Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын найманд эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгээ илэрхийлсэн билээ. Үүний дагуу Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийж хууль, шүүх, хүний эрхийн байгууллага, хүчирхийлэлтэй тэмцэх байгууллага, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хууль зүйн яамтай уг хуулийн төслийг боловсруулах чиглэлээр хамтарч ажилласан байна. Сүүлийн 10 жилд 23 мянгаас 26 мянган гэмт хэрэг гарч, үүнээс өсөхгүй, тогтвортой байгаа мэт харагдаж байгаа. Гэтэл захиргааны зөрчил гэдэг нэр томъёоны ард гэр бүлийн хүчирхийлэл нуугдаж ирсэн. Гэр бүлийн хүчирхийлэл даамжраад хүний амь нас хохирсон хойно л сая мэддэг. Монгол Улсад жилд дунджаар 300 орчим хүн бусдын гарт амиа алддаг. Үүний нэлээд нь гэр бүлийн хүрээнд, хүчирхийлэл ужгирч даамжирсны улмаас үйлдэгдсэн байдаг. Бид үүнээс урьдчилан сэргийлэх ёстой. Мөн хуулийн төслийг шинэлэг үзэл баримтлалаар сэлбэж амилуулах шаардлагатай болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлийн хууль бусад хуультайгаа уялдаагүй, иргэний журмаар асуудлыг шийдэж сунжирдаг байсан. Энэ завсар хүний эрхийн зөрчил гардаг байсныг шинэ хуулиар өөрчилж зөрчлийн хууль, эрүүгийн хуулийг уялдуулахаар болжээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллээр үүссэн ноцтой хэргийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор болж байгаа ажээ.
Хүчирхийллийн эсрэг төвийн захирал Б.Энхжаргалын танилцуулснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирохоос гадна шүүх эмнэлэг, бусад үйлчилгээний төлбөрт 400 гаруй мянган төгрөг төлөх хэрэгтэй болдог. Гэр бүл салсан таван тохиолдол бүрийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг. Жилд дунджаар 20 орчим хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алддаг байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас аргагүй хамгаалах үйлдлийг хэтрүүлэн хэрэглэж хүний аминд хүрсэн 38 эмэгтэй одоо ял эдэлж байгаа юм байна.
Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийг тэвчилгүй гэр бүлийн гишүүнийхээ амийг хөнөөсөн эрчүүд ч байдаг гэлээ. Цагдаа, шүүхийн байгууллагад ханддаг ч тодорхой арга хэмжээ авдаггүйн улмаас аргагүй хамгаалалт хийсэн тохиолдол ч цөөнгүй гардгийг мөн дурдаж байв.
Жилд дунджаар 20 орчим хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алддаг | ||
Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.