Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр салбарынхаа нөхцөл байдлын талаар танилцуулж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр болон эрх зүйн орныг сайжруулахын тулд хийж буй ажлуудаа танилцуулсан. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.
-Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийг Засгийн газраас дэмжсэн, энэ хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?
-Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Энэ хуулийг дагалдаж Импортын гаалийн татварын тухай хуулийн төсөл орно. Үүнд дотооддоо үйлдвэрлэж чаддаг бараа бүтээгдэхүүний импортын татварт өөрчлөлт оруулах тухай санал орж байгаа. Тодруулбал, найман төрлийн 300 гаруй нэр төрлийн барааны импортын татварт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. Энэ импортын татвар худалдаанд сөрөг нөлөөтэй гэх боловч үнэндээ үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд ашигтай, үр дүнтэй тусна.
-Аж үйлдвэрийн яам байгуулагдсан учраас нефтийн үйлдвэр барих асуудал мөн яригдаж эхэлж байх шиг байна?
-Нефтийн үйлдвэрлэл байгуулах чиглэлд төрийн бодлого чиглэгдэх цаг нь болсон. Бид олон жил эргэлзлээ шүү дээ. Тиймээс 2020 он гэхэд нефтийн үйлдвэр барьж дуусгах зорилтыг тавьж байгаа. Хамгийн гол нь 2020 онд Монгол Улс өөрийн шатахуунтай байх. Тиймдээ ч аж үйлдвэрийн яам энэ чиглэлийн бодлогын суурийг тавих ёстой. Манай улсад түүхий нефть хангалттай байгаа. Өнөөдөр 600 мянган тонныг гаргаж байна. Цаашдаа нэг сая болно. Харин үйлдвэр баригдаж дуусахад сая түүхий нефть гаргах боломж үүсэх учраас түүхий эдийн дутагдалд орох асуудал байхгүй.
-Долларын ханш өндөр, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед үйлдвэрүүд барих нь хэр зөв бол?
-Үйлдвэрүүдээ барих нь зөв. Ялангуяа импортоос хараат байгаа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй.
-УИХ-ын дарга Япон, Герман, Польш улсад ажлын айлчлал хийх үеэр талууд аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай сонирхолтой гэдгээ илэрхийлж байсан. Тэгэхээр аж үйлдвэрийн салбарт аль чиглэлд хөрөнгө оруулагчид хамтрах санал тавигдаж байна вэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт хөрөнгө оруулалтыг багасгасан. Үүний эсрэг нь бид аж үйлдвэрийн салбарт хамтарсан хөрөнгө оруулалт хийх сонирхол өндөр болж байна. Харин бид дөнгөж эхэлж байгаа учир цэгцтэй бодлого байхгүй байгаагаас хүндрэл үүсч байна. Харин хөрөнгө оруулагчидтайгаа сайхан харилцаа тогтоох чиглэл рүү анхаарч байгаа.
Бид эхлээд Япон улсын хөрөнгө оруулалт сонирхож буй компаниудтай тулж ажиллаж байгаа. Энэ компаниудынхаа багцыг аваад манай яамны Төрийн нарийн бичгийн дарга Япон улсад айлчлал хийнэ. Ингээд Японд Монгол компанид хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй компаниудтай харилцаа үүсгэх юм. Ингэж чадвал Монгол Улс Япон улстай маш том хамтын ажиллагааны бизнесийн форум зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Форумын үр дүнд компаниуд маань шууд бараа бүтээгдэхүүн, техник технологи, үйлдвэрүүд дээрээ хамтран ажиллах гэрээгээ хийх нөхцөлийг бүрдүүлж байна.
Харин Европууд манай арьс ширний салбарт хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Арьс ширний боловсруулалт, түүгээр хийсэн бараа бүтээгдэхүүн, ноос ноолуураар хийсэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дээрх системээр ажиллахаар төлөвлөж байгаа.
-888 төсөл цаашид үргэлжлэх үү?
-888 төсөл гэж нэр өгөхөө болъё. Энэ өдрөөс эхлэн Монгол Улсын үйлдвэрийн бодлогод нийцсэн төслүүдийн тухай гэж нэрлэе. Энэ төслийг дэмжихэд манай яам бэлэн байна. Өмнө нь ирсэн 3000 гаруй төсөл байна. Эдгээр төсөлд шалгуур үзүүлэлт гаргаад шүүх ажлыг явуулж байна. Үүний хажуугаар сонгон шалгаруулалт зайлшгүй шаардлагатай салбарууддаа сонгон шалгаруулалт явуулна.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.