![](/uploads/201612/news/thumb/0746fde553b888231eef30959c790dd6_x3.png)
Дайн болоход эр цэргүүд хамгийн түрүүнд эх орноо хамгаалдаг шиг эдийн эдийн засгийн хямралтай үед хамгийн түрүүнд Эдийн засагчид тодорхой хэмжээнд хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэж Монгол улсын залуу эдийн засагч Оюунбилэгийн Алтансаруул хэлж байна.
Түүний үзэж байгаагаар эдийн засгийн хямрал бол нэг ёсондоо эдийн засгийн “дайн” ажээ. Хэнтий аймгийн унаган иргэн тэрбээр 2016 оны 11 дүгээр сарын нэгнээс аймгийнхаа өрхийн үйлдвэрлэгч болон жижиг бизнес эрхлэгч нарт хямралыг даван туулахад нь туслах зорилгоор бизнесийн үнэгүй зөвлөгөөг өгч эхэлжээ.
Бизнесийн зөвлөгөөг өгөхдөө үндсэн ажлынхаа хажуугаар хийж байсан бөгөөд нэг сарын хугацаанд Хэнтий аймгийн бүх сумаас 130-аад өрхийн үйлдвэрлэгч болон бизнес эрхлэгчидтэй холбогджээ.
Бизнесийнхээ зөвлөгөөг тэрбээр утсаар болон цахим хуудсаар холбогдож мөн нутгийн бизнес эрхлэгч нартай биеэчлэн уулзаж өгчээ. Оюунбилэгийн Алтансаруул , Хэнтий аймгийн унаган иргэн, 2014 онд аймгийнхаа хөгжлийн загварыг гаргасан. Мөн Монгол улсын хөгжлийн загварыг 2015 онд бичсэн. Гаргасан загвараа хэрэгжүүлэх гээд амжихгүй явсаар эдийн засгийн хүндрэлтэй үетэй тулжээ. Тэгээд, нөхцөл байдал улам хүндрэхээс нь өмнө нутгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжье, тэдэндээ үнэгүй зөвлөгөө өгье гэж шийджээ.
“Би өөрөө төрийн албан хаагч учраас дандаа ажлын бус цагаар буюу оройн цагаар зөвлөгөө өгсөн. Заримдаа шөнийн 03 цаг хүртэл зөвлөгөө өгөх үе байсан” гээд, “Хөдөө орон нутгийн эдийн засаг маш хүнд байна. Улс оронд маань зуд болж байгаа ч, Эдийн засгийн зуд байгалын зуднаас хэд дахин их байна. Хөдөө орон нутгийн өрхийн үйлдвэрлэгч болон жижиг дунд бизнес эрхлэгчид импортыг орлох бүтээгдэхүүн хийж байна. Монгол бүтээгдэхүүний хийц, загвар, чанар импортын чанаргүй бараанаас илүү байна. Харин бизнес эрхлэгчдийн нэг л дутагдал нь хийсэн бүтээгдэхүүнээ таниулан суртачилахдаа муу, өөрөөр хэлбэл маркетингийн талаар мэдлэггүй байна” гэж тэрбээр ярьж байна.
Бизнесийн зөвлөгөө өгсөн 130-аад өрхийн үйлдвэрлэгч болон бизнес эрхлэгч нарт тэрбээр борлуулалтын сувгийг нь тодорхойлж маркетинг дээр нь зөвлөгөө өгчээ.
Хөдөө орон нутгийн үндэсний үйлдвэрлэгчдэд хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол нэгдүгээрт,- Сум болгонд үндэсний үйлдвэрлэлийн дэлгүүр нээх хэрэгтэй. Хоёрдугаарт,- Аймгийн төв дээр үндэсний үйлдвэрлэлийн зах нээх хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна.
О.Алтансаруул 2017 оныг өөрийнхөө хувьд “ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЖИЛ БОЛГОНО” гэсэн зорилтыг тавиад байна. Түүний харж байгаагаар Монгол улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй тул өрх бүр өөрийн эзэмшлийн 007 га газар дээрээ, хашаандаа ажлын байрны түрээсийн зардалгүй өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломжтой ажээ.
“Өнөөдөр монгол улсын 10 хүн тутмын дөрөв нь ажилгүй байна. Тэгэхээр бид ажлын байран дээрээ ажилгүй амьдарч байнаа гэсэн үг. Тийм учраас би хувьдаа 2017 ОНЫГ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЖИЛ БОЛГОЖ, өрхийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж импортыг бууруулах, цаашдаа өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах болно. Олон ч ажил төлөвлөсөн. Төлөвлөсөн ажлуудаа ирэх онд хийж эхэлнэ” гэж тэрбээр хэлсэн юм.
Д.Нарантуяа
Хямралтай энэ үед эдийн засагчид хариуцлагатай ажиллах хэрэгтэй | ||
Үзсэн: 1972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.