Шууд Chart

Б.Төрмөнх: Хүн унасан ч тохойгоороо тулаад босоод ирэх чадалтай байх ёстой

2015-03-25 11:34:59

Бид энэ удаагийн “Редакцийн зочин” буландаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Б.Төрмөнхийг урилаа. Залуу хүн хичээж, хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрч болдгийн жишээ энэ залуугийн амьдралаас харагдах ажээ. Тосонцэнгэл сумыг хотын статустай болгохыг юу юунаас илүү хүсдэг тэрбээр зорилгодоо хүрэхийн тулд сумаа дэд бүтэцжүүлэх их ажлаа аль хэдийнэ эхэлчихсэн байна.  

-“Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг шүү дээ-

-Би өмнө нь 23 настайдаа сумын Засаг дарга болсон хүний тухай сонсож байгаагүй юм байна. Засаг дарга болоод хийсэн анхны ажил юу байсан бэ?
-Би анх 2012 оны 12 дугаар сард Тосонцэнгэл сумын Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авч байсан. Тэр үед хамгийн түрүүнд Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр боловсруулж байсан санагдаж байна. Залуустайгаа нийлээд хоёр, гурван хоног сууж байж боловсруулсан юм. Сүүлд эргээд харахад бас алдаа, оноотой зүйл байдаг л юм. Тухайн үед Тосонцэнгэл сумыг цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг зориуд мөрийн хөтөлбөртөө оруулж байсан. Мэдээж хаанаас ямар эх үүсвэрээр шийдэх нь тодорхойгүй байсан ч гэсэн үүнийг шийдэх нь хамгийн чухал гэж бодсон юм. Тэгэхэд бас ойр орчны, нам улс төрийн туршлагатай хүмүүс биелэгдэхгүй зүйлийг мөрийн хөтөлбөртөө хийж хэрэггүй, рейтинг унадаг юм шүү гэж болгоомжилсон байдлаар хэлж л байсан. Гэхдээ хэцүү гээд хойш нь тавиад байвал шийдэгдэхгүй учраас үгүй ядахдаа мөрийн хөтөлбөртөө оруулаад анхааралдаа авч байгаа нь нэг алхам шүү дээ гэж бодсон. Өнөөдөр харин энэ асуудал бүрэн шийдэгдсэнд их баяртай байгаа. Тосонцэнгэл сум “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдсан. Энэ хүрээнд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж эхэлсэн. Одоо энэ ажил 70 хувьтай байна. Энэ бол миний хамгийн түрүүнд мөрийн хөтөлбөртөө тусгаж хийсэн ажил юм.   
 
-Засаг даргаар анх сонгогдож байсан тухайгаа яриач?   
-Би оюутан байхдаа зүгээр суудаг оюутан байгаагүй. Хөдөлгөөнтэй, нийгмийн идэвх сайтай, энд тэнд илтгэл тавьдаг, мэтгэлцээний тэмцээн уралдаанд их ордог байсан. Тэгээд ер нь бололцоогоороо байр эзлээд шагналыг нь авчихдаг байсан. Хамгийн сүүлд 2010 онд “Монгол Омогшил” нэртэй реалити шоу хэлбэрээр болж байсан “Илтгэлийн улсын аварга”-ын тэмцээнд түрүүлж, гурван сая төгрөгөөр шагнуулсан. Тэр үед тийм их шагналтай тэмцээн байгаагүй болохоор би их хөөрч билээ. Би бас сум орон нутагтаа очиж лекц уншдаг байсан. Тэр үед хүмүүс намайг харсан байх л даа. Оюутан байхдаа бас Завхан аймгийн “Залуучууд оюутны хөгжлийн төв”-ийнхөө Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр жил ажилласан. Энэ ажлаараа бас нутаг усныхандаа танигдаж, нэг ёсондоо нүдэнд нь өртсөн юм болов уу. Сургуулиа төгсөөд Завхан аймгийн “Ардчилсан нам”-д ажилласан. Манай нам залуучуудаа их дэмждэг. Тэгээд надад санал тавьсан юм. Би сумын Засаг дарга болоод орлогч болон багаа залуу хүмүүсээр бүрдүүлсэн. Би “Монголын хамгийн хүйтэн газрын хамгийн халуун сэтгэлтэй залуус манай суманд байдаг шүү дээ” гэж хэлэх дуртай.
 
-Залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлэх нь сайн ч, нөгөөтэйгүүр туршлагатай хүмүүс үгүйлэгдэж байж болох юм. Танд ямар санагддаг вэ?  
-Нэг ажлыг нэг аргаар олон дахин давтаж хийхийг туршлага гэдэг байх аа. Мэдээж туршлагатай хүн хэрэгтэй. Манайд тийм хүн олон бий. Гэхдээ бас залуу хүмүүст боломж олгож, тэдний хөдөлмөрийг үнэлж байх хэрэгтэй шүү дээ. Нэг үг байдаг даа. “Ахмад үеийнхэн үргэлж залуу үеийг шүүмжилдэг. Гэхдээ залуу үе үргэлж тэднээс илүүг бүтээдэг”  гэж. Ахмадуудын маань шүүмж бас бидэнд их чиг өгдөг юм шиг байгаа юм. Нум хэдий чинээ чанга байна, сум төдий чинээ хол явна. Тэгэхээр ахмад үеийнхэн маань бидэнд хэдий чинээ зааж зөвлөнө тэр чинээгээр бид хол, зөв явна гэж боддог юм.  
 
-Таныг МУИС-ийг төгссөн гэж сонссон?
-Тийм ээ. Би МУИС-ийг Улс төр судлаач мэргэжлээр дүүргэсэн. Төгссөнөөсөө хойш дахиж сураагүй л байна даа. Ер нь бол хилийн дээс алхаж номын дуу сонсох бодол бий.
 
-Засаг даргын албаа хашаад бас гадагшаа сургуульд явна гэхээр цаг заваа тохируулах том асуудал гарч ирэх юм биш үү? 
-“Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг шүү дээ. Насаараа Засаг дарга хийнэ гэж юу байх вэ дээ.  
 
-Тэгэхээр дахиж Засаг даргаар ажиллахгүй гэсэн үг үү?  
-Хангалттай шүү дээ. Нутагтаа дөрвөн жил сайхан ажиллалаа. Төрийн ажлыг сайхан хийж сурлаа. Ажлын гараа маань нутгаасаа тэгээд бүр Засаг даргаасаа эхэлсэнд их бэлгэшээдэг.  
 
 
-“Хүнд загас барьж өгөх биш, загас барьж өгөх аргыг нь зааж өг” гэдэг зарчмаар ажиллах хэрэгтэй-
 
-Танай сум хэдэн хүн амтай вэ?  
-Манай сум 8700 гаруй хүн амтай. Суурьшлаараа бол 10 мянга гаруй хүн амтай. Долоон баг, 27 төсвийн байгууллага, 150 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсын хэмжээнд 11 том сум байдгийн нэг нь манай Тосонцэнгэл.  
 
-“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр танай орон нутагт хэр хэрэгжиж байна вэ.  Түрүүн ярьсан дулааны шугам сүлжээнээс өөр ажлууд хийгдсэн үү?
-Энэ хөтөлбөрт хамрагдаад нийтдээ 10 мянга гаруй метр цэвэр, бохир усны шугам сүлжээний ажил хийгдсэн. 1200 метр гаруй дулааны шугам тавигдаж байна. Мөн хоногт 250 метр кубыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж баригдаж байна. Хоёр гүний худаг, ус цэвэршүүлэх төхөөрөмж гээд нэлээд асуудлуудыг цогцоор нь шийдэж байгаа. Энэ бол Тосонцэнгэл сумын дэд бүтцийн хувьд асар том ажил юм. Үүнийг дагаад ая тухтай амьдрах орчин бүрдэнэ. Энэ хэрээр хүмүүс нутаг орондоо ирж амьдарна шүү дээ.
 
-Та сумынхаа өрхүүдийг ер нь хэр мэддэг вэ?
-Мэдэлгүй яах вэ. Манайд 2700 өрх бий. Нэн ядуу 177 өрх байна. Би болж өгвөл өдөрт нэг өрх гэдэг зарчим баримтлахыг хичээдэг. Гэхдээ зарим өдөр нь амжихгүй бол нэг өдөр хэд хэдэн айлаар ордог юм. Тэгээд айлуудаар очиж хүмүүстэй нь уулзаад санал хүсэлтийг нь сонсоод явдаг.
 
-Ядуу өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд юу хийх ёстой юм бол?
-“Хүнд загас барьж өгөх биш, загас барьж өгөх аргыг нь зааж өг” гэдэг зарчмаар ажиллах хэрэгтэй. Манай Монголын төрийн бодлого бол дан халамжийн чиглэлээр явчихсан. Халамж чинь эцсийн дүндээ хүлэмж болдог. Гэтэл ногоо бол тэр хүлэмж дотроо байж л ургана. Тэгэхээр халамжийн бодлого хүнийг яг тийм болгочихож байгаа юм.
  
-Та тэгээд загас барих аргыг нь зааж өгч байна уу?
-Ядуу гээд л өчнөөн сайхан залуус байдаг юм. Би тэдэнд “Та нарт нас байна. Өөрсдөө хийж бүтээ. Хүн хичээвэл болохгүй зүйл гэж байдаггүй” гэж хэлдэг. Үнэхээр хөдөлмөрийн чадваргүй болчихсон настай хүмүүс бол өөр л дөө. Тэднийг бол дэмжмээр санагддаг. Бас юм өгөөд байхад авсан шинжгүй улсууд байна. Зараад, идэж уугаад дуусчих жишээний. Зарим нь жаахан дэмжээд өгөхөөр амьдралаа аваад явчихна. Тэгэхээр аливаа халамж, тусламжийг хүнээ олж өгөх л хэрэгтэй юм.  
 
-Шинэ санаачилга гаргаад сумдаа бүтээн байгуулалт хийе гэж бодсон ч ажил хэрэг болгож чадаагүй тохиолдол бий юу?
-Байна. Би нэг аятайхан “Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн” хийе гэж бодоод зураг төслийг нь бэлдчихээд байгаа. Төсөв мөнгө нь танагдчихаад шийдэгдэхгүй л байна даа. Задгай спортын талбай, цэцэрлэгт хүрээлэнтэй болъё гэж бодоод л байна. Ирэх онд улс орны эдийн засгийн нөхцөл байдал гайгүй болвол эдгээр бүтээн байгуулалтыг хийнэ ээ.
   
-Шантрах үе хэр их тохиолдох юм?
-Тийм үе байдаг байсан. Одоо ч гэсэн заримдаа байдаг л юм. Янз янзын хэл ам, үг дуулахаар л нэг хэсэг бодогддог /инээв/. Тэгж идэж, ууж гэнэ гэсэн яриаг сонсоод больдог ч юм билүү гэж бодно. Тэгснээ иймхэн юм даваад гарч чадахгүй байж цаашаа явна гэж юу байсан юм гээд л өөрийгөө зоригжуулна. Хүн унасан ч тохойгоороо тулаад босоод ирэх чадалтай л байх ёстой. Угаасаа юу ч хийдэггүй хүн алдаа гаргадаггүй биз дээ. Тэгэхээр хийгээд байгаа хүмүүсийг шүүмж, хэл ам байнга дагадаг байх.
 
-Залуу хүн удирдах албан тушаал хашихад хүндрэлтэй зүйл нь юу байдаг вэ?  
-Хүмүүстэй сайхан яриа хөөрөө өрнүүлэх гэхээр нас багадаад хэцүү ш дээ. Өмнө нь төрийн алба хашиж үзээгүй болохоор ч тэр юм уу, янз бүрийн хэл ам сонсохоор сэтгэл санаагаар унах гээд байдаг юм. Ер нь төрд ажиллаад, улс төрийн алба хашаад сурчихсан хүмүүс доголонгийн газар доголон, сохорын газар сохор байдаг юм шиг байна лээ. Хүн зорьсондоо хүрэхийн тулд хуцсан нохой болгон руу чулуу шидээд байж болохгүй шүү дээ. Тэр болгонд ач холбогдол өгөөд байвал төрийн ажил урагшлахгүй. Жишээ нь, надад нэг ширхэг алим байлаа гэж бодоход түүнийг надаас 10 хүн зэрэг гуйна. Гуйхдаа бас янз бүр ш дээ. Зарим нь дарга нараар яриулна, танил, найз нөхдөөрөө дамжуулуулна, өөрсдөө орж ирээд ч гуйна. Тэр алимыг би 10 хүний зөвхөн нэгэнд л өгөх ёстой учраас хэнд өгөхөө бодно. Гэртээ хариад, хоолоо хийхдээ, унтахдаа ч хүртэл бодно. Ингээд нэг шийдвэр гаргахаар алим авсан нэг хүн нь надад баярлаад, аваагүй ес нь гомдож, янз бүрээр хэлж ярьж явна. Энэ мэтчилэн шийдвэр гаргах түвшинд ажиллана гэдэг их дарамттай юм шиг санагддаг. Аяндаа туршлагажаад ирэхээр энэ мэтийн асуудлуудад бол нэг их стресстэхээ больчихдог юм шиг санагдсан.
 
 
-Улс төр гэдэг бол эрх мэдлийн төлөөх тэмцэл-
 
-Таны бодлоо улс төр гэж яг юу юм бэ?  
-Улс төр гэдэг бол эрх мэдлийн төлөөх тэмцэл шүү дээ. Ингэж тэмцэхдээ зөв байсан ч буруу болгоно, буруу байсан ч зөв болгоно. У.Черчилль “Улс төрд мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн найз гэж байхгүй. Харин мөнхийн эрх ашиг гэж байдаг” гэж хэлсэн байдаг.   
 
-Заавал аль нэг намд харьяалагдаж байж албан тушаалд хүрдэг гэсэн ойлголттой залуус их байдаг шиг анзаарагддаг юм?  

-Хүмүүс аль нэг намын нөмөр нөөлөгт орох гэж, эсвэл албан тушаалд очихын тулд намд элсдэг болчихсон юм байна. Түүнээс биш өнөөдөр манай улс төрийн намуудад концепц гэж байхгүй. Үзэл суртал гэж огт байхгүй болчихсоныг нь элсэж байгаа залуус нь мэддэггүй. Улс төр судлаач хүний хувьд манайд яг улс төрийн нам бол байхгүй гэж хэлнэ.

-Өнөөгийн залууст диплом их чухал байх шиг. Уг нь МСҮТ-д сураад мэргэжилтэй болвол амьдрал нь илүү баталгаатай болох юм шиг санагддаг?   
-Өөртэй чинь санал нэг байна. Монголын боловсролын салбарын бодлого буруу яваад байгаа юм. Би үүнийг нэг их шүүмжлэх нь хаашаа юм. Гэхдээ л буруу гэдгийг хэлмээр байдаг. Монголын их, дээд сургуулийн дийлэнхийг нийгмийн ухааны чиглэлийн сургууль эзэлдэг. Тэгсэн мөртлөө инженерийн чиглэлийн сургууль байхгүй. Сургалтын материаллаг бааз нь өртөг өндөртэй байдаг учраас хийдэггүй. Нэг хэсэг МСҮТ-ийн оюутнуудыг дэмжээд хэдэн төгрөг өгч байснаа араас нь оюутнуудад баахан мөнгө өгчихөөр ямар хэрэг байх юм бэ. Одоо харин голч дүнг нь хардаг болж байх шиг байна.
 

-Би чинь хэт гүйчихсэн хүн. Тэгж байгаад тасхийтэл нэг унах вий дээ гэж айдаг-

-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулаач?
-Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Манай эхнэр хүүхдийн байцаагч хийдэг. Бид хоёулаа Тосонцэнгэлийнх. Дунд сургуулийн сурагч байхаасаа л үерхэж эхэлсэн. Одоо бараг 10 жил болж байна даа.
 
-Нууц биш бол таны цалинг сонирхож болох уу. Ер нь орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа сумын Засаг дарга нар маань хэдэн төгрөгөөр цалинждаг юм бол гэх бодол төрөөд байна?     
-Би гар дээрээ 780 мянган төгрөгийн цалин авдаг. Тэгээд ихэнх нь цалингийн зээлэнд явчихна. Би чинь амьдралаа дөнгөж эхэлж байгаа хүн шүү дээ. Энд хов хоосон ирээд л монгол гэрт хуримаа хийж байсан юм. Дараа нь цалингийн зээл авч байшин барьсан. Заримдаа ч бас албан тушаалынхаа нэр хүндэд өөрөө чирэгдчих гээд байдаг тал бий шүү.
 
-Та ирээдүйгээ хэр төсөөлж байна вэ. Ажлын гараагаа сумын Засаг даргаас эхэлсэн хүн чинь бусдаас арай өөр байж болох юм?
-Гүйж яваа хүн унадаг болохоос мөлхөж яваа хүн унадаггүй шүү дээ. Би чинь хэт гүйчихсэн хүн. Тэгж байгаад тасхийтэл нэг унах вий дээ гэж айдаг юм. Гэхдээ өөрийнхөө ирээдүйг бол сайхнаар л төсөөлдөг. Улс төр гэдэг чинь тэгээд их хатуу тоглоом шиг байгаа юм. Уг нь номын мөр хөөе гэж их боддог ч яг одоо бол боломжгүй болчихоод байна. Б.Лхагвасүрэн гуай “Сүүнд гараа дүрвэл цайтал нь дүр” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр эхлээд энэ ажлынхаа эцсийг үзэх ёстой.
 
-Тэгвэл 10 жилийн дараа таныг УИХ-ын сонгуульд нэр дэвших юм байна гээд ойлгочих уу?
-Хүмүүс надад их тэгж хэлдэг юм. Настай хүмүүс намайг “Чи Монгол Улсын Ерөнхийлөгч болно оо” л гэдэг. Түүнд нь их бэлгэшээдэг шүү.
 
-Зөвхөн бэлгэшээж боддог гэж үү. Нэгэнт улстөрч болсных УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч болох хүсэл байгаа гэж бодож байна?
-Нэгэнт л орчихсон юм чинь эцсийг нь үзнэ. Түүнийгээ зорилгоо болгоно. Улс төр чинь их сонин тоглоом шүү дээ. Хэтэрхий шударга хүн явдаггүй, шударга бус хүн явдаггүй. Тэгэхээр тэр нөхцөл байдлаа их мэдэрч алтан дундаж л байх ёстой шиг байгаа юм. Хүн ер нь зөв бодолтой, зөв явж байхад бүтэж л таараа. Би дунд сургуульд байхдаа тийм мундаг байгаагүй. Дундаж л хүүхэд байсан. Одоо манай орлогч дарга надаас хоёр дээд ангид сурдаг, сурлагаараа тэргүүлдэг, дандаа л улсын олимпиадад ордог хүүхэд байсан. Тэгээд урилгаар МУИС-д орж байсан. Тэгэхэд би сураггүй хүүхэд л байсан юм. Бөмбөг хөөгөөд л явдаг байлаа.
 
-Тэгвэл юу таныг хөлбөмбөгөөс хөндийрүүлж, манлайлах эрдэмд татсан юм бэ?  
Оюутан болоод л их өөрчлөгдсөн. Оюутан байхад Улс төрийн удиртгал хичээлийг С.Базарпүрэв гэдэг багш ордог байсан юм. Манай арван жилийн ангийн нэг хүүхэд надаас түрүүлээд МУИС-д улс төр судлалын ангид орчихсон байсан л даа. Тэгээд тэр маань надад хичээл дээрээ урд суугаарай. Тэгвэл багш нарт их үнэлэгдээд цаашаа сайн явна гэж зөвлөж билээ. Тэгээд л хичээлийн эхний өдөр би гэж улаан хацартай хүн баахан танихгүй хүүхдүүдийн хажууд урд суув аа. Манайхан чинь хацар нь хөлдсөөр байгаад улайчихдаг байхгүй юу. Тэгсэн С.Базарпүрэв багш орж ирэнгүүтээ “За сайн байцгаана уу. Энэ улаан хацартай, царай муутай юмнууд хойшоо суу” гэж хэлдэг юм даа /инээв/. Миний ичсэн гэдэг жигтэйхэн. Тэр долоо хоног бол амьдрал үнэн утгагүй болж байгаа юм. Ерөөсөө буцъя гэж бодоод аавдаа хэлтэл загнуулаад, нэг хэсэг л юм болсон. Тэгээд “За ер нь сурах нь зөв юм байна” гэж бодоод хичээсэн. Яг үнэнийг хэлэхэд, анх намайг МУИС-д ороход манай ангийнхан үнэхээр мундаг байсан. Харин дөрвөн жилийн дараа төгсөхөд би ангийнхаа хүүхдүүдийг хол хаясан байсан. Хүн яг зориод хичээвэл юуг ч чаддаг л юм байна лээ.
Би арван жилд байхдаа бүр нэг хоосон толгойт ч бас байгаагүй юм л даа. Уралдаант шалгалтад хоёроор гарч МУИС-ийн хуваарь авч байсан. Тэгээд бас хүний хүрээлэл их чухал байдаг юм. Миний найзууд, ангийнхан гээд их мундаг залуус байсан болохоор намайг өөрчлөгдөхөд их нөлөөлсөн байх.  
 
-Та ер нь ном хэр уншдаг вэ?
-Засаг дарга болсноос хойш ном унших зав төдийлөн гарахаа больчихоод байгаа. Оюутан байхад үнэхээр их ном уншдаг байсан. Одоо миний өрөөнд номууд маань багтдаггүй болохоор ихэнхийг нь гэртээ аваачаад тавьчихсан байгаа.   
 
 
-Та яриандаа ишлэл их хэрэглэх юм. Яг л илтгэгч шиг?  
-Илтгэгч байсан юм чинь аргагүй шүү дээ /инээв/. Би одоо ч гэсэн найзынхаа гаргасан илтгэх чадварын тухай ном уншиж л байна. Улс орны хөгжсөн түүхийн талаар, эсвэл мундаг удирдагчдын талаар унших их дуртай. Яг одоо “Сталин”-г уншиж байгаа.   
 
-Мундаг удирдагч гэснээс танд сайн улстөрч гэж бодож, хүндэлж явдаг хүн бий юу?
-Байлгүй яах вэ. Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нарыг нэрлэнэ.
 
-Та улс төрд шийдвэр гаргах түвшинд очвол хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Ер нь бол надад бодол байдаг. Би нийгмийг бүхэд нь цэвэрлэхийг хүсдэг. Хөмрөөд тавьчихсан аягыг улс төр гэж бодвол би тийшээ дөнгөж шургаж орох гэж байна. Нэг үгээр хэлбэл, аяганы гадна талд нь байгаа. Би гаднаас нь мянга хашгираад хэн ч намайг хүлээж авахгүй. Мундаг тэмцэгч байлаа ч хэлсэн үгс нь аяганы гадна талд ойгоод л буцна шүү дээ. Тэгэхээр шургаж орох ёстой. Тэгж байж дотроос нь гэрэл асаах хэрэгтэй шүү дээ.  
 
-Нийгмийг цэвэрлэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? 
-Авлигачдаас цэвэрлэхгүй юу. Хүмүүсийн өчүүхэн бодлыг нь авч хаяна гэсэн үг. Гэхдээ эхлээд өөрөө зөв бодолтой байх хэрэгтэй. Тэрнээс биш улс төрд ороод учир зүггүй баяжаад л, дургүй хүрснээ няслаж унагаана гэж бодож болохгүй.
 
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Б.Төрмөнх: Хүн унасан ч тохойгоороо тулаад босоод ирэх чадалтай байх ёстой  
Үзсэн: 8495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-04-26 12:38
Hunii ug uildel hoyor ne zoroh yum uks tur ugaasaa uuriin erh ashgiin tuluuh l temtsel yumdaa bi huvidaa uneldeggui ee ene hiniig
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-04-01 10:57
zow setgeltei zow yariatai sain zaluu baina iredvin zam chin gegeeleg gerelteg
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-03-25 19:59
Мундаг хүн шүү
202.131.232.xxx [202.131.232.xxx] 2015-03-25 18:02
5 terbumaar ajiliin bair bii bolgosn vildver negiig barisan bol erunkhiilugch oir l baij gehdee ene mungiig gazar bulaad teriigee nukhukh ursgal zardalaasaa bolood hol yavakhgvi l boluudaa ard tvmen 4 jild chamd tsai ayagalaad suusan harin daraa hariugaa nekheh baikhdaa
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-03-25 16:20
Сайхан яриа болсон байна чамтай ярилцсан юм шиг л боллоо ийм шударга зөв хэвээрээ байгааг мэдэх сайхан байна. Амжилт хүснэ. Дээр уулзана. "Том газрын жижиг загас байснаас жижиг газрын том загас байсан нь дээр".
124.158.88.xxx [124.158.88.xxx] 2015-03-25 15:59
Сайн ажилж байгаа шүү. Нутаг орноо сайхан хөгжүүлээрэй. Ажлын өндөр амжилт хүсье!
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-03-25 15:49
Ард иргэдийхээ итгэлийг дааж, тэднийгээ ойлгосон, эргэж бас хааяа нэг мөрөө хардаг, алсын зорилгоо марталгүй явахыг хүсэн ерөөе
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-03-25 15:26
Saihan yariltslag boljee amjilt husey iim l engiin shan zaluudaa.
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2015-03-25 14:55
сүрхий ярьдаг залуу байна гэхдээ итгэл эвдэхгүй албан тушаалд дарлуулахгүй сайн улстөрч болохыг хүсье
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-03-25 13:04
Zaluu hun gehed mundag bna sh dee. Zow bodoloti, zow ywj uls eh ornoo hogjuuleerei
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-03-25 13:03
doorhi helsniig ni unshaad iim bodoltoi zaluu gej oilgoloo. Улс төр гэдэг бол эрх мэдлийн төлөөх тэмцэл шүү дээ. Ингэж тэмцэхдээ зөв байсан ч буруу болгоно, буруу байсан ч зөв болгоно. У.Черчилль “Улс төрд мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн найз гэж байхгүй. Харин мөнхийн эрх ашиг гэж байдаг” гэж хэлсэн байдаг. gesen uzel bodoltoi zaluu yum baina.iim bodoltoi zaluuchuud l erh medeld shunaad uls eh orniig uimuuleed baigaa yum shu de.
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-03-25 12:39
Zaluu hun gehed ih mundag bna ih ireeduitei sain uls torch boloh bh evderchihgui bgaasai gej bodoj bna iim olon zaluus baival mongol uls mash hurdan hogjino hund hudaldagdaj bolohgui shuu amjilt
183.81.171.xxx [183.81.171.xxx] 2015-03-25 12:36
heldeg hun bish hiideg hun baih heregtei uram dongodson hun bitgii bolooroi

Бидэнтэй нэгдээрэй