Шууд Chart

Тэтгэврийн даатгалын санд төвлөрсөн хөрөнгөөр иргэдийг орон сууцжуулна

2015-04-09 13:24:29

Манай улсад барилгын салбарын 5600 орчим аж ахуйн нэгжид 95.700 ажиллагсад байна. Түүнчлэн барилга, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны ДНБ-д эзлэх хувь нь өнгөрөгч онуудад 5.8-5.9 хувьтай байгаа нь энэ салбар манай улсад хичнээн чухал болохыг харуулж байгаа юм. Барилга хот байгуулалтын яамнаас салбартаа хэрэгжүүлж буй шинэчлэл болоод ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Сайдын цаг” уулзалтын үеэр танилцууллаа.

Манай улсад уул уурхайн хөрөнгө оруулалт буурсантай холбогдон эдийн засгийн өсөлт буурч байгаа. Үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар буурч улмаар бүтээн байгуулалтын ажлыг тууштай үргэлжлүүлэх боломж хомсдож байгаа юм. Тиймээс барилгын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулж, дэд бүтцийн төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, барилгын нормативын баримт бичгийг сайжруулж, чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зэрэг өөрчлөлтүүдийг хийнэ гэдгийг салбарын сайд хэллээ.
 
Барилгын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах үүднээс Газрын тухай, Барилгын тухай, Хотыг дахин хөгжүүлэх тухай болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хөгжүүлэх талаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн нийслэл хотын тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа Авто зогсоолын тухай, Ногоон байгууламжийн тухай зэрэг хуулиудыг УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа юм байна. УИХ-д өргөн барихаар бэлдэж буй Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдийн эрх ашгийг хамгаалах заалтуудыг нарийн оруулахаар төлөвлөж буй юм. Тухайлбал, иргэд шинэ орон сууц худалдаж авахдаа байрны гэрээнээс илүү зургийг нь харж авдаг учраас барилга баригдсаны дараа зогсоол, граш гээд олон зүйл нь дутуу байж энэ нь шүүхийн маргаанд хүртэл шилждэг. Тиймээс шинэ хуулийн төсөлд тухайн барилгын компани иргэдийн байр худалдан авахад нөлөөлсөн гол хүчин зүйлүүдээ заавал гүйцэлдүүлэх үүрэгтэй байх аж.
 
Үүнээс гадна барилгын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж 5-10 жил болгох талаар салбарын яамнаас бэлдэж байна. Учир нь гурван жил тутамд тусгай зөвшөөрлөө сунгахын тулд олон дарга нарын хаалга татах нь чанартай барилга барьж тогтмол үйл ажиллагаа явуулдаг олон барилгын компаниудыг хөлдөө чирдэг гэж салбарын мэргэжилтнүүд үзсэн байна.
 
Барилга, хот байгуулалтын сайдын дараагийн хийхээр төлөвлөж буй ажил бол барилгын тусгай зөвшөөрөл худалдаалдаг ажлыг цэгцлэх явдал гэдгийг тэрбээр энэ үеэр хэллээ. Манайд барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниудыг худалдаалах явдал их байдаг. Учир нь хуулийн дагуу компани худалдаалах бүрэн боломжтой байдаг. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж хэрэв барилгын тусгай зөвшөөрөлтэй компанийг бусдад худалдаалахаар бол зөвшөөрөл өгсөн эрх бүхий этгээдээс заавал тус компанийг худалдаж болно гэсэн зөвшөөрөл авах заалт оруулж байгаа ажээ.
 
Барилгын салбарт явагдаж буй дараагийн нэг ажил бол Тэтгэврийн даатгалын санг хөгжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт энэ шийдвэрийг гаргасан бөгөөд Ерөнхий сайдын өгсөн үүргийг хэрэгжүүлэхээр Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас гадна ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Нийгмийн даатгалын санд байгаа хөрөнгөөс тодорхой хэмжээний бонд босгоод үүгээрээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Ингэснээр орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20 хувьд нь Засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүлэн баталгаа гаргаж, харин иргэд зөвхөн 10 хувиа төлөх боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд хэллээ.
 
Мөн манай улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд ТОСК-ийн чиг үүргийг өөрчлөхөөр болжээ. Барилгын салбарт бизнес эрхлэгчдийн зүгээс ТОСК-ийг барилга барьж түүнийгээ борлуулан хувийн бизнес эрхлэгчидтэй өрсөлддөг нь төрийн бодлого хувийн аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөж байгаа мэт харагддаг гэх шүүмжлэл ихээхэн ирдэг байна. Тиймээс ТОСК-ийг барилга барьж борлуулдаг биш харин үл хөдлөх хөрөнгийн компани болгох юм байна. Ингэснээр ТОСК хувийн салбарынхны банкны зээлээр хэрэгжүүлэх боломжгүй ажил, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аж. Тухайлбал, Түрээсийн орон сууц хөтөлбөрийг ТОСК хэрэгжүүлнэ, мөн зах зээлд хямдхан байгаа орон сууцуудыг худалдан авч иргэдэд нийлүүлэх гэх мэт ажлыг зохион байгуулах боломжтой юм байна.  
Нийтэлсэн: О.Энхмаа

Тэтгэврийн даатгалын санд төвлөрсөн хөрөнгөөр иргэдийг орон сууцжуулна  
Үзсэн: 1368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй