Шууд Chart

Ө.Цамба: Би дөрвөн настайгаасаа морь унасан

2016-03-24 13:56:00

Морьтон монголчууд дэлхийг гайхшруулж явна. Ингэж хэлсний учир нь уншигчдынхаа шинэхэн өдөрт зориулан тэрхүү морьт удмын хөвгүүн Ө.Цамбыг танилцуулах болсонтой холбоотой. БНСУ-ын Чэжү аралд Монгол орныхоо нэрийг гаргаж,  олны нүдийг баясган соёлыг түгээдэг хэсэг залуус бий. Ө.Цамба бол тэдний нэг бөгөөд багийнхнаасаа хамгийн залуу уран бүтээлч нь юм.  

-Чэжү аралд Монголынхоо нэрийг гаргаж, тоглолт зохион байгуулдаг залуусын талаар өмнө нь их сонсож байлаа. Харин энэ удаад тэдний хамгийн залуу гишүүнтэй ярилцах завшаан тохиолоо. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Өлзийжадамбын Цамба гэдэг. Дундговь аймагт Өлзийжадамбын ихэр хөвгүүдийн нэг нь болж мэндэлсэн. Ам бүл зургуулаа.

-Монгол залуус харийн оронд улс орныхоо нэрийг гаргаж, гайхшруулж байна гэдэг үнэхээр бахархалтай. Хэзээнээс Чэжүд очиж, тоглолтоо үзүүлж эхлэв?
-Баярлалаа. Би ч бас авьяаслаг мундаг залуусаараа үргэлж бахархдаг шүү. Миний хувьд анх 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чэжү аралд есүүлээ ирж байлаа. Түүнээс хойш хамт олон маань ч нэг, нэгээр нэмэгдсээр бид олуулаа болсон. Бид Чэжү арал дээр соёлыг түгээж байна даа.

-Тоглолтынхоо талаар яриач. Өдөрт хэдэн удаа тоглож байна. Ер нь зав хэр гардаг вэ?
-Манай тоглолт 2008 онд “Чингис хааны догшин хар сүлд” нэртэйгээр эхэлж байсан. Харин 2013 оны тавдугаар сараас эхлэн БНСУ-ын Жимун хааны түүхээс сэдэвлэсэн тоглолтыг тавьсан. Энэ тоглолтоо өнөөг хүртэл тоглож байгаа. Бидний хувьд өдөрт 3 удаа тоглодог. Зуны халуунд үзэгчид цөөрдөг учраас зарим тохиолдолд хоёр удаа тоглох нь бий. Чөлөөт цагийн хувьд тоглолттой үеэс бусад цагт бол зав зай харьцангуй гайгүй байдаг.

-Багийн үзүүлбэр тул хүн тус бүр өөр, өөрсдийн үүрэгт ажилтай байх. Таны хувьд багтаа ямар үүрэг гүйцэтгэж байна?
-Манайхны хувьд зохиомжит түүхэн тоглолт зохион байгуулдаг учраас янз бүрийн дүрд хувирах шаардлага гардаг. Ихэнхдээ джигт хийдэг гэж ойлгож болно.

-Бүр тодруулбал...?
-Морин дээрх мэргэжлийн үзүүлбэр гэж хэлж болно оо.

-Өвөө дөрвөн настай байхад минь надад зориулж эмээл бэлдэж өгсөн-

-Та бүхний хийж байгаа тоглолтыг нэг ёсны морин цирк гэж хэлж болох байх. Бас л аюултай ажил шүү дээ?
-Амаргүй л дээ. Гэхдээ монгол хүний хувьд бага наснаасаа л морьтой ойр өсдөг. Тэр дундаа хөдөөгийн хүүхдүүд бол хар багаасаа л морины нуруун дээр гардаг гэж би боддог. Миний хувьд ч багаасаа л хурдан морь унаж өссөн учраас аюултай гэдгээс нь айж ухрах биш, харин ч морь унах хүсэл тэмүүлэл төрөөд байдаг гэж хэлж болно. Мэдээж бэртэж гэмтэх юм их гарна л даа. Тиймээс бэртэж гэмтэхгүйн тулд бэлтгэлээ сайн хангаж биеийн формтой байх хэрэгтэй байдаг. Энд сонирхуулахад би дөрвөн настайгаасаа морь унаж эхэлсэн. Дөрвөн настайдаа өвөөгөөрөө эмээл бэлдүүлж аваад морь унаж сурж байсан минь одоо ч мартагддаггүй юм. Түүнээс хойш өнөөг хүртэл мориноос буугаагүй юм байна.

-Ер нь морин циркийн тамирчин болох замд хэн хөтлөв?
-Багаас суусан моринд хайртай зан чанар болоод үе үеийн мундаг ах, эгч нарын морин дээрх чадварлаг дайчин байдал энэ зам руу ороход нөлөөлсөн  байх аа.

-Морин цирк гэхээр хамгийн ойрын анд, туслагч бол морь байдаг байх. Та бүхний хувьд Монгол морьдоо унадаг уу, эсвэл эрлийз адууг унаж байна уу?
-Бидний хувьд Солонгос хүмүүсийн ярьдгаар Монгол адууны үлдэгдэл гэж ярьдаг жижиг морьдтой. Гэхдээ яг Монгол адуутай харьцуулахад харьцангуй өндөр. Манайхны ярьдгаар эрлийз адуу юм уу даа.

-Тоглолтондоо өмсдөг хувцсыг нь харж байхад яг л нэг Солонгос киноны ханхүү нарын хувцас шиг харагдаж байна. Тоглолт бүртээ тааруулж урлуулах уу. Эсвэл улсаас ийм байлгахыг шаарддаг юм уу?
-Түүхэн тоглолт зохион байгуулдаг учраас түүндээ тааруулж хувцсаа урлуулдаг. Ийм тийм байх ёстой гэсэн шаардлага байдаггүй. Мэдээж Монгол баатруудын талаар өгүүлэх жүжиг тоглох бол түүндээ тааруулаад хөө хуягтай хийлгэх л байх.

-Мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа юу?
-Би ирэхээсээ өмнө Төв аймгийн Бүрэн сумын 12 жилийн дунд сургуульд сурч байсан. Одоохондоо яг ямар мэргэжилтэй болохоо шийдээгүй л байна. Цаг нь болохоор болно биз дээ.

-Би 52 хүнтэй “Өнөр бүл”-ийн гишүүн-

-Та нар Чэжүдээ л амьдрах уу?
-Тэгнэ ээ. 

-Гэрээ санах юм уу?
-Анхандаа их л санадаг байлаа. Одоо дасаад санахаа больж байх шиг байна.

-Хэзээ хамгийн сүүлд эх орондоо ирсэн бэ?
-Хоёр жилийн өмнө буюу 2014 оны 11 дүгээр сард Монголдоо очсон.

-Гэр бүлийнхэн тань циркчин болно гэхэд хэрхэн хүлээн авч байв?
-Эхэндээ жаахан дургүй байсан. Одоо бол хамгийн сайн дэмжигчид болсон шүү.

-Танай багийнхныг ахалдаг хүмүүс гэж байгаа байх. Тэдний талаар яриач?
-Бид СТА Э.Эрдэнэ, СТА Г.Идэрбаатар гэх хоёр хүний удирдлага дор ажилладаг. Одоогоор 52 хүний бүрэлдэхүүнтэй “өнөр гэр бүл” Чэжү аралд байна даа.

-Та нарын үзүүлбэрийг солонгосчууд хэрхэн хүлээн авч байна. Зөвхөн Солонгосчууд гэлтгүй жуулчид ихээр очдог байх?
-Тийм ээ. Бүх хүнд бидний үзүүлбэр их сонин санагддаг байх л даа. Манай монголчууд ч гэсэн их очиж үздэг. Чадварыг маань үнэлж, эерэг сайхан энергийг бидэнд өгдөг шүү.

-Чэжүд морин циркийн хоёр групп байдаг гэж сонсож байсан?
-Тийм ээ. Хоёулаа Чэжү арлын хоёр талд байрладаг. Манай цирк задгай талбайд тоглолтоо үзүүлдэг бол нөгөө групп манижинд тоглодог.

-Танай циркид эмэгтэй хүн хэр олон бэ?
-Долоон эмэгтэйтэй. Мөн нэг тогооч эгч байгаа. Мэдээж эмэгтэйчүүдийн хувьд биднээс хөнгөн үзүүлбэрүүдийг үзүүлдэг.

-Та бүхний үзүүлж байгаа морин цирк Монголд хөгжих боломж хэр байдаг юм бол. Би хувьдаа “Тэнгэрийн чоно”-ыхноос өөр морин циркийг хөгжүүлж байгааг жишээ мэдэхгүй юм?
-Монголд бол иймэрхүү тоглолт хийх нь улирлын чанартай байдаг л даа. Хуучин бидний тоглодог байсан “Чингис хааны догшин хар сүлд” тоглолт шиг үзүүлбэр “Хаадын хаад” нэртэйгээр Тэрэлжид тоглогдож байсан. Циркчид маань тоглох хүсэл болоод боломж нь байдаг ч эх орон минь эрс тэрс уур амьсгалтай шүү дээ.

-Ингэхэд хэзээ нутагтаа бүр ирэх гэж байна?
-Бүр очих болоогүй ээ. Энд одоо нэг сургуульд орохоор хөөцөлдөж байгаа. Бүтээгээд нэг хэсэгтээ эндээ сурна аа.

-Морин циркээ үргэлжлүүлсээр байх уу?
- Морин циркээ бол хийж чадахаа больтол буюу морин дээрээ мордож чадахгүй болтлоо л хийнэ дээ.

-Циркээс гадна өөрсдийгөө яаж хөгжүүлж байна. Морьт харваа зэрэг тэмцээн Солонгост болдог. Түүнд оролцох боломжтой юу. Оролцож байв уу?
-Морьт харвааны тэмцээнд оролцох боломж бий. 2015 онд манай хамтлагийн ахлагч СТА Э.Эрдэнэ Солонгост зохион байгуулагдсан уралдаанаас хүрэл медаль, жүжигчин Э.Мягмар алтан медалийг тус тус хүртэж байсан. Миний хувьд оролцох санаа бол бий.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ө.Цамба: Би дөрвөн настайгаасаа морь унасан  
Үзсэн: 4718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-03-24 18:35
mundag yumaa amjilt

Бидэнтэй нэгдээрэй