Шууд Chart

Зэс, нүүрс яахав, уран, занарын асар их нөөцөө яах вэ

2013-08-28 09:10:06

Уг нь бид юун нүүрс, юун зэс гэж хэлэхээр улс. Нүүрс, зэсийн үнэ таагүй байгаа бол  зана­раа­саа тос гаргаж, уран, газрын ховор элементээ олбор­лож яагаад болохгүй гэж. Боломжгүй хүн тэнэг биш, боломжийг харалгүй өнгөр­сөн нь тэнэг гэж үг бий. Тэгэхээр ямар боломж байгаагаа эргэж нэг харвал ямар вэ.

ЭХНИЙ БОЛОМЖ-ШАТДАГ ЗАНАР

Дэлхийн том гүрнүүд  газрын тосноос болж Ойрх Дорнодыг царайчилдаг байв. Шатахууны нөөцтэй ганц том бүс учраас тэр зүгийн нөх­дийн элдэв араншинг хүлцэж, аргадсаар өдий хүрсэн их гүрнүүд өнөөдрөөс арай өөр зүйлд анхаарлаа хандуулж эхэллээ. Учир нь тэд газрын тосны ирээдүйг занар гэж хараад эхэлчихсэн.  Америк  гэхэд л газрын гүнд байгаа шатдаг занараасаа тос гар­гаад хэрэглэж байна. Зана­раас тос гаргах технологио­роо цэнхэр гаригтаа л  номер нэг нь. Гэтэл өнөө америкчууд манай занарыг сонирхоод эхлэв. Дэлхийгээр нэг явж занарыг 30 гаруй жил судал­сан Харольд Винегар гэгч эрхэм "Би дэлхийн бүх зана­рыг судалсан. Монголын занар шиг ийм сайныг нь харсангүй. Чанараараа дэл­хийд гайхагддаг Израйль, Иорданы занараас хоёр дахин их хэмжээний тос гарна гээд бод доо" гэж толгой сэг­сэрс­нийг бодоход Төв аймагт занарын анхаарал татахаар сайн чанарын нөөц илэрчи­хэж. Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн сумдын дунд орших Өвөржаргалантын хөндийд дэлхийн хамгийн чанартай занар байна. Хүхэргүй гэж гадныхан гайхан дуу алдац­гаана лээ. Ийм занарыг боловс­руулахад элдэв хорт хий ялгарахгүй учраас ингэж олзуурхаж л дээ. Тэдний хэлж байгаагаар манай занар органикийн өндөр агуулгатай гэсэн. Ийм занараас хамгийн сайн чанарын тос гардаг гэнэ. Газрын гүнээс дулааны аргаар олборлоод л ашиглаж болох учраас,  нэрэх үйлдвэр байгуулж элдэв зардал гаргах­гүйгээр  тосыг нь зах зээлд нийлүүлэх боломжтой учраас ингэж шагшицгаасан хэрэг.

Төв аймгийнхан өнгөрсөн хорин жилийн турш М.Энхболд, Н.Энхболд, Су.Батболд зэрэг нэг намын улстөрчдийг  УИХ-д сонгосон. Биднийг төлөөлөөд УИХ-д суу, тэгээд аймгаа хөгжүүлээ­рэй гэж хэдэн парламент дамжин итгэл хүлээлгэсэн ч тэд ганцхан сумынхаа буюу Жаргалантын замыг ч барьж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Жаргалантын зам гэдэг нь тийм айхтар эд биш л дээ. Төв замаас салаад арав гаруйхан километр  давхидаг хэсэг. Жаргалант сум орох хүмүүс өчнөөн жил шороон замаар манаргаж яваа. Ийм байж, өнгөрсөн хорин жил аймгийн­хаа хөгжилд тэр гээд хэлчи­хээр зүйл хийгээгүй хэр нь М.Энхболд тэргүүтэй улстөр­чид  Төв аймгийн хөгжих ганц боломжийг үгүй хийхийн төлөө хүчин зүтгэж эхлэв. Төв аймгийн занарыг  ашиглавал уул нурна, байгаль сүйднэ гэж хэвлэлийн хурал зарлаад их л идэвхтэй ажиллаж байгаа.  Америкаас эхлээд хөгжингүй улсууд занараасаа тос гар­гаад хэрэглээд эхэлчихсэн байхад Монгол Улс яагаад өнөөдөр занараа ашиглаж болохгүй гэж. Занараасаа тос гаргаж, хойд хөршөөс шата­хуун царайчлахгүй амьдрах боломж ердөө хамар дор байхад яагаад заавал шата­хуун үнэд орох вий гэж эмээж амьдрах ёстой билээ. Уул уурхайн том ордоо дагаад хөгжиж байгаа Өмнөговь шиг Төв аймаг занараа дагаад хөгжиж болохгүй гэх ямар шалтгаан байна.

Америкчууд танайх сайн занартай юм гэж хэлээд зог­соо­гүй. Занараас шатахуун гаргаж зах зээлд нийлүүлэх хүртэл бүх процессыг нь төсөл болгоод танилцуулсан. Занарыг олборлох арга бол экологид халгүй гэдгийг өчнөөн ярьж байгаа. Тод­руулж хэлбэл шатдаг занарыг газрын гүнд дулааны аргаар боловсруулаад тос гаргаж авна. Хар үгээр хэлбэл зана­рын нөөцтэй газруудад олон цооног өрөмдөж, голд нь халаагчууд байрлуулах юм билээ. Тэр халаагчуудын үүрэг нь газрын гүнд байгаа занарыг жигд халаах. Зугуу­хан халаасаар 300 хэмд хүрэ­хэд газрын гүнд байгаа шат­даг занар гэж хатуу эдийн шингэн нь дээшээ гарч, хүнд кокс, нүүрс төрөгчийн давхар исэл энэ тэр нь дороо үлдэх юм билээ. Ухаандаа дээр гарч ирж байгаа хэсгийн хамгийн хүнд бүтээгдэхүүн нь дизель.  Дизель гэж юу боло­хыг, ямар хэрэгтэй эд гэдгийг хэн ч мэднэ. Газрын өнгөн хөрсөн дээр ямар ч өөрчлөлт гарахгүй, экологид халгүй гэдгийг энэ тайлбараас харчихаж болно.

ХОЁР ДАХЬ БОЛОМЖ-УРАН

Монгол Улс ураны нөөцөө­рөө дэлхийн топ арвын нэгд аль хэдийнэ орчихсон. Ураны нөөц ингэж огцом өссөн гол шалтгаан нь Фран­цын "Арева"-гийн Монголд арваад  жил хийсэн хайгуулын үр дүнгээс улбаатай.  Дорноговийн нутаг дэвсгэрт орших Дулаан-Уул, Зөөвч-Овоогийн нөөц Монго­лыг ураны нөөцөөрөө дэл­хийн анхаарлыг татахад хүргэ­сэн юм. "Арева"-гийн хайгуул хийсэн Зөөвч-Овоод гэхэд л дэлхийн ураны 20 жилийн хэрэгцээг хангахаар асар их нөөц илрээд байна. "Арева"-гийн охин компани "Кожи говь" хайгуулаа үргэлж­лүүлэн хийж байгаад өнгөр­сөн сарын сүүлээр өрөмдлө­гөө зогсоохоос аргагүйд хүр­сэн. Тодруулж хэлбэл иргэний хөдөлгөөнүүдийн дарамт  шахал­таар. Хэдэн нөхөр дав­хиж очоод ажлаа үргэлж­лүүл­вэл ажилтнуудын чинь  аминд халдана шүү гэж дарам­талчихаар аюулгүй байдлаа, ажилтнуудынхаа амь насыг нэгд тавьдаг ямар ч компани ажлаа зогсоож таарна. "Уран бол аюултай" гэсэн ганцхан өгүүлбэрийг ягштал цээжилчихээд эсэр­гүү­цээд яваа иргэний хөдөл­гөө­нийхнөөс өөр хөрөнгө оруулагчдын эсрэг тэмцсэн иргэд одоогоор лав алга. Ураны чиглэлээр хэрэгжиж буй  том  төсөл нэг иймэрхүү шалтгаанаар зогсож, гадны хөрөнгө оруулагчид хөрөнгөө сул урсгаж байна.

 Засгийн газар нь хүртэл "Цаг бусаар хорогдсон тугал­нуудын үхэл урантай ямар ч холбоогүй, тэгээд ч наадуул чинь уранаа олборлож эхлээ­гүй, хайгуулаа л хийж байгаа. Манайхаас олборлож гадаг­шаа зарах шар нунтаг гэдэг эд чинь байгаль дээр байдаг л зүйл. Яг л алт, зэс шиг. Харин боловсруулахаараа л өндөр хамгаалалт, аюулгүй байдал шаарддаг эд. Тэрийг нь Монголд биш өөр улсад хийнэ. Монголд ямар ч боловс­руулалт хийхгүй" гээд байхад л иргэний хөдөлгөө­нүүд нь эсэргүүцсээр байгаа. Тугал үхсэн эцсийн шалтгаан яг юунаас үүдсэн нь бараг л  тодорхой болсон сураг дуулд­сан. Мэргэжлийн бай­гуул­лагууд  эцсийн хариуг нь албан ёсоор өгөөгүй байхад тэр энэ, тийм ийм гээд яахав. Ямартай ч тугалнуудын үхэл яг юунаас болсоныг нь хөдөлшгүй баримтаар  тогтоо­чихсон гэсэн.

"Арева"-гийн хувьд Фран­цын Засгийн газрын 90 хувийн оролцоотой, ураны чиглэлээр дагнаж ажилладаг гэдэг утгаараа дэлхийд тэргүүлэгч компани. Европын том улс, Франц бол Европ гэсэн үг ч бий. Ураны чиглэлд дэлхийд хүлээн зөвшөөрөгд­сөн том хамтрагчтай учраас аюулгүй байдал энэ тэр дээр санаа зовох хэрэггүй гэх санаа­гаар хэлээд байна л даа. Өөр нэг анхаарах өнцөг бий. Франц бол НҮБ-ын Аюул­гүйн зөвлөлийн гишүүн орон. Англи, Америк, Орос, Хятад, Франц  улсууд энэ зөвлөлийн байнгын гишүүд. Бид баялгийнхаа салбарт  бусад дөрөвтэй нь харилцаж байгаа. Геополитик талаас нь харсан ч Франц түншлэхгүй байх аргагүй улс. Хэрвээ "Арева"-г явуулчихвал орон зайг нь Орос, Хятад, Энэтхэ­гийн аль нэг жижиг компани эзэлнэ. Энэ хувилбар бидэнд ашигтай юу. Бодохоор л асуу­дал. Өнөөдөр Монгол ураны нөөцөөрөө топ аравт багтсан. Ирээдүйд эхний тавд жагса­хад үгүй гэх газаргүй. Учир нь "Арева" Дорноговиос гадна Сүхбаатарт хайгуул хийж байгаа. Хайгуулын эцсийн дүн нь хараахан гараагүй. Ураны салбарт ажиллаж бай­гаа хойд, өмнөд хөршүүдийн компаниуд ажлаа түр хуга­цаанд зогсоосон. Тэд ажил­лаад эхэлбэл ямар тоо гарч ирэхийг одоохондоо хэн ч хэлж мэдэхгүй.

ГУРАВ ДАХЬ БОЛОМЖ- ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ

Дэлхий газрын ховор элементээр цангачихсан гэж хэлж болохоор энэ үед Мон­голд  газрын ховор элемен­тийн­хээ нөөцийг эргэлтэд оруулах том боломж байна. Газар ховор элемент  гэдэг эрдэс технологи өндөр хөгж­сөн энэ үед  эрэлттэй байхаас аргагүй эд. Дулаан цахилгаа­ны төгс дамжуулагч болж чаддаг нь энэ элементүүдийн давуу тал. Тийм ч учраас бид  миллметр  хүрэхгүй зузаан­тай нимгэн гар утаснаасаа нетэд орж, цахилгааны төл­бө­рөө төлж, дуртай киногоо үзэж, хаа хол байгаа Харвар­дын их сургуулийн эрдэмтний лекцийг өдөрт нь татаад унш­чи­хаж байна. Тэр утгаараа газрын ховор элемент Япон, Солонгос, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудын худалдаж  авахдаа гар тат­даг­гүй эрдэс нь. Газрын ховор элементийн ихэнх нөөц урд хөршид бий. Тод­руулж хэлбэл газрын ховор элементийн зах зээл дээрх гол тоглогч бол Хятад. Урд хөрш энэ эрдсийнхээ экспор­тыг  хумиад эхэлчихсэн. Зарим уурхайгаа хүртэл хаасан. Өмнө нь олборлож байсантай нь харьцуулахад экспортоо бараг л зогсоосон гэхээр байгаа. Экспортынхоо татварыг өсгөж, томоохон уурхайнуудынхаа ажлыг зогсоосон учраас дэлхийн зах зээл дээр газрын ховор элементүүдийн заримынх нь үнэ ганцхан жилийн дотор гурав дахин өссөн байдаг.

 АНУ-ын Геологийн судал­гааны газар дэлхий дээр газрын ховор элемен­тийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөц байна гэж  тогтоожээ. Дөчөөд хувь нь Хятадад  буюу бүр тодруу­лаад хэлбэл Өмнөд Монголд бий гэж тэд үзжээ. Үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харьяаны орнууд, Афганистан, Монго­лын хөрсөн дор бий гэсэн тооцоо гаргасан байдаг. Өмнөд Монголд их хэмжээ­ний нөөц байгаа учраас Монгол Улсад анхаарал тата­хаар хэмжээний нөөц байх нь гарцаагүй гэсэн судлаачдын  таамаглал байдаг юм билээ.  Өмнөд Монголын ердөө хажуу­ханд хил залгаа орших Монгол Улсад дэлхийд гайхагд­сан газрын ховор элементийн их нөөц үргэл­жилж  байгаа  нь бараг л тодорхой болоод байна.

Газрын ховор элемен­тийн эрлийг  зоос хайрлахгүй хийж буй АНУ, Герман, Япон зэрэг улсын хараанд Монгол  аль хэдийнэ өртсөн. С.Бат­бол­дыг Ерөнхий сайд байхад л энэ сэдэв яригдаж байсан. Японд айлчлах үед нь  тус улсын Ерөнхий сайд газрын ховор элементийн салбарт манай улстай  хамтран ажил­лах хүсэлтэйгээ илэрхийлж байлаа. Манайд айлчлаад буцсан Германы канцлер Ангела Меркель ч газрын ховор элементүүдийг Монго­лоос нийлүүлж хамтран ажиллахаа сонирхлоо ил тод илэрхийлсэн.

Манай улсын нутаг дэвсгэ­рийн жар орчим газарт газ­рын ховор элементүүдийн орд илрээд байна гэсэн албан бус статистик сонсогд­дог. Гэхдээ нийт нөөц нь хараа­хан гараагүй. Хайгуулын түвшний ажлууд л хийгдэж байгаа. Сүүлд стра­те­гийн ордод оруулахаар ярьж эхэлсэн Өмнөговийн Мушгиа худаг ордыг хамгийн их нөөцтэй гэх нь  бий. Мушгиа худагийг Өмнөд Монголын том ордтой дүйцэхүйц нөөцтэй гэдэг. Сүүлд долоон ордыг стратегид нэмнэ гэж үзсэний гурав нь газрын ховор элементийнх. Тэр жагсаал­тад бас Мушгиа худаг орсон байдаг. Газрын ховор элементүүдийнхээ ордыг стратегид  оруулна, бодож байж ашиглана гэж суугаад байвал үр ашгийг нь хүртэх асуудал тэр хэрээр хойшилж таарна. Харин сонирхол нь наашилсан  том гүрнүүдтэй харилцан ашигтайгаар хамт­ран ажиллаж, энэ салбарт том төслүүд хэрэгжүүлж эхэл­бэл эрэлт нь байна. Дэлхийн зах зээлийн үнэ нь ч ойрын хэдэн арван жилдээ буухгүй гэж шинжээчид таамаглаж байна.

 Ц.БААСАНСҮРЭН

Нийтэлсэн: Web admin

Зэс, нүүрс яахав, уран, занарын асар их нөөцөө яах вэ   
Үзсэн: 2811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-08-29 09:51
одоогийн засгийн газар дэндїї жижиг асуудалтай хутгалдаж байна.

Бидэнтэй нэгдээрэй