Шууд Chart

Б.Рагчаа: Олон жил наадам сурвалжлахаар огшоод байдаг болчихдог юм

2014-09-04 10:24:46

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 80 жилийн ойг тохиолдуулан энэ удаагийн “Редакцийн зочин”-оор МҮОНР-ийн “Гурван эрдэнэ” студийн нэвтрүүлэгч, Монголын манлай эмэгтэй Базарваанийн Рагчааг урьж ярилцлаа. 

-Юуны өмнө танд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монголын ард түмэн таныг дуу хоолойгоор тань сайн таних боловч нүүр тулж уулзсан нь ховор байх. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Та аль нутгийн хүн бэ?
 
-Монголын радиогийн 80 жилийн түүхийг бичилцэж, одоо сайтынхаа хүндэт зочноор уригдаж байгаадаа баяртай байна. Би Завхан аймгийн Сонгино сумын харьяат хүн. Саяхан төрсөн нутгийнхаа 90 жилийн ойн баяр наадамд оролцоод хүндэтгэлийн тоглолтод ая дуугаа өргөж, наадмынхаа эхлэл, төгсгөлийг хийгээд ирлээ. Нутагтаа очоод Сонгино хайрхандаа мөргөж, Богд Очирвааниас сүслэн залбирч их эрч хүч, энергитэй болоод ирсэн дээ.
 
-Монголын Үндэсний Олон Нийтийн Радио гэх их айлын үүдийг “сөхөн” орж ирсэн тэр цаг үеийг эргэн дурсвал сонирхолтой түүх сөхөгдөх байх. Ер нь анхнаасаа л нэвтрүүлэгч болъё гэж бодож байв уу?
 
-Би анх дуучин болно гэж боддог байсан юм. Бидний үед чинь дуулдаг хүүхэд их цөөхөн. Энд тэнд хамаагүй дуулахгүй, ичнэ. 7-8 дугаар ангид байхад манай сургуулийн шинэ жил болдог юм байна. Нэг өдөр ангийн багш дуулах авьяастай хүүхэд байна уу гэж асуулаа. Тэгтэл манай ангийн нэг охин Багш аа, Рагчаа дуулдаг” гэж хэлж намайг бүр “түлж” орхиж билээ. Тэр үед би ичээд “Дуулдаггүй шүү дээ” гэж хэлсэн л дээ. Гэтэл тэр хүүхэд намайг сургуулийн түлээний хажууд хүнээс нуугдаад дуулж зогссохыг харсан байсан юм билээ. Би дуулдаггүй гэж хэлсэн ч надаас өөр дуулах хүүхэд байгаагүй тул хүчээр шахуу тэр шинэ жилд дуулсан юм. Биднийг наймдугаар ангиа төгсөхөд 1963 онд юм уу даа, их олон хүүхэд Үйлдвэр, хөдөө аж ахуй дээр гарч байсан. Миний үеийн хүүхдүүд чинь Эвлэлийн уриалгаар хөдөө гарч, малчин болох нь элбэг байлаа шүү дээ. Харин миний хувьд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардаж аваад ажилд орох эрх бүрдсэн нь хамгийн сайхан санагдаж байв. Тэр үед иргэний үнэмлэхгүй хүнийг ажилд авдаггүй байсан. Тэгээд үнэмлэхээ бариад Улсын Филармонид хөгжимчин, морин хийлчээр ажиллаж байсан ээжийн минь төрсөн дүү Алтангэрэл ахыгаа зорьж очоод “Би дуучин болмоор байна. Цэргийн ансамбельд шалгуулаад өгөөч” гэж гуйсан. Тэгээд ах намайг дагуулаад очлоо. Тэнд очиход Д.Цэрэндорж гэж уран сайхны удирдаач өндөр бор хүн намайг шалгаж үзсэн. Төгөлдөр хуураар ая дарж дууны өнгө шалгаж, дуулуулаад л... Тэгснээ гэнэт цаашаа хараад зогс гэснээ төгөлдөр хууран дээр өнгө дарж хэлүүлсэн. Тэр үед мэргэжлийн бус хүн чинь яахав дарсан өнгө болгоныг нь таагаад байсан санагдаж байна. Тэр нь бас таараад байсан байгаа юм. Д.Цэрэндорж гуай намайг шалгаж дууссаныхаа дараа “Энэ хүүхэд уг нь дуулах хүүхэд юм. Гэхдээ нас нь арай бага байна. 18-тай болохоор нь шууд ажилд авна гэж хэлсэн. 16 настай, иргэнийхээ үнэмлэхийг өвөртөлчихсөн юу юугүй ажилд орохыг хүсч явсан надад дахиад хоёр жил хүлээнэ гэдэг асар хол санагдсан л даа. Тэндээс гараад жаахан гундуухан алхаж яваад яг тэр өдөр хүүхэд ажилд авдаг урлагийн газар байдаг болов уу гэх бодол төрсөн. Гэнэт хүүхэд байхдаа Хүүхэлдэйн театрт жүжиг үзсэнээ санадаг байгаа. Хүмүүсээс Хүүхэлдэйн театр хаана байдгийг асуугаад Драмын театрт байдаг гэж сонссон юм.
 
-Тэгээд Драмын театрт очоод зорьсон хэргээ бүтээж чадсан уу?
 
-Драмын театрт ороод 2-3 давхарт өрөө өрөөний үүд татаж үзээд явж байсан чинь нэг өрөөнөөс гозгор бор хүн гараад ирдэг байгаа. Тэр хүнээс “Энэ театрын дарга нь хаана байдаг юм бол” гээд асуутал өөрөөс нь өөрийг нь асуучихсан байсан. Тэр хүн Хүүхэлдэйн театрын дарга М.Чойжамц байжээ. Ер нь хүүхдийн хувь заяаг цаанаасаа л тэнгэр бурхан ивээж явдаг юм шиг надад санагдсан. М.Чойжамц гуай намайг нэг их том нүдээр харснаа өрөөндөө дагуулж ороод ямар хэргээр явааг асуусан. Би ч шалгуулах гэж яваагаа хэлтэл, өрөөнийхөө утсаар хэд хэдэн хүн рүү залгаж орж ирэхийг үүрэгдэв. Тэр хүмүүс нь уран сайхны удирдаачид нь байсан юм. Тэд орж ирээд даргатайгаа нийлээд намайг шалгаж гарав аа. Өмнө нь шалгуулсан шиг дуул гэж байна. Дуулчихлаа. Шүлэг унш гэж байна. Уншлаа. Тэгсэн этюд хий гэж байна. Би дотроо “За, энэ чинь үггүй л нэг юм хийгээд байдаг юм билээ” гэдгийг мэдэрч байна аа. Тэр үед сандлаа нааш, цааш тавиад л хэдэн юм хийчих шиг л болсон. Яг ямар зүйл хийснээ ч сайн мэдээгүй. Тэгсэн М.Чойжамц гуай “За маргааш өглөөнөөс дагалдан жүжигчнээр ажилдаа ороорой. Чамд авьяас байна” гэж хэлсэн. 300 төгрөгийн цалинтайгаар тийм том урлагийн хамт олны эгнээнд нэгдэх боломж олдсон нь надад маш том амжилт байсан юм. Ороод удаагүй байхдаа “Лусын дагина” үлгэрийн зохиол гардаж аваад радиод бичүүлэх боллоо. Тэр үед телевиз гэж байхгүй Монголын радио айл бүрийн хойморт дуугардаг байлаа шүү дээ. Тэгээд жүжгээ бичүүлчихээд удаагүй байтал Г.Алтангэрэл найруулагч манай театрт ирчихсэн байсан. Надтай коридорт таараад “Хөөе, жүжигчин Рагчаа хаана байна” гэж надаас намайг асуучихдаг юм. Би байна гэсэн чинь “Би чамтай нэг зүйл ярих гээд байна. Сая “Лусын дагина” жүжгийг бичсэн чинь чамаас нэвтрүүлэгчийн дуу хоолой гараад байх юм. Манайд нэвтрүүлэгч хэрэгтэй байна. Чи орох уу. Сая манайх нэвтрүүлэгч авах гээд 400-500-аад хүн шалгаад нэг ч хүн тэнцсэнгүй. Нэвтрүүлэгч яаралтай хэрэгтэй байна” гэсэн. Би ч жүжигчнээрээ гурван жил ажиллачихсан, нэлээд эрч хүч авчихсан байсан үе л дээ. Тэгээд гэр бүлийнхэндээ хэллээ. Тэр үед театрт ажиллаж байхад багагүй хүнд үе байсан л даа. Хүүхдүүд нялх, хүйтэнд хөдөөгүүр бригадаар их явна. Байнга хөдөө явах хэцүү. Одоогийнх шиг өглөө яваад орой ирнэ гэж байхгүй. Төлөвлөгөөнийхөө л дагуу ажилладаг байсан. Тэр үед чинь урлагийн байгууллагууд заавал хөдөөгүүр явж, төлөвлөгөөгөө биелүүлэн шалгуулж байж цалин мөнгөө авдаг байлаа шүү дээ.
 
Найруулагч, нэвтрүүлэгчдийн алба 1995 он
 
Ах маань “Шоронд орох нь уу чи” гэж зэмлэж байлаа
 
-Гэрийнхэндээ нэвтрүүлэгч болно гэхэд хэрхэн хүлээж авсан бэ? 
 
-Намайг жүжигчнээ болиод нэвтрүүлэгч болно гэсэн чинь манай төрсөн ах “Шоронд орох нь уу чи” гэж зэмлэж байлаа. Нэвтрүүлэгч хүн ганц үг л буруу хэлчихэд шоронд орно гэж ойлгодог байсан хэрэг л дээ. Ер нь тийм ч байсан үе. Одоотой адил текст ийм боловсон орж ирэхгүй. Гар бичмэлээр, босоо монгол бичгээр хаалганы завсраар орж ирж, дандаа шууд уншигдана. Маш чанга хараа хяналтын дор шүү дээ. Тэр үед надтай ижил нэртэй Рагчаа гэх нэвтрүүлэгч надад “Ногоон малгайтнуудын үед нэг л үгийг буруу хэлсэн бол гараа ардаа хүлүүлж, хэрэгт ордог байсан. Тэр үгийг чи санаатай хэлсэн үү, санаандгүй хэлсэн үү гээд шалгаана. Ихэнхдээ л санаандгүй алдаа байна шүү дээ” гэж хуучилж байж билээ. Радио гэдэг тэр үеийн гагцхүү ганц соён гэгээрүүлэгч байсан. Тухайн үеийн хүнд хэцүү нөхцөл байдлыг нэвтрүүлэгчид маань давж гарч чадсан л юм байна даа.
 
-Таны хувьд үг буруу хэлсэн ч юм уу, алдаа гаргаж байсан тохиолдол бий юу?
 
-Би үг хазгай хэлж, арга хэмжээ авахуулж л явлаа. Бидний үед ч бас чанга байсан шүү дээ. “Үнэн” сонины тэргүүн нийтлэлийг сонин ард түмний гарт хүрэхээс өмнө радиогоор шууд уншдаг байсан. Тэгээд л гэртээ “Үнэн” сонины шинэ дугаарыг бариад сууна шүү дээ. Үг, үсэг бүрийг хянана. Сонины хувиас шууд уншдаг байсан болохоор алдаа мадаг гарах тохиолдол байна. Манай нэг нэвтрүүлэгч тэргүүн нийтлэл уншиж байгаад “Интернационализм мандтугай” гэхийг “Имперлизм мандтугай” гээд уншчихсан байсан. Сонины тэргүүн нүүрэнд маш том алдаа гарсан байсан юм билээ. Энэ тохиолдолд нэвтрүүлэгч тунгааж үзэлгүй, засахгүйгээр уншсан нь алдаа болж байгаа юм. Маргааш өглөө нь дарга цэрэг, холбогдох албан тушаалтнуудад загнуулж, арга хэмжээ авахуулсан санагдаж байна. Энэ мэтээр радиотой холбогдсон он жилүүдээ эргэн санахад сайхан. Радиод ажиллаад би өдгөө 48 дахь жилтэйгээ золгож байна.
 
-Радиод ороод хийсэн анхны ажил тань юу вэ?
 
-Орж ирэнгүүтээ л шууд мэдээ, сурвалжлага унших эрх байхгүй шүү дээ. Анх дагалдан нэвтрүүлэгч болсон. Хүүхэлдэйн театрт орохдоо шалгуулж байсан шиг дуулуулж, шүлэг уншуулж, жүжиглүүлсэн. Ер нь бол жүжигчин нэвтрүүлэгч радиод их хэрэгтэй байдаг юм. Радиод олон ч жүжигчин мэргэжилтэй нэвтрүүлэгч байсан даа. Дөнгөж ажилд орчихоод уншилтынхаа эв дүйг олох гэж их зүдэрнэ. Нэвтрүүлгүүдээ товлоно. Нэвтрүүлгийн толгой, холбоос хэллэг гэж чухал зүйл бий. Толгойг нь ахмад нэвтрүүлэгчдийн хэлснээр явуулна. Бас нэвтрүүлгийн нэр гэж байна. Жишээ нь, “Их бүтээлийн дуудлага”, “Өнөөгийн хөдөө” гэж нэвтрүүлэг байлаа. “Өнөөгийн хөдөө” гэж малчин, саальчин, тариачин, ногоочин гээд л ХАА-н нэвтрүүлэг, “Их бүтээлийн дуудлага” нь “Барилга бүх нийтийн бүтээн байгуулах үйлс” уриатай маш том нэвтрүүлэг байсан. Барилгачид асар нэр төртэй яригдаж байсан үе. Энэ салбараас Хөдөлмөрийн баатар олон төрсөн. Эдгээр нэвтрүүлгийн толгой хэсгийн дараа орох нэр, холбоосыг л хэлнэ дээ. Тийм л жижиг ажил хийж байлаа. Түүнийг хэлэх гэж ёстой хэцүүднэ дээ. Ингэчихлээ, тэгчихлээ, ингээд жүжиглэчихлээ гээд л загнуулна. Жүжигчин хүн олон төрлөөр хувирч ярьдаг учраас бас жаахан жүжиглэчих гээд байдаг талтай л юм байна лээ. Ер нь радио нэвтрүүлгийн төрөл ч олон. Хүүхэд залуучууд, хөгжмийн нэвтрүүлэг, улс төр мэдээлэл, спорт гэх мэт. Спортын нэвтрүүлэг бол их сүртэй, хүчтэй явдаг байсан. Диктерүүдийг ёстой шалгана шүү. Маш цоглог дуугаар их хэмнэл ритмтэй унших ёстой. Мэдээ уншлагад орох гэж их удна. Мэдээ байнга шууд явна. Тиймээс том цензүр, шалгуур тавина. Би 16-тай жүжигчин болоод 19 настай радиод орсон. Тэгээд хүүхэд, залуучуудын нэвтрүүлэг голлож хийсэн. Хүүхэд залуучуудын нэвтрүүлгийг жүжигчин нэвтрүүлэгчээр хөтлүүлдэг Москвагийн радиогийн туршлага байдаг. Улс төрийн нэвтрүүлгүүд бол дуу бага жаахан дуугарч байна гээд мөд авахгүй. Тэр үеийн том том улс төрийн нэвтрүүлгүүд рүү ер хавьтуулдаггүй байлаа. Тэгээд яахав хүүхэд залуучуудын нэвтрүүлгээр дагнаж хүүхдийн нэвтрүүлгийг нэлээд жүжигчилсэн байдалтай, радиогоор шууд харилцах байдлаар явуулах нь их сонирхолтой байсан. Энэ ч Москвагийн радиогийн туршлага байсан юм.
 
 
-Та зөвхөн радиогоор овоглодоггүй. Телевизэд бас ажиллаж байсан хүн?
 
-Радиод орсны дараа жил буюу 1967 онд телевиз гэдэг “юм” Монголд нээгдлээ дээ. Тэгсэн нэлээн хөл хөдөлгөөн боллоо. Энүүгээр тэрүүгээр хүмүүс гүйлдээд л байна. Тэр үед чинь удирдлагын тушаалаар л бүх зүйлийг шийддэг байсан үе. Тушаалд дандаа л томчууд орно л доо. Бусад нь бүлтийтэл хараад сууцгаана ш дээ. Хэзээ тэдэн шиг болох бол гэж бодно. Их хол л доо, хөөрхий. Тэгээд 1968-1969 оны үеэс бил үү дээ “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” гэдэг нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон. Залуу жүжигчин эмэгтэй хөтлөгчийн хэрэгцээ гарсан байгаа юм. Тайзны соёл, тайз, дэлгэцээс үзэгчидтэй харьцах ур дүй хэрэгтэй болсон гэдэг. Телевиз өөрөө дэлгэцийн урлаг. Миний хөтлөж байсан “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” нэвтрүүлэг ч өөрөө урлагийг тодорхой харуулдаг байсан. Тайзан дээрээс ард түмэнд хүрдэг. Түүгээрээ их онцгой содон байсан юм. “Зурагт зулын хойморт заларсан нь” номд миний нэр орсон байдаг юм л даа.
Тэгээд дараа нь нөгөө “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” нэвтрүүлэг маань “Авьяастан залуусын клуб” болдог юм байна. Монгол орон даяар ажиллаж амьдарч байгаа зураач сийлбэрчин, янз бүрийн ур дүйтэй авьяастан залуусын тухай нэвтрүүлэг болсон. Тэр нэвтрүүлгийг хийж байх үеийн намайг дуулуулж байсан бичлэг хүртэл байдаг гэсэн. Хөтлөгчийнхөө авьяасыг ч шалгадаг байлаа шүү дээ.
Телевиз маш их гоо сайхан шаарддаг урлаг гэж би боддог. Москвагийн радиод ажиллаж байхдаа Левитан гуайтай таарч байлаа. Тэр намхан, хамар нь мурий, еврей хүн байсан. Шар бор царайтай, маш бүдүүн дуутай, хүмүүс эмээгээд ойртож чаддаггүй, сүрдмээр хүн байсан. Би нэг удаа Москвагийн телевиз дээр нь очихдоо “Энэ Левитан гэдэг хүнийг телевизээр гаргаж болдоггүй юм уу” гэж асуутал “Тэр чинь мурий хамартай ш дээ” гэж хэлж билээ. Тухайн үед би “Хамар ямар хамаа байна. Дэлхийн хоёрдугаар дайнд Левитаныг л барь гэдэг байсан гээ биз дээ” гэж бодож суусан.
 
-Таныг сонсогчид бурхны сургаал “айлддаг” нэвтрүүлгээр тань андахгүй байх?     
 
-Миний амьдрал их сонирхолтой өнгөрсөн гэж би боддог юм. Хүүхэд байх үеэс л тэнгэр бурхнаас ивээсэн юм шиг ажил маань бүтэмжтэй байлаа. Сонирхсон мэргэжлээрээ хүнд хэцүү гэлтгүй ажиллаж чадсан. Хүүхэд байхдаа л энэ ажилд орчихоод Радио, Телевиз, Москвагийн радиод хүртэл ажилласан. Манай сонсогчид мэднэ дээ. “Гурван Эрдэнэ” гэж Монголын радиогийн 20 жилийн түүхтэй бие даасан студи байгаа. Гурван гол уран бүтээлч байдаг юм. Э.Чулуунцэцэг, Н.Цэнгэлмаа, нэвтрүүлэгч Б.Рагчаа гээд. Таны хэлдгээр бурханы сургаал явдаг гэдгээр нь ч андахгүй байх.
Гэсэр сүмийн урд 1969 он. Б.Чулуунбат, Б.Рагчаа, найруулагч Х.Мажигсүрэн, М.Балжир, Б.Хишгээ, М.Жанцан
 
-Нэвтрүүлэгч хүн уншиж буй зүйлээсээ их хүмүүжил авна биз?
 
-Ажил маань биднийг их хөгжүүлдэг. Харилцааны соёлд сургадаг. Бид чинь үгийн урлагийн нэг хэсэг. Төр, ард түмнийг холбогч гүүр шүү дээ. Би ажлаасаа их хүмүүжил авдаг. Анх нэвтрүүлэгчээр шалгуулаад орж байгаа хүүхдүүд их жижигхэн байдаг юм. Сандарч мэгдээд, хулгаад л, айж бүлтгэнээд л...Харин авьяасаа дайчлаад хөдөлмөрлөсөн хүн бол дээшээ л хөгжөөд байдаг юм. Урлагийн тал бүрийн мэдрэмж авна. Эвгүй, муухай үг хэлдэг нэвтрүүлэгч манайхан дунд нэг ч байхгүй. Өнөөгийн залуус энд тэндгүй л хараал хэлж, этгээд муухай үг хэрэглэдэг болж. Тэр бүрийг сонсоход надад их эвгүй, хажуунаас юмаар цохиод авч байгаа мэт санагддаг. Тийм үг ярианаас их цочино. Гэр бүлийнхэн, эргэн тойрныхондоо ч муухай үг хэлж үзээгүй. Бурханы сургаалын тухай нэвтрүүлэг маань нөлөөлсөн үү яасан эгч нь уургүй болчихоод байгаа шүү /инээв/. Уурлаж байгаа хүнийг хараад гайхдаг. Бурханы сургаал гэдэг бол хар амиа хичээхгүй байх, бусдыг үзэн ядахгүй байх зэрэг төлөвшлийг хүний оюун ухаанд суулгаж өгдөг. Уур уцаартай хүмүүсийн дотор бас нэгэн бие төрдөг гэнэ л дээ. Тэр нь хүнийг дотроос нь мэрж, хамаг хүч чадлыг нь сордог байх нь. Бодоод байхад нээрээ ч тийм юм шиг. Тиймээс хүн дандаа амар амгалан байх хэрэгтэй. Хэрэв уцаарласан бол сэтгэлээ чөлөөлөөд, хийсэн үйлдлээ цайруулж бай. Ингэж чадсан бол бүхнийг бас мартаж чаддаг байх хэрэгтэй юм. 
 
Юм ярихаар “Аан, та нэвтрүүлэгч Рагчаа байна шүү дээ” гэдэг
 
-Радиогийн нэвтрүүлэгч нарт хүүхдийн хоолой гаргах хүнд даалгавар байдаг юм шиг санагддаг. Та ч бас хүүхдийн хоолой хийж байсан туршлагатай хүн шүү дээ?  
 
-Уран зохиолын нэвтрүүлэгт маш их дүр бүтээнэ. Янз янзын амьтан, хүний бүх л дүрийг бүтээнэ. Бавуугийн Лхагвасүрэн бид хоёрын ухна, ямааны тухай харилцан яриа байдаг юм. Б.Лхагвасүрэн тэрэн дээр “ба, ба, ба” гээд л ухна болдог хэсэгтэй. Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Хүүхдийн дүрийг ч мөн нэвтрүүлэгч нар дуу хоолойгоороо бүтээнэ дээ. Эмэгтэй хүн л гэхэд эмээ, залуу бүсгүй, нас тогтсон эхнэр, охин хүүхэд гээд энэ хүйсний нас насны онцлогийг гаргана. “Хүүхдээр дуугарах” гэж ярьдаг юм, манай радиогийнхан. Хүүхдийн дуу хоолойгоор манай гавьяат Г.Отгон их сайн дуугардаг. Долоон настай хүүхдийн хэмжээнд дуу оруулсан бичлэг олон бий. Г.Отгон бид хоёр хүүхэд болж, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нартай бичүүлсэн бичлэг хүртэл манай радиогийн алтан фондод хадгалаатай байдаг. Нэг үе нэвтрүүлэгчид үлгэр их бичүүлдэг байлаа. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай нэг үлгэр бичүүлж, би тэр үлгэрт туулайн дүр гаргахгүй юу. Тэгсэн Г.Гомбосүрэн гуай намайг шоолоод “Гүй ээ энэний байж байгааг хар даа. Өөрөө туулай болчихсон бүлтгэнээд л...” гээд инээж билээ. Хүнд заавал харагдаж байж дүр бүтээнэ гэдэг өнгөц л дөө. Дуу хоолойгоороо хүний нүдэнд харагдтал дүрсэлнэ гэдэг хамгийн аугаа зүйл гэж бодож явдаг.
 
-Таныг радиод анх ороход үлгэр дууриалал авах олон сайхан хүн байсан биз. Багшийнхаа талаар ярихгүй юу? 
 
-Тэгэлгүй яахав. Намайг орж ирэхэд аугаа их Б.Цэвээндорж гуай ажиллаж байлаа. Би Цэвээндорж багшийн шавь л даа. Мөн Д.Балжир, Б.Цэеэнханд, Д.Ичинхорлоо, Б.Хишигээ, Л.Төгсөө гуай гээд л манай алтан үеийн сайхан эмэгтэйчүүд, бүсгүйчүүд радиод байсан. Г.Долгормаа гуай гээд нээх сайхан цэмцгэр нэвтрүүлэгч бүсгүй байлаа. Намайг эмэгтэй багштай байх хэрэгтэй гэсэн тул Д.Балжир гуайд шавь орж байсан. Б.Цэвээндорж багш маань дэндүү билэг танхай, гайхамшигтай диктер хүн л дээ. Тэр хүний өгүүлэх чадвар, дуу хоолойн хөг эгшиглэнг зүйрлэн ярих юм байхгүй л дээ. Диктер гэдэг бол үнэн, уран тод яригч юм. Үүний л тод жишээ нь багш маань байлаа. Тэр үед нэвтрүүлэгчийг дуулаачийн хоолойгоор шалгаруулж явдаг байсан. Эрэгтэй хоолой гэхэд басс, баритон, эмэгтэй хоолой альт, сафроно байвал их тохиромжтой гэнэ. Баргил сайхан хоолойтой хүн хаа нэг худалдааны газар “Алив хүүхээн тэрнээсээ нэг килограмм өгөөч” гэвэл хүмүүст их содон дуулдана. Түүнтэй л адил сайхан хоолойтой нэвтрүүлэгчийн дуу хоолой хүмүүсийн анхаарлыг сайн татдаг байх.
 
-Радиогийн нэвтрүүлэгч хүний хамгийн чухал шалгуур юу байдаг вэ?  
 
-Өгүүлэхүйн эрхтэн нь их зөв байршилтай байх хэрэгтэй. Тухайлбал, эрүүний байрлал чухал. Шүд бүтэн байх ёстой. Үүнээс гадна тухайн хүний овсгоо самбаа, авьяас чадвар их чухал. Ер нь хүн цэвэр халхаар ярихад өгүүлэхүйн эрхтэний байрлал их содон мэдэгддэг. Нэвтрүүлэгч хүн чинь олон хоолой гаргах шаардлага гарна. Нэг хэвийн байгаад байвал “монотон” гээд гологдоно шүү дээ. Тэр тусмаа мэдээнд бол голоод авахгүй. Би багшаасаа их зүйл сурсан. Багш маань тэр үеийн намын хурлын шийдвэрийг уншихдаа цээжээ нүцгэлж байгаад л эхэлдэг байлаа. Намын хурлын шийдвэр гэдэг чинь хэдэн арван хуудас зузаан материал байна. Тэрнийг бүгдийг нь танилцуулна. Багш маань нэг ч үг алдахгүй, ус ч балгахгүй уншдаг байсан. Ёстой гайхамшигтай. Өдөрт эфирийн ээлж гурав солигдоход би багштай цуг мэдээнд орж таарна. Намайг мэдээ уншихад багш материалаас хараагаа салгахгүй. Би дотроо “Ямар хэцүү юм бэ. Нүдээ аваасай” гэж боддог байж билээ. Тэгээд л цаг дуусах дөхөж байна уу гээд цаг руу сэмээрхэн харахад 10 минутын дөнгөж гурав нь л өнгөрч байх жишээний. Хүүхэд байхдаа эфирт цаг өнгөрөөх гэж л их “зовдог” байсан. Багш маань “Чи ингээд хэлчихлээ. Энэ буруу, тэр буруу гэж хэлэхгүй мөртлөө хажууд амьсгаа нь түхэлзэж зогсох нь их “аймар” байж дээ. Одоо бодоход миний анхаарлыг төвлөрүүлж, их тэвчээрт сургаж байсан байгаа юм. 
 
                                           "Алтангадас одон"-гоор энгэрээ мялааж байсан үе
 
-Сайхан хоолой удамшдаг гэдэг. Таны хүүхдүүдээс хоолойг тань өвлөсөн хүн бий юу?
 
-Нэвтрүүүлэгч хүн өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй ард түмэнд их хүндлэгддэг юм. Хөдөөгийнхөн маань биднийг их танина. Хүүхдүүдийн хэлдгээр одоо “од” болж байгаа дуучин, жүжигчинг хотынхон таньдаг бол хөдөөд радиогийн нэвтрүүлэгчдийг андахгүй. Урлаг гэдэг олон төрлөөр хүнд хүрдгийн нэг илрэл энэ байх л даа. Энэ тэнд явж байхад хүмүүс намайг “Та дуучин бил үү, жүжигчин бил үү” гэж асууна. Юм ярихаар “Аан, та нэвтрүүлэгч Рагчаа байна шүү дээ” гэдэг.
Хүн өөрийгөө хөгжүүлж байж дээш гарна, дөртэй болно. Одоогийн хүүхдүүд бидний үеийнхэн шиг ачаалал авч, загнуулж чадахгүй. Залуу байхад хүнд загнуулах, элдвээр хэлүүлэх чинь энүүхэнд байлаа ш дээ. Миний хоёр охин бага байхдаа юм унших гээд, жүжигчин болох гээд байдаг байсан. Томроод өөр мэргэжил эзэмшицгээсэн дээ. Би өөрийгөө их азтай хүнд тооцдог. Монголд ганцхан зурагт, радио байхад би ажиллалаа. Бас Москвагийн радиод таван жил ажилласан. Оросын ард түмний тэр их соёл, хөдөлмөрч чанар, хүнлэг харилцаа одоо ч надад тод санагддаг юм.
 
-Та хэр олон шавьтай вэ?
 
-Шавь олонтой. Телевизээс гэвэл Б.Гантигмаа, Б.Ганбаатар, Р.Чимдээ, С.Гантөмөр, Я.Болорчимэг нарыг нэрлэж болох юм. Эгч нь олон жил үгийн урлаг, үнэн, яруу тод өгүүлэхүйг шавь нартай зааж, зөвлөж явна. Залуучууд гамм дасгал их унших хэрэгтэй. Унтаа байж болохгүй. Унтаа дуугарч болохгүй. Бид өглөө эрт ажлаа эхэлдэг. Хүний нойрны цагаар ажилладаг хүмүүс шүү дээ. Тиймээс олон нийтийн өргөн нэвтрүүлгээр унтаа дуугарах эрхгүй. Гэхдээ бид чинь байгалийн гэрлээс хол ажилладаг болохоор өглөөний долоон цаг уу, оройн долоон цаг уу гэдгийг мэдэхээ байх үе бий. Цаг зарлахдаа андуурч хэлэх тохиолдол байдаг. Тэгээд сонсогч ард түмнээсээ хүлцэл эрж байгаад залруулж хэлнэ шүү дээ. Манай сонсогчид уужуу тайван улс учраас уучилна л даа. Энэ маань зайлуул ядарчихаж гээд ойлгодог байх /инээв/.
 
-Радиогийн алтан фонддоо үлдээсэн хамгийн сэтгэлд хүрсэн бүтээл тань юу вэ?
 
-Миний залууд их олон ой болдог байлаа. Аварга болсон малчин, тариачнаас эхлээд алдартай дуучид хүртэл биднээр л зарлуулж олны хүн болдог байв. Хамгийн ихээр сэтгэл догдлуулсан, нэвтрүүлэгч хүний баяр бахдалыг амтлуулдаг зүйл бол транслэци буюу шууд сурвалжлага байдаг юм. Би улсын баяр наадмыг радио, телевиз хоёуланд нь шууд дамжуулан тайлбарласан байдаг. 30 гаруй удаа юм байна аа. Тэр мөчүүд тодхон санагдаж байна. Сүүлийн жилүүдэд манай Г.Отгон гавьяат Төрийн наадам, арга хэмжээнүүдийг дагнан шууд дамжуулж байгаа. Яг тэр болж буй жавхаалаг үйл явдлын өрнөлийг ард түмэнд байгаагаар нь хүргэж, тайлбарлах нь л их сайхан даа. Олон жил наадам сурвалжлахаар огшоод байдаг болчихдог юм билээ. Сайхан сүрлэг хөгжим дуугарч, есөн хөлт цагаан туг, есөн шарга морьтойгоо гараад ирэхээр самсаа шархираад л явчихна. Юун нэвтрүүлэг хөтлөх манатай юм болно доо. Бага ахуйд маань Сүхбаатарын талбайд баярын жагсаал их болно оо. Хүүхдүүдийн жагсаал гараад ирэхээр жинхэнэ мэлмэрнэ шүү дээ. Манай эрэгтэй нэвтрүүлэгчид ч хүртэл сэтгэлийн хөөрөлтэй. Нэг удаа М.Жанцан хүүхдийн нэвтрүүлэг уншиж байгаад таг алга болчихсон. “Хүүш, чи яав аа” гэтэл мэгштэл уйлж байсан удаатай. Миний хувьд бас жүжгийн дүрүүд маань сэтгэлд тод үлдсэн байдаг юм. “Алтан загасны үлгэр”-ийн Алтан загас нь би байлаа. “Нар дагасан хайр” гээд сайхан бүтээлийг сонсогчдодоо хүргэж байсан. Ер нь сэтгэл хөдөлгөсөн бүтээлийг алийг тэр гэхэв дээ. Олон л байдаг юм. 
 
                                               Б.Рагчаа. Телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж байх үе 1969 он
 
-Та манай уншигчдад хөгжилтэй дурсамжаасаа хуваалцана уу?
 
-Д.Энхсайхан гээд мундаг найруулагч байлаа. Тэр маань нэг удаа намайг дуудаад “Рагчаа эгч ээ, та нэг шулмын дүрд тоглооч” гэлээ. Тэгэхээр нь би “Нэвтрүүлэгч хүн шулам болдоггүй юм аа” гэж хэлээд харцаараа шилбүүрдээд л явчихлаа. Гэтэл шуламын дууг С.Батцэрэн гавьяат оруулсан байсан. Их чадварлаг эмэгтэй шүү дээ. Нэг удаа үзүүлэх тоглолт болдог юм байна. С.Батцэрэн нэг ламын дүрд тоглосон. Өнөөх чинь:
“Мааньтын голын хөвөөгөөр
Нэлээд хэдэн гэрүүд байна
Гогод, гоньд түүсэн
Хэний, хэний, хэнчүүд вэ...” гэж бүдүүн хоолойгоор дуулаад яг л эр хүн шиг алхдаг байхгүй юу. Уг нь бид хоёр харилцаж дуулах байтал би өнөөхийг чинь хараад инээгээд болдоггүй. Хөхөрсөөр байгаад л тайзнаас бууж билээ.
 
-Нэвтрүүлэгч хүнд хоолойгоо хайрлах гэж нэг чухал зүйл байна аа даа?
 
-Би тамхи татдаггүй. Тамхи их татдаг эмэгтэй хүний хоолой маш муухай өөрчлөлтөд орж, бүдүүрдэг. Манай Үндэсний Олон Нийтийн Радио бол хөг эгшиг их хардаг газар шүү дээ. Эрэгтэй хүн бол өөр л дөө. Рагчаа хоёр “Р” үсэг хэлдэг гэж манайхан ярьдаг. Намайг багад ээж минь “турлиах” шиг яасан тод хэллэгтэй хүүхэд вэ гэж гайхдаг байсан гэсэн. Хөдөлмөрийн баатар Хайдав гуай бидэнд хоолойгоо хамгаалаач, амаа боогооч гэж хэлдэг. Өөрөө хоолойгоо их мундаг хамгаалж явдаг хүн. Гудамжинд тэр бүр хүнтэй дуугараад байдаггүй.
Тэр зөв л дөө. Хоолойгоо хайрласны гай гэж байхгүй. Миний хувьд хоолойгоо хайрлаж гамнаад байсан юм байхгүй ээ. Хотын их утаанаас болоод гурван жил ханиалаа. З.Дорж зохиолч нэвтрүүлэгчдэд “Та нар намар айраг их ууж, сайхан дуулж найрлаж бай. Хоолойд чинь сайн” гэдэг сэн.
 
         
Урын сандаа хориод дуутай
 
-Брэнд хоолойтой хүмүүсээр реклам, сурталчилгаагаа уншуулах сонирхолтой хүн цөөнгүй байдаг. Танд ийм санал их ирдэг үү? 
 
-Санал ирнэ ээ. Реклам сурталчилгаа гэхээсээ илүү хүмүүс найр, хурим, тэмдэглэлт баяр хөтлүүлэх санал тавьдаг юм. Би найр наадамд дуртай хүн л дээ. Тэмдэглэлт ой хөтлөхдөө дуулна, шүлэг уншина, зочдыг хэрэндээ л их хөгжөөхийг боддог.
 
  
-Та урын сандаа хэдэн дуутай вэ. Хамгийн содон түүхтэй төрсөн дууныхаа талаар сонирхуулахгүй юу?
 
/Зураг/ СГЗ цол тэмдгээ авсан өдөр.  "Гурван эрдэнэ" студийн
редактор Р.Чулуунцэцэг, нэвтрүүлэгч Б.Рагчаа
 
-Урын сандаа хориод дуутай.Би уран бүтээлийн үдэшлэгээ гурван удаа хийж байсан. Дуулах бол миний ажил биш л дээ. Нэг үе дуунаасаа хөндийрсөн үе бий. Хамгийн содон бүтсэн дуу гэвэл “Өргөн булаг” маань байна. Радиогийн 70 жилийн ойгоор “мэндэлсэн” дуу. МҮОНРТ “Өргөн булаг” нэртэй амралттай. Одоогоос олон жилийн өмнө тэнд булаг урсдаг байсан юм. Одоо бол гүний худагтай болсон байна лээ. Манайхан амарч байгаад “Өргөн булаг” гэдэг дуу хийнэ. Ц.Чимэддорж үгийг нь бичнэ. Б.Рагчаа дуулна. Б.Ганбаатар аялгууг нь хийнэ гэж ярилцдаг юм байна. Тэгээд мартчихсан явж байгаад 70 жилийн өмнөхөн энэ дуу төрсөн юм.

 
Ц.Чимэддорж:
“Хүн ирж амсаж хүртэхээр
Хөлийн чимээнд авирлах булаг аа
Мал ирж цангаа тайлахаар
Майлаан шуугиан далай булаг аа
Өргөн булаг нарны булаг
Өргөн булаг сарны булаг
Өргөн булаг амин булаг
Өргөн булаг амьд булаг” гэсэн шүлэг бичиж, аяыг нь Г.Тэрбиш гэж мундаг хөгжмийн зохиолч хийсэн юм.
 
-МҮОНР-ийн 80 жилийн ойн өдрүүд үргэлжилж байна. Энэ их айлын 48 жилийн түүхийг хамт бичилцсэн хүний хувьд ажлынхандаа зориулж хэлэх мэндчилгээ бий байх?
 
-Монголын радио улам бүр хөгжиж байна. Радиогийн ахмад үеийнхэн, одоо хамт ажиллаж байгаа миний үеийнхэн, ирээдүй хойч болсон залуустаа баярын мэнд хүргэе. Та бүхний минь амьдрал үргэлж өөдөө байг. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сэтгэлийн сайн сайхан үргэлж мандан бадраг.
 
-Ярилцсанд баярлалаа.
                              Нэвтрүүлэгч, найруулагчдын чөлөөт цаг 1997 он.
Найруулагч Х.Баясгалан, СГЗ С.Бүргэд, СГЗ нэвтрүүлэгч Б.Рагчаа, Г.Отгон, нэвтрүүлэгч С.Гантөмөр, С.Шатархүү, найруулагч Л.Нарангэрэл
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Б.Рагчаа: Олон жил наадам сурвалжлахаар огшоод байдаг болчихдог юм  
Үзсэн: 12686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-09-17 21:08
зурган дээр байгаа сайхан хүмүүсийн дууг сонсож өслөө шүү дээ
81.240.169.xxx [81.240.169.xxx] 2014-09-17 04:17
ESTOI MUNDAG NEVTRUULEGCHIDIIN 1 NI SHUU * TAND HAMGIIN SAIN SAIHAN BUHNIIG HUSIE !!!
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-09-13 00:36
Мундаг хүн шүү .
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-09-10 21:36
Saixan yriltslaga baina. Ragchaa guaid ard tymnee olon jil bayrluulaarai gej erooe. Urt udaan naslaarai.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-09-08 11:26
Маш сайхан ярилцлага байна. Амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй