“Хүч” спорт хорооны 70 жилийн ойн арга хэмжээ ирэх долдугаар сарын эхээр зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан Ховд аймгийн Буянт сумын уугуул, Монгол Улсын манлай заан Дасрангийн Мягмартай уулзаж, ярилцлаа.
Тэрбээр хамгийн том цолтой бөх байлаа. Тэр ч утгаараа алтан сургааль, туршлагаасаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Хишигдорж, Ч.Бямбадорж, С.Сүхбаатар, О.Одгэрэл, улсын харцага Ч.Даваадорж, улсын начин Д.Лхагва-Очир, Ч.Ганзориг, Л.Дашчирэв, Г.Бат-Эрдэнэ, Р.Даваадалай нарын зэрэг олон хүчтэнд зааж, зөвлөж явжээ. Тухайн үед тэд цэргийн албанаас дөнгөж халагдаж ирээд байсан гэдэг.
-Танай хорооныхон ойгоо тэмдэглэх гээд их хөл болж байна. Та хэзээнээс хороогоороо овоглосон бэ?
-1974 оноос юм. Намайг энэ байгууллагад ороход ахмадуудаас Монгол Улсын начин С.Лхагва, Д.Солоон нар байсан.
-“Хүч” нийгэмлэг олон бөхтэй байсан. Эх үүсвэрийг нь хэн бий болгосон бэ?
-Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Гэлэг багш. Энэ хүнд бүх бөх талархаж, баярладаг. Багш бөх болох хүүхдийг анддаггүй байсан болохоор хот, орон нутгаас ирээдүйтэй залуучуудыг авч ирж хороондоо элсүүлдэг байлаа.
-Тухайн үед та ямар цолтой байв?
-“Хүч”-д харьяалагдаж эхлэхдээ Монгол Улсын начин цолтой байсан улсын заан цол хүртсэн. Мөн хорооныхоо хамгийн ах цолтой бөх болж байлаа. Тэр үед хошууч Г.Янсанжав гэдэг хүн бүх цугларалтанд авч явдаг байсан. Тэнд улсын цолтойгоос Д.Солоон, С.Лхагва бид гурав байлаа. Тэр жилээ би улсын заан цол хүртсэн. Бидний дараа үе дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан С.Сүхбаатар, Ч.Бямбадорж, улсын харцага Ч.Даваадорж нарын зэрэг бөх болж байсан. Мөн манайхаас улсын заан Р.Давааням, улсын начин Д.Лхагва-Очир, Ч.Ганзориг, Д.Дашжамц нарын зэрэг бөх төрөн гарсан.
-Тэр үед залуучуудаас хэн хэн бүл нэмж байв аа..?
-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, авьяат тамирчин, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Хишигдорж, Ч.Бямбадорж, О.Одгэрэл, улсын начин Д.Сүхбат нарын зэрэг шижигнэсэн залуучууд орж ирсэн. Тэд тухайн үед цэргийн албанаас дөнгөж халагдаж ирээд байсан болохоор улсын цол хүртэж амжаагүй байсан юм.
-Ер нь “Хүч”-ээс хэдэн бөх улсын цолонд хүрсэн бол. Та тооцоолж үзэв үү?
-60 гаруй бий. Үүнийг би Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б..Гэлэг багшийн агуу их хөдөлмөртэй л холбоно. Түүнчлэн манай хорооны даргаар ажиллаж байсан Г.Магванноров гуайг дурсах ёстой. Энэ хүн тамирчдаа удирдан, чиглүүлэх авьяастайгаас гадна сэтгэл зүрхээ бөхийн спортод чин үнэнчээр зориулж явсан хүн. Тухайн үед бид бэлтгэл хийх заалгүй байхад дарга маань Улсын их дэлгүүрийн арын байрны подвалийг түрээслэж, бэлтгэл хийлгэдэг байсан. Түүний тэр их ач буянаар дээрх бөхчүүд өөр өөрийн гэсэн амжилтанд хүрсэн юм шүү. Харин 1982 онд “Сүүж”-ийн амралт ашиглалтанд орсноор наадмынхаа бэлтгэлийг тэнд хийдэг болсон. Аюулаас хамгаалахын сайд асан А.Жамсранжав гуай “Та нар алийн болгон энд тэнд очиж бэлтгэлээ хийх вэ дээ. Одооноос энд төвхнөцгөө” гээд зүүн урд талын байрыг хүлээлгэж өгсөн. Түүнээс өмнө тус салбарын сайдаар ажиллаж байсан Б.Дэжид гуай бидний наадмын бэлтгэлийг аль сайхан газрыг сонгож хийлгүүлдэг байсан юм. Одоо бодоход “Сүүж”-ийн амралтанд гарч бэлтгэл хийснээс хойш дархан аварга Б.Бат-Эрдэнэ 12, Г.Өсөхбаяр хоёр, улсын аварга Д.Сумъяабазар, улсын арслан Х.Мөнхбаатар тус бүр нэг удаа улсын наадамд түрүүлсэн. Тухайн үед "Сүүж" уулын амралтанд бэлтгэлд гардаг бөхчүүд улсын наадмын нэгийн даваанаас түрүүлдэг бөх хүртэлх бүх хүнтэй барилдаж, бэлтгэл хийдгээрээ онцлог байлаа.
-Одоогийн бөхчүүд тухайн жил цол нэмбэл дараа жил нь өнгөрсөн жилийнхээ бэлтгэл хийсэн газар дахиад бэлтгэлээ базаадаг. Та нар ч тийм сэтгэхүйгээр очдог байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Өнгөрсөн жил нь тэр л газар бэлтгэл хийж байгаад цолоо ахиулсан болохоор энэ жил дахиад тэнд бэлтгэлээ хийвэл шинэ цол хүртэх юм шиг сүсгээр дахид цугладаг байлаа. Бүр нутагтаа очсон юм шиг болдог байлаа шүү дээ. Тухайн үеийн амрагчид ч биднийг цай, сүүнийхээ дээжийг барьж угтдаг байсан. Наадмын өмнө Б.Дэжид сайд бидний бэлтгэлийг ажиглахаар очдог байсан нь сүүлд Хууль зүйн сайдуудад ч уламжлал болжээ.
-Та энэ хороог яагаад сонгож орсон юм бэ?
-Намайг ХААДС-ийг 1974 онд төгсхөд Ойн модны аж үйлдвэрийн сайд Чимэд яамандаа ажилд авна гэсэн ч би "Хоршоолол" нийгэмлэгт хоёр сар хэртэй бэлтгэл хийсэн. Тэр үед Б.Гэлэг багш намайг "Чи манай "Хүч" нийгэмлэгт ор" гэж хүсэлт тавьсны дагуу би орсон. "Хүч" нийгэмлэгийн бөхчүүдийг цугларалтанд авч гарч байсан хүмүүс бол Б.Гэлэг багш, Г.Янсанжав, Ц.Нацагдорж, Д.Дашжамц нар байсан бол одоо улсын заан О.Одгэрэл үргэлжлүүлж байна. Харин би ахмад бөхийн хувьд зөвөлгөө өгдөг байлаа. Мөн тэр үед намайг "Сүргийн манлай", Д.Дашжамцыг "Сүргийн эзэн" гэдэг байсан. Бөхийн дэг жаяг, сахилга бат энэ талаар манай нийгэмлэг бусад галынханд үлгэрлэдэг байв.
-Тэр үед залуу байсан аварга Б.Бат-Эрдэнэ, арслан Д.Мөнх-Эрдэнэ нарын барилдаан ямар онцлогтой байсан бэ?
-Эд нар чинь залуу байхдаа их хурдтай барилддаг байсан юм шүү. Харин нас нь арай ахиад ирэхээрээ хаширлаад байгаа бололтой тайван барилдаантай болсон. Д.Мөнх-Эрдэний хувьд Б.Бат-Эрдэнийг эзгүй байсан бол ямар ч байсан таван удаа төрийн наадамд түрүүлэх байсан. Тэр үед улсын наадмын шөвгийн дөрөвт шалгарсан бөхийн гурав нь манай нийгэмлэгээс үлдэж байсан үе бий.
-Дээрх бөхчүүдийн цойлж гарч ирэх үе нь хэзээнээс мэдрэгдэж байв?
-Тэд хороондоо дөрвөн жил бэлтгэл хийгээд л тэс өөр болсон. Тэр үед би Б.Бат-Эрдэнийг хүмүүст “Энэ залуу тун удахгүй биднийг амална даа” гэж хэлж байсан удаатай. Тэр ч миний амны билгээр өнөөдөр зууны манлай бөх болчихсон явна. Түүнийг Сэлэнгэ аймагт цэргийн алба хааж байхад нь Б.Гэлэг багш мөн л авч ирсэн түүхтэй. Бөх болох хүнийг айхтар мэддэг нь үүгээр нотлогдож байгаа биз. Түүнчлэн Монгол Улсад самбо бөхийг дэлгэрүүлсэн.
-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ "Хүч" нийгэмлэгт орсныхоо хамгийн түрүүнд аймгийнхаа наадамд зодоглосон гэдэг байх аа ...
-Тийм. Б.Бат-Эрдэнэ 1982 онд "Сүүж" уулын цугларалтанд анх удаа гарсан. Тэр жилээ аймгийнхаа наадамд зодоглоод хоёрын даваанд өвдөг шороодсон. Харин 10 жилийн дараа буюу 1992 онд бид хамтдаа Хэнтий аймгийн ойн баяр наадамд барилдахаар очиход тэр аль хэдийнээ дархан аварга цолтой болчихсон байсан. Тэгэхээр асар богино хугацаанд барилдаан нь өссөн байгаа биз. Баагий улсын арслан цолтой байхдаа надад “Хоёулаа нэг өрөөнд оръё” гэж хэлсний дагуу бид 10 гаруй жил хамт байрласан. Би хааяа “Ийм сайхан амжилт үзүүлсэн хүнтэй нэг өрөөнд хамт байсан минь билэгдэлтэй юм даа” гэж боддог. Миний ярьж байгаа хүмүүс одоо мэнд байгаа болохоор хүмүүс нэг их ярихгүй байна. Харин 70, 80, 90, 100 жилийн дараа “Сүүж” уулын амралтанд бэлтгэл хийх бөхчүүд "Энд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумьяабазар болон бусад олон алдартан бэлтгэл хийж байж ээ" гэж билэгшээж, домог мэт ярих байх.
-Тэр үед танд цолоо ахиулах боломж хэр байв?
-Дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох нар шөвгийн дөрөвт гарцаагүй шалгардаг байсан. Тэгэхээр үлдсэн ганцхан бөхийн орон зай руу улсын арслан М.Мөнгөн, Д.Дагвасүрэн, улсын заан Д.Долгорсүрэн нарын хүчтэн тэмцэлддэг байсан. Тэгэхээр бидэнд их шөвөгт үлдэх боломж тун ховор байв. Би тэр их шөвөгт үлдэх даваанд зургаан удаа очихдоо тав унаж, нэг удаа орсон юм даа. Тухайн үед найраа энэ тэр гэж байсангүй. Хэрвээ байсан бол би ядаж дөрөв дэх удаагийнхдаа гуйж болох л байсан байх. Гэхдээ надад хоёр давуу тал байсан. Тодруулбал наадмын өмнө огт нервтэхгүйгээр сайн амарч чадах, нөгөөдөх нь ямар ч барилаанд биеэ барихгүйгээр хүч үзэх. Ямар сайндаа улсын гарьд П.Сүхбат агсан нэгэн наадмын хоёр дахь өдөр надтай таарахдаа “Энэ бөхчүүдээс та бид хоёр л инээж байна” гэхээр нь бусдыгаа харсан чинь нээрээ л бүгд бодолд орчихсон сууж байсан.
Монгол Улсын заан Д.Мягмар залуутай ийм залуу байж ээ.
-Одоо танай хороонд хэдэн тамирчин харьяалагдаж байгаа вэ?
-Олон арван жилийн түүхтэй хороог маань Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллахдаа татан буулгасанд харамсдаг. Тэр их зузаан түүхтай байгууллагын үүдийг барина гэдэг хүний ой тойнд багтмааргүй шийдвэр болсон. Харин Д.Дорлигжав сайдаар томилогдсоноор өнгөрсөн жилээс үйл ажиллагааг нь сэргээсэнд баярладаг. Татан буугдахад нь бөхчүүд өөр өөрсдийн аймгийн галд нэгдсэн болохоор одоо нэлээн цөөрсөн байх. Гэхдээ цаашид сайхан болно биз дээ. Би сүүлийн үед хороогоороо очиж амжсангүй.
-“Хүч” спорт хорооноос та хэнтэй нь дотно нөхөрлөдөг байв?
-Үеийнхээ бөхчүүдтэй илүү дотно байсан. Ялангуяа улсын заан Р.Давааням агсан, улсын харцага Д.Сэрээтэр, улсын начин Д.Загдаа, Д.Дашжамц нартай.
-Та нарын дунд олон сайхан гэгээн дурсамж тохиолдсон нь мэдээж. Тэрнээсээ сонирхуулна уу?
-Яг хэлэх гэхээр тулгамддаг золиг байна шүү (жаахан бодолхийлсэнээ). Аан тийм, бид Хэнтий аймгийн Даншгийн наадамд зодоглохоор хотоос автобус хөлөглөж долоо хоногийн өмнө очсон юм. Нутгийн удирдлагууд нь ч “Наадмын манлай бөхчүүд ирлээ” гээд сүйд. Бид гэрээ барих газараа харж байтал газрын эхэнд тушаатай, тушаагүй хоёр морь явж байсныг хараад бид “Чингисийн хоёр загал явж байна. Тэнд гэрээ босгоё” гээд билгэшээж барьсан. Тэр жилийн наадмаас манайхны нэлээн олон бөх цол нэмсэн.
-Сайхан дурсамтай яриа дэлгэсэн танд баярлалаа.
Д.Мягмар: Би наадмын өмнө нервтдэггүй, биеэ барилгүй барилддаг хоёр сайн талтай байлаа | ||
Үзсэн: 9473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.