УИХ-ын гишүүн Я.Санжмятав энэ өдрүүдэд Завхан аймгийн зарим сумдад ажиллаж байна. Тэрбээр өчигдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр Тосонцэнгэл суманд ажиллаж тус сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэ үеэр Тосонцэнгэл МСҮТ-ийн захирал Д.Очирбат болон Тосонцэнгэл сумын Засаг дарга Б.Төрмөнх нартай уулзлаа.
Тосонцэнгэл МСҮТ-ийн захирал Д.Очирбат: Сурагчдад маш том боломж бүрдэж байна.
-Тосонцэнгэл суманд шинээр байгуулагдсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн талаар тодорхой танилцуулаач?
-Мэргэжлийн боловсролын хууль гарснаар төр засгаас мэргэжлийн боловсролд ихээхэн анхаарч байгаа. Тосонцэнгэл сум бол 10 мянга гаруй хүн амтай томоохон сум. Энэ орон нутагт УИХ-ын гишүүн Я.Санжмятав хамгийн сүүлийн үеийн тоноглолтой, дадлага кабинет хосолсон иж бүрэн бүтээн байгуулалтыг дэмжиж байгуулсан. Анх 2010 онд Завхан сургууль байж байгаад 2013 онд Засгийн газрын тогтоолоор Тосонцэнгэл МСҮТ гэж бие даасан сургууль болсон. Манай сургууль нийтдээ 400 орчим оюутан төгсгөсөн бөгөөд одоогоор 12 мэргэжлээр 300 гаруй оюутан суралцаж байна. Ийм сайхан иж бүрэн сургуульд тав тухтай орчинд ингэж сурах нь суралцагчдад маань орон нутагтаа хөгжих ихээхэн боломжийг нээж өгч байна.
-Сумандаа бие даасан МСҮТ байх нь сум, орон нутгийн хөгжилд ихээхэн нэмэр болох байх гэж бодож байна л даа. Мөн төгсөгчид нь орон нутагтаа үйлдвэрлэл явуулах боломж бүрдэх байх?
-Энэ бол маш том боломж. Манай сургууль бол Тосонцэнгэл сумандаа 60 гаруй багш ажилчидтай хамгийн том аж ахуйн нэгж. Бид үсчин, гагнуур, оёдолчин гээд үйлдвэрлэл дадлага хосолсон сургалтыг явуулж байгаа нь орон нутгийн хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна. Бид мөн Хөвсгөл, Архангай аймгийн захын сумуудаар элсэлт хийж байгаа.
Тосонцэнгэл сумын Засаг дарга Б.Төрмөнх: Тосонцэнгэл сум 10 жилийн дараа гэхэд хотын статустай болно
-Тосонцэнгэл МСҮТ байгуулагдсанаар орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байна вэ?
-Мэдээж Тосонцэнгэл суманд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулагдсанаараа эерэг нөлөө үзүүлж байгаа. Төсвийн байгууллагыг дагаад нэгдүгээрт ажлын байр нэмэгдэж байна, нөгөө талаасаа сумын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гол бааз суурь болж байна.
-МСҮТ-д Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумуудаас сурагчид элсүүлнэ гэж байна. Тэгэхээр хүн амын тоо ч бас нэмэгдэх байх?
-Тойргийн сумдууд хүүхдүүдээ авчраад Тосонцэнгэл суман дээр нарийн мэргэжлийн сургалтуудад хамруулах боломжтой. Үүнийгээ дагаад сумын хүн ам нэмэгдэх, мөн жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж мөн харагдаж байгаа.
-Танай сум дээр Шинэ сум төсөл хэрэгжиж байгаа юм байна. Энэ төслийн үйл явц хэр явагдаж байна вэ?
-Сумын төсвийн шинэчлэл хөтөлбөр өнгөрсөн 2014 оноос хэрэгжиж эхлээд одоо үргэлжилж байна. Энэ ондоо багтааж дуусах төлөвлөгөөтэй байгаа. Манай сум хүн ам ихтэй, томоохон сум. Одоогоор төсөвлөгдсөн таван тэрбум төгрөгөөр инженерийн шугам, сүлжээг хийж байна. Үүний дараа цахилгааны болон нэгдсэн дулааны шугам сүлжээний шинэчлэлийн асуудал байгаа. Энэ бүгдийг шийдэж чадах юм бол Тосонцэнгэл сум хотын статуст нийцэх боломжтой болно. Энэ бүхэн харин хэзээ хөрөнгө оруулалт нь шийдэгдэхээс л шалтгаална даа.
Тосонцэнгэл МСҮТ-д 12 мэргэжлээр 300 гаруй оюутан суралцаж байна | ||
Үзсэн: 2151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.