Шууд Chart

АНУ: Тусгаар тогтносон Палестин улсыг тунхаглахад шууд яриа хэлэлцээ хэрэгтэй

2024-04-04 15:03:35

"Палестин бол үндэстэн улс гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй субъект юм. Палестин нь өөрийн гэсэн Засгийн газартай ч тэр нь ихэвчлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй, хүч нөлөө багатай гэдгээрээ танигдсан. Гэхдээ сүүлийн зургаан сарын хугацаанд үргэлжилсэн дайны уршгийг харвал Палестины тусгаар улсыг тунхаглаж, Палестины Засгийн газар Газын зурвас болоод Иордан голын баруун эргийн төрийн эрхийг барих нь зүйтэй" гэж АНУ тэргүүтэй улсууд үзэж байна.

Тэр тусмаа Палестины тусгаар улсыг байгуулах ёстой бол тэр шийдвэрийг НҮБ-ын индэр дээр бус Палестины Засгийн газартай газар дээр нь шууд харилцаж, яриа хэлцэл өрнүүлж, үндэстэн улсыг нь хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг гэсэн байр суурийг АНУ илэрхийлжээ.

Палестины ард түмэн төвлөрөн суурьшдаг Газын зурваст 2006 онд "Хамас" бүлэг хүч түрэн гарч ирснээс хойш Палестины Засгийн газрын хүч нөлөө сул хэвээр байна.

Палестин нь үндэстэн улс гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй ч НҮБ-д де факто хэлбэрээр ажиглагчийн статустай үг хэлдэг. Тэгвэл энэ долоо хоногт Палестины эрх баригчид НҮБ-аас гишүүнчлэлийг нь де факто биш бүрэн эрхт гишүүн болгож өгөхийг хүссэн байна.

НҮБ Палестинд 2012 онд ажиглагчийн статус олгож байсан юм. Палестины тусгаар тогтнолыг Израил улс харин ямагт эсэргүүцдэг. Палестин улс байгуулагдвал зэвсэгт "Хамас" бүлэг улам бэхжиж, Израилын аюулгүй байдалд заналхийлнэ гэж үздэг юм.

Израил болон Палестин аль, аль нь нэгнээ үндэстэн улс гэж хүлээн зөвшөөрдөггүйгээрээ онцлогтой. Тэгвэл Израилын хамгийн ойрын холбоотон гэж тооцогддог АНУ-ын Палестин дээрх байр суурь Израилынхаас зөрж байна.

АНУ-ын зүгээс Палестины тусгаар улс байгуулагдаж, Израил-Палестины нутаг дээр хоёр улс гэсэн систем тогтох нь зөв гэж үздэгээ илэрхийлэх болсон. Тэгвэл тусгаар бүрэн эрхт улс болж байгаагийн нэг илрэл гэж хэлж болох НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болохын тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн бүгд хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээр гишүүн 193 орны гуравны хоёр нь буюу 70 орчим хувь нь багадаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой юм. Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний 5 нь байнгын гишүүн статустай. Тэр 5 орон Аюулгүйн зөвлөлөөс гарах аливаа тогтоолд хориг тавих эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл, АНУ Палестиныг улс биш гэж үзэж, тусгаар бүрэн улсын хувиар НҮБ-ын гишүүн болоход нь хориг тавих эрхтэй гэсэн үг.

АНУ-ыг ингэж хориг тавих уу гэсэн асуултад АНУ-ын Төрийн департаментаас тодорхой хариу хэлэх боломж хараахан байхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Энэ дөрөвдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг Мальта улс даргалж байгаа. НҮБ дахь Мальта улсын төлөөлөгч Палестины хүсэлтийг Аюулгүйн зөвлөл авч хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна.

Аюулгүйн зөвлөлөөс зохистой шийдвэр гаргахын тулд гишүүн бүртэй сайтар ярилцаж, хэлэлцэнэ гэж мөн дурджээ.

Харин Палестины хувьд энэ сарын 18-нд болох Ойрх Дорнодын сайд нарын уулзалтын үеэр Аюулгүйн зөвлөлөөс тодорхой шийдвэр гаргуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Тусгаар тогтносон Палестин улсыг тунхаглахад шууд яриа хэлэлцээ хэрэгтэй  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй