Шууд Chart

Жань Шин: Дэлгэцийн бүтээлийг шувуу гэж бодвол нэг далавч нь дүрс, нөгөө далавч нь дуу юм

2014-12-15 14:29:53

Хятадын дууны найруулгын нэрт мастер, профессор Жань Шин манай улсад арав хоносон юм. Энэ хүн “БНХАУ-ын тэргүүн зэргийн дууны найруулагч”, Шанхайн театр, кино академийн Радио, Телевизийн хорооны дарга, профессор багш бөгөөд Хятадын уран сайхны 80 гаруй бүрэн хэмжээний кинонд найруулга хийж, салбартаа 30 гаруй жил ажиллаж яваа юм. Азийн кино урлагт толгой цохих Хятадын кино наадмын "Алтан тахиа" буюу “Хятад Оскор”-ын шагналтан билээ. Ингээд түүнтэй ярилцсан цөөн хормыг уншигч танд хүргэе.    

 

-Юуны өмнө Монголд ирсэн ажил хэргийн талаар яриагаа эхлүүлье. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?    

-Би 1982 онд дууны инженерийн дээд боловсрол эзэмшиж, тайз дэлгэцийн бүтээлүүдэд багагүй хугацааг зориулсан. 20 гаруй жил кинонд дуу оруулж, найруулж одоо бол энэ чиглэлээрээ багшилж байна даа. Монголд ирсэн шалтгаан минь Шанхайн театрын академи, СУИС хоорондын багш, оюутан солилцох, магистр, доктрантурт харилцан хүнээ сургах, хамтарсан үзэсгэлэн гаргах, урлагийн хөтөлбөр солилцохоос эхлээд орчин үеийн сургалтад түшиглэн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилготой юм. Мөн миний бие Шанхайн театр, кино академийн гишүүн, ӨМӨЗО-ны Улсын Их сургуулийн салбар сургуулийн эрхлэгч, кино судлаач, доктор, профессор Шю Гуантай хамт ирлээ. Бид СУИС-ийн болон бусад сонирхсон оюутан залуустай арав хоног ажиллаж, дэлгэцийн урлагийн дуу бичлэгийн ухааны нарийн мэргэжлээр хэд хэдэн сургалт явууллаа.    

-Оюутнуудад хэрхэн хичээл заав. Манай улсын ирээдүйн “sound meneger”-үүдэд олгож буй боловсролын тогтолцоотой хэр танилцав?  

-Монголд ирээд дашрамд нь кино урлаг, дэлгэцийн урлаг энэ оронд хэр хөгжиж байгааг харъя гэж бодсон. Бас өөрийн туршлага дээрээ үндэслээд хүмүүстэй санал бодлоо хуваалцах, туршлага солилцохыг юун түрүүнд бодож байна даа. Би оюутнуудад өөрийн "Киноны дуу бичлэгийн шинэ технологи", "Дууны найруулгын болон найруулагчийн уран чадвар", "Киноны дууны найруулгын уран чадвар" зэрэг цуврал лекцээ толилуулсан юм. Мөн манай Шю Гуан багш “Хүүхэлдэйн киноны дуу хөгжмийн чимэглэл”,  "Дуу бичлэгийн программууд", "Дууны найруулгын чимэглэл" сэдэвт Шанхайн сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн дадлага хичээлээ СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн "Дуун технологи" шинэ тутам танхимын оюутан, багш нар, Тайз, дэлгэцийн урлагийн сургуулийнхан, орчин үед хаа сайгүй өөрсдийн камераар бүтээл туурвих болсон залуу сонирхогчид, мэргэжлийн уран бүтээлчдэд хүргэлээ. Эд маань кино, телевиз, медиа урлаг гээд бүхэлдээ дууны найруулгын сэдвээр юм.

    

-Монголд ирээд радио телевизийн дуу болоод кино бүтээлүүдтэй танилцаж амжив уу?

 

-Нэг их нарийн үзэж амжаагүй. Монголд ирээд удаагүй байгаа. Мөн анх удаагаа ирж байна. Гэсэн хэдий ч зарим нэг томоохон радио, телевизийн “юмтай” танилцсан ч Монголын нөхцөлийг би өнөөдрийн байдлаар дүгнэн хэлж мэдэхгүй байгаа. Ер нь олон улсын дууны стандарт бүгд л адилхан байх ёстой. Магадгүй Монгол ч бас адилхан байгаа байх.

Хамгийн наад захын шалгуур бол үзэгчдэд ямар нэг сувгаар дуу, дүрс хүлээн авч сонсоход тод ойлгомжтой, ямар нэгэн асуудалгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, зурагт, радиогоо асаахад ямар нэгэн илүүц шуум, дуу чимээ байхгүй бол тухайн улсын бүх сувгийн өргөн нэвтрүүлэг жигд стандарт дор байгааг илтгэдэг. Магадгүй ажаад байхад Монголын Үндэсний радиод ч юм уу, хуучны Орос тоног төхөөрөмж, нэлээд өмнөх үеийн дуу бичлэгийн хэрэгслүүд байх шиг байна. Гэхдээ үзэгч, сонсогчдод хүрэх дууны чанар ганц техник хэрэгслээс шалтгаалахгүй. Дуу бичлэгийн чанар маш олон арга технологиос шалтгаалж болно. Бичлэг хийх, засварлах, эфект оруулах, эвлүүлэх гээд энэ олон ажлын нийлбэр хүмүүст дамжин хүрэхдээ алдаа, оноотой байх нь бий. Энэ бүхэн ганц техникээс гадна ур чадвар, стандартаас ихээхэн шалтгаалах юм.    

-Олон улс тэр тусмаа Хятад улстай харьцуулахад манай түвшин ямар санагдах юм?  

-Ямартай ч МҮОНР дээр ирээд бичлэгийн студийг үзэж, нэвтрүүлгүүдийг сонссон. Энд бол техник нь тийм ч сүүлийн үеийнх биш боловч чанарын хувьд ер нь гайгүй сайн байна. Би энд ирээд байрлаж буй буудалдаа зурагт асаатал үзэхэд их бэрхшээлтэй байсан. Магадгүй долгиондоо ч юм уу гажилт, гацалт байна. Тэгэхлээр Монгол Улсад одоог хүртэл “моно” технологиор сувгууд нь дамжиж байна. Тоон системд хувирах ажил ид явагдаж байгаа гэж сонссон. Харин Хятадад бол цацаж байгаа болон хүлээн авч байгаа нь бүгд джитал буюу тоон системд шилжчихсэн.

Миний хувьд BBC, CNN зэрэг сувгуудыг хүлээн авч сонсдог хүний хувьд Монголын өргөн нэвтрүүлэг, телевизийн нэвтрүүлгүүдийг сонсоод харьцуулсан харьцуулаагүй дууны чанар асар их ялгаатайг мэдэрсэн. Та бүхэн ч бас харьцуулан сонсоход гэмгүй. Одоо Монголд шаардлага хангахгүй юмнууд их байна. Олон зүйлээс болж байгаа. Дууны систем, долгион зэргээс болох байх. Гэхдээ тэр бол ерөнхий зүйл. Биднээс шалтгаалах нь бол дууны найруулга, бичлэг, эвлүүлэг зэрэг ажлаа л чанартай, ур чадвартай хийх хэрэгтэй. Ялангуяа тэр суурь бичлэгийг маш сайн хийх хэрэгтэй. 

Улс орны өргөн нэвтрүүлэгт бол хамгийн түрүүнд олон улсын стандарт байх ёстой юм. Үүний тулд ганцхан телевиз дээр аваад үзэхэд нэвтрүүлэгч, хөтлөгчийн дууг бичихэд  дээд зэргийн стандарт баримталдаг байх хэрэгтэй. Наад зах нь тухайн мэдээ, нэвтрүүлгийн хөтлөгчийн мик-ны байрлал их чухал. Тэр ажлыг гүйцэтгэж байгаа хүн ч “мик”-ээ хаана байрлах ёстойг сайн мэддэг байх хэрэгтэй. Гэтэл Монголын зарим нэвтрүүлгүүдийн хөтлөгчдийг харахад дуу, хоолой нь нэг л хэлбэлзэлтэй сонсогдоод байна. Магадгүй энэ байдлыг би мик-ны байрлал буруутай холбон ойлгож байна. Цацалтандаа байж ч болох. Гэвч баруунд бол мик-ийг энгэрт, чихнээс, эсвэл агаарт ч юм уу хэд хэдэн янзаар байрлуулах ба энэ бүхэнд зай, хэмжээний тодорхой стандарт байдаг. 

Зөвхөн тэрхүү “мик” гэдэг жижиг төхөөрөмжөөс шалтгаалаад дуу шуум олон хэлбэлзэлд орж байна. Хэт ойр байрлуулснаас дуу бөглөрч сонсогдох, эсвэл холдуулснаас нарийсч цаана сонсогдох ч юм уу, эсхүл яг шууд нэвтрүүлгийн үед хоцорч асааснаас хөтлөгчийн дуу хоцорч орж ирэх зэрэг асуудлууд гардаг. Мөн бичихдээ хэт өндөр бичиж болохгүй. Дахин хэлэхэд medium буюу нөгөө л дундаж байдал, стандартыг барих хэрэгтэй гэдгийг сануулмаар байна.

-Та өмнө нь Монголоос өөр хөгжиж буй улсуудад очиж, дуу бичлэгийн болоод дууны найруулгынхаа чиглэлээр ажиллаж байв уу. Манай улс ер нь энэ чиглэлд хаана нь явна вэ?

-Миний хувьд гадны зарим нэг орон, дотоодынхоо буюу Хятаддаа ихэвчлэн мэргэжлийн ангийн оюутнуудад лекц унших, хичээл орох нь их. Оюутнууд авах ёстой мэдлэгээ авдаг. Миний зүгээс тэдэнд хичээл заах үүрэгтэй. Монголд ирээд СУИС-ийн Радио телевизийн сургууль дээр хичээлээ орлоо. Тус сургууль дээр “Дууны найруулагчийн анги” нээгдээд удаагүй байна.

Энэ мэт зарим нэг урлагийн сургуульд дууны найруулагч, инженерийн анги дөнгөж одоо нээгдэж байна гэдэг хоцорч яваагийн л шинж юм. Тиймээс маш хурдан хөгжүүлэх шаардлагатай.

Ерөнхийдөө Хятадад кино театруудыг жишээ болгоод ярихад спикер хамгийн гол зүйл нь байдаг. Тэнд бол театрын бүхий л өнцөг булан, ханануудыг дагаад спикер суурилагдсан байгаа. Сүүлийн үеийн театрууд тайзандаа хүртэл спикерээ бэхлэсэн байна. Кино театрын болоод тухайн уран бүтээлийн дууг тэр үйлчлүүлэгчдэд маш жигд бүх орчинг хамарч хүргэх зорилготой ийм том хөгжилд хүрчээ гэсэн үг. Үүнийг Монголын мэргэжлийн ангийн оюутнуудаас асуусан. “Танай кино театруудын дуу өгөлт, ямар систем вэ” гэхэд нэг ч оюутан ямар нэг хариу хэлэхгүй байгаад байна. Үүнийг мэдэхгүй байна гэсэн үг.

-Ер нь саунд менежерүүдийн ажилладаг программ, техник хэрэгсэл, түүний хөгжлийн талаар яривал?  

-Би оюутнуудад орчин үед өргөн ашиглах болсон джитал тоон системийн DOLВY 5.1 буюу зургаан замаар бичлэг хийх технологийн зарчмыг дэлгэцээр үзүүлж, нам давтамжийн дууг бичихээс эхлээд бүхий л арга технологийг нэг бүрчлэн тайлбарладаг юм. Орчны бүх чимээ сонсогдох DOLBY ATMOS шинэ техник технологийг ойлгуулахдаа энэхүү технологиор хийсэн Холливудын "Гозилла" киноноос үзүүлж уг уран бүтээл дээр дууны найруулагчид хэрхэн ажилласан зарчмыг бодитойгоор задаргаа хийдэг. Мөн өөрийнхөө ажлууд дээр тайлбарлахад илүү үр дүнтэй байх шиг санагддаг.

 

Нэгэнт бэлэн болсон кино уран бүтээлийг театрт гаргахад дууг зөв сонсгох тухай асуудал ч дууны найруулагчдын бодох зүйл. Орчин үеийн томоохон кино театруудад дууны техник хэрэгслийг хэрхэн  зөв, оновчтой байрлуулах гэдэг мөн л тэдний хувьд хамгийн эхлээд шийдэх ажил байдаг.  Дэлхийд дууны найруулга, тэдгээрийг дагасан техник технологийн хүчин зүйлүүд маш хурдацтай хөгжиж байна. Та бүхэн сайн мэдэх байх. Өмнө нь бол “Кадок” гэж гэрэл зураг хальс л авдаг техник, тоног төхөөрөмж хийдэг компани байсан. Одоо энэ компани ажиллахаа больж байна. Аргагүй шүү дээ. Дууны техник технологи ямар хурдацтай өсч байгаа билээ. Гэтэл “Оскор”-ын шагнал гардуулдаг хамгийн том театрыг одоогоор “Долби” гэж нэрлэдэг болсон. Яагаад вэ гэвэл “Долби” нь одоогоор бүх джитал зүйлийг бүтээж байгаа. “Долби” бол дууны 5.1, 6.1, 7.1 гэсэн түвшнүүдтэй. Хамгийн сүүлийн 7.1 түвшин нь нөгөө л үзэгч, хүлээн авагчийн бүх талаас буюу ард, урд, хажуу тал, дээд талаас нь спикерүүд дуугарахыг хэлж байна. Энэхүү “Долби” 7.1 технологид дээд таазнаас дуугарах спикер нэмэгдэж байна. Ийм учраас томоохон бөгөөд, маш олон хүн хамарсан арга хэмжээнд “Долби”-г дэлхийд номер нэг ашигладаг болжээ.   

-Та киноны дууны талаар мэргэшсэн найруулагч хүн. Киноны дууны онцлог юу юм бэ? 

 

-Тайз дэлгэцийн бүтээлийг шувуу гэж үзвэл нэг далавч нь дүрс, нөгөө далавч нь дуу юм. Тийм учраас аливаа дэлгэцийн бүтээл тэр тусмаа кинонд дууны найруулга онцгой ач холбогдолтой. Дууны найруулагч хүн тухайн кинон дээр хэн, хаана, юу гэж хэлэхийг жүжигчдээс нь дутуугүй үг нэг бүрээр нь цээжилж, зохиолын утга агуулгыг гүн гүнзгий мэдэрсэн байвал сайн.          

Зураг авалтын орчинг нягт нямбай судлаж дуу бичлэгийн хэрэгслээ хаана, яаж байрлуулах, жүжигчин болоод зураглаачтай хэрхэн харьцахаа урьдчилан нарийн төлөвлөж, зураглал гаргадаг. Тэрхүү зураглал нь дууны найруулагчийн уг кинонд ажиллах сценар болдог. Орчин үеийн дэлгэцийн урлаг дүрс, дуу хоёрыг нэгэн зэрэг бичиж үзэгчдэд  илүү "амьд" хүргэдэг  болсноороо ихээхэн онцлогтой. Тэр хэрээр дууны найруулагчаас өндөр ур чадвар шаарддаг болсон. Дуугаар орон зайн баримжааг авч болохуйц тийм түвшинд ажиллах ёстой. Тухайлбал, онгоц зүүнээс хөөрөн баруун тийш нисэн одож буй нь дүрсгүйгээр дуу чимээнээс шууд ойлгогдох ёстой.  

-Таныг Холливүүдийн найруулагчтай хамтарч ажилласан тухай сонссон. Сүүлд ямар бүтээл дээр ажилласан бэ? 

 

-Хамгийн сүүлд Аmazing” буюу “Гайхамшиг” гэж 3D кинонд ажиллалаа. Миний хувьд дууны найруулгын ажлаа кинон дээр дагнаж хийж байна. Мөн “Тэнгэрийн Ордыг үймүүлсэн нь ” гэх хүүхэлдэйн киноны засвар дээр ажиллаж байна. Энэ хүүхэлдэйн кино бол Хятадад 60-аад жилийн өмнө бүтээгдсэн. Тиймээс орчин үеийн форматаар дахин сэргээн хийж буй юм. Өөрөөр хэлбэл, хавтгай дэлгэцийн киног орчин үеийн технологиор буюу  3D болгон хувиргаж байгаа. Ингэхэд уг киноны дуу шуумны хувьд асар их зөрөх, зөрчилдөх юм гарч ирнэ. Энэ засвар дээр ажиллаж байгаа. Дууг нь дахин шинээр хийх ч шаардлага гарсан. Хүүхэлдэйн киноны дуу бол бас тийм ч амар зүйл биш. Дараа нь телевизийн олон ангит бүтээл дээр ажилласан. Энэ болУдирдагч” хэмээх Хятадын аугаа  удирдагч Мао Зэдуны амьдралын үеийг тусгасан бүтээл.

-Мэргэжил нэгт монгол хүнтэй уулзаж үзэв үү. Үзсэн бол та нарын ажлын ялгаатай болоод ижил тал нь юу байх юм?   

-Монголын дууны найруулагчид, саунд инженерүүд, эрдэмтэн багш нартай уулзалт хийж туршлагаа хуваалцлаа. Бидний ажил зарчмын хувьд адилхан л даа. Харин кино гэдэг бол юмыг яг л бүтээж байна. Илүү уран бүтээлч сэтгэлгээгээр ажиллана. Харин радио,  телевизэд ямар нэг өгөгдсөн материал дээр ажиллах, тэдгээр тоног төхөөрөмжийг ашиглаад нэвтрүүлэг бэлтгэх гэдэг өөр хэрэг. Илүү ажил хэргийн чанартай байх. Гэвч киноны дуу бол урлагийн хүний мэдрэмжийг шаардана. 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Жань Шин: Дэлгэцийн бүтээлийг шувуу гэж бодвол нэг далавч нь дүрс, нөгөө далавч нь дуу юм   
Үзсэн: 2244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
39.77.77.xxx [39.77.77.xxx] 2014-12-15 18:04
Manai ene oyutan uudiin suuj bgaag evsheej ene ter ednii ene hunees yum surch avdag bgaa daa etseg eheeree tejeelgej surguulid surch bj bi togsood yah bilee gej er bodohgui belenchleh geel arai archaagui yumaa

Бидэнтэй нэгдээрэй