Шууд Chart

Э.Төмөрхуяг: Хатуухан хэлэхэд, бид амиа золиослоход ч бэлэн байна

2015-02-16 14:00:24

“Босоо хөх Монгол” ТББ болон “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүд хамтарч Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчлөх тухай хуулийн төслийг эсэргүүцэж Ноён уулаа аврахаар нойтон өлсгөлөн зарлаж эхлээд 120 цаг болж байгаа билээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн бүрэн эрхийн дагуу Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахыг зогсоож, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчлөх тухай хуулийн төслийг эсэргүүцэж хуулийн төслийг буцааж татуулахыг хүсч байгаа аж. Түүнчлэн Ноён уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх талаар Ерөнхийлөгчид хүсэлт тавьсан ажээ.

Тэдний хүсэлтийг төрийн өндөрлөгүүд хүлээн авахгүй бол хуурай өлсгөлөнд шилжинэ гэдгээ мөн хэлсэн юм.
 
 
 
“Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуягаас дараах тодруулгыг авлаа.
 
- Хөдөлгөөнд нийт хэдэн хүн оролцож байгаа вэ?
-“Босоо хөх Монгол” ТББ-аас 500 гаруй хүн байна. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс 40-50-аад хүн байна.
 
-Яг өлсгөлөн зарлаж байгаа хэдэн хүн байгаа вэ?
-Нийт есөн хүн өлсгөлөн зарлаж байна.
 
-Биеийн байдал нь хэр байна. Эмч нарын хяналтад байгаа биз дээ?
-60 гарсан нэг эгчийн маань бие жаахан тиймхэн байна. Бусад нь бол гайгүй байгаа. Эмч нар үзэж байгаа. Өчигдөр ирсэн, өнөөдөр ирээгүй байна.
 
-Өлсгөлөнг хугацаатай зарласан уу? 
-Бид хугацаагүйгээр зарласан. Хатуухан хэлэхэд, амиа золиослоход ч бэлэн байна. Бидний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол бид үргэлжлүүлсээр л байх болно.  
 
-Иргэд бас их дэмжиж байх шиг байна?
-Монголын ард түмэн их хандаж байна. Одоогоор энд 70 мянга гаруй хүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Харин бидний сонгосон төрийн түшээд л анхаарлаа хандуулаагүй байна.
 
-УИХ-ын гишүүд хэр дэмжиж байна вэ?
-УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар ирсэн. Гишүүд Ноён уулыг ухаад дуусах нь байна. Тэмцэх нь зөв гэдгийг хэлсэн. Бид дотроосоо тэмцье, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт албан тоот өгье, та нар гаднаасаа дуу хоолой болоод байж бай гэсэн.  
 
-Та нар өөрсдөө Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад албан ёсоор хүсэлт явуулсан уу?
-Бид нар анх хоёрдугаар сарын есний өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа өлсгөлөн зарлаж эхлэхдээ дахиад хүргүүлсэн. Өнөөдөр бидэнд нэг хариу гарч ирэх болов уу гэж бодож байна. Хариу гарч ирэхгүй бол бид шууд хуурай өлсгөлөнд ороход бэлэн байна.
 
-Энэ өлсгөлөнгөөс гарах үр дүнг яаж харж байгаа вэ. УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг буцааж татуулах талаар амласан зүйл бий юу?
-Бид өөрсдөдөө бүрэн дүүрэн итгэлтэй байна. Монголын ард түмэн бүгдээрээ биднийг дэмжиж байхад үүний төлөө зүтгэхгүй бол болохгүй. Чуулганаар хэлэлцэхээргүй боллоо гээд орхихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч л үүн дээр хориг тавих ёстой. Ноён уулаа ухахаа боль, Стратегийн ордыг буцаагаад эргүүлэн тат, Урт нэртэй хуулий дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахаа зогсоо гэсэн хоёрхон байр суурьтай л Ерөнхийлөгчид хандсан байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заасан эрх нь байгаа. Хуульд хориг тавих эрх нь байгаа, Ноён уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх эрх нь байгаа. Одоо ингээд иргэд гадуур цагаан сар гээд л явж байх шиг байна. Гэтэл бидэнд эх орон, газар шороо байхгүй болчихвол юуных нь Цагаан сар байх вэ дээ.
 
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Байнгын хорооны хуралдааны үеэр Гацууртын орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчлөх тухай хуулийн төслийн ажлын хэсэгт Ноён уул орчимд ажилласан шинжээчдийн баг танилцуулга хийсэн. Ингэхдээ цэвдгийн судалгаа хийгдсэн, булш бунхан байхгүй гэж тайлбарлаж байсан л даа?
-Булш байхгүй биш, эд нар чинь нэг талаасаа очоод байгаа юм. Араар нь тойроод очих юм бол булш байгаа. Дээр эрдэмтэд хурал хийсэн ш дээ. Тэр үед би яг хажууд нь байгаа таван булшных нь талаар асуухад бид мэдэхгүй байна гэсэн. Тэгсэн хэрнээ энэ ордыг ашиглачих юм бол манай улсад хэрэгтэй гээд эсрэг юм яриад байсан. Булш нь хоёрхон км-ийн цаана л байгаа. Тэгээд ч тэр шинжээчдийн баг нь манай улсад газрын гүн дэх булш бунханг судлах багаж байхгүй, газрын гүнд булш байж ч магадгүй, байхгүй ч байж магадгүй гэсэн.
Эндээс заавал алтыг нь авч ашиглахдаа биш шүү дээ. Өөр аргаар ашиглаж болно. Жишээ нь, энд хүн үүссэн гээд аялал жуулчлалын бүс болгож болно шүү дээ. Өвөрмонгол өнөөдөр ганцхан ширхэг Хүннүгийн булш олсон, түүн дээрээ сая, сая жуулчин татаж байна. Тэгэхэд манайд бэлэн байгаа 230 гаруй булшийг бид устгах гэж байна шүү дээ.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Э.Төмөрхуяг: Хатуухан хэлэхэд, бид амиа золиослоход ч бэлэн байна  
Үзсэн: 1601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-02-16 22:55
Ix xyrliig taraay tort ylcaa baigyylya
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-02-16 22:52
Mongolinxoo tycgaar togtnol , gazar shoroonixoo toloo daity . Ta narig mynga,myngan erchvvd demjij baina.

Бидэнтэй нэгдээрэй