Европын гишүүн 34 оронд явуулсан судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдаас илүү ядууралд өртөх эрсдэлд байдаг нь тогтоогджээ.
Европт 16-аас дээш насны хүмүүсийн 30 шахам хувь нь болох 100 сая гаруй хүн ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байдаг гэсэн тоо баримт байна.
Европын холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын комиссоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах нөхцөл стандартыг сайжруулахыг гишүүн орнууддаа уриалсан байна.
Дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэг үйлдлийн бэрхшээлтэй байдаг Европт эдгээр хүмүүс нийгмийн амьдралд оролцоход зарим тэнцвэртэй бус нөхцөл байдалтай тулгардаг байна.
Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрах нөхцөл боломж, ажлын байраар хангагдах хэрэгцээ зэргийг эрх баригчдын зүгээс бодлогоор дэмжиж өгөх шаардлагатай гэж Европын комисс үзжээ.
Бие даан амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад наад зах нь тэдэнд зориулсан замтай, орж гарцтай, орчныг нь тохижуулж шийдэж өгсөн байр орон сууц, оффис, үйлчилгээний газрын барилгыг зөв зураглах ёстой юм.
Мөн тэдэн рүү чиглэсэн нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээ, эдийн засгийн таатай орчин нөхцөлийг сайжруулах нь зүйтэй гэж үзжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт Евростатын зүгээс дараах хүмүүсийг багтаасан байна. Үүнд, сүүлийн зургаан сарын хугацаанд эрүүл мэнд, бие махбодын аливаа асуудлын улмаас аж байдал, ажил эрхлэлт, амьдралд нь сөрөг үр дагавар үүссэн хүн гэдгийг оруулж өгч байна.
Мөн харах, сонсох, алхах, бодох санах аливаа нэг бие махбодын үйлдэл нь ажиллагаагүй болсон хүнийг хамруулжээ.
Хөгжлийн бэрхшээлийн хүндрэлийн хэлбэр нь Европын холбооны улс бүрт харилцан адилгүй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувиар Латви, Дани, Португал, Финланд, Албани, Нидерланд зэрэг улс холбоондоо тэргүүлж байгаа бол Мальта, Болгар, Умард Македон, Серби, Монтенегро улсын иргэдийн дундах хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо хамгийн бага хувийг эзэлж байна.
Түүнчлэн Евростатын гаргасан статистик судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зарим үйлдлийн бэрхшээлтэй болох хөгжлийн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй гэж хоёр ангилжээ.
Европын холбоо дахь 16-аас дээш насны иргэдийн 20 орчим хувь нь зарим үйлдлийн бэрхшээлтэй гэсэн бол 7 хувь нь хөгжлийн хүнд бэрхшээлтэй гэдэг тоо гарчээ.
Хөгжлийн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй иргэдийн тоогоор Эстони, Их Британи, Исланд улс дээгүүр байр эзэлж байна. Гэхдээ Европын холбоо даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тооны ялгаа маш их байдаг. Үүнийг тухайн аль нэг улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж тооцох шалгуур, нийгэм, соёл, сэтгэлгээний ялгаа нөлөөлдөг гэсэн мэдээлэл байна.
Үүнээс улбаатайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд ядууралд өртөж болзошгүй эрсдэл ч улс бүрээр өөр өөр байна. Жишээлэхэд, Словак улсад ядууралд өртөх эрсдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувь хэмжээ 13.6 хувь байхад Эстони улсад энэ эрсдэл 44 хувь байх жишээтэй.
Бүсчилж авч үзвэл, Нордикийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэд ядууралд өртөх эрсдэл хамгийн бага бол Балтын тэнгисийн орнууд хамгийн эрсдэлтэй орноор шалгарчээ.
Сүүлийн жилүүдэд Нордикийн орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар ядуурлаас тодорхой хэмжээнд сэргийлж чадсан гэсэн мэдээллийг Евростат мөн гаргажээ.
Харин Турк, Мальта, Кипр, Грек, Румын зэрэг улсад энэ тэтгэмж хамгийн бага байдаг байна.
Европын орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдаас илүү ядууралд өртөх эрсдэлтэй байна | ||
Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.