![](/uploads/201610/news/thumb/42c90bd1d91d7dd89a28927388657015_x3.jpg)
Өнөөдөр Монголбанкны зарласан ханшаар америк доллар 2335 төгрөгтэй тэнцэж байна. 17 цагийн байдлаар “Найман шарга”валютын зах дээр америк долларыг 2341 төгрөгөөр авч, 2344 төгрөгөөр худалдаалж байсан юм. Валютын эрэлт олон жилийн дунджаар өдийд хамгийн их байдаг нь нефтийн болон бусад импортлогч компаниудын татан авалт ихэсдэгтэй холбоотой.
Нөгөө талаас өнөөдрийг хүртэл америк доллар орж ирэх сувгууд болох гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспортод гаргах барааны үзүүлэлт сайжралгүй өдий хүрсэн нь нөлөөлжээ.
Цаашдаа ханш өсөх үү буурах уу гэдэг нь бизнесийнхэнд хамгийн чухал мэдээлэл юм. Тэгвэл сүүлийн өдрүүдэд эдийн засаг, улс төрийн хүрээнд өрнөсөн байдлаас харахад валютын зах зээлд ойрын хугацаанд ханш огцом савлахгүй байх, эерэг хүлээлт үүсээд байгааг эдийн засагчид онцоллоо.
Монгол Улсын Засгийн Газар, Олон улсын вальютын сантай хамтран ажиллах тохиролцоонд хүрвэл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА зэрэг донор байгууллагуудаас нийтдээ 2 тэрбум орчим ам.долларын туслалцаа авна.
Мөн УИХ-ын даргын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд Хятадын Экзим банкнаас олгохоор тохиролцоод байсан 1 тэрбум долларыг оруулах тухай хүсэлтийг тавьсан зэргээс харахад ойрын хугацаанд манай улсад 2-4 орчим тэрбум долларын гадаад вальютын нийлүүлэлт хийгдэх хүлээлт үүсээд байна.
Статистик үзүүлэлтээс харахад эдийн засгийн хямралтай үед ОУВС болон бусад санхүүгийн байгууллагын дэмжлэг орж ирэхэд долларын ханш огцом суларч, Монгол төгрөгийн ханш чангарах үзүүлэлт ажиглагддаг. Хөрөнгө оруулагчдын итгэл ч харьцангуй сэргэж, долларын эргэлт нэмэгддэг байна.
Гэхдээ энэ үед хамгийн гол анхаарах зүйл нь эдийн засагт орж ирэх долларын урсгалыг богино хугацаанд зарцуулаад дуусах биш харин урт хугацаанд тогтвортой эргэлдүүлэх бодлого л чухал байдгийг эдийн засагч онцолж байгаа юм.
Сүүлийн сард Монгол банкинд алт тушаалт нэмэгдэж байгаа нь ч вальютын нөөцийн бүрдүүлэлт нэмэгдэх бас нэгэн боломж. Арилжааны банкууд дахь иргэдийн нийт хадгаламжийн 25 хувь, харилцах гүйлгээний 14 хувь нь валютаар хийгддэг байна.
Тиймээс эдийн засагчдын хэлж байгаа бас нэг санаа нь дотооддоо ихсээд байгаа вальютын хөөрөгдсөн эрэлтийг бодлогоор барих хэрэгтэй. Эсрэг тохиолдолд ханш өссөний зоргоор хүн бүр бэлэн мөнгөө доллар болгоод байвал зохиомол эрэлт үүсдэг, яг одоо ч ханшийн өсөлтийн тодорхой хувь нь ийм эрэлтээс үүдэлтэй байгааг онцлон хэлж байгаа юм. Тиймээс дотоод зах зээлд валютын эрэлтийг хиймлээр ихэсгээд байдаг хүчин зүйлүүдийг багасгах хэрэгтэйг эдийн засагчид сануулж байна.
Валютын эрэлтийг хиймлээр ихэсгээд байдаг хүчин зүйлсийг багасгах хэрэгтэй | ||
Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.