Хуульч Х.Тэмүүжин сайд болсныхоо дараа Монголын хууль зүйн салбарыг тэр чигт нь шинэчилнэ хэмээн сүрхий лоозонтойгоор ажлаа эхэлж байлаа. Шинэчлэл гэдэг бол бүх хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөж байж хийгддэг. Түүнчлэн одоо болж бүтэж байгаа зүйлсийг нь хадгалж, харин болохгүй байгаа зүйлсийг нь цаашид засч залруулж явах ёстой зүйл. Гэтэл Х.Тэмүүжиний шинэчлэлийн бодлого нь одоо байгаа Монгол Улсын эрх зүйн тогтолцооны бүх зүйлийг үгүйсгэж нураагаад өөр шинэ суурь, шинэ зүйлийг бий болгох гэж оролдсон шинэчлэл байж. Товчхондоо, Монголын хууль зүйн боловсон хүчний нөөцийг үгүй хийж, эдийн засгийн болоод оюун санааны хохирол дагуулсан шинэчлэл байсан гэдэг нь одоо бүр ч тодорхой болж байна.
“Шинэчлэлийн” гэх бодлогын үр дүн, товчхондоо бол уршиг нь одоо гарч түүнийг нь Хууль зүйн яам жигдрүүлэхээр ажиллаж эхэллээ. Хамгийн сүүлд Хууль зүйн яамнаас цагдаагийн алба хаагчдын албан тушаалын цолыг хүчингүй болгох тушаал гаргасан нь шинэчлэл гэх бантангийн залруулгуудын нэг гэж хэлж болохоор байна. Бантангийн залруулга үүгээр дуусаагүй, “Шийдлийн” Засгийн газраас гадаадын иргэдийн хоригийн асуудлыг нэн даруй шийдэхийг Хууль зүйн яаманд үүрэгдсэн. Учир нь “хөл хориотой” гэсэн нэр зүүснээс болж гадаадын хөрөнгө оруулалт буурч улмаар энэ нь эдийн засгийн хямралд нөлөөлж байгаа гэдгийг хүн бүр ойлгож эхэлсэн хэрэг.
Эдийн засгийн хямралд эдийн засгийн бодит өсөлт, хөрөнгийн үнэ, улсын өр, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг хэд хэдэн чухал үзүүлэлтүүдээс шалтгаалдаг. Манай улсад 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 17 хувиар, 2013 онд 47 хувиар, 2014 оны эхний хагаст 64 хувиар тус, тус буурсан нь эдийн засаг хүндэрч эхлэх гол шалтгаан болсон. Бүр тодруулбал, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014 онд 404.5 сая ам.доллар, харин 2014 оны дөрөвдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 162.3 хувиар буурч, -277.3 сая ам.долларт хүрсэн юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаар эдийн засаг руу дотогшлох гадаад валютын урсгал багасаж, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж, эдийн засгийн гадаад тэнцвэрт байдал алдагдаж эхэлсэн. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын хурд саарснаас үүдэж энэ салбартай холбоотой байсан олон салбарын өсөлт саарсан.
Эдийн засгийн энэхүү хүндрэлтэй нөхцөл байдалд гадаадын хөрөнгө оруулалт буурч, хөрөнгө оруулагчид дүрвэх болсон нь шууд нөлөөлсөн гэдгийг Ерөнхий сайд ч хэлж байгаа. Харин үүний гол шалтгаан нь өмнөх Хууль зүйн сайдын эхлүүлсэн “Шинэчлэл”-ийн уршиг, хил гаалийг бараг хүн бүхэнд хаалттай болгосны үр дүн гэдгийг ч мөн хэлж байна. Засгийн газрын тэргүүн нь “Хилийн хорио ихэдвэл хөл хорио болно. Хөл хориотой айлд хөрөнгө оруулалт, хөгжил, технологийн дэвшил зэрэг ч хориотой болно. Ингэж дур мэдэн хориглох нь ажлын байр, авах цалин, ашиг орлого, шинэ технологи Монголд нэвтрүүлэхийг хориглож байгаатай адил юм. Монголын, гадаадын иргэд ялгаагүй хөлдөө ийм чөдөртэй байж болохгүй, хүний эрх ч зөрчигдөж байна” хэмээсэн.
Өнгөрсөн онд Улсын Ерөнхий прокурорын тушаал гарч Үндсэн хуульд заагдсан хүний зорчин явах эрхийг шүүхийн шийдвэрээр, эрүүгийн хэрэг үүссэн тохиолдолд мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрээр хориг тавихаар болсон байдаг. Гэвч харамсалтай нь тухайн үеийн Хууль зүйн сайд үүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй. Түүнчлэн яам, Тамгын газар, татварын газар, хувь хүний өргөдөл, гомдлоор хүртэл хүний хилээр зорчих эрхийг хязгаарласан тохиолдол гардаг нь зөвхөн гадаадын гэлтгүй Монгол Улсын иргэдэд ч тохиолддог бэрхшээл болоод байсан юм. Мөн тушаал гаргаж тухайн хүнийг хилээр гарахыг хориглочихоод хэргийг шалгаж дууссан хойноо эргэж мэдээлсэн албан бичиг явуулдаггүйгээс болж хохирсон хүмүүс ч бий.
Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаадаас авдаг манай улсад гадны хөрөнгө оруулалт буурч долларын ханш өсөх нь шууд хямралд аваачих нь ойлгомжтой. Зарим эдийн засагчид манай улсын бүтээн байгуулалтын санхүүжилтийн бүтцэд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нийт хөрөнгө оруулалтын 60-70 орчим хувийг бүрдүүлдэг гэж үздэг нь гадаадын хөрөнгө оруулалт манай эдийн засагт хичнээн чухал болохыг илтгэж байгаа юм.
Түүнчлэн хөрөнгө оруулалтын орчин муудсан нь цэвэр манай өөрийн дотоодын бий болгосон хүндрэл. Нэгэнт цоожтой хаалгаар хүн орж ирэхгүй учраас гадны хөрөнгө оруулагчдыг татаж улсынхаа нийт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд үүдээ нээх хэрэгтэй. Харин энэ ажлыг Хууль зүйн яамнаас эхлүүлж Монгол Улс хөрөнгө оруулагчдад нээлттэй болж эхлэх гэж байгаа нь баярлууштай юм.
Улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшний суудалд очсон хуульч хүн энэ бүхнийг анзаарч харалгүй, дуугүй сууж байсан гэдэг харин сонин. Дахиж түүний хольсон бантангийн хичнээн залруулгыг хийх юм, бүү мэд. “Шинэчлэл” гээд хэт том ярьж явснаас энэ мэтийн тэр дор нь шийдвэрлэх ёстой асуудлуудаа шийдвэрлэж чадаагүй Х.Тэмүүжиний балаг үүгээр зогсохгүй. Зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө Монголын ард түмнийг уруугаа чирдэг улстөрчид олон бүү байгаасай.
Шинэчлэл нь угтаа сүйрэл байж... | ||
Үзсэн: 3380 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.