“NAB” группийн ерөнхий захирал, “Чагдаржав” сангийн тэргүүн, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Амарсанааг “Явуулын студи” нэвтрүүлэгт урьж, оролцууллаа.
-Танайх олон охин компанитай юм билээ. Чухам ямар, ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Үндсэн чиглэл маань барилгын салбар. Миний мэргэжил ч барилгын инженер. Гэхдээ барилга гэдэг нэр нэг боловч дотроо олон салбарт өргөждөг. Жишээ нь, барилга угсралт, худалдаа, зураг төсөл, үл хөдлөх гэх мэт. Тиймээс манайд эдгээр үйл ажиллагаанд чиглэсэн компаниуд байдаг. Эдгээр компани тус тусдаа удирдлагатай. Гэхдээ миний компани учраас би бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Талбайд болж буй үйл ажиллагаанаас эхлээд гэрээ хэлцэл, санхүүгийн үйл ажиллагаа гээд л. Зарим хүн ерөнхий захирал хүнийг долоо хоногт нэг удаа ажилдаа ирээд ямар нэгэн албан бичигт гарын үсэг зурчихаад явдаг гэж ойлгодог. Миний хувьд тийм биш. Өдөр тутмын ажилдаа оролцоно, санаа оноогоо солилцоно. Барилгын мэргэжилтэй болохоор ч тэр үү энэ салбарт ажиллаж байгаа минь миний сонирхол болж хувирсан. Барилгынхаа ажилд оролцохгүй нэг өдрийг өнгөрөөвөл надад содон өдөр болж таарах байх. Захирал гэж ширээний ард суудаг хүнийг хэлэхгүй. Хүмүүс энэ хүнийг амьдралаас хол хөндий, бичиг цаас эргүүлсэн, цагаан захтай, цагаан гартай мэтээр төсөөлдөг шиг байгаа юм. Тиймээс би энэ талаар нэг зүйл хэлмээр байна.
-Дуртайяа сонсъё?
-Би Италийн компанид ажиллаж байсан юм. Тэр үед тус компанийн өвгөн дарга надад нэг үг хэлж, сургасан. Тэрбээр “Дарга нар ажилтнаа ажлаа хийж байхад нь “Чи хүрээд ир" гээд байгаа газраа дууддаг. Энэ бол буруу. Тэгэхийн оронд тэр дарга өөрөө тухайн ажилтныхаа дэргэд очиж уулзах ёстой. Ажилтнаа дуудаад уулзаж байх хооронд хугацаа маш их алдагддаг. Тиймээс чи компанийн захирал болохоороо өрөөндөө хүн битгий дууд. Өөрөө л очиж уулз” гэж 15 орчим жилийн өмнө хэлсэн. Миний ажлын зарчим ийм.
-Танай компани байгуулагдаад 14 жил болжээ. Энэ хугацаанд олон барилга барьсан байлгүй. Аль нэг газар явж байхдаа барьсан барилгаа хараад бахархах сэтгэгдэл төрнө биз дээ?
-Компаниа байгуулчихаад анхны гэрээгээ “Кока Кола”-гийн удирдлагуудтай байгуулсан. Тэр үед “Кока Кола”-гийн үйлдвэр манай улсад дөнгөж байгуулагдаад байсан мөч л дөө. Тухайн үед Богд хааны музейн өмнө байгуулагдаж байсан юм. Тэгэхэд манайх бүх шугам сүлжээнийх нь ажлыг хийж гүйцэтгэсэн. Анхны ажлаа дэлхийн шилдэг компаниудын нэгээр эхэлсэндээ бэлгэшээдэг. 14 жил гэдэг урт хугацаа. Манайх 100 гаруй барилгад хувь нэмрээ оруулсан бол яг одоо бид Хөшигтийн хөндийд байгуулагдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажилд гар бие оролцож байна. Мөн Дархан-Уул аймагт малын удмын сангийн ажилд, Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” хорооллын гадна шугам сүлжээний ажил, өөрсдийнхөө оффисыг ч шинээр барьж байгаа. Барилга гэдэг байнгын завгүй ажилтай. Гэхдээ бид зөвхөн бариад орхидоггүй. Энэ салбар маш олон хүний нөөц шаарддаг. Сүүлийн үед барилгын хөгжил маш хурдтай явагдаж байгааг дагаад орчин үеийн технологи өдөр тутам бий болж байна. Тэгэхээр бид энэ бүхнээс хоцрохгүй байх шаардлагатай. Түүнчлэн тухайн ажилтныхаа аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, олон улсын компанитай өрсөлдөх боломжийг олж авдаг. Ер нь аливаа бизнес өөр, өөрийн гэсэн онцлог, давуу талтай байдаг бол хүндрэлтэй зүйл ч их бий. Энэ бүхнийг уялдуулж ажиллана даа. Мөн манай компанийн бахархууштай зүйл гэвэл барилгын чиглэлээр сурч буй оюутнуудыг сургуулиар нь дамжуулж дадлага хийлгэж, амьдралынх нь гараанд нэмэр болохоос эхлээд олон сая төгрөгийг ч улсынхаа татварт төлсөн. Энэ бол бизнесмен, иргэн хүний гол үүргийн нэг хэсэг.
-Танай компанийн байгуулсан содон байгууламж гэвэл та алийг хэлэх вэ?
-Би 100 гаруй барилгад хувь нэмрээ оруулсан гэж дээр хэлсэн дээ. Тэднээс онцолвол, Гацууртад байдаг “Монгол шилтгээн” амралтын газрын мөнгөн мод, “Нарантуул” ХХК-ийн спорт цогцолборын усан бассейн зэргийг нэрлэж болох юм.
-Таныг уулын спортод сонирхолтой гэж сонссон?
-Дагнан хичээллэж байгаагүй ч уулсын оргил дээр гарах дуртай. Энэ спорт тухайн хүнээс уйгагүй хөдөлмөр, чадвар, тэвчээр шаарддаг нь мэдрэгдсэн. Үүнийг би Монголынхоо хамгийн өндөр Хүйтний оргил дээр 2009 оны долоодугаар сарын 10-нд гарахдаа мэдэрсэн. Дараа нь Цэцээ гүн, Шилийн богд, Бурхан Халдун, уугуул нутаг болох Дэлгэрхангай ууландаа гарсан. Мөн би ажлынхаа өрөөний хананд байрлуулсан газрын зураг дээр зүү хатгаж, очиж үзсэн газар, орнуудыг тэмдэглэдэг. Миний хувьд 40 орчим оронд очсон. Харин төлөвлөж байгаа нь Өмнөд Америк, Африк тив. Түүнчлэн манай улстай түүхийн жимээр холбогддог Дундад Ази, Араб улсад очихыг хүсдэг.
-Өмнөх яриа руугаа эргэн оръё. Та 14 жилийн өмнө 30 хүрээгүй байхдаа компаниа байгуулах болсон түүхээсээ сонирхуулаач?
-1995 онд ажлынхаа гарааг “Мон Инж Бар” компаниас эхэлсэн. Энэ компани тухайн үед нийгэм ахуй, барилга угсралтын салбарт үйл ажиллагаагаа явуулж байсан том компанийн нэг байлаа. Үүнд ажиллаж байхдаа би маш их зүйл сурсан. Дараа нь дээр хэлсэн дээ, Италийн компанид ажиллаж байсан гэж. Мөн ХБНГУ-ын компанид БНХАУ-д ажиллаж байгаад ирсэн. Тэр үед надад Япон руу явж сургалтад суух боломж нээгдсэн юм. Энэ бүхнээс би өөрийн бизнестэй болох ёстойг мэдэрсэн. Ингээд л 28 настайдаа энэ компаниа байгуулсан даа.
-Та “Чагдаржав” сангийн тэргүүнээр ажилладаг. Хөшөө нь ч Дундговь аймгийн төвд боссон байна билээ ...
-Энэ хүний хамгийн том гавьяа нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан явдал. Анхны таван яам байгуулагдахад Сангийн сайдаар хүртэл ажиллаж байсан нь тухайн хүний үүрэг, хариуцлага хэр зэрэг байсныг харуулж байжээ. Ер нь энэ хүн төрт Засгийн газрын анхны дарга байсан. Өөрөөр хэлбэл, Богд хаант Монгол Улсыг зарлан тунхаглах үйл явдлыг эрхлэн шийдэж байсан гэдэг. Энэ их ачтай, нөлөөтэй хүний хөшөөг бид Дундговь аймгийн Мандалговийн төв талбайд бүтээсэн. Загварыг нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Цэгмид ах гаргаж, миний аав болон УИХ-ын гишүүн Х.Наранхүү, манай сангийн Ц.Ганхүү ахын оролцоо их байсан. Чагдаржав хэмээх энэ хүн нэлээн биерхүү байсан гэсэн. Харин Монгол морь жижиг биетэй байдаг шүү дээ. Үүнийг илтгэхийг зорьсон. Мөн жороо морь унаад явж буйгаар харуулахыг хичээсэн. Дэлхийн хэмжээнд жороо морь унаад явж байгаа хүний хөшөө долоо байдаг гэсэн. Үүний нэг нь энэ юм. Манай сангийн анхны тэргүүн нь Ж.Наранцацралт агсан байсан. Одоо эргээд ярихад түүх болон үлдэж дээ.
-Таныг Чагдаржав сайдын ургийн хүн гэх юм?
-Би танд ургийн бичгээ үзүүлье. Үүнийг аав маань 1990 оны эхээр бичиж өгсөн юм. Энэ дээр бидний гарал үүсэл, хэнээс хамааралтай нь тодорхой бий. Манай хамгийн дээд өвгийг Лидэр гэдэг байсан юм билээ. Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хамгийн анхны засаг ноёноор өргөмжлөгдөж байж. Энэ хүн 1693 онд засаг ноён болсон түүхтэй. Тэгэхээр өнөөгөөс 430-аад жилийн өмнө болж таарч байгаа биз. Түүний хүүхдүүдийг судалвал Чагдаржав ноёны үетэй холбогддог. Тэгэхээр Чагдаржав сайд миний авга талын хүн болж таардаг.
-Таны ширээн дээр нэг хорооллын төсөл байх шиг байна. Ямар учиртай зураг төсөл вэ?
-Дундговь аймагт “Мандаала” нэртэй хороолол барихаар төлөвлөсөн ч засаг захиргааны зарим нэг асуудлаас шалтгаалж түр хүлээгдэхээр болоод байна. Уг нь холбогдох бүх зөвшөөрлөө авчихсан л даа. Зураг төслийн ажил одоо ид өрнөж байна. Нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Нэг аймагт ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ гэдэг маш том ажил болно гэсэн үг. Үүнийг дагаад олон хүн ажлын байртай, жижиг, дунд бизнес хөгжих боломжтой. Энэ төслийн онцлог нь орон нутгийнхан нийслэлчүүдтэй адил орон сууц, ажилтай болох юм.
-Үүнд төр засгийн оролцоо бий юу?
-Байхгүй. Олон улсын байгууллага, гадны хөрөнгө оруулалттай компанид санал тавьж байгаа. Тэд ер нь нэлээн сонирхож байна шүү. Сүүлийн үед гадны компаниуд ийм нөхцөлд ашиг харахаа байж. Тэдний зорилго нь нийгэмд хэрэгтэй зүйл байвал санхүүжүүлэхэд бэлэн юм байна. Гэхдээ энэ хэдэн жил үргэлжлэх ажил.
-Сүүлийн үед бизнесменүүд “Санхүүгийн байдал хүнд байна” гэх болсон. Таны бодлоор ямар байна вэ?
-Бизнес олон талтай ч сүүлийн 2-3 жилийг манай бизнесменүүд үнэхээр хүнд туулж байна. Манай улсын зах зээл жижиг болохоор зарим орныхтой харьцуулахад мөн л жижиг. Ядуу хүний зовлон их байдаг гэдэг шиг улс орон маань ч хангалттай нөөц хөрөнгөтэй болж чадаагүй байна. Бизнесменүүд маань үйлдвэрлэл рүү хөгжиж ч амжаагүй. Ихэвчлэн худалдаа наймаа, Засгийн газраас зарласан тендер дээр л оршин тогтнодог. Тиймээс бид энэ талд нухацтай бодох хэрэгтэй. Азийн бар болсон орнуудын жишгээр үү, эсвэл төрөөс бүх зүйлийг нь зохицуулаад явуулах уу, задгай орхиод үзэх үү гэдгийг бодох ёстой. Гэхдээ өнгөрсөн 20 гаруй жил задгай явж үзсэн. Чаддаг нь юмаа хийгээд чадахгүй нь хоцорсон. Ямар ч зохицуулалтгүй. Харин сүүлийн дөрвөн жил засгийн эрх барьж буй хүмүүс үүнийг хүчээр барих гэж оролдлоо. Өөрсдөө төмс ногоо тарьж, барилга байшин барьж, нүүрс тарааж, зам тавьж үзлээ. Ер нь бүх бизнест хутгалдсан. Үүнийг эргээд харсан чинь бид маш буруу замаар явжээ. Хэдийгээр төрийн зохицуулалт байх ёстой ч өөрсдөө хутгалдах ёсгүй.
-Төрийн компаниуд хувийнхантай барилгын салбарт өрсөлдөж байна. Үүнийг та "Төр өөрсдөө хийхгүйгээр бодлогын зохицуулалт хийх ёстой" гэж хэлэх гээд байна уу?
-Тийм. Бодлогын зохицуулалтыг нь л гаргаад өгөх хэрэгтэй. Татварын байдлаар бизнесменүүдээ урамшуулдаг, илүү эрх өгдөг ч байсан болно шүү дээ. Гэхдээ энэ илүү эрхийг цөөхөн хүнд тараах биш нийтэд хүртээлтэй хуваарилах хэрэгтэй. Төр яагаад барилгын салбарт ороод байна вэ гэхээр тэндээс илүү их мөнгө угаах, завших боломжтой болохоор тэр. Хэрвээ бизнес хийх гээд байгаа юм бол хоолны газарт яагаад хүч үзэхгүй байна вэ. Тэндээс ашиг бага олох болохоор л тэр. Улс орныхоо нийтийн эрх ашгийг эрхэмлэх гэж байгаа бол энэ бүхнээс төр татгалзах ёстой. Хэдийгээр тэд баяжлаа гээд долоон давхар хувцас өмсөөд, гурван машин зэрэг унаад явж чадахгүй шүү дээ.
-Сошиал ертөнцөд зарим хүн “Монголын эдийн засгийг Оюутолгой аварна” гэх юм. Нөгөө хэсэг нь “Боловсролтой толгой аварна” гэжээ. Зарим нь ч гадаадад сурч, ажиллах сонирхолтой болж. Залуучуудын байгууллагыг толгойлж ажиллаж байсан таны хувьд манай залуус зөв замаар явж байна уу. Тэдэнд тулгамдсан асуудлыг яаж шийдэх ёстой вэ. Наад зах нь орон сууцны асуудал яригдаж байна шүү дээ. Үүнийг бий болгохын тулд гадаад руу олноор явах боллоо?
-2010 онд шиг санагдаж байна. Гадаадад суугаа залуучуудаа ирүүлэхийн тулд Засгийн газраас “Зөгийн үүр” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлсэн дээ. Тэд ч ирсэн. Харин ажиллах нөхцөл бололцоог нь үүсгэсэн бол давуу тал болох байлаа. Үүнийг зөвөөр ашиглаагүй нь манай төр засгийн буруу ажилласны гор юм. Залуучуудын байгууллагад ажиллахад асуудлын гүнд угаасаа ордог. Би залуу, оюутан байж үзсэн. Анхны цалин маань амьдралд хүрэхгүй болохоор хүмүүсээс мөнгө зээлээд явж байсан үе бий. Бизнес хийх гэсэн ч ажлын гарааны хөрөнгө олдохгүй хүнд цаг үеийг ч туулж байсан. Ийм асуудал манай залуучуудад тохиолддог нь хувь тавилан. Өнөөгийн залуучуудад олон хүндрэл тулгарч байгаа. Цалин өндөртэй ажлын байр, боломжийн орон сууц, машин, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гээд л. Энэ бүхэн манай нийгэмд бүрэлдээгүй байна. Гэхдээ би залууст хандаж “Бидний төрсөн цаг хугацаа энэ байна. Хатуу боорцог идэж чадахгүй гээд зөөлөн рүү нь тэмүүлвэл та нар ирээдүйнхээ төлөө юу ч хийж чадахгүй” гэж хэлдэг. Өнөөдөр бид Чингис хааны үетэй дүйцүүлж гавьяа байгуулах боломжтой цаг үед амьдарч байна. Монгол орноо сэргээн мандуулах, ирээдүйд илүү сайхныг бүтээхийн тулд бэлэнчилж асуух биш өөрсдөө хөдөлмөрлөх хэрэгтэй байгаа юм. Эхлээд мэргэжлээ зөв сонгох, сургуулиа зөв төгсөх, ажлын байртай болохоороо тухайн оногдсон ажлаа чанартай хийх, ажилдаа эзэн болохдоо шилдэг нь байвал тэр хүний амьдрал аяндаа сайжирна. Манай залуучуудын нийтлэг дутагдал нь шантрамтгай, халирамхай. Бэлэнчлэхийг ч боддог. Миний үеийнхэн залуу байхдаа ёстой л “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэдэг шиг явсан. Тэр үед бидэнд халаасны өрөө ч байгаагүй шүү. Эсгий гэртээ хээрээс олж ирсэн гурван чулуугаа байрлуулаад тулга болгож байлаа. Тэглээ гээд бид БНХАУ эсвэл ОХУ руу зугтаагаагүй. Өнөөдөр цаг өөр болсон. Өндөр боловсрол эзэмших боломж байна. Хамгийн гол нь өөрсдөө хичээх хэрэгтэй.
-Ойрын хугацаанд та нутагтаа очив уу?
-Үе үе явна аа. Манай Дундговьд энэ жил хаваржилт хүнд болсон. Ялангуяа хойд хэсгээр хүйтэрсэн. Өнгөрсөн өвлийг цаг уурчдаас асуухад “2010 оны зудтай жилээс илүү их цас орж, хүйтэрсэн” гэж хэлсэн. Гэхдээ манай малчид цаг агаарын болзошгүй нөхцөл байдлаас сэргийлж хувийн бэлтгэлээ сайн базаасан тулдаа хохирол бага амслаа. 60-аад мянган малын гарзтайгаар давсан. 2010 оны зуднаар манай аймгийн малчид сая гаруй малаа алдсан. Маш их тоо байгаа биз. Харин одоо зуны дэлгэр цаг эхэлж байгаа болохоор хүн, малын зоо тэнийж байна.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
Б.Амарсанаа: Дарга хүн ажилтнаа дуудах биш, өөрөө очиж уулздаг байх хэрэгтэй гэж би боддог | ||
Үзсэн: 8924 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.