“Монголын мэдээ” сувгийн “Явуулын студи” нэвтрүүлэгт Хөдөлмөрийн Үндэсний намын ЕНБ-ийн дарга асан Т.Доржханд оролцлоо. Түүнтэй намын дотоод асуудал болоод хувь хүний амьдрал, замналынх нь хүрээнд ярилцав.
-Танай нам доторх удирдлагуудын албан тушаал хүмүүст жаахан ойлгомжгүй болчихсон. Улсын Дээд шүүх ХҮН-ын дарга нарыг бүртгэхээс татгалзсан шүү дээ. Одоо хуучин удирдлагууд хэвээрээ гэж ойлгож болох уу?
-Нам ажлаа эхлээд 9 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд гурван ч даргын асуудал яригдчихлаа. Манай С.Боргил дарга бол 2015 оны 5 дугаар сараас эхлээд он дуустал даргын ажлыг үүрэгт хугацаандаа маш сайн хийсэн. Он гараад ХҮН-ын даргаар С.Ганбаатар гишүүн сонгогдсоны зэрэгцээ, асуудал нь Дээд Шүүхэд очсон байсан. Саяхан 3 дугаар сарын 2-нд ХҮН-ын дарга С.Ганбаатар намынхаа дүрмийг зөрчсөн байна гэж үзсэн. Тэгэхээр С.Ганбаатар гишүүний 1 дүгээр сарын материал, Б.Найдалаа даргын гуравдугаар сарын 2-ны материалыг цугт нь шийдээд, Дээд шүүх өнөөдөр /03.18-нд/ эцэслэсэн байна.
Шүүхийн шийдвэрийн үр дүнг аль алиных нь хүсэлтийг бүртгэж авах боломжгүй гэж гарсан. С.Ганбаатарын хувьд намынхаа дүрэм журмыг зөрчсөн, Б.Найдлааг мөн адил бүртгэх боломжгүй байсан. Тэгэхээр намынхаа дотоод асуудлаараа асуудлыг хэлэлцээд шийдэх ёстой гэсэн ийм зөвлөмж шийдвэр ирсэн.
Ингээд бид намынхаа дүрмийн дагуу “Хариуцлагын Ерөнхий Хороо”-г хуралдуулаад дүгнэлтээ гаргаад байгаа. Манай дүгнэлтээр ХҮН-ын дарга С.Ганбаатар намын дүрмээс гадуур ажилласан учраас хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзсэн. Энэ дүгнэлт, шийдвэрээ баримтлаад явж байна.
-С.Ганбаатар гишүүний хувьд намынхаа “Хариуцлагын Ерөнхий Хороо”-г татан буулгачихсан. Гэтэл та бүхэн энэ хороог хэвээрээ байгаа гэж үзээд, сая ярьсан шийдвэрт хүрээд байгаа шүү дээ. Дээд Шүүх намын даргаар бүртгэж аваагүй учраас тухайн үеийн гаргасан шийдвэрүүд нь хүчингүй болсон гэж ойлгож болох уу?
-Тиймээ, Өнөөдөр УИХ гишүүн С.Ганбаатар ХҮН-ын дарга биш, намын гишүүн. Тиймээс түүний гаргасан шийдвэрүүд хүчингүй гэсэн үг.
-Таныг ажлаас чөлөөлсөн асуудал ч бас хүчингүй гэж ойлгож болох уу?
-Тийм. Манай намын “Хариуцлагын Ерөнхий хороо” ийм шийдвэр гаргасан. Мөн Дээд шүүх бас ийм агуулга бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа.
-Та өөрөө ХҮН-ын ЕНБД-аас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Гэтэл одоо таны байр суурь хэвээрээ гэж хүмүүс ойлгож байна?
-Би Төв хорооныхоо хурал дээр өргөдлөө өгсөн нь үнэн. Ажлаас чөлөөлөгдөхдөө хоёр үндэслэлийг хэлсэн. Нэгдүгээрт, намын дотор асуудал үүссэн байна, тэр нь зөрчилдөөн хэмжээнд хүрэхэ болсонд хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Ялангуяа, намын дарга С.Ганбаатар болон ЕНБД Т.Доржханд нар хариуцлага хүлээх нь зүйтэй.
Үндэс нь С.Ганбаатар гэдэг хүнийг ХҮН намын дарга болгоход нь миний зүгээс идэвхтэй дэмжиж, эргэлзэж байсан намын нөхдөө ухуулж, ойлгуулж байсан. Нөгөө талаар, манай Удирдах зөвлөлд шинээр орж ирсэн “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг мөн би хувиасаа дэмжиж, санал болгож ажилласан. Харамсалтай нь энэ хоёр хүн маань намыг хагалах ажлыг талцаж зохион байгуулсан учраас энэ хүмүүсийг анхнаас нь дэмжсэнийхээ хувьд би хариуцлагаа хүлээгээд ёс зүйтэйгээр ажлаа өгсөн юм.
Одоо бид цаашид яах вэ гэдгээ нам дотроо хэлэлцээд, гарц гаргалгаанд хүрэх байх.
-Таниас өөр хоёр ЕНБД буюу Н.Одонгуа, Д.Гантулга нарыг хурлаар гаргаад ирсэн. Энэ мөн хүчингүй юу. Тэгэхээр та ЕНБД хэвээрээ байх нь ээ?
-Намын дарга дээрх хоёр хүний аль, алийг нь бичилт хийхээс түдгэлзүүлчихээд байгаа. Бодит байдал дээр бид дүрэм журам, намынхаа шийдвэрийн дагуу Б.Найдлаа гэдэг хүнийг даргаа гэж үзэж байгаа. Д.Гантулга мөн адил энэ дүрмээр ЕНБД хэвээрээ. Цаашдаа энэ үйл явц намынхны байр сууриас хамаарах байх.
Хэрэв намынхан маань Дээд шүүхийнхээ шийдвэрийг хүндэтгээд, хуучин дарга удирдлагуудаа нам, улс орныхоо төлөө ажиллах үүрэг бөгөөд итгэл хүлээлгэвэл миний хувьд өргөдлөө эргэн харж, намтайгаа хэлэлцэх нөхцөл рүү ч орохыг үгүйсгэхгүй. Учир нь би энэ албыг албан тушаал эрх мэдэл биш, хийх хариуцлагатай чамгүй хүнд ажил гэж харж байгаа. Тиймээс ч С.Ганбаатар гэдэг хүнийг хоёулаа хамт ажлаа өгье гэж уриалсан, саналаараа ажлаа өгсөн.
-ХҮН-ыг үүсгэн байгуулах үндэс нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар та хоёрын ярианаас эхэлсэн юм шиг байгаа юм. Өөр ямар үүсгэн байгуулагчид байна вэ?
-Ер нь бол Монголоос гараад Олон улсын байгууллагад, тэр тусмаа санхүүгийн чиглэлийн бодлого боловсруулдаг дэлхийн голлох байгууллагад ажиллаад ирэхээр бас нэг өөр дүр зураг харагддаг юм байна. Өөрөөр хэлбэл, маш олон улс орны үүх түүх, замналууд хоорондоо адил төстэй болох нь ажиглагдсан. Ялангуяа манайх шиг баялагтай орнууд баялгаа удирдаж чадахгүйд хүрсэн аюул байна. Монголын хувьд яг тэдэн шиг замаар явчих гээд байсан. Тэгэхээр энийг өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд улс төрийн түвшинд өөрчлөх ёстой. Энэ агуулгаар би л хувьдаа улс төрийн салбар руу орж байгаа.
Мөн залуусын хүсэл зорилго нэгдээд хүлээлт бий болчихоод байсан үед энэ нам байгуулагдах болсонд их урамтай байсан юм. Суурийг нь би тавиад дээш барьж босгохыг бол нөхдийнхөө хамт хийсэн. Үзэл санаа, зурсан зураг нь тодорхой байсан учраас олон хүний анхаарлыг татаж, тэдэнд их таалагдсан. Ингээд бүх зүйл бүрэлдсэний дараа С.Ганбаатар гишүүн орж ирсэн юм шүү. Яг үнэндээ энэ намыг байгуулахад С.Ганбаатар гишүүн оролцоогүй. Намын нэр гишүүний туслах Зоригтбаатар гэж хүний нэр дээр байх нь байсан. Ийм нэг цаасан дээр байсан намыг биежүүлж, үзэл санаа, амин сүнсийг дуудсан хүмүүс нь хэдэн залуус л даа. ХҮН-ээр хэлбэл амь оруулах донор цус нь бид байсан бөгөөд намд бүрэн ре-брэндинг хийсэн.
-Та энэ намын суурийг тавьсан юм байна. Өөрөө намын дарга болохгүйгээр ЕНБД болсон шалтаан юу байв?
-АНУ-д Олон улсын валютын санд ажиллах мөрөөдөл надад байсан учраас намын дарга тэнд байх боломжгүй. Ер нь манай Сангийн яаманд ажилладаг залуус Олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудад ажиллах сонирхолтой байдаг.
Би дунд хугацаанд буюу багадаа 5 жил энэ байгууллагад ажиллаж, өөрийгөө чадваржуулах зорилгоор Америк явсан. Гэр бүлдээ ч ийм амлалт өгөөд байсан боловч тэнд хоёр жил л болоод ирлээ. Намынхаа бүх хар зураг, бодлого, үзэл санааг гаргачихаад найз нөхөддөө захиж үлдээгээд, Америкаас бодлого, мэдлэг чадвараа нэмэрлээд, макро эдийн засгийнх нь асуудлыг дэмжээд явъя гэж ярилцаж байсан боловч дуудагдсан.
Журмын нөхөд маань намынхаа ажилд биечилж оролцохгүй бол болохгүй, биднийг энэ ажилд уриалж эхлүүлсэн байтлаа өөрөө өөр газар байх нь ёс суртахууны хувьд буруу байна гэж намынхан үзсэн.
Мөн Америкт байх хугацаанд С.Ганбаатар гишүүн надтай уулзаж, “Доржхандаа танай намын залуусыг би сайн таньж мэдэхгүй юм аа. Хэрэв чи Монголд очоод өөрөө оролцоод явбал би өөрийнхөө туршлага, энэ хэдэн жилийнхээ үр дүнг шингээгээд явахад бэлэн байна” гэсэн шаардлага, хүсэлтийг илэрхийлсэн дээ. Энэ санал нь ч бас эх орон руугаа ирэх нэг шалтгаан болсон.
-Та ер нь Сангийн яамны “бүтээгдэхүүн” юм аа даа?
-Тийм. 15 жил Сангийн яаманд ажилласан. Завсар нь хоёр жил Японд мэргэжил дээшлүүлсэн. Сангийн яаманд нь жил гаруй дадлага хийж, олон улсын байгууллагуудаар явж л байсан. Нийтдээ 19 орчим жил төртэй харьцдаг энэ ажлыг хийгээд байна. Миний хувьд багагүй туршлага гэж ойлгодог.
-Танд Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард гэж хүнтэй авахуулсан зураг байна. Энэ хүний “цэрэг” болж, хамтарч ажилласан түүхээсээ яривал?
-Кристин Лагард гэж Францын Сангийн сайд байсан эмэгтэй. Олон улсын валютын санд ирсэн анхны эмэгтэй захирал. Олон эрдэм чадалтай хүмүүсийг удирдан зохион байгуулж, ялангуяа хөгжиж байгаа орнуудад дүр төрхийг нь зөөллөж өгсөн мундаг хүн л дээ. Миний ойлгосноор ирэх жил Францын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх маш хүчтэй улс төрч, эдийн засагчдын дунд багтаж байгаа.
Намайг Америкаас явахад хэдэн зөвлөмжийг хэлж байсан. “Доржхандаа уг нь эндээ байвал их зүгээр байна. Монголын эдийн засаг сайнгүй байна. Гэхдээ чиний гаргасан шийдвэрийг ойлгосон. Эдийн засгийн хүмүүс улс төрд орохоороо чанга хатуу, муухай ааштай байдаг болохоор амлалт өгч, популизм хийж чаддаггүй. Бодит үр дүн, эрсдлээ тооцоолоод байдаг. Наад зүйл чинь бидний сул тал шүү. Зарим зүйл дээр илүү прагматик буюу бодит амьдралтай уялдсан байх хэрэгтэй шүү. Гэхдээ зарчимдаа үнэнч, нэг орсон бол тууштай байгаарай” гэж захисан.
-Танд Япон багштайгаа авахуулсан зураг байх шиг байна. Энэ хэдий үе вэ?
-Энэ хүн одоо Японы төв банкны ерөнхийлөгч. Өмнө нь Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчөөр 8 жил ажилласан байдаг. Намайг Японд 2002-2004 онд сурч байхад энэ хүн Сангийн сайдаасаа тэтгэвэртээ гараад манай сургуульд профессороор ирж байсан. Бас миний дипломыг удирдсан багш. “Япон аав” ч гэж заримдаа би дууддаг. Энэ хүний тусламжтай Японы Сангийн яаманд дадлага хийж нэлээд хүмүүжсэн. Японы төрийн том институти яаж ажилладаг, ямар бодлого хэрэгждэгийг түүний ачаар мэдэж авсан.
Нэг түүх дурдахад, энэ хүнийг Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч байхад нь би Монгол Улсын Сангийн яаманд гадны зээл тусламж хариуцсан дэд даргын албан тушаалтай байсан. 2007 онд эдийн засгийн байдал хүнд байсан үе. Яамнаас “Доржхандаа чиний профессор багш Азийн хөгжлийн банкинд байна. Тэгэхээр чи энэ хүнтэй яриад зарим төслүүдийн асуудлыг нааштай шийдүүлэх чигллэлээр ажиллаач ээ” гэсэн. Мөн Монголд өгч байгаа санхүүгийн дэмжлэгийг болж өгвөл зээл, тусламж болгож өгөөчээ гэсэн.
За тэгээд “Япон аав” дээрээ яваад очсон доо. Багш аа гээд л шөнөжингөө ярьж суугаад, гуйлаа. Ярихдаа Торгоны зам бол манай улсын түүхтэй ийм, ийм холбоотой. Энэ замыг эрт дээр үед Монголын эзэнт гүрэн хайрлан хамгаалж, бүс нутгийн худалдааг дэмжиж ирсэн байдаг. Энэ үзэл санаагаараа Монгол Улс Торгоны замын коридорт орохгүй бол болохгүй байна...” гээд л ярьсан. Нэлээд сэтгэл рүү нь ярьж байж бүтэх тийшээ хандуулсан л даа. Одоо энэ баруун бүсийн Булган-Яргантын чиглэлийн зам тэгэхэд шийдэгдсэн. Зээл хэлбэрээр авдаг байсан 50 орчим сая ам.долларыг 170 орчим долларын тусламж болгоод ирсэн шүү.
-Таныг ирэхэд ямар шагнал, урамшуулал өгсөн бэ?
-Засгийн газрынхаа хүндэт өргөмжлөл болоод нэг сарын цалингаараа шагнуулсан.
-Сангийн яаманд ямар ажил хариуцаж, ямар албан тушаалуудад ажиллаж байв?
-Манай Сангийн яам бол чадварлаг бүтэцтэй, сайхан хамт олон. Хүнээр ажлыг нь жинхэнэ утгаар нь хийлгэж чаддаг. Анх би 1998 онд хөл тавихад Сангийн яамны үе ч солигдож байсан. Тэгээд 1999 онд энэ байгууллагад орох боломж тохиосон. Мэргэжилтнээс эхлээд л ажилласан даа. 12-16 цаг ажилладаг байсан шүү. Ажлыг яаж хийдгийг мэдрүүлдэг, ачааллыг даалгадаг газар байлаа.
-Та гэр бүлээ танилцуулаач?
-Миний гэр бүлийн хүнийг У.Сийлэн гэдэг. Америкт бага сургуулийн хүүхэд байхаасаа л сурч, ажиллаж байсан. Бид Сангийн яаманд байхдаа танилцаж гэр бүл болоод, одоо хоёр охин, хоёр хүүтэй. Том хүү маань 17 настай. Хамгийн бага нь найман сар хүрч байна. Тэгээд Монгол Улсдаа хувь хүнийхээ зүгээс оруулж байгаа хувь нэмэр бол хүн ам цөөнтэй энэ үед дөрвөн хүүхэд маань юм даа /инээв/.
-“Төрийн эдийн засгийн онол” гэж энэ ном байна. Үүнийг та орчуулсан уу?
-Тийм ээ. 2002 онд Японд сурч эхлэх үеэр гарсан Нобелийн шагналт эрдэмтний бүтээл л дээ. Үндсэндээ 7 жил “ноцолдоод”, 2009 онд хэвлүүлж гаргасан мэргэжлийн ном. 1000 гаруй хуудастай. Гэхдээ их сонирхолтой ном. Төрийн эдийн засгийн бодлогын асуудлыг онолоор нь гаргаж ирсэн бодлого боловсруулагчид, эдийн засагчдын ширээний ном доо.
-Олон улсын томоохон их, дээд сургуулиудын диплом, сертефикат байна л даа?
-Би ер нь 2002 оноос гадагшаа мэргэжил дээшлүүлэх боломж гарч ирснийг ашигласан. Яаманд дөрвөн жил ажиллачихсан байсан үе. Товчхондоо Олон улсын валютын сангийн тэтгэлгээр Японд магистрт сурч, хамгийн сүүлд энэ байгууллагад ажилласан маань их бэлгэшээлтэй.
Түүнчлэн Оксфорд, Харвардын их сургуулиудын сургалтад явж байсан. Ер нь Америк, Английн сургалт тус, тусын онцлог өөр юм билээ.
-Сонирхоод асуучихъя. Та томоохон хэмжээний нэвтрүүлэгт орж байгаагүй гэсэн. Үнэхээр тийм гэж үү?
-Америкаас ирээд Де-Факто Жаргалсайханы нэвтрүүлэгт ярилцсан. Өөрөөр том нэвтрүүлэгт орж байгаагүй. Энэ удаад нэлээд дэлгэрэнгүй, хэлэх гэсэн бүхнээ хэлсэн ярилцлага болж байна.
-Хоёулаа эхэнд ярьсан сэдвээ эргэж харвал, намын санхүүжилт цаашаа хэрхэх вэ. “Алтан Дорнод”-ын Т.Ганболдыг намаа санхүүжүүлэх зорилгоор харснаас буруудсан гэх олон нийтийн ч хандлага байна?
-Аливаа нам ганц эх үүсвэрээс санхүүжих нь өөрөө тогтвортой байдлаа алддаг. Улс орон ч ялгаагүй, нэг салбараа дагнаад явахаар ямар байдалд хүрдгийг бид мэднэ. Бүх л намд энэ санхүүгийн асуудал байгаа. Гэхдээ эх үүсвэрийг нь олон болгоод бүр цаашдаа төсвөөс санхүүждэг байх юм бол намын төлөвшилд ихээхэн сайн үр нөлөөтэй.
Энэ бүхнийг харгалзаад, намын тогтвортой байдлаа бодсон ч санхүүжүүлэгч дээрээ цензуртай хандах болсон.
-Тэгвэл өнөөдрийг хүртэл хэрхэн санхүүжиж ирсэн юм бэ?
-Энэ хүртэл намаас нэг их санхүү гараагүй. Тийм хугацаа ч хараахан өнгөрөөгүй байгаа. Гарсан санхүүжилтийг манай намын залуус өөрсдөө нийлүүлж явсан. Бүр тодорхой хэлбэл, Удирдах зөвлөлийн есөн хүн маань тус бүр 50 сая төгрөг гаргаад, дээрээс нь намын гишүүдийн бага хэмжээний хандиваар энэ хүрсэн. Ямар нэг гадны бөгөөд өндөр албан тушаалтны давамгайлсан хөрөнгө мөнгө байхгүй гэдгийг хэлмээр байна.
-Ярианы төгсгөлд намынхаа алс ирээдүйн талаар үг хэлэх үү. Цаашдын ажил юу байх вэ?
-Эцэст нь хэлэхэд, ХҮН юугаараа ялгарах вэ гэвэл ёс зүйтэй, хариуцлага тооцох чадвартай нам. Зүйрлэвэл, бид байшин барьж байгаа гэж үзвэл “жорлон”-той байшин барина. Товчхондоо бохирдвол түүнийгээ нуух биш, харин му умуухай, худал хуурмагаасаа салж байж цэвэр шударга, олны олны итгэлийг хүлээсэн шударга улс төрийн хүчин байна гэсэн үг. Ингэж ч өөрсдийгөө тунхаглаж, энэ зүйлийг дүр төрхөө болгон гарч ирсэн. Цаашдаа Засгийн газарт орох итгэл үнэмшил өндөр, улс төрийн ёс зүй, соёлыг дээдэлсэн нам байх болно.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Доржханд: С.Ганбаатар, Т.Ганболд нарыг намдаа оруулсныхаа төлөө би хариуцлага хүлээсэн | ||
Үзсэн: 4935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.