Энэ удаагийн “Редакцийн зочин”-оор УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг урьж ярилцлаа.
-Ямар ч хуулийн төсөлд автор гэж байх ёсгүй-
-УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ярилцлагаа эхлүүлье?
-“Шударга ёс” эвслийн бүлгийн 10 гишүүн тус бүр өргөн барьсан болон өргөн барихаар зэхэж хэлэлцэх асуудлын дарааллаа тогтоолгохоор хүлээлгэж буй 30 гаруй хуулийн төсөл бий. Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр нийт 25 хууль болон бусад тогтоолын төслийн нэр бэлэн болсон. Гэхдээ бидний өмнөх Засгийн газарт ч, одоогийн Засгийн газарт ч тэр эмзэглэж явдаг нэг зүйл бол “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл ерөөсөө хэлэлцүүлэгт ордоггүй явдал. Өнөөдөр сонгогчдын 23 хувийн саналыг авсан манай бүлгийн гишүүдийг хамтарч байгаа нэрийн дор дэндүү дорд үзсэн хэлбэртэй байдаг. Нөгөө талаас МАХН-ын гишүүн, эвслийн бүлгийн гишүүн гэдгээс нь хардаг. Мөн нэг хуулийн төслийг өргөн барих юм бол нийгэмд их оноо авна гэдгээр нь автор булаацалдах ч юм уу, эсвэл ихээхэн төсөв хөрөнгө шаардагдана гэдгээр нь халхавчилж зогсоогоод байгаа. Гэхдээ бид нэн тэргүүнд шаардлагатай зургаан хуулийн төслийг Засгийн газар, УИХ-ын даргад өгсөн. Энд Сонгуулийн ерөнхий хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Өршөөлийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн хуулийн төслүүд байгаа.
-Өршөөлийн тухай хууль нийгэмд багагүй хүлээлт үүсгээд байна. Тэгэхээр энэ хуулийг цэвэр лоббигоор ч юм уу, яаравчлуулан батлуулж болдоггүй юм уу?
-Энэ хуулийн талаар асуудаггүй нэг ч сэтгүүлч байдаггүй. Энэ бол тухайн сэтгүүлчээр дамжуулаад нийгэмд хүлээлт үүссэн байгааг илтгэж байгаа юм. Энэ хуулийн төсөл дээр лоббидох ямар ч боломжгүй л дээ. Хуулийн төслийг УИХ дахь бүх нам, эвслийн төлөөлөл болсон 24 гишүүн өргөн барьсан учраас заавал лоббидох гэлгүй дангаараа хэлэлцэгдээд явчих боломжтой хууль. Гэтэл өнөөдөр энэ хуулийн төслийг явуулахгүй байгаагаа УИХ-ын дарга Гэмт хэргийн хуулийг орж ирэхийг хүлээж байна гэж тайлбарладаг. Энэ нь Гэмт хэргийн болон Зөрчлийн хууль гээд хуваагдчих учраас зөрчил болсон хэргүүд ялаас чөлөөлөгдөнө гэж байгаа юм. Харин нөгөө талаасаа бас нэг тайлбар хэлэхдээ Эдийн засгийн өршөөлийн тухай хуультай хамтарч явуулна гэсэн. Бид бол энэ хоёр дахь хувилбарыг байж болно гэж үзэж байгаа. Харин Гэмт хэргийн тухай хуультай цуг хэлэлцүүлнэ гэхээр дахиад баахан цаг авна, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх нь ч юу л бол. Яагаад гэхээр Гэмт хэргийн тухай хууль бол өнгөрсөн Засгийн газрын үед өргөн баригдсан ч шинэ сайд нь буцааж татаад, намрын чуулганы төгсгөлд дахин өргөн барьсан. Энэ хуультай хамт процессийн хуулиуд нь яригдана, хугацаа их орно л доо.
-Та хуулийн автор гэж ярилаа. Гишүүд хуулийн төслийн талаар хэлэлцэхдээ тухайн хуулийн автор нь хэн бэ гэдгээс шалтгаалж шийдвэр гаргадаг гэсэн хардлага иргэдийн дунд байдаг?
-Бүлэг бол эхлээд тухайн долоо хоногт хэлэлцүүлгийн шатанд орж ирж байгаа хуулийн төсөл дээр ярилцдаг. Манай бүлэг хуулийн төслийг хэн өргөн барьсан талаар огт ярьж байгаагүй. Жишээ нь, би байнгын хорооны дарга байхдаа өмнөх Засгийн газрын үед гацаад жил зургаан сар болчихсон Тамхины хяналтын тухай хуулийг явуулж, ажлын хэсгийн ахлагчаар нь Л.Эрдэнэчимэг гишүүнийг томилж байсан. Л.Эрдэнэчимэг гишүүн бол автор нь биш л дээ. Тухайн хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийг гуравны хоёр нь дахиж сонгогдоогүй бол хуулийн төслийг буцааж татдаг юм. Гэтэл тэр Тамхины хяналтын тухай хуулийг би байнгын хороон дээр авч үлдэж хэлэлцүүлсэн хүн нь би. Гэр бүлийн тухай хуулийг ч мөн ялгаагүй, тэгж үлдээсэн. Бид бол агуулгад нь анхаарлаа хандуулдаг. Гэтэл бусад намын бүлгүүд бол тэр хуулийн төслийг хэн өргөн барьж байна вэ гэдгийг нь их чухалчилж хардаг. Энэ хандлага бол УИХ-ын даргад илүү харагддаг. Жишээ нь, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль байна. Би байнгын хорооны дарга байхдаа Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль дээр нэг ажилласан юм. Тэр үед УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар, Л.Гантөмөр нарын гишүүдтэй ярилцаж байгаад энэ хуулийн төслийн санааг гаргасан юм. Тэгээд эмэгтэй гишүүд дэмжээд энэ хуулийн төслийг өргөн барьсан. Гэтэл энэ үед эмэгтэй гишүүдийн байр суурь нэмэгдэх, энэ байдлыг олж хараагүй эрэгтэй гишүүдийн байр суурь хөндөгдөх нөхцөл байдал үүссэн юм. Үүнийг нь Ерөнхийлөгч овжноор ашиглаж, УИХ-ын даргаас энэ хуулийн төслөө буцааж тат гэсэн шаардлага ирсэн.
-Албан ёсоор ирсэн санал уу?
-Өөрөө хэлнэ гэдэг бол албан санал л даа. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүн бол АН-ынх учраас татаж аваад, биднийг бас татаж аваач гэсэн. Харин би бол татаж авлаа гэж гарын үсэг зураагүй. Гэхдээ олонхиороо буцааж татагдаад дараа нь Ерөнхийлөгчөөс орж ирсэн. Тэгэхээр ер нь бол нийгэмд хүлээлт үүссэн ч юм уу хуулийн төслийг боловсруулахдаа болж өгвөл олон гишүүдийг хамруулах ёстой юм байна гэж бодсон.
-Ерөнхийлөгч өөрөө цагаан хун, бид 76 хэрээ юм шиг л аашилдаг болсон-
-Та Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөс эхэлсэн “давхар дээл”-ийн асуудал Шинэчлэлийн Засгийн газрын уналтад нөлөөлсөн гэсэн байр суурийг илэрхийлж байсан?
-Ерөнхийлөгчийн нөлөөлөл өмнөх Засгийн газрын уналтад 50-60 хувьтай нөлөөлсөн байх. Өнөөдөр манай улс Ерөнхийлөгчийн засаглалтай юу, парламентийн засаглалтай юм уу гэдгийг ойлгоход бэрх болсон. Ард түмэн төрөө дээдэлдэг, төрдөө итгэдэг байх ёстой. Ард түмэн, төр хоёрын хооронд ангал үүсэх нь хэнд ашигтай вэ. Энэ хямралыг үүсгээд байгаа хүн нь яах аргагүй Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч өнөөдөр өөрөө цагаан хун, бид 76 хар хэрээ байгаа юм шиг аашилдаг болсон. Ерөнхийлөгч зургаан жилд нэг удаа УИХ-д ажлаа тайлагнадаг байх ёстой. Гэтэл Ц.Элбэгдорж ерөнхийлөгч ажлаа тайлагнаагүй л байна. Тэгсэн хэрнээ чуулган дээр орж ирж УИХ-ын гишүүдийг загнадаг, УИХ, Засгийн газарт чиглэл өгдөг.
Энд би бас нэг зүйлийг боддог юм. Надтай санал нийлэхгүй хүн байж магадгүй л дээ. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн ирцийг шилэн болголоо гээд юу өөрчлөгдөх юм бэ. Ард түмний төрдөө итгэх итгэл л улам унана биз дээ.
-Гишүүд цагтаа хуралдаа ирнэ гэж тооцсон байж болох юм?
-Үүнийг хэт туйлшруулж болохгүй. Би ард түмэн аль болох төрдөө итгэдэг байх ёстой гэж боддог. Шилэн ирцээс болоод засгийн хямрал, төрийн хямрал, цаашлаад үндэстний хямрал үүсэхийг хэн байг гэх юм бэ. Би тийм зүйл дээр болгоомжилж байгаа юм. УИХ-ын гишүүд хуралдаа цагтаа ирж байх ёстой. Ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Нэг хүн л ганцаараа ард түмэндээ хайртай юм шиг аашлаад хэрэггүй шүү дээ. Би ч гэсэн ард түмэндээ хайртай. Би жагсаалтаар гарч ирсэн гишүүн учраас өөрийгөө 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл байх ёстой гэсэн зарчмаар ажилладаг.
-Тэгэхээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсчихсэн үед төрийг үнэ цэнэтэй байлгахын тулд Ерөнхийлөгч өөр аргаар ажиллах ёстой байх нь ээ?
-Тийм ээ. Парламент, Ерөнхийлөгч хоёр зааг ялгаагаа ойлгохгүй, холилдоод яваад байж болохгүй байна. Энэ нь бүр Засгийн газартай нийлчихсэн байна. Жишээ нь, Ерөнхийлөгч тэр ч, энэ ч томилгоонд оролцоод баймааргүй. Ийм байж өнөөдөр “Шударга байцгаая” гэж ярих нь харин ч шударга бус юм уу даа л гэж бодож байна. Хамгийн гол нь энэ нөхцөл байдал, хямрал эргээд ард түмэнд биш гадныханд л хожоотой зүйл болж хувирч байгаа шүү дээ. Энэ хямралтай байх хооронд ёстой нөгөө чоно борооноор гэгчийн үлгэр гарна. Нөгөө л баялаг руу шунадаг, манайхныг худалдаж авах гэж хичээдэг, улстөрчдийн дуу хоолойг боомилох, гар хөлийн үзүүрт зарах, бизнесийн янз бүрийн ашиг сонирхлын бүлгүүдийн эрх ашиг л илүү давамгайлна. Би хувьдаа ийм бодолтой байдаг. Өнөөдрийн энэ таагүй нөхцөл байдлыг би бол эдийн засгийн хямрал, хүндрэл гэж хэлэхгүй. Энэ бол зориудаар хийгдэж байгаа гадны хөрөнгө оруулагчид, бизнесийн бүлэглэлүүдийн зохиомлоор үүсгэж буй хүндрэл дээр манайхан нэгдчихээд байгаа хэрэг.
-Парламентын засаглалтай орны хувьд Ерөнхийлөгчийн эрх мэдэл тийм өндөр гэж хардаггүй шүү дээ. Гэтэл манайд эсрэгээрээ гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Тэр үүднээсээ Ардчилсан намын Ерөнхийлөгч гэж цоллогдох ч ёсгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч байх ёстой. Монгол Улс гэдэг маань Монголын нийт хүн ам, газар нутаг, Үндэсний аюулгүй байдлыг хэлж байгаа юм. Тэгэхээр монгол хүн бүрийн эрх ашгийн үүднээс /тэр хүн хөгшин залуу, баян ядуу байна уу, шашин шүтлэг, намын харьяаллаар нь ч байна уу/ хэнийг ч ялгаварлан гадуурхах учиргүй. Үүнийг өөрийн эрх ашгийн үүднээс Ерөнхийлөгч өөрөө зөрчиж, талцуулж байгаа. Ингэхгүйгээр харин ч ард түмнээ намуудад хуваахгүй, тэнцүүлж харьцах ёстой нэг номерын хүн Ерөнхийлөгч байх ёстой.
Шийдлийн Засгийн газар яах гэж гарч ирсэн юм бэ. Энэ Засгийн газарт ороогүй нам, эвсэл гэж одоо алга. Тэд улс орныхоо хөгжлийг түргэсгэх гэж, хөгжүүлэх гэж гарч ирсэн юм байгаа биз дээ. Тийм л юм бол нэгдээд л урагшаа алхах хэрэгтэй шүү дээ. Хөндлөнгөөс хэн нэгэн хүний заавраар яваад баймааргүй байна. Түүний заавраас гажсан хэн нэгнийг унагаадаг, донгоддог, үгүйсгэдэг байж болохгүй байх аа.
Өнөөдөр шүүх эрх мэдэл, хууль шүүхийн байгууллага Ерөнхийлөгчийн мэдэлд байна. Үгүй л юм бол яагаад энэ олон хүний эрх зөрчигдөж буй асуудал яригдаад байгаа юм. Шүүхийн бүх шатанд л байна. Яагаад АТГ-д үндэсний үйлдвэрлэгчид, бүтээгчид, бизнес эрхлэгчид шил дараалан шалгагдаад байгаа юм. Яагаад гэм зэмгүй хүмүүс хүртэл ял аваад байгаа юм. Шударга гэж ярьдаг Ерөнхийлөгч маань шударга бус шийдвэр гаргадаг албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байгаад байгаа нь сонин байна.
-Тэгвэл таны бодлоор Монгол Улсын Ерөнхийлөгч ямар байх ёстой юм бэ. Магадгүй тэр л Ерөнхийлөгчид тохирох хүн гээд нэрлэж болох юм?
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог систем хэрэгтэй. Тэгж байж л хариуцлага ярина. Түүнээс биш ард түмний нэр барьж сонгогдчихоод ард түмнийгээ талцуулдаг байж болохгүй. Товчхондоо ийм л хариулт өгмөөр байна.
Би том улстөрч биш болохоор тэрийг Ерөнхийлөгч болговол яг тохирно гээд хэлж мэдэхгүй юм. Ямартай ч улс орныг сайхан авч явах Ерөнхийлөгч улстөрчдийн дунд байлгүй л яахав. Надад бол чадвартай, мэдлэгтэй ямар ч аавын хүү энэ суудалд суух эрхтэй гэж санагддаг. Суудал нь бол мөнх юм. Хүн нь мөнх биш шүү дээ. Энэ зарчмаар л явна. Хүн нь мөнх юм шиг аашлахаар надад их таагүй байдаг юм. Хэлбэр төдий биш хэлсэндээ хүрдэг, эв нэгдлийг зангиддаг, нам, эвслээр алагчлах хүмүүжилгүй тийм л хүн Ерөнхийлөгч байх ёстой.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, МАХН хоорондын гэрээг Засгийн газрыг унагах сонирхолтой байсан хүмүүс олз болгон ашигласан-
-Засгийн газарт хамтарч ажиллах талаар “Эвслийн бүлэг”-ийн шийдвэрт Н.Энхбаяр дарга хэр нөлөөлсөн бэ?
-Н.Энхбаяр дарга ирэхэд улстөрийн байдал ширүүсч байсан үе л дээ. Тэгээд тэр нөхцөл байдлыг хэт дөвийлгөсөн үү, эвсэл айсан уу. Нэг хүн ирээд л орвонгоор нь эргүүлчихээд явчихлаа гэсэн яриа газар авч эхэлсэн. Юун ч нэг хүнээс болж бужигначихдаг улс юм. Юун ч аймхай улстөрийн намууд байдаг юм. Юунд нь ч тэгтлээ болгоомжилдог юм. Дэндүү их лай ланчиг хийчихсэндээ жийрхдэг ч юм уу түмэн янзын таамаг дэвшүүлж, алхам бүрийг нь ажих юм даа. Би энэ талаар дэлгэрэнгүй яръя.
Засгийн байдал их тогтворгүй болж эхэлсэн цаг үе байсан. Энэ засаг төрийг тогтвортой байлгахад УИХ-д суудалтай намын даргын хувьд Н.Энхбаяр дарга байнга зовниж, санаа тавьж байдаг хүн. Ийм ийм байдлыг хараад “Шударга ёс” эвслийн дарга, намын даргын хувьд бүлгийнхээ гишүүдтэй санал солилцсон. Бид ч түүний ирсэн завшааныг алдахгүйн тулд намынхаа бодлого шийдвэрт оролцуулсан. Түүнээс биш ганц хүн ирээд л бүхнийг өөрчилчихдөг юм байхгүй. Түүнд автсан эвсэл ч гэж юу байх вэ. Харин туршлагатай улстөрчид, намын дарга, эвслийн даргын хувьд үгийг нь сонсох нь зайлшгүй. Бид бол сайн зөвлөлдөөд хамтын шийдвэр гаргадаг. Тэгээд засаг төрд орох, орохгүйтэй холбоотой асуудал манай намын өмнө нь баримталж байсан гэрээтэй холбоотой л гарсан юм. 2012 оны сонгуулийн дараа байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх уу гэдэг чухал байсан. Хэрэв хүчин төгөлдөр бол бид үргэлжлүүлнэ. Шинээр байгуулах юм бол өөр асуудал болж хувирна. Тиймээс 2012 оны гэрээ хүчин төгөлдөр байгаа бол бидний хувьд засагт орно гэдэг зарчмын хувьд яригдаж болохгүй асуудал. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа тэр гэрээнд өөрчлөлт ороогүй болохоор тэр. Засагт орох, орохгүй гэдэг асуудал манай намын бага чуулганаар яригдсан. Шударга ёс эвсэл маань хоёр намаас бүрддэг учраас хоёр намынхаа шийдвэр гаргах түвшний хурлыг хийнэ. Тэгэхээр манай шийдвэр гаргах хурал бол бага чуулган байдаг. Бага чуулганаар “2012 оны сонгуулийн дараа Засагт хамтарч ажиллана” гэсэн шийдвэр гарсан. Энэ гэрээ хүчингүй болоод дуусгавар болж байгаа бол бид дахиад бага чуулганаараа хуралдаад Засагт орох, үгүйгээ ярилцах байсан. Тэгээд энэ дээр бид нарын хувьд маргаантай зүйл гарч ирсэн. Хэрэв үргэлжилж байгаа бол дахин Засагт орох асуудал яригдах, бидэнд урилга өгөх асуудал байхгүй. Яагаад гэвэл урилга өгч байна гэдэг чинь шинэ Засгийн газар бүрдэж байгаа хэрэг гэж бид үзэж байгаа юм. Зарчим нь ч тодорхой байсан. Гэтэл АН маань намын дарга өөрчлөгдсөн, “ҮЗХ-д тэртэй тэргүй УИХ-д олонх болсон нам Засгийн газраа байгуулдаг гэдэг зарчмаар манайх гэрээ үргэлжилсэн үргэлжлээгүй хамтрах урилгаа өгнө” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Тэгэхээр бид энэ дээр ойлгомжгүй байдал үүссэн учраас санал солилцож, эцсийн дүндээ “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан. Тэгээд бүр 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газарт хамтрах асуудал нь АН, “Шударга ёс эвслийн бүлэг”, “ИЗНН” гэсэн субектүүдийн хүрээнд явж байсан учраас эдгээрийн хүрээнд өөрчлөлт орохгүй, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна гэсэн зарчим дээр үндэслээд л Засгийн газарт орсон асуудал.
Тэгээд үүнийг буюу Засагт орох, үгүй асуудлыг намын дарга Н.Энхбаяртай холбон тайлбарлаж, ганц хүн үүнийг хүссэнээрээ шийддэг мэтээр ярьж эхэлсэн. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН хоорондын гэрээг нөгөө л Засгийн газрыг унагах сонирхолтой байсан хүмүүс “нээнтэг”, шалтаг шалтгаан болгож ашигласан. Тэдэнд олз болж хувирсан. Өөрөөр хэлбэл, энэ гэрээ парламентад суудалтай намууд үзэл баримтлал өөр ч гэсэн хамтарч ажиллаж нэг зорилгын төлөө явж болно. Улс орны нөхцөл байдлаас болоод тэгж явах ёстой гэдэг үүднээс гэрээ байгуулсан хэрэг. Түүнийг нь 2016 оны сонгуульд манай намын суудлыг булаах гэж байна, хамтарч орох гэж байна гэх мэтээр ярьж эхэлсэн. Үүнд МАН яаж дуртай байх билээ. АН, МАХН, “Шударга ёс” эвсэл хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурчихаар МАН-ын эрх ашиг хөндөгдөж эхэлнэ гэж үзсэн. Тэр үүднээс энэ асуудал дээр шүүмжлэлтэй хандсан юм билээ. Энэ харин бусдад их өгөөш болсон.
Гэтэл өмнө нь биднийн нам, эвсэл МАН-тай хамтарч ажиллах санал тавьж байсан. Үүнийг хэн ч хэлдэггүй. Тухайн үед би үүнийг сөхөж сануулсан. “МАН-тай ч бас хамтарч ажиллая гэсэн санал хүргүүлэхэд өөрсдөө хариу өгөөгүй шүү” гэж. Дорвитой хариу өгөөгүй байж, бусадтай хамтрах болохоор бүх юм орвонгоороо эргэх гэж буй мэтээр хандаж, асуудлыг дэгдээсэн. Түүнээс биш бидний хамтрал бол аюул биш, намууд хамтарч ажиллана гэдэг чинь цэвэр улстөрийн соёл байхгүй юу. Сүүлд нь намууд хамтраад нэгдэх процесс явагдсан тэр үед би хэлж байсан. “Н.Энхбаяр дарга, Н.Алтанхуяг дарга нарын хооронд байгуулсан энэ гэрээ өнөөдөр гэрээний үргэлжлэл юм аа. Намууд хамтарч болдог юм гэдгийн эхлэл. Үүнийг эхлүүлж байгаад нь харин талархаж байна” гэсэн. Тэгэхээр энэ бол улстөрийн намуудын соёл, хариуцлага, төлөвшил, ёсзүйд өндөр ач холбогдолтой ийм л гэрээ байсан.
-Гэтэл ҮЗХ дээр АН шинэ намын даргатай болсны дараагаар тэр гэрээ хүчингүй гэдгийг зарласан?
-Тийм. Би бас үүнийг их гайхдаг юм. АН яагаад үүнд тэгтлээ их эмзэглэж байна вэ гэж бодсон л доо. Харин ч АН өнөөдөр МАХН, “Шударга ёс” эвсэл байж гэмээнэ 2012 оны сонгуульд өөрсдөө ийм хэмжээний санал авсан. Энэ саналаа дангаараа авчихсан юм шиг юунд ингэж дэвэргэж бодоод байгаа юм. Ирэх сонгуулийн үр дүнгийн дараа өөрсдийгөө олонх болно гэж яаж таамаглаад байгаа юм бэ. Намууд маш их судалгаатай болж байна. Энэ хоёр нам ээлжилж Засаг барьдаг тогтолцоо цааш үргэлжлээч үү, үгүй ч үү. Зайлшгүйгээр нийгмийн шахалт, шаардлагаар гуравдагч хүчин гарч ирэх ёстой гэдэг нийгмийн сэтгэхүй бий болчихсон шүү дээ. Нийгмийн сэтгэхүйг яаж өөрчлөх гээд байгаа нь сонин. Харин хамтраад цааш явах юм бол олон амжилт, ахиц гарах цаг шүү дээ. Ийм л ач холбогдолтой гэрээ байсан. Харамсалтай нь гэрээг шинэ намын дарга нь хүчингүй болгосон. Гэхдээ энэ гэрээг дахиад хийх санал ирэхийг ч үгүйсгэхгүй шүү дээ.
-Гадны бизнесийн бүлэглэлийн эрх ашигт нийцээд явбал “баялгийн хараал” гэдэг нь биелэлээ олсон үндэстнүүдийн замнал руу орох аюултай –
-Ирэх сонгуульд та нэрээ дэвшүүлэх үү. Парламентад дахин суух итгэл үнэмшил хэр байна?
-Би бодож байна. Улстөрчид дэвшинэ, дэвшихгүй гээд л хариулдаг юм билээ. Би бол эхлээд бодно. Энэ цаг үед дэвших хэмжээнд хийсэн ажил юу билээ гэж. Сонгогчидтойгоо санал солилцоно. Мэдээж нам гэдэг парламентад хүнийхээ нэрийг дэвшүүлдэг. Би намдаа ямар үүрэгтэй, юу хийснээ ч бас бодох хэрэг гарна. Ингээд УИХ-д нам, түүний гишүүд, сонгогчдыгоо төлөөлсөн тэр ажлаа хэр нэр хүндтэй, хэдэн хувьтай биелүүлсэн бэ гэдгийг эргэж хараад, тэгээд нам надад итгэл хүлээлгээд дахин санал болгох юм бол би хүч бололцоогоо дайчлан ажиллахад бэлэн байгаа. Өнөөдөр би бусад улстөрч шиг сонгуулийнхаа ажлыг эхлүүлээгүй байна. Эхлүүлэх шаардлага ч алга. Учир нь энэ улстөрийн үймээнт байдал, ард түмний маань амьдрал, хямралд өртөж байгаа ийм нөхцөл дунд амин хувийн эрх ашгаа бодох, сонгуулийн ажил хийх сонирхол надад байхгүй.
-Улстөрч хүний хувьд та эдийн засгийн хямралыг хэрхэн харж байна вэ. Гурван сая дахь иргэн болон чацуутнуудадөгч байгаа урамшуулал, бэлгээс харахад Монгол Улс хямраагүй бололтой гэх үгийг олон хүн хэлж байх юм?
-Түрүүн би яриандаа энэ талаар дурдсан. Юуны өмнө эдийн засгийн хямрал уу, хүндрэл үү, түр зуурын үзэгдэл үү гэдгийг сайн тогтоох хэрэгтэй юм болов уу. Монголын улс төрд, нийгэмд ард түмэн энэ 76-г харж байгаа. Тэд юу гэнэ түүнийг сонсож, улс эх орныхоо талаар мэдээлэл авна. Тэгэхээр улс төрчид УИХ-ын индэр дээрээс л эдийн засаг хямарч байна, хүндэрч байна гэдэг үгийг эхэлж зарласан. Тэгээд л бид хямарч эхэлсэн. Ингэж төр засаг өөрөө хямралыг зарлах их аюултай л даа. Нийгэм, ард түмний амьдралд маш олон сөрөг үзэгдэл гарна. Харин тэд яах нь уу гэхээр нөгөө л эдийн засгийн ач холбогдолтой орд газар, баялгийг л богино хугацаанд ашиглах, олон улсад үнэгүйдүүлэх ажлыг л цаанаа хийнэ. Төр хямарлаа, эдийн засаг хүндэрлээ, төгрөг үнэгүйдлээ, инфляци өслөө гэж зарлаж зарлачихаад сүүлд нь ард түмнээсээ мессежээр санал авах ажил зохион байгуулж байгаа юм. Ингэж зарлахаар нөгөө хөрөнгө оруулагчдын итгэл алдарна. Эдийн засгийн хөшүүрэг бүхий зээл тусламж олдохоо болино. Шинэ хөрөнгө оруулагчид ирэхээ болино. Ийм нөхцөл дунд харин нөгөө хуучин байсан гадныхан оодорч эхлэх байхгүй юу. “Танайх ийм байгаа. Бид ийм нөхцөлөөр, ийм ашгаар ажиллана. Үгүй бол болино” гээд эхэлнэ шүү дээ. Энэ хэнд ашигтай юм гэхээр нөгөө гадныхан, шийдвэр гаргах түвшний хэдхэн хүмүүс л биз дээ. Ард түмэн хохироод үлдэнэ. Өнөөг хүртэл ийм зам руу л хөтөлж ирлээ. Түүнээс биш энэ бол дэлхий дахины нөлөөгөөр хямарч байгаа хэрэг биш юм.
-Хямралыг зохиомлоор үүсгэсэн гэж үү. Ингэх нь хэнд ашигтай юм бэ?
-Олон улсын үндэстэн дамнасан бизнесийн бүлэглэлүүд тэдгээрийн жижиг буурай орнуудын эдийн засгийг зохиомлоор хямраадаг, дараа нь төрийг нь хямраадаг ажил л явагдаад байгаа юм. Үүний эсрэг үйлдэл хийх, улс орныхоо нэр хүндийг унагаахгүй байх, олон улсын бусад хөрөнгө оруулагчдад энэ цууг хүргэдэггүй байх, урьдчилан сэргийлдэг тийм хүчин чадалтай төр л манайд хэрэгтэй байна. Товчхондоо зориудаар дэгдээж буй хямралаас үүдээд хөрөнгө оруулагчид манайд орж ирэхгүй байна. Тэд өөр зах зээл хайж байна. Жишээ нь, би наймаачин байлаа гэж бодоход урд хил дээр бараа 10 төгрөгөөр өслөө гэсэн сураг сонсох юм бол хойд хил дээр байгаа 5 төгрөгөөр хямд барааг оруулж ирнэ биз дээ. Яг л үүнтэй адилхан. Одоо Засгийн газар Оюутолгойг л ашиглая. Тэгэхгүй бол бид өлсөнө, хямарна гээд ганцхан гарц яриад эхэлчихсэн. Ингэхээр нь нөгөө Оюутолгойн хөрөнгө оруулагч нь гэдийгээд суучихна биз дээ. Танайд хэн ч хөрөнгө оруулахгүй. Эдийн засаг чинь ийм байна. Би л ийм болзолтой л хөрөнгө оруулна” гэнэ. Тэгээд эцэст нь гадныханд ашигтай, Монгол Улсад хохиролтой тийм л зүйл болно. Иймэрхүү учир дутагдалтай зүйлүүд их байна. Худал цуурхалаас төрийн хямрал үүсч ард түмэн, төр хоёрын дунд маш том ан цав бий болж байна. Ард түмэн төрдөө итгэхгүй. Төр нь нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг шиг Монгол Улсад хор хөнөөлтэй зүйлсийг алхам тутамдаа хийгээд ийм замаар яваад байгаа нь их аймшигтай. Энэ бол жижиг буурай бөгөөд байгалийн баялагтай оронд тулгардаг бэрхшээл байхгүй юу. Гагцхүү ямар хувилбар сонгох вэ гэдэг л чухал байна. Нэг нь энэ гэрээгээ түлхээд гадаадын хөрөнгө оруулагчийнхаа гарт дуусах, нөгөө нь арай өөр хувилбар олох. Эдийн засгаа босгох алхмуудыг хийх. Уул уурхайгаас өөр салбар, гарцыг нээх, жинхэнэ толгойгоо ажиллуулах цаг юм. Түүнээс биш гадны бизнесийн бүлэглэлийн эрх ашигт нийцээд явах юм бол “баялгийн хараал” гэдэг нь биелэлээ олсон үндэстнүүдийн замнал руу орох аюул нүүрлэнэ.
-Таны хэлж байгаагаар Монгол Улс гадны бизнесийн байгууллагыг түшиглэсэн орон болчихоод байгаа юм байна. Тэгвэл энэ бүхнийг Шийдлийн Засгийн газар яагаад харж чадахгүй байна вэ?
-Үүнийг яривал их хэцүү. Улстөрчид хүлээн зөвшөөрдөг. Уг нь ард түмэндээ нээлттэй ярих сэдэв юм. Гэтэл өнөөдөр хэн ч ярьж байгаагүй. Манай улс төрчид энэ бүхнийг хүлээн зөвшөөрчихсөн юм биш үү. Офшор дансыг ил болгосон асуудал чинь эрэн сурвалжлах сэтгүүлзүй сайндаа олоод гаргачихсан юм биш. Өчнөөн юм байгаа. Тийм учир ийм улстөрчид чинь бүлэглэлийн эрх ашигт үйлчилсэн цагт хэлбэрээрээ өөрчлөгдөөд яаж ч чадахгүй. Би үүнийг л хэлж чадна. Өөрөөр тайлбарлах гэхээр маш их цаг орно.
-Татварын өршөөлийн хууль шилэн дансан дээрээс тогоо хөмөрч байгаатай адил болсон гэх юм. Үүн дээр таны бодлыг сонсъё?
-Эдийн засгийн өршөөлийн хуулийн ард маш том зүйл байна. Энэ хуулийг цагаан захтнуудад зориулсан хууль гэж хэлж болно. Бид арай өөрөөр тайлбарладаг. Төрөөс хамааралтай үйл ажиллагаа явуулж байгаад төрийн буруутай үйл ажиллагаанаас буюу албаны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэдэд хугацаанд нь мөнгийг нь өгөхгүйгээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг нь дотоодын бизнес эрхлэгчдээ унагаачихдаг. Тэгэхээр нөгөөдүүл чинь өрөнд орно. Төр оролцсон тохиолдолд төрийн буруутай үйл ажиллагаа гэж бид үзэж байгаа юм. Хүмүүс татвараа нуун дарагдуулсан учир өршөөлд оруулж байна гэж ойлгоод байгаа юм. Нэг талаасаа нуун дарагдуулсан гэдэг нь буруутай боловч энэ их ээдрээтэй юм байна лээ. Хууль бус мөнгийг нуун дарагдуулж, ашиг олсон мөнгөтэй дүйцүүлж үзэж болохгүй.
-Татварыг тухайн жилд нь аваад байж болдоггүй юм болов уу. Тэгвэл ийм асуудал үүсэхгүй шүү дээ?
-Үүнийг өөрчлөхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой болдог. Үндсэн хуулиараа тогтолцооны өөрчлөлт буюу засаг нь засаг шиг байх зүйлийг бий болгох хэрэгтэй. Намын харьяаллыг задлах ёстой. Намууд өөрсдөө бизнес эрхлэгчдийн халаасанд ордог.
-Шийдлийн Засгийн газар сөрөг хүчингүй. Тэгсэн хэрнээ гарах сөрөг үр дагавар нь их байдаг юм шиг санагддаг. Та ямар бодолтой байдаг вэ?
-Сөрөг хүчин үү, сөрөх хүчин үү гэж би асуудаг. Өмнө нь МАН сөрөх хүчин байсан. Сөрөг хүчин гэдэг нь бодлогыг нь шүүмжилдэг, засаж залруулдаг. Парламентад өнөөдөр сөрөх хүчин гэдэг ойлголт байхгүй. Санал хураалтад ч гэсэн цөөнх ажиглагддаг. Заримдаа сөрөг хүчнийхээ байр суурин дээр байсан хэрнээ эргээд сөрөх бодлогоо дэмжээд яваад байх юм. Өнөөдрийн бий болсон бүтцээр бол бид бүхэн улс эх орныхоо хөгжлийн төлөө нэгдэх ёстой. Ойлголцох ёстой гэдэг зарчим дээр тулгуурласан боловч эсэргүүцэж байгаа хүн олон байна. Ерөнхийдөө бодлогыг шүүмжлэх ёстой.
-Удахгүй сонгууль болно. Таны таамгаар сонгогчид эрх барьж байгаа намуудыг хэрхэн хүлээж авах бол?
-Бие даагч нар илүү, “Шударга ёс” эвслийн бүлгүүд илүү гэж янз, янзаар л ярьдаг. Сонгогчид бие даагчдад өгнө гэж ярьдаг. Гэхдээ бие даагчдад санал өгөөд юу ч өөрчлөгдөхгүй гэж би боддог. Энгийнээр бодоод үзье л дээ. Тэр хүмүүс өөрийн гэсэн үзэл бодолтой учир хэн ч хожихгүй. Тэгвэл арай эвсэг байсан нь ялалт олж ажил өрнүүлдэг. Хүссэн хүсээгүй нэгдэл шаарддаг. Намуудад ёс зүй төлөвшил хамгийн чухал. Цаашлаад нам байх ёстой. Харин хатуу гишүүнчлэл гэж байх хэрэггүй. Тэгвэл сонгогчид хүссэн, хүсээгүй намд л өгнө. МАН гишүүдийнхээ тоогоор олон гэдгээрээ санал авна гэж би бодож байна. Намын гишүүд гэдэг нь өөрсдийнх нь амьдрал дээрдэхгүй ч гэсэн баясаж байдаг улс юм. Сайхан болно гэдэгт итгэж байдаг. Жинхэнэ нөгөө намын харьяалалгүй хүмүүс тогтворгүй савлаж эхэлнэ. Жирийн ард түмний дундаас төлөөлөл гарах ёстой гэж ард түмэн үздэг. Нам бус иргэд хаашаа саналаа өгөх вэ гэдэг нь чухал. Ард түмний саналыг тааж хэлэхэд хэцүү.
-Эдийн засгийн хүндрэл таны хэтэвчинд мэдрэгдэж байна уу?
-Цалингаараа амьдардаг хүнд бол хамгийн их мэдрэгдэнэ. Миний хувьд бизнес эрхэлдэггүй. Нөхөр маань төрийн алба хашдаг. Би цалингийн зээлтэй хүн. Миний авдаг нэг сая 300 мянган төгрөг. Цалингийн 600 мянга нь зээлийн хүүнд явчихаар үлдсэн хэдэн төгрөгийг нь хоол унд, машин тэрэгний бензин гэх мэтэд зарцуулаад арай чүү л хүргэж байна даа.
-“Улс төрд ороход Н.Энхбаяр даргын Ерөнхийлөгчийн сонгууль маш их нөлөөлсөн”-
-Таны улстөрч болсон шалтгаан юу вэ?
-Би дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй хүн. Миний амьдралд хууль бус, эрх ашиг хөндөгдсөн зүйл олон бий. Бусдын л адил амьдралыг туулж ирсэн. Улс төрд орох шалтгаан гэвэл Н.Энхбаяр даргын Ерөнхийлөгчийн сонгууль маш их нөлөөлсөн. Би сонсогч байхдаа МАХН-д элссэн юм. Яг үйл ажиллагаанд нь оролцдоггүй боловч гишүүн нь байсан. Намайг Засаг дарга байх үед буюу 2009 онд Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Сонгууль болсны дараа намайг Засаг даргын суудлаас хууль бусаар огцруулсан. Тэгээд л эргэлт буцалтгүй улс төрд орсон доо.
-МАХН-ын дотоод асуудал намынхаа даргыг унагах хэмжээнд хүртэл хурцдаж байсан гэдэг. Тэр үеийнх шиг хурцадмал байдал одоо бий юу?
-МАХН нэрээ сэргээж авснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Багагүй хугацаанд чамлахааргүй амжилттай зүйлсийг хийсэн. Мэдээж бага зэргийн зөрчилдөөн бол байна. Эрүүл зөрчилдөөн зүгээр ш дээ. Харин намыг тараах гэсэн сөрөг зөрчилдөөнийг олон л харлаа. Одоо ч энэ үйлдэл байгаа. Гэхдээ цаг хугацааны шалгарлаараа энэ асуудал шийдэгдэж, намаасаа шахагдаад явчихдаг юм байна. Бид одоо эв нэгдэлтэй байгаа. Харин үүнийг эсрэгээр нь харуулахыг зорьсон бусад намын явуулга байгааг үгүйсгэхгүй. Нөгөө томрох тусмаа том бэрхшээлүүд тулгарна гэдэг л энэ байх даа.
-Оны өмнөхөн таныг “Бүх зүйлийг мэддэг юм чинь Академич болгочих” гэх яриа гарч байсан. Таны мэдлэг үнэхээр хангалттай учраас бүх асуудалд оролцоод байдаг юм уу?
-Миний ажиллах зарчим л тэр. Бүх зүйлд оролцож, харьцдаг байх ёстой гэж боддог. Би тэр явган яриаг сонссон. Гэхдээ үүнийг намайг шоолж, өөлөх гэсэн үйлдэл гэж харсан. Би анх УИХ-ын гишүүн болсныхоо дараахан Байнгын хорооны дарга болж байсан. Тэр үед олон хүн намайг алдах байх гэж харж байсан. Учир нь би шинэ хүн. Бодлого боловсруулах түвшинд ажиллаж байгаагүй хүн энэ түвшинд ажиллана гэхээр аргагүй байх л даа. Тэгээд би Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байхдаа өөрийгөө маш их шахсан. Хууль тогтоомж болоод орж ирж буй бүх бичиг баримттай 00:00 цаг хүртэл танилцаж суудаг байсан. Учир нь би МАХН-ын гишүүн. Тэр дундаа анхан шатнаасаа гарсан гишүүн. Тийм учраас хүмүүс намайг “Тэнэг, мангар, Энхбаярын Баянсэлэнгэ” гэх зэргээр дуудаж, алдахыг минь анаад сууж байгаа болохоор надад алдах эрх байгаагүй. Цаг хугацааг алдаж байгаагүй тулдаа би Байнгын хороон дээрээ нэг ч зарчмын том алдаа гаргаж байсангүй. Та нар буцаад бодоод үз надад тийм алдаа байдаггүй. Миний удирдсан байнгын хороо дутуу дулимаг хууль оруулсан тохиолдол байхгүй. Тэр үед дарга байхад оруулж байсан хуулиуд одоо батлагдаж байна. Би тэдний үндсийг нь тавьсан юм шүү дээ.
Би бүх зүйлийг энгийнээр хүлээж авдаг учраас тэрхүү асуудлууд руу ороход амар байсан. Басхүү ингэж олон талын асуудалд орж ажиллах боломжийг өөрийнхөө мэргэжлийн ач тус гэж боддог. Би хуульч мэргэжилтэй хүн. Тиймээс энэ хуулийн төслүүдтэй танилцахад нэг их хүндрэл бэрхшээл тулгараад байдаггүй. Хийж чадна гэсэн зүйлсээ хийснийхээ төлөө хүмүүст академич гэх зэргээр дуудуулж байгаа нь жаахан харамсалтай л юм.
-Надад брэндээр гангарах чадал байхгүй-
-Таныг Индонез улсын парламентын гишүүний амийг аварсан тухай Монголын хэвлэлүүд шуугиж байсан. Тэр үед таныг эмч гэж ярьж байсныг санаж байна?
-Би хамгийн анхны Анагаах ухааны бага сургуулийн бага эмч, сувилагчийн ангийг төгссөн хүн. Хүнд мэргэжил хэзээ ч илүүддэггүй гэдгийн жишээг би тэр үед гаргасан юм. Хамгийн гол нь тухайн хүн мэргэжлээ хэр сайн эзэмшсэн бэ гэдгээс бүх зүйл шалтгаалдаг. Намайг бага эмч, сувилагчийн ангид сурч байхад одоогийнх шиг тоног төхөөрөмжүүд хөгжөөгүй байлаа. Жишээ нь, хатгаа өвчнийг оношлохын тулд магнитафонд кассит хийгээд шалгадаг байсан. Аав маань их хүнд өвчтэй байсан ч аавыгаа би өөрөө эмчилж, шаардлагатай эмчилгээг нь хийж байсан. Аав минь өнгөрсөн оны зургаадугаар сард бурхан болсон. Энэ миний мэргэжлийн ач тус. Би энэ мэргэжлийг эзэмшээгүй бол аавыг минь зовоож байсан тэр аюултай, аймшигтай өвчнийг өөрийн биеэр эмчилж чадахгүй, эмнэлэгт эргэдэг сахиурын л хүн болох байсан байх.
Миний аварсан гишүүний хувьд намайг Японд байхад болсон үйл явдал л даа. Тэр үед Японд дэлхийн парламентын гишүүдийн хурал болсон юм. Хурлын үеэр Индонезын парламентийн гишүүн импаркт ороод унахад нь би хиймэл амьсгаа хийгээд, зүрхэнд нь массаж хийсэн. Би ганцаараа туслаагүй л дээ. Тэр гишүүний хувьд маш том биетэй хүн байсан учраас сандлаас нь ч татаж буулгаж чадахгүй байсан. Тухайн үед тэр хүнд туслахад Шинэ Зеландын гишүүн надтай хамт байж, тусалсан. Нэг нь хиймэл амьсгаа хийж байхад, нөгөөх нь зүрхэнд нь массаж хийх зэргээр анхны тусламж үзүүлж чадсанаар тэр хүн амь гарсан. Тэр хүнтэй би дараа жил нь Индонез улсад болсон хурал дээр таарсан. Бүр 30 кг хассан байсан. Надад маш их баярлаж буйгаа илэрхийлж, алчуур бэлэглэсэн.
-Та 76 гишүүнтэй нэг ангид суугаад бараг 2-3 жил өнгөрлөө. Энэ хугацаанд тэр бүр тааралдаад байдаггүй гишүүн байна уу?
-Байна. Зүүн жигүүрээс Сү.Батболд гишүүнтэй их цөөхөн тааралддаг. Баруун жигүүрээс Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй их цөөн тааралддаг юм байна.
-Чуулган дээр төдийлөн дуугараад байдаггүй гишүүд байдаг шүү дээ?
-Тийм хүмүүс бий. Хүний нэр зааж хэлмээргүй л байна.
-Та УИХ-ын бусад эмэгтэй гишүүдтэй харьцуулбал дээл их өмсөх юм аа?
-Надад брэндээр гангарах чадал алга. Дээл өмсөж танхимдаа орох дуртай. Тийм хүндэтгэлийн орчныг хүндэтгэж дээлээ өмсдөг гэж ойлгож болно. Энгийн хувцастай Их хурлын танхимд орж байгаагүй юм байна шүү.
-Та хэр сайн оёдолчин бэ. Дээлээ өөрөө хийж өмсдөг үү?
-Үгүй. Урт цагаан дээр ажилладаг нэг эгч дээр очиж оёулдаг. Байнгын үйлчлүүлэгч нь болсон доо.
-Ярилцсан танд баярлалаа.
З.Баянсэлэнгэ: Н.Энхбаяр даргын оролцсон Ерөнхийлөгчийн сонгууль намайг улс төрд ороход нөлөөлсөн | ||
Үзсэн: 7386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.