МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын Намжил дацангийн Ханаль, Лхаарамба Жадо Ринбүчи МУ-ын иргэн боллоо. Энэ хүн Монголд 23 удаа залагдан ирж бурханы олон шавь нарыг номын рашаанаар угааж, үнэтэй сайхан сургаалиа айлдаж байжээ. Энэ талаар Гандантэгчилэн хийдийн ОНХА-ны дарга С.Даваапүрэвтэй ярилцлаа.
-Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын Намжил дацангийн Ханаль, Лхаарамба Жадо Ринбүчи МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын иргэн боллоо. Энэ талаар та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Бидний номын багш МУ-ын иргэн болсонд баяртай байна. Энэ хүнийг Монголын бурхан шашны төв хийд Гандантэгчилэн хийдийн зүгээс 1991 оноос хойш судар тарнийн ёсонд мэргэшсэн, номын багш болоход тохиромжтой хэмээн дээдэлж 23 жилийн турш залсан байдаг. Буддын шашин Монголд гурван удаа дэлгэрч байсан 2000 жилийн түүхэн уламжлалтай ууган хүндэтгэл соёлын нэг. Энэ соёл цагийн эрхээр доройтож буурсан ч Монголд огт устаагүй. Гагцхүү бурханы шашинд байвал зохих дамжлага, уламжлалын зүйлүүд тасарсан байсныг энэ ламын ачаар сэлбэж сэргээсэн. Энэ үүднээсээ монголчууд бидэнд маш их ач тустай хэмээн үзэж МУ-ын ерөнхийлөгчид болон зохих ёсны хүмүүст МУ-ын иргэн болгож Монголд тогтмол байлгаач, Монголд соёлын рашааныг түгээдэг хүн болгоё гэсэн үүднээс хүсэлт тавьсан юм. Энэ бүхэн биелэлээ олж багш маань МУ-ын иргэн боллоо. Ингэснээр бид бурхан номыг тогтмол хүртэж байх сайхан завшаан бүрдэж байна.
-Лхаарамба Жадо Ринбүчи багшийн зүгээс Монголын буддын шашинд өөрчлөлт, шинэчлэл хийх талаар бодсон, санасан зүйл байгаа болов уу?
-Бидний багшийг Монголд залсан зорилго бол Монголд тасарсан байсан судар номын уламжлалыг сэргээх явдал юм. Багш маань ч энэ дагуу л явна. Харин Монголын иргэн болчихоод тийм юм хийнэ гэсэн зорилго бол байхгүй. Гандантэгчилэн хийдийн эрхэм зорилгыг цаашид жам ёсоор нь үргэлжлүүлэх таатай орчин бүрдлээ гэж ойлгох хэрэгтэй юм.
-Монголчууд бид буддын шашинаа шүтэн дээдэлдэг. Харин сүүлийн үед манай шашныг мөнгөний төлөө ном уншдаг гэж ойлгох нь элбэг боллоо?
- Гандантэгчилэн хийдийн зүгээс энэ ярианд дүгнэлт хийдэг. Дэлхийд дэлгэрсэн Христ, Лал, Бурхан зэрэг голлох шашныг тодорхойлж буй лам хуврагууд нь шашныхаа эзэн болж, шавь нар нь миний үзэл бодол ёс суртахуун таарч байна хэмээн хүндэлж дагадаг. Тэгээд дагалдагч, шүтэн бишрэгч хоёрын хооронд байнгын харилцаа үүсдэг. Сүсэгтний хийж чадахгүй байгаа зүйл болон амьдралд нь зовлон гачигдал гарахад тайлбарлан өгч түшиг болдог. Харин ард түмэн шашныг бидний хамгийн ихээр дээдлэн хүндэлж явах зүйл гэж ойлгож эдийн засаг талаас нь дэмждэг. Ийм нэг салгаж болохгүй нандин харилцаа ямар ч шашинд байдаг. Энэ нь Монголд ч гэсэн байна. Харин энэ харилцааг ойлгоогүй хүмүүс шашныг буруу дүгнэдэг гэж бид ойлгодог. Би өөрийнхөө сайн сайхны тулд сүм хийдэд өргөл өргөж байна. . Лам хуврагууд миний өргөлийн хариуд амьдралыг минь барцадгүй, өвчин зовлонгүй байх сайхан зүйлийг надад хийж өгч байна гэсэн итгэл үнэмшил ард түмэнд байдаг. Энэ нь шашингүй үзэлтэй хүмүүст бухимдал төрүүлдэг юм болов уу.
-Хийдүүд сүсэгтэн олны өргөсөн өргөлөөр үйл ажиллагаагаа бүрэн гүйцэд явуулах боломжтой юу?
-Хийд мөнгөөр үйлчилгээ үзүүлж буй нь нийгмийн л шаардлага юм. Дээр үед мөнгө төгрөг гэж байсангүй мал хуй гээд аль байгаагаа өгдөг байж. Харин одоо бол байдал огт өөр болсон. Гандантэгчилэн хийд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй олон аж ахуйн нэгжийн адил татвар, түрээсээ төлөөд явдаг. Энэ бүхнийг сүсэгтэн олны өргөсөн өргөлөөс өгдөг. Энэ нь бизнес хийж байгаа мэтээр харагдуулдаг байх л даа. 1990 оноос өмнө Гандантэгчилэн хийдэд хүмүүс нууцаар ном бичүүлж, мөргөдөг, өргөл өргөдөг байсан. Хэрэв баригдвал хоригдоно шүү дээ. Гэхдээ улс үүнд хяналт тавьж тухайн ном хурсан лам нарт нь амьжиргааны мөнгө гэж өгөөд бусдыг нь авдаг болсон. 1990 оноос хойш энэ явдал дуусгавар болохоор тэрийг авч байсан хүмүүс асар их мөнгө хийдэг гэсэн яриа гаргасныг үгүйсгэхгүй. Одоо хийдэд иргэдийн болон дотоодын хүсэлтээр эдийн засгийн хөндлөнгийн аудит оруулдаг болсон шүү дээ.
-Тэгэхээр сүсэгтэн олондоо хандаад юуг хэлмээр байна?
- Иргэд маань бурханы шашныхаа талаар өргөн дэлгэр мэдлэгтэй байх ёстой юм. Энэ чинь бидний л соёл. Бид соёлоо мэддэг, тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй. Тийм учраас Гандантэгчилэн хийдээс шашныхаа талаар танин мэдэхүйн сургалт байнга зохион байгуулдаг юм. Сүсэгтэн олон маань энэ сургалтуудад идэвхтэй оролцож байгаарай гэж хэлмээр байна.
-Баярлалаа.
Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын Намжил дацангийн Ханаль, Лхаарамба Жадо Ринбүчи манай улсын иргэн боллоо | ||
Үзсэн: 2638 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.