Шууд Chart

2014 оны улс төрийн онцлох 10 үйл явдал

2014-12-24 10:58:11

Улирч буй 2014 онд Монголын улс төрд болсон онцлох 10 үйл явдлыг хүргэж байна.

Нэг: “Давхар дээл”-ийн тухай хуулийн төсөл унав

 

Өнгөрөгч 2013 оны хавар Монгол Улсын Ерөнхийлөгч Ч.Элбэгдорж Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу “давхар дээл”-ийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслийг хэдэн сар дамнаж хэлэлцсэний эцэст энэ оны тавдугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед батлалгүй унагасан юм. Ингэснээр тухайн үед байсан УИХ-ын болон Засгийн газрын гишүүн 17 сайд "Давхар дээл"-тэйгээ үлдсэн. Харин үүний дараа Ерөнхийлөгч “Давхар дээл”-ийн тухай хуулийн төслийг дахин өргөн барина хэмээн мэдэгдэж байсан юм. Үүнээс гадна тэр үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байсан Х.Баттулга “давхар дээл” өмсөхгүйн тулд сайдын суудлаас өөрийн хүсэлтээр огцорч байсан билээ.

 
Хоёр: “Эзэн-100” аянг өрнүүллээ  
 
 

Шинэчлэлийн Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сард манай улсын эдийн засаг хямарсан байна хэмээн мэдэгдэж “Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл”-ийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан. УИХ уг тогтоолын төслийг тавдугаар сарын есний өдөр “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” гэсэн нэрээр баталж, улмаар Засгийн газрын  “Эзэн-100” аян эхэлсэн юм. Харин уг аяны хэрэгжилт болон үр дүнгийн талаар тухайн үеийн сөрөг хүчин болох МАН-ын зүгээс хангалтгүй хэмээн дүгнэж байсан бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “ЭЗЭН-100 хөтөлбөр улс орны эдийн засагт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг өргөс авсан мэт арилгах зорилго тавиагүй. Бизнес эрхлэхэд саад тотгор болж ирсэн чирэгдлийг халах зорилгоо биелүүлсэн” хэмээн дүгнэсээр байсан.

 
Гурав: Шилэн дансны тухай хуулийн төсөл батлагдав
 
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хуулийн төслийг боловсруулж энэ оны нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч УИХ-ын гишүүд дөрөвдүгээр сард хуулийн төслийг хэлэлцэлгүй буцааж байсан билээ. Харин өнгөрөгч зургаадугаар сард Ерөнхийлөгч хуулийн төслийг дахин боловсруулж өргөн барьснаар долоодугаар сард батлагдсан юм. Уг хууль 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөгдөх бөгөөд хууль хэрэгжсэнээр улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлэх юм.

 
Дөрөв: Төрийн тэргүүнүүдийн айлчлал 
 
 
Өнгөрч буй онд хийгдсэн ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн манай улсад хийсэн айлчлалууд болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр хөрш орны төрийн тэргүүнүүдтэй хийсэн гурван талт уулзалтыг энэ оны улс төрийн онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байна.
 
БНХАУ-ын дарга Си Зиньпиний наймдугаар сарын 21-22-ны өдрүүдэд манай улсад хийсэн төрийн айлчлал БНХАУ-ын даргын 11 жилийн дараа Монгол Улсад хийсэн айлчлал болсон юм. Засгийн газар уг айлчлалыг хоёр улсын хооронд уламжлал болон тогтсон дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний үргэлжлэл болсон бөгөөд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой түүхэн айлчлал болсон хэмээн дүгнэсэн юм.
Харин Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан есдүгээр сарын гуравны өдөр манай улсад ажлын айлчлал хийсэн. Уг айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дахин нотолж, цаашид Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудыг түргэвчлэн шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгаж хэрэгжүүлэхээр болсон нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн болсон гэж Засгийн газраас дүгнэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны есдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцсон. Энэ үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний “Улаанбаатарын Уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзсан билээ.
 
Тав. Засгийн газрын бүтцийг өөрчлөв
 
 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 10 дугаар сарын хоёрны өдөр Шинэчлэлийн Засгийн газрыг илүү үр дүнтэй ажиллуулахын тулд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай болж ажиллах саналтай байгаагаа илэрхийлж, тогтоолын төслийг УИХ-д  өргөн барьсан. Харин үүнээс тав хоногийн дараа УИХ-ын нэгдсэн чуулганаас

1.    Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2.    Батлан хамгаалах яам
3.    Боловсрол, шинжлэх ухааны яам
4.    Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам
5.    Сангийн яам
6.    Хууль зүйн яам
7.    Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам
8.    Соёл, спорт, аялал жуулчлалын яам
9.    Уул уурхай, эрчим хүчний яам
10. Хөдөлмөрийн яам
11. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
12. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
13. Эрүүл мэндийн яам гэсэн 13 яамтай ажиллах шийдвэрийг гаргаж байсан юм.
 
Зургаа. АН, МАХН хамтарч ажиллах гэрээ байгуулав
 
 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр 10 дугаар сарын есөнд эх орондоо ирсэн. Тэрээр ирснийхээ дараа Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 2024 он хүртэл хамтарч ажиллах гэрээг АН-ын дарга асан Н.Алтанхуягтай байгуулсан. Уг гэрээг байгуулсны дараа АН болон МАХН-ын олон гишүүн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж багагүй маргаан үүссэн учир намын дарга нар 10 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл хийж тус гэрээг намуудын эрх бүхий байгууллагуудаар орж хэлэлцэгдэж байж хүчин төгөлдөр болно гэдгийг мэдэгдсэн юм.

 
Долоо: 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцров
 
 
2014 оны 11 дүгээр сард Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсон асуудлыг энэ оны улс төрийн онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байна.
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналыг 11 дүгээр сарын тавны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж гишүүдийн 54.5 хувь буюу олонхийн саналаар түүнийг огцруулах шийдвэрийг гаргасан юм.
 
Найм: 28 дахь Ерөнхий сайд томилогдов
 
 
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд томилогдсоныг оны улс төрийн онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байна. Энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилох шийдвэрийг гаргасан. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Ардчилсан намын ҮЗХ-оос гаргаж, үүнийг нь УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж, Ерөнхийлөгч соёрхон, улмаар УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцорсны дараа УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр яригдаж байсан ч АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооноос Ч.Сайханбилэгийн нэрийг дэвшүүлэх шийдвэр гаргасан.
 
Ес: Сөрөг хүчингүй Засгийн газар ажиллаж эхэллээ
 
 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдсон даруйдаа Ардчилсан намын ҮЗХ-оос гаргасан шийдвэрийн дагуу УИХ-д суудалтай бүх нам, эвсэлтэй Засгийн газарт хамтарч ажиллах санал хүргүүлж, улмаар хамтрахаар болсон билээ.

Шинэчлэлийн Засгийн газарт сөрөг хүчин байсан МАН АН-аас гаргасан саналыг хүлээн авч намын бус ард түмнийхээ эрх ашгийг бодож, улс орны эдийн засгийг сайжруулахын тулд ийм шийдвэрийг гаргалаа хэмээн Шийдлийн Засгийн газарт хамтарсан. Харин үүний дараа бие даагч гурван гишүүн сөрөг хүчин болно хэмээн мэдэгдсэн хэдий ч албан ёсны бүлэг, бүлэг байгуулахуйц хэмжээний гишүүд, бүлгийн дарга, УИХ болон байнгын хорооны хурлаас завсарлага авах чадамжтай биш учраас энэ нь боломжгүй юм. Тиймээс 2016 оныг дуустал эрх барих Засгийн газар сөрөг хүчингүй ажиллана.
 
Арав: Шийдлийн Засгийн газар байгуулагдав
 
 
2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр УИХ хуралдаж Шийдлийн Засгийн газрын бүтцийг 15 яам, 18 сайдтай байхаар баталсан юм.Тодруулбал:
Ардчилсан намаас томилогдсон сайд нар:
1. ЗГХЭГ-ын дарга  С.Баярцогт
2. Хууль зүйн сайд Д.Дорлигжав
3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
4. Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
5. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
6. Уул уурхайн сайд Р.Жигжид
7. Эрчим хүчний сайд Д.Зоригт
8. Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
 
Монгол Ардын намаас томилогдсон сайд нар:
1. Шадар сайд У.Хүрэлсүх
2. Сангийн сайд  Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд С.Чинзориг
5. Зам тээврийн сайд Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар
 
“Шударга ёс” эвслээс сонгогдсон сайд нар
1. Монгол Улсын сайд  М.Энхсайхан /МҮАН/
2. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон
3. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар ажиллаж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

2014 оны улс төрийн онцлох 10 үйл явдал  
Үзсэн: 3190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй