Шууд Chart

В.Ойдов: Халамжлуулдаг биш баялгийг бүтээдэг хүн болох ёстой

2014-08-28 10:29:01

Бид энэ удаагийн “Редакцийн зочин”-оор Сэргээн засах ба бие даан амьдрахад зориулсан туслах хэрэгслүүдийн худалдаа, үйлчилгээ үзүүлэгч Монголын анхны компани болох “РЕХТУСХХК-ийн захирал Ваанчигийн Ойдовыг урьж ярилцлаа.

ие даан амьдрахад зориулсан туслах хэрэгсэл гэхээр анхаарал татаж байна л даа. Энэ талаараа манай уншигчдад танилцуулна уу?
 
-Хүн өдөр бүр хоол унд идэх, усанд орох, хувцсаа өмсөх зэрэг 6-8 үйлдлийг тогтмол хийдэг. Харин зарим хүн тухайлбал, түр зуурын гэмтэл авсан, хөгжлийн бэрхшээлтэй, нас өндөр болсон эсвэл хэт тарган зэрэг хүмүүс эдгээр үйлдлээ хийх амаргүй байдаг. Эдгээр хүмүүсийн асран халамжлагч нарт ч гэсэн энэ бүгдэд нь туслах их хялбар биш л дээ. Жишээ нь, их жинтэй эсвэл өндөр настай хүн усанд ороход олон янзын хүндрэл үүсдэг. Монголд ийм хүнд туслах өргөгч, хэрэгсэл байдаггүй. Харин өөр орнуудад ийм хэрэгслүүдийг ахмадууд болон ийм хэрэгцээтэй хүмүүс нь хэрэглээд удсан байгаа. Тиймээс манай компани энэ үйлчилгээг Монголд нэвтрүүлж хэрэгслүүдийг нь сонгох, хэрэглэхэд нь зөвлөж, олж өгөх үйлчилгээ үзүүлдэг юм.
 
-Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэргэнцэр л хэрэгтэй мэтээр ойлгоод байдаг. Гэвч өөр олон хэрэгсэл хэрэгтэй байдаг юм шиг байна? 
 
-Тийм ээ. Хүмүүс яг ингэж л ойлгодог. Тэр олон хэрэгслийн нэг нь л тэргэнцэр юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чинь бусдын л адил хоол идэж, бие засч, усанд ордог. Тэргэнцэр бол хүнийг “А” цэгээс “Б” хүртэл л зөөдөг унаа шүү дээ. Монголд,  тэргэнцэр, зөөлөвч гэх мэт ойр зуурын зүйлс худалдаалагддаг. Гэтэл үүнээс олон гоё боломжууд энэ хорвоо дээр байна. Гаргүй хүн хөзөр тоглоход зориулагдсан хөзөр барьдаг хэрэгсэл хүртэл байдаг. Мөн хэвтрийн хүнд зориулсан хэвтэж байгаад ном унших боломжтой хэрэгсэл байна. Монголд одоохондоо орж ирээгүй байгаа ч бусад орнуудад өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэднийг асарч байгаа хүмүүст зориулсан гоё шийдлүүд олон. 
 
-Та их сайн үйлс хийж байгаа юм байна. Тэгэхээр бараагаа тусламжаар авч байна уу, өөрөө худалдан авдаг юм уу?  
 
-Өөрөө оруулж ирдэг. Тусламжаар ирдэг хэрэгслүүдийг Монголын ард түмэнд хүргэж байсан хүний хувьд хэлэхэд тусламжийн эд зүйлс тэр бүр тусламжийг авч байгаа ард  түмнийхээ хэрэгцээнд нийцээд байдаггүй. Өөрөөр хэлбэл, захиалгаар биш, бэлгэнд эсвэл хандиваар л ирж байгаа зүйл шүү дээ. Эдгээр зүйлсийг хүлээн авч байгаа хүмүүс нь ч сонголт хийх боломж хомс. Ийм тохиолдолд яг тухайн хүний хүсэл хангагдаж чаддаггүй. Харин өөрийнх нь улс оронд энэ чиглэлийн мэргэшсэн байгууллага үүсээд үйлчилж эхэлвэл наанадаж л ард иргэдийн сонголт болон мэдлэг дээшилдэг онцлогтой юм.
Тиймээс би “РЕХТУС” компанийг байгуулсан. Хүмүүс намайг зорьж ирээд “Надад ийм хэрэгсэл хэрэгтэй байна” гээд захиалбал би оруулж ирж өгнө. Би одоо таван орноос нийлүүлэгчтэй байгаа. Хүзүүгээ гэмтээгээд гэдийж чадахгүй хүнд зориулсан аяга гээд энэ төрлийн хэрэгсэл олон болохоор аажимдаа хүмүүс хэрэгцээг нь ойлгоод эхэлнэ байх.
 
-Анх хэдэн оноос бизнес эрхэлье гэх санаа төрөв?
 
-Би их сургуулиа төгсөөд аюулгүй байдал, хамгаалалтын компанид менежер хийж байсан. Дараа нь хүмүүнлэгийн ажил хийж, хүнд эд зүйлс тараавал гоё юм байна гэж ойлгосон. Тэгээд хэдэн жилийн дараа дээр хэлсэн шалтгааны улмаас гаднаас бэлэн юм оруулах бус харин өөрийн орондоо үүнийг хөгжүүлэх нь зөв гэж бодох болсон. Хүний үзэл бодлыг өөрчилнө гэдэг хэцүү. Гэсэн ч өөрчлөх хэрэгтэй байсан тул бизнесээ эхэлсэн юм. Сая би Швейцар Улсад бизнесийн чиглэлээр сураад ирсэн. Ер нь бол бизнес эрхэлье гэх бодол анх 2007 оноос бий болсон. Бодож явсаар ямар ч байсан ажил хэрэг болголоо. Одоогоор дүүтэйгээ хамт ажиллаж байна. Хэрэглэгчид маань манайхыг зорьж ирээд бусад дэлгүүрт байдаггүй зүйлийг захиалдаг. Би тэр хэрэгслийг нь судалж үзээд үнэ төлбөрийг нь тодруулаад хэрэглэгчдээ мэдээлдэг. Хэрэглэгч маань авъя гэвэл гаднаас захиалан оруулж ирдэг. Үйлчлүүлэгчид маань сэтгэл ханамжтай байдагт нь баярладаг.   
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төхөөрөмжүүд үнэ өндөртэй байдаг уу?
 
-Янз бүр л дээ. Хамгийн эмзэг бие эрхтэнтэй хүн хамгийн сайн чанарын бүтээгдэхүүн, шийдэл хэрэглэх ёстой болдог. Тэгэхээр хамгийн сайн технологитой хэрэгслүүдийг эдгээр хүмүүс хэрэглэж байна гэсэн үг. Солонгост энэ чиглэлийн бизнес өндөр хөгжсөн байдаг. Тэргэнцэрийг хүртэл тухайн хүний нурууны өндөр, таазны өргөн гэх мэтээр тааруулж сонгодог юм л даа. Солонгосчууд хэрэгтэй бараагаа захиалаад халамжаасаа тодорхой хэмжээний мөнгөө авдаг юм билээ. Солонгост ийм дэлгүүрүүд чиглэл чиглэлээрээ хөгжсөн байдаг. Заавал хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй өндөр настнуудад зориулсан хэрэгсэл ч бий. Энэ улсад яагаад энэ чиглэлийн бизнес хөгжсөн бэ гэхээр тэнд нуруу, нугасны өвчлөл их байдагтай холбоотой. Дайны үеийн гэмтэлтэй хүмүүс ч байдаг. Одоо Монгол Улсад харвалттай хүн ихсэж байна. Чингэлтэй дүүрэгт гэхэд л хоёр мянгаас дээш хүн байгаа гэнэ. Эдгээр хүнийг харахын тулд заавал нэг хүн ажлаа алдаж асрах хэрэгтэй болдог. Нэг хүнийг ч болтугай ажил хөдөлмөр эрхлүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хэрэгслүүд өргөн сонголттойгоор байх хэрэгтэй. Бидний олонх нь асруулах ёстой, нөгөө нь асрах ёстой гэсэн бодолтой байдаг. Бусдын асаргаанд байдаг хүн чинь итгэлгүй болчихдог юм. Эдгээр нь өнгөц харахад дан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал мэт боловч үнэн чанартаа хүн бүрт амьдралд нь тулгардаг нийгмийн асуудал юм шүү дээ. Миний нэг гадаад найз байна л даа. Өөрөө талхны үйлдвэртэй. Хэнээр ч асруулахгүй. Гэрийнхээ бүх тавилгыг доор байрлуулчихсан. Хагас мөнгөө өөрөө гаргаад, талыг нь халамжаас авсан байгаа юм. Одоо тэр хүн бол халамжлуулдаг биш, баялгийг өөрөө бүтээдэг хүн болсон байгаа биз дээ.    
 
-Та саяхан олон улсын хуралд оролцоод ирсэн. Тэр хурлынхаа талаар яриач?
 
-Сөүлд өнгөрсөн долоо хоногт болсон Ази, Номхон далайн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын глобал түвшний асуудал хэмээх сургалтад оролцоод ирсэн. Энэ сургалт 2005 оноос эхэлсэн юм. Монголоос хоёр залуу оролцоод байна. Би 2009 онд оролцсон. Сая 10 жилийн ойгоор нь  мөн оролцлоо. Жил бүр болдог энэ хурлын үеэр Ази, Номхон далайн бүсийн манлайлагч хөгжлийн бэрхшээлтэй 10 залуу, Солонгосын 10 залуутай нийлээд 20-лаа нэг баг болж бие биеэсээ суралцаж, туршлага хуваалцдаг. Арван жилийн турш 100 залуу энэ хуралд оролцсон гэсэн үг. Сая тохиосон хуралд, амьдралд нь бодит өөрчлөлт гарсан арван залууг урьж энэ хуралд илтгэл тавиулсан юм. Сургалтад хамрагдсанаар миний амьдралд ямар өөрчлөлт оров сэдвийн хүрээнд илтгэлээ сургалтын хөтөлбөрийн 10 жилийнх нь ойгоор тавьсан юм.
-Олон улсын сургалтад оролцоод туршлага солилцоод ирсэн хүний хувьд монголчууддаа хэлмээр санагдсан санаа байгаа байх? 
 
-Тэгэлгүй яах вэ. Би Сошиал Энтерпрайз \social enterprise\, том корпорациуд болон ТББ-ын хоорондын хамтын ажиллагаа, нийгмийн салбарт ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх боломжууд, олон улсын хэмжээний хурал цуглааныг зохион байгуулах зэрэг сэдвийн хүрээнд ярилцъя гэж бодлоо. Тухайлбал, Сошиал Энтерпрайзийн тухай олон ойлголтуудын нэг нь нийгмийн аливаа асуудлыг бизнесийн аргаар шийддэгт байгаа юм. Жишээ нь, Солонгост нэгэн жижиг талхны компани байна. Тэр компани нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургаж аваад, маш сайхан амттай нарийн боов хийж, түүнийгээ зах зээлд гаргаж байгаа юм. Ингээд 2002 онд эхэлсэн энэ компанийн ажил 2007 он гэхэд 50 хувийн капиталын өсөлттэй болчихсон байх жишээний. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг цуглуулж, ажил хийлгээд нөгөөдүүл нь хоорондоо гэр бүл болж, ингэснээрээ тэд маань хэнээс ч юу ч хүсэхгүй, юу ч гуйлгүйгээр нийгмийн нэгэн эд эс болж байна. Ийм байгууллагыг Монголд бий болгоход болохгүй зүйлгүй. Дэлхийд танигдсан томоохон брэндийн нэг “Самсунг” ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүхэл бүтэн хотхон байгуулаад байна. Өнөөдөр 185 мянган төгрөгөөр зарагдаж байгаа автомашины тоос сорогчийг тэдгээр хүмүүс үйлдвэрлэдэг юм байна. Монголд болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлүүлэх тухай бодохоосоо илүүтэй халамж хүртээх гэдэг утгаар харьцдаг. Эдгээр хүмүүсийг бид зөв талаас нь харж чадах юм бол баялаг бүтээгчид байдаг.  
 
-Таны бодлоор бид цаашдынхаа хөгжилд юуг анхаарах ёстой юм шиг санагдаж байна? 
 
ая оролцсон хурлыг “Солонгосын сэргээн засах нийгэмлэгийн холбоо” зохион байгуулсан. Энэ газар нь Олон улсын сэргээн засах холбооны салбар холбоо болж 1955 онд байгуулагдсан байдаг. Эхлээд бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Аажимдаа эрдэмтдийг өөрийнхөө багт оруулж эхэлсэн. Аливаа зүйлд толгой гэж байх ёстой шүү дээ. Гэхдээ дээрх байгууллага мэргэжил мэргэжлийн төрлөөр нь эрдэмтдийг цуглуулаад байгууллагынхаа хүчийг тодорхойлж ирсэн байгаа юм. Харин гурав дахь арван жилдээ төр болон бизнесийнхэнтэй нийгэмд зориулагдсан үйл ажиллагаан дээр нь хамтарч ажиллаад төрөөс дэмжлэг авсан байгаа юм. Монголын томоохон бизнесийн байгууллагууд хүртэл нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхдээ түр зуурын үйл ажиллагааг нийгэмд хандаж хийгээд байна. Гэр барих, цэцэрлэг тохижуулах гээд тухайн үедээ гоё харагдаад өнгөрөх зүйлсэд анхаардаг. Гэтэл сая миний оролцсон хурал бол нийгмийн эд, эс болох хүний хөгжилд түлхүү анхаарч байгаагаараа чухал байлаа. Тэд гаднын залуустай өөрийн орны залуучуудыг хамтад нь сургах хөтөлбөрт хөрөнгө гаргаснаар ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж байна. Мөн ирээдүйн хүний нөөцийн капиталыг  л нийгмийн салбарт гаргаж ирэх ажлыг хийж байгааг харлаа.
 
-Гаднын улсууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ авьяас чадварыг улс орныхоо хөгжилд нэмэрлэж байна гэж ойлгож болох нь ээ?
 
-Тийм ээ. Хамтын ажиллагаа маш сайн гэдгийг би тэр хурлаас олж харлаа. Тухайн төрийн бус байгууллага нь ажилласаар байгаад манай агентлагуудын хэмжээнд хүрсэн байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ их олон асуудлыг тэд хариуцдаг юм билээ.
 
-Манай улсад тийм боломж бий юу? 
 
-Манай улсад хөгжлийн бэршээлтэй иргэдэд зориулан үйл ажиллагаа явуулдаг 40 орчим байгууллага бий. Нэр зүүсэн 100 гаруй байгууллага байдаг юм. Би Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ын хөгжил гурав дахь давалгаан дээрээ явж байна гэж ойлгодог. Эхлээд бид халамж ярьдаг байсан. Дараа нь бид нийгэм биднийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна гэж дуугарсан. Харин одоо бол эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх ёстой гэж байна. Одоогоор ийм л хөгжил дээр явж байна гэж хэлэх байна.
 
-Дээр дурдсан ярианд эргээд оръё. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулсан олон улсын хурлыг яаж зохион байгуулах ёстой юм бэ? 
 
-Энэ их чухал асуудал. Одоо Оросын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах гэж байна. Ер нь төрийн айлчлалын бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүн ирвэл бид яах ёстой вэ. Мэдээж бүх оролцогчдод тааруулж зам харгуйгаа бэлдэх ёстой. Хурлын тайзнаас өгсүүлээд налуу замтай байх шаардлага үүснэ. Манай улсад Драмын театр л гаднаа налуу замтай. Гэхдээ дотогшоо ороод тайз руу гардаг зам байхгүй. Хуралд хараагүй хүн оролцлоо гэхэд чихэвч зүүлгээд орчуулга хийдэг. Сонсголгүй хүнд бол Америк дохионы хэлээр ярьж болдог. Мөн тавигдаж байгаа илтгэл, яриаг дэлгэц дээр бичиж харуулж байх жишээний. Ингэж байж л тэнд байгаа бүх хүн хуралд суусны үр дүн гарна. Одоогоос гурван жилийн өмнө Ази, Номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хурал манай улсад болсон юм. Бид  мөн ч их сандарсан даа. “Кемпински” зочид буудал хүртэл гаднаа налуу замгүй байсан. Ер нь манай томоохон гэгдэх буудлуудад тэргэнцэртэй хүнд зориулагдсан зам байдаггүй. Нисэхээр ороод ирэхэд ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шаардлага хангах замгүй шүү дээ.    
 
-Энэ бүгдийг нүдээр үзсэн хүний хувьд та санаачлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө ажиллаж болдоггүй юм уу? 
 
-Би 2007-2012 он хүртэл олон улсын байгууллагад ажиллаж байсан. Төрийн бус байгууллагатай байсан. 2009 онд Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй нөхцөлийг хангахын тулд хоёр стандарт боловсруулсан байдаг. Нэг нь, явган хүний замыг хүртээмжтэй болгох, нөгөө нь барилга байгууламж хүртээмжтэй болгох юм. Энэ бүхэн 2010 оноос хойш хэрэгжиж байна. Одоо Улаанбаатарт хотын төв болох Бага тойруугаас эхлээд явган хүний зам хийгдэж л байх шиг байна. Бид анхнаасаа тогтвортой юм хийе гэж зорьсон. Бидэнтэй хамтарч, дэмжиж ажилласан байгууллага олон байгаа. Хийе гэх хүсэл байвч хясал гэж бас байна шүү дээ. Хууль эрх зүйн орчноос эхлээд л хэцүү. Эхлээд хүнд ойлгуулах хэрэгтэй байдаг. Гэтэл дарга нар маань ойлгохгүй байна. Хэнд ч юу ч ойлгуулаагүй байж аливаа ажлыг автоматаар хийнэ гэдэг худлаа. Хүн ямар тохиолдолд ойлголт авдаг вэ гэхээр өөрөө биеэрээ мэдэрсэн нөхцөлд л юм шиг байгаа юм. Явж байгаад шургаад унах ч юм уу, юм мөргөсөн тохиолдолд нээрээ энэ замыг янзлах хэрэгтэй гэж боддог. Эдгээр зүйлсийг илүү олон хүмүүст ойлгуулахын тулд би хүртэл ингээд яриад л сууж байна.  
-Халамж гэдэг зүйлийг монголчууд бэлэн мөнгө тараах гэж ойлгоод байдаг тал бий. Энэ тал дээр таны бодлыг сонсъё? 
 
-Халамж хүнд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажлаасаа халагдсан хүнд цалингийнх нь хувиар тооцоод мөнгө өгөх нь байж болох зүйл. Би улсынхаа хөгжил дэвшил, халамж энэ бүхнийг шүүмжилдэг хүн биш шүү. Нийгмийн хамгааллын бодлого нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөгжүүлэх талаас нь хандаасай л гэж бодож явдаг. Түүнээс биш хэдэн төгрөг өгч авалцахыг халамж гэж ойлгодоггүй. Би их сургууль төгсөн төгсөтлөө ангийнхныхаа дэмжлэгийг авдаг байлаа. Налуу зам байхгүйгээс ганцаараа шат руу өгсөж чаддаггүй байсан юм. Арайхийж шатаар өгсөөд гарч ирж байхад нэг давхарт хичээл орно гэж хэлбэл дахиад л хүүхдүүдээр чирүүлээд буудаг байсан. Налуу зам байлаа ч үр ашигтай байх ёстой. Хүртээмжтэй байдлыг яриагүй тохиолдолд бид эрх ашгийн тухай ярих ёсгүй. Гэрээсээ гарч чадахгүй байгаа хүний бусад эрх, үүргийг нь яриад явах хэцүү биз дээ. Би Америк, Солонгос, Швейцарт амьдарч байхдаа олон зүйлийг анзаарч явлаа. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээвэр хүртээмжгүй байна. Хүртээмжтэй боловсролын систем алга байна. Түүнчлэн, улс орнуудын олон улсын хамтын ажиллагааны байгууллага нь дэлхий дахинд өөрийгөө таниулж байдаг юм. Гэтэл өнөөдөр Монгол Улсад U.S.A.I.D, ЖАЙКА” шиг олон улсын байгууллага байна уу. Энэ мэт олон улсын байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ эдийн засгийн талаас нь дэмжиж байгаа ч ирээдүйн манлайлагчдыг давхар бэлтгэж байна. Миний оролцсон хурлыг олон улсын байгууллагаас дэмжсэн. Тухайлбал, “КОЙКА” арван хөтөлбөрийг нь дэмжиж ажилласан. Үүний цаана ирээдүйн манлайлагч боловсон хүчнээ дэмжих аугаа бодлого явдаг. Эдгээр суралцагсад дотроосоо жинхэнэ шилдгийг нь сонгож өөрийн орны зохих байгууллагуудыг удирдуулна гэсэн бодол байдгийг харж байна. Гэтэл манайд тийм бодлого алга. Тиймээс, бид ийм зүйл үүсгэх хэрэгтэй байна.
 
-Таны бодлоор Монгол Улс манлайлагч залуусыг яаж бэлдэх хэрэгтэй юм бэ?
 
-Миний бодлоор бол мах ясаараа үзсэн туршлага солилцох, мөн алсын харааг барьж хүнээ зөв сонгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Залуучуудаас сонгож аваад бэлтгээд олон улсад хамтарч ажиллах боловсон хүчинг бэлтгэх. Бас залуусыг төр засгаас хүсэл сонирхлынх нь дагуу сургахад дэмжих хэрэгтэй. Тэгвэл 20-30 жилийн дараа Монгол Улсын жинхэнэ боловсон хүчин бэлтгэгдэн гарч ирнэ. Бид тэгж л алсыг харж манлайлагчийг бэлтгэхгүй болохоор тухайн салбартаа элэгтэй нь бүү мэд, мэдлэгтэй нь бүү мэд “кармааны” нэг хүн гарч ирээд өөрөө ч хөгжихгүй, салбараа ч хөгжүүлэхгүй “гай” болсоор л байна. Ер нь бол мэдлэгтэй бас элэгтэй хүн л тухайн салбараа хөгжүүлж чадна шүү дээ. Энэ хоёрын аль нэг нь байхгүй бол уруудах нь гарцаагүй. Тиймээс би Нийгмийн чиглэлийн ирээдүйн хүний нөөцийн капиталыг бодлоготойгоор эртнээс бэлдэх ёстой юм байна гэж давтан хэлээд байгаа нь энэюм.
 
-Сонссон, харсанаа манай уншигчдад хуваалцсан танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье?  
 
-Баярлалаа. “Явсан нохой яс зуунагэгчээр миний ярьсан эдгээр зүйл хэн нэгэнд хэрэг болно байх гэж найдаж байна. Өөрийн харсан, дуулснаа нутаг нэгтнүүдтэйгээ хуваалцах нь эх орноо төлөөлөн хуралд явсан миний зорилго юм. Та бүхний ажилд амжилт хүсье. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

В.Ойдов: Халамжлуулдаг биш баялгийг бүтээдэг хүн болох ёстой   
Үзсэн: 12045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Батчимэг М [202.179.27.xxx] 2017-08-28 11:26
Харсан мэдсэн зуйлээ харамгуй сайхан хуваалцсан танд талархаж байна. ХБИ маань халамжлуулаад байх биш оорсдоо баялаг бутээгч, татвар тологч нийгмийн хариуцлагатай гишуун байхыг хусч байна. Ажилд нь амжилт хусье!
Зочин [202.179.31.xxx] 2016-09-01 10:34
Сайн байна уу. 3-р эмнэлэгт хийсэн ханын бариулыг хаанаас олж авах вэ. ХБИ-д ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор эмнэлэгийн хананд суурилуулах гэсэн юм. Та холбож өгч тусална уу
Rehtus [202.179.29.xxx] 2016-09-15 12:53
www.rehtus.blogspot.com хаягаар ороод ханын бариулын тухай мэдээлэл хараарай.
Зочин [202.179.31.xxx] 2016-08-28 20:27
ХБИ-н эрэлт хэрэгцээнд нийцсэн тэдний хамгийн чухал асуудал болох нийгмийн харилцаанд оролцох эрхзүйн орчныг нүдэнд харагдах гарт баригдах байдлаар хийж бодит үр дүнтэй үйл хэрэг эхлүүлсэн В.Ойдов танд маш талархаж байна.
Зочин [103.212.116.xxx] 2016-08-28 12:27
Хүн ямарч бай хүний төлөөх сайн сайхан үйлс хийж бүтээх нь гол юм даа Олон залуус чадвартай мэдлэгтэй байж хүний амьдралд тус дэм болж явахыг хүсье!Ойдов гэгч эгэл жирийн мэдлэг боловсролтой хийе бүтээх тэмүүлэлтэй зөв сэтгэлт сайхан залуудаа амжилт хүсье!
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-11-27 12:12
Mundag chadvartai, bolovsroltoi zaluu amjilt
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-09-04 09:38
sain baina amjilt hysie

Бидэнтэй нэгдээрэй