзэлтэй. Ийм үед автоматаар тавьсан тэр тоондоо бид нар өөрсдөө баригдаад бөөн хэрүүл болж байгаа юм. Тэгэхээр одоо өрийн таазыг энэ 60 хувиар нь батлаад л ирэх 2016 онд дахиж асуудал үүсгэлгүй л явах хэрэгтэй.  

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Ганхуяг: Төлж чадаагүй зээлийг иргэд өр гэж буруу ойлгоод байна   
Үзсэн: 1284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй