АНУ-ын хууль тогтоогчид энэ долоо хоногт хуралдаж, дэлхийн томоохон аппликейшнүүдийн нэг болох "Тикток"-ийг нэг бол худалдах, үгүй бол аппстор дээрээс бүр мөсөн устгаж, татаж авах боломжгүй болгох шинэ хуулийн төсөл боловсруулна гэж мэдэгдсэн.
Гэвч хуулийн шинжээч, эрхзүйчид АНУ ийм шийдвэр гаргах нь Үндсэн хуулийнх нь 1-р бүлэгт зааж өгсөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн хэрэг болно гэж үзэж байна.
Хууль тогтоогчдын зүгээс өргөн барихаар төлөвлөж байгаа шинэ хуульд үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэж заагаагүй ч хэдэн арван сая хэрэглэгчтэй энэ аппликейшныг хориглох нь үзэл бодлоо илэрхийлэх эрхээ боолгуулснаас ялгаагүй тул энэ хуулийг хүний эрхийн идэвхтнүүдээс гадна цахим платформ хэрэглэгчид олноороо эсэргүүцэх нь ойлгомжтой гэж шинжээчид тайлбарлаж байна.
Хувь хэрэглэгчдээс гадна "Тикток" аппликейшнаар дамжуулж зар сурталчилгаа явуулдаг, бизнесээ дэмждэг хэдэн мянган бизнес эрхлэгч байдаг. Тэдгээрийн хувьд энэ аппликейшныг хорих нь бизнесийн шударга өрсөлдөөнийг хааж боогдуулсан хэрэг болох юм.
АНУ-ын Үндсэн хуулийн 1-р бүлэгт зааж өгсөн хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмждэг институтээс АНУ-ын хууль тогтоогчдын шийдвэр олон нийтийн сүлжээнд цензур тавьж байна гэсэн утгатай мэдэгдлийг хууль тогтоогчид руу хүргүүлсэн байна.
АНУ-ын шүүхээс хууль тогтоогчдын төлөвлөж байгаа хуулийн төсөлд дүн шинжилгээ хийнэ гэж зөвшөөрсөн байна.
Шүүхээр шалгуулахаар болбол АНУ-ын Засгийн газар хүний үг хэлэх эрхийг зөрчөөгүй гэдгээ батлах ёстой болох юм. Гэвч шүүхийн дүн шинжилгээгээр ормогцоо энэ хуулийн төсөл унах нь ойлгомжтой болно гэж шинжээчид үзэж байна.
Харин энэ хуулийг дэмжигчид хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдсан зүйл байхгүй. АНУ ердөө "Тикток"-ийг эзэмшдэг Бээжинд төвтэй "ByteDance" компанийн арилжааны үйл ажиллагааг зохицуулах гэсэндээ ийм шийдвэр гаргаж байгаа гэж тайлбарлах нь байна.
"Тикток"-ийг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын ихэнх гишүүд дэмжиж байгаа. Гэхдээ батлагдах хүртлээ АНУ-ын сенатын танхимаар орж, дахин хэлэлцүүлэгдэх учиртай.
Одоо Ерөнхийлөгчийн сонгуульдаа "Тикток" ашиглаж байгаа Ерөнхийлөгч Жо Байден ч энэ хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Гэхдээ энэ хууль батлагдсан ч бай ард түмнээс томоохон эсэргүүцэлтэй тулгарч, шүүхээр шийдвэрлүүлэх нь ойлгомжтой гэж эрхзүйчид үзэж байна.
Энэ хуулийн төсөл унах нь ойлгомжтой гэж үзэж байгаа шүүмжлэгчид нэгэн тайлбар өгч байгаа нь АНУ "Тикток"-ийг эзэмшдэг БНХАУ-ыг хэрэглэгчдийн мэдээллийг ашигладаг, цуглуулдаг гэж буруутгаж байгаа хэрнээ яг ижил хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж байж болзошгүй бусад олон төрлийн цахим платформд ижил арга хэмжээ авахгүй байгаа нь юм.
Жишээлбэл, "Фэйсбүүк", "Инстаграм"-ыг эзэмшдэг "Мета" компани гэхэд хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулдаг, цуглуулсан мэдээллийнхээ хүрээнд аппликейшнээ нэмж сайжруулдаг.
Гэвч АНУ-ын Засгийн газар "Мета"-г хэзээ ч үндэсний эрх ашигт халдах аюул занал гэж үздэггүй ч "Тикток"-ийг аюултай гэж үзэж байгаа юм.
Хэрвээ АНУ үндэсний аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьж байгаа бол бүх аппликейшнд ижил хориг тавих ёстой гэж шинжээчид үзэж байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Монтана мужийн Засгийн газраас "Тикток"-ийг хориглох хуулийн төслийг мужийн хуульд тусгахыг оролдсон ч Монтанагийн дээд шүүхээс уг хуулийн төсөлд нь хориг тавьж байсан юм.
Тухайн үед мөн л "Тикток" болон хэрэглэгчид нь АНУ-ын үндсэн хуулийн 1-р бүлэгт заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна гэж зарга мэдүүлж байжээ.
РОЙТЕРС: АНУ “Тикток”-ийг хориглох нь үндсэн хуульд нь харшилна | ||
Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.