Шууд Chart

Н.Пүрэв: Би хувь заяаны эрхээр Намбарын хүү, намрын найрагчийн төөрөгтэй төрсөн хүн

2016-10-06 16:37:56

Монголын зохиолчдын эвлэлийн хороо энэ жил нэлээн өөрчлөлт хийсний зэрэгцээ шинэ албан хаагч томилогдсон. Ингэснээр тэд дотоод болон гадаад харилцааг шинэчлэх, шинэ менежмент бий болгох гэнэ. Иймд тус хорооны бодлого зохицуулалтын албаны даргаар томилогдсон яруу найрагч Намбарын Пүрэвтэй ярилцлаа.

-Таныг үзэг нэгт нөхөд тань Засагт ханы хөх харчуудын удмын хүн гэх юм билээ. чухам аль суманд нь төрсөн юм бэ?

-Говь-Алтай аймгийн Дэлгэр сумынх. Хуучнаар Гуулин тосгоны уугуул гэсэн үг. Аав, ээж маань есөн сайхан хүү төрүүлж өсгөсөн ачтай. Одоо Улаанбаатарт ач, зээ, гучаа тойруулан энх тунх, сайхан амьдарч байна.

-Та хэзээнээс утга зохиолд дурлав?

-Оюутан ахуй цагаасаа номын амтанд шимтэн дурлаж, яруу найраг утга зохиолын гэгээн зам мөрийг сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орсон. Энэ бурханлиг, тэнгэрлэг, тунгалаг ертөнц рүү өөрийн эрхгүй зорин тэмүүлэхдээ 1987 оны үед анхны шүлгээ бичиж, өөрөө ихэд тоож билээ. Тухайлбал, 1987 оны намар “Намрын өнгө орлоо ээжээ” шүлгээ бичиж, Монгол Улсын гавьяат жүжигчин, нутаг нэгт Х.Болормаагаар дуулуулсан. Энэ дууны аялгууг Х.Болормаагийн гэр бүлийн хүн болох Б.Бат-Эрдэнэ буюу Аранза бичсэн юм. Үүнийг дуунд дуртай Монгол түмэн минь амандаа чихэр мэт “хүлхэж” аялдаг болж. Дээрх дууны шүлгийг бичиж байх үед намираа цагаан бороо зүсэрч байлаа. Тэгэхэд өөрийн эрхгүй сэтгэлд орж ирэхэд нь тэмдэглэлийнхээ дэвтэрт нэг амьсгаагаар таталган буулгаж байлаа.

-Номын тухайд яривал ...

-1992 онд “Дэлхий дүүрэн хайр”, 1997 онд “Сэтгэлийн гэгээ”, 2005 онд “Цаг хугацааны хөрөг”, 2010 онд “Тэнгэрийн зарлигаар” нэртэй яруу найргийн түүврээ хэвлүүлсэн.

-Таны шүлгүүд ихэвчлэн намар цагаар бичигдсэн байх шиг. Миний таамагласан зөв үү?

-Тийм ээ, зөв. Би хувь заяаны эрхээр Намбарын хүү, намрын найрагчийн төөрөг зурагтай тохиосон азтай хүн гэдгээ байнга мэдэрдэг. Сүүлд анзаараад байх нь ээ миний ихэнх олонд хүрсэн дууны шүлэг бас олны дуртай тэдэнд таалагдсан номын маань шүлэг намар цагийн гэгээн бодол, гэгэлгэн сэтгэлийн минь таталбаруудаас бий болсон байдаг. Жишээ нь, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Нутагтаа ирлээ хүү чинь”, “Аялгуу бүүвэй ээж”, “Тоотой бодогдох юм”, "Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, “Хайр буруугүй” зэрэг дуу намар бичигдсэн.

-Сүүлийн үеийн дууг сонсоод байх нь ээ ихэвчлэн таны шүлгээр бүтсэн дуу яваад байх шиг ...

-Баярлалаа. Би энэ талаар анзаардаггүй шүү дээ. Гэхдээ би сүүлийн жилүүдэд дууны яруу найргийн тухайд нуулгүй хэлэхэд тун их олз омог, онгод хийморь, уран бүтээлийн их даллагатай байгаа. Би Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамъян, Д.Цэвээнравдан, Б.Бямбабаяр, Д.Цэцэрлэг, Т.Найданжав нарын зэрэг уран бүтээлчтэй хамтарч ажилладаг. Дуу гэдэг сайхан зүйл. Хүмүүний зүрхийг хөглөгч, сэтгэлийг уясаан хөдөлгөгч арван цагаан буяны нэг бол дуу юм. Тиймээс эгшгийн гэрэлт цагаан суваргыг дахиж үл давтагдах цаг хугацааны агшин бүрт бүтээсээр, босгосоор л явна даа.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та шинэ албанд томилогдоод удаагүй байна. Ойрын үед ямар ямар ажил хийж амжуулахаар төлөвлөөд байна вэ?

-Юуны өмнө миний хувьд энэхүү албанд томилогдон ажиллах болсон нь нэр хүндийн хэрэг юм. Манай МЗЭ-ийн байгууллагаас сар бүр ажлын төлөвлөгөө гарган үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Нэн түрүүнд хийхээр төлөвлөж буй чухал ажил бол манай уншигчид болоод зохиолчид сураглан догдлон, гэгэлзэн хүлээдэг болоод буй богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам юм. Уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 1-31-ний хооронд хүлээж авна. Ингэсний дараа зохиолчдын ирүүлсэн бүтээлүүдийг МЗЭ-ийн удирдах зөвлөлөөс баталсан шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 10-15 өгүүллэгийг шалгаруулна. Харин эцсийн шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 18-20-ны үед болно.

-Энэ жилийн “Болор цом” наадам Завхан аймагт болох сураг гарсан. Энэ үнэн үү?

-Одоо энэ наадмын тухай ярихад арай эрт байна. Тэгээд ч Завханд болох тухай яриа хаанаас гарсныг би мэдэхгүй. Хаана, хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна. “Болор цом” маань утга уран зохиол, яруу найрагт дуртай элэгтэй, эрхэмсэг, оюунлаг Монголчуудын маань сураг ажиг тавин хүлээдэг цагаан сар, улсын баяр наадмын зиндаанд хүндэтгэн дээдэлдэг үнэ цэнэтэй, нэр хүндтэй наадмын нэг билээ. Тиймээс үүнийг барин тавин, хурдан түргэн хийж амжуулчихдаг ажил биш гэдгийг манай утга зохиолынхон төдийгүй ухаант Монголын мэргэн уншигчид мэдэж байгаа.

-Дээрх наадамтай дүйцэхүйц нэгэн арга хэмжээ бол оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам байдаг ...

-Энэ наадам бол “Болор цом”, “Утгын чимэг” хоёрыг бодвол харьцангуй мэргэжлийн чиглэлийн арга хэмжээ юм. Зохиолч, яруу найрагчдынхаа тухайн онд “өлгийдсөн” цогц бүтээлийг шигшин шалгаруулдаг. Үүнд өрсөлдсөн бүтээлийг дотор нь яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн болон кино зохиол, орчуулга гэх мэт төрөл хуваадаг. Мөн дууны яруу найраг нэмж оруулахаар ярьж байгаа. Энэ наадам шинэ он дөнгөж гарангуут буюу жил бүрийн нэгдүгээр сарын 9-нд МЗЭ-ийн байгууллагын төрсөн өдрөөр зохион байгуулагддаг.

-Ялангуяа утга зохиолд элэгтэй хүмүүсийн алган дээр дэлгэгддэг “Цог” сэтгүүл дахин хэвлэгдэж байгаа гэсэн үү?

-Тийм. Нэг хэсэг санхүүгийн бэрхшээлээс болоод гаралгүй удсан ч саяханаас утга уран зохиолд хайртай хүмүүсийн дэм тусаар дахин хэвлэгдээд хоёр ч дугаар хэвлүүлсэн.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Пүрэв: Би хувь заяаны эрхээр Намбарын хүү, намрын найрагчийн төөрөгтэй төрсөн хүн   
Үзсэн: 4555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
huyga [202.179.11.xxx] 2016-10-17 00:28
saihan bna
Зочин [202.70.34.xxx] 2016-10-08 08:04
olon saihan duutai hun bna amjilt husey
Зочин [122.201.21.xxx] 2016-10-07 22:49
Evii dee
Зочин [202.179.29.xxx] 2016-10-07 20:53
Дуугаар нь бодохоор сайхан найрагч байна Амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй