-2013 оны хичээлийн шинэ жилийн нээлт болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ цаг үетэй холбогдуулан салбарт болж буй шинэ содон үйл явдлуудыг уншигчиддаа хүргэмээр байна?
-Баярлалаа. Энэ оны хичээлийн шинэ жилийг манай яам олон өгөөжтэй, хүртээмжтэй үйл явдлаар угтаж буйг хэлэхэд таатай байна. Жишээ нь МУБИС онлайнаар англи хэлний 3 сарын вакумжуулсан сургалт, ХААИС англи хэл, комьютер, амьдрах ухааны хичээлээр вакумжуулсан 3 сарын хугацаатай сургалт явуулна. Нийгмийн ажилтнуудыг дэмжсэн зэрэг дээшлүүлэх, ажилласан жил, ажлын ур чадвараасаа шалтгаалан 15-25 хувийн нэмэгдэл цалин олгон сэтгэл зүйч болгож бэлтгэх сургалтын программ бий болгож байна. Хүүхдийн зан чанарыг алдааг засаж мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө өгөн хандлагыг өөрчлөх программ дэвшүүллээ. Хүнд үйлдвэрлэлийн сайн технологийн мэргэжилтнийг бэлтгэх Герман-Монголын хамтарсан сургууль нээгдэж анхны элсэлтээ авч байна. Мөн засгийн газрын хуралдаанаар дэлхийн шилдэг 100 сургуульд суралцах журмыг баталсан. Түүнчлэн "Зөв монгол хүүхэд үндэсний хөтөлбөр” батлагдаж боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан. Тус хөтөлбөр нь ном, авъяас, бага дунд боловсролын чанарыг шинэчлэх гурван дэд хөтөлбөртэй бөгөөд энэ зун 12000 багшид сургалт явуулж, 25000 номоор 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн номын санг бүрдүүлж чадлаа. Хөтөлбөр цаашид үргэлжилж 2013-2014 онд 100 хувь ангийн номын сантай болох, хүүхдийн номын уралдаанаас шалгарсан номны эмхэтгэл гаргаж сургуулиудад хүргэх зорилгыг тавьсан. Монгол хүүхэлдэйн киноны баатрыг сэтгэлд хоногшуулсан хэлбэрээр хийлгэх ажлыг соёлын яамтай хамтарч хийхээр ажиллаж байна. Авъяас хөтөлбөрөө 2013-2014 онд улам эрчимжүүлж 400.000-450.000 хүүхдийг дугуйлан, секцэнд хамруулж авъяасыг нээх зорилготой байна.
-Сургууль, цэцэрлэгийн болон сурах бичгийн хүртээмж жилийн жилд анхаарал татсан асуудлын нэг байдаг. Энэ тухайд...?
-Сургууль цэцэрлэгийн хүртээмж өнгөрсөн хугацаанд 66 хувьтай яваад байгаа. Бид энэ асуудлыг нэг жилийн хугацаанд бүрэн шийдэж чадахгүй ч 2015 он гэхэд бүрэн шийдэх зорилт тавьсан. Энэ жил улсын хэмжээнд 32, дэлхийн банкны санхүүжилтээр 25 цэцэрлэг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Мөн канад технологоор 17 цэцэрлэг баригдана. Өнөөдрийн байдлаар 53 хувийн хэвшлийн цэцэрлэг зөвшөөрөл авч ажиллахад бэлэн болсон. Цэцэрлэггүй 45 хороонд бага сургууль, цэцэрлэгийн комплекс барина. Газрын асуудлыг Улаанбаатар хот өөрийнхөө хөрөнгөөр шийднэ. Бага дунд сургуулийн хувьд 8331 хүүхэд хэвийн хэмжээнээс илүү байгаа болохоор 2 ээлжийн зарим сургуульд ачаалал нэмэгдэнэ. Асуудал ийм байгаа ч сургууль олдохгүй нь гэж ойлгож болохгүй. Сурах бичиг 100 хувь хэвлэгдэж гарсан, үүнээс 86 хувийг үнэгүй, 13 хувийг нь худалдаж авна. Энэ жилийн нэг онцлог бол багшийн сурах бичиг, гарын авлагыг хэвлэж бэлэн болгосон.
-Сургалтын төлбөр жил бүр бага багаар нэмэгддэг. Яамнаас энэ талаар ямар бодлого баримталж байгаа вэ?
-Өнгөрсөн жил би сургуулиудад сургалтын төлбөрийг нэмэгдүүлж болохгүй гэсэн чиглэлийг бичгээр өгөөд, тэр бичиг шударга өрсөлдөөний газар очоод “бангадуулсан”. Энэ жил яамны зүгээс сургалтын төлбөрийг асуудлаар тодорхой чиглэл өгөхгүй. Харин бид нэг салбарын хүмүүс учраас албан бусаар ярилцаж бага нэмээрэй, нэмэхгүй байхыг бодоорой, зах зээлээс мөнгө босгох ажлыг эрчимжүүлж хөрөнгө оруулалтаа оюутнуудаас биш өөр газраас ол, чадахгүй бол энэ ажлаа зогсоо гэсэн шаардлагуудыг сургуулиудын захирлуудад тавьж байна. Сургуулиудын удирдлага цуглаж сургалтын төлбөрөө шийдэх эрхтэй. Эрхийг хэрэгжүүлэх удирдах зөвлөлд нь оюутан, багш, төрийн байгууллагуудын төлөөлөл байдаг болохоор энэ хуралдаанаараа сургуулийнхаа ажлыг өөрсдөө шийдэх болно. Төрийн өмчтэй сургууль дээр барьж буй хамгийн том бодлого бол сургуулийг хөгжүүлэхийн тулд сургуулиудын бие даасан байдлыг хангах чиглэл барьдаг. Энэ чиглэлийн хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлд манай яамнаас ч мэргэжилтэн байгаа.
-Асрамжийн газрын хүүхдүүд насанд хүрч их сургуульд ороход төлбөр дээр “гацдаг” . Энэ жил арван жилээ төгссөн энэ хүүхдүүд яах вэ?
-6600 оюутныг төрийн сангийн зээлд хамруулна. Тийм болохоор асрамжийн газраас их сургуульд элссэн хүүхдүүд бүрэн хамрагдана.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор 175000 оюутан сард 96000 төгрөг авна гэж байгаа...?
-Оюутны тэтгэлгийг нэмэгдүүлэх тал дээр би итгэлгүй байна. Яагаад гэхээр энэ жилийн эдийн засаг төсвийн хүндрэл ямар байгаа билээ. Ямар ч байсан энэ асуудлыг бид их хуралд барина холбогдох шийдвэрийг засгийн газар, их хурал гаргана.
-Оюутны сургалтын чанар нэмэгдэж байгаа үгүйг яаж мэдэх вэ ?
-Чанарын талаар ганцхан шаардлага тавьж байгаа нь төгсөгчид ажилтай болж чадсан уу гэдэг асуудал. Сургууль болгон дэргэдээ ажилд зуучлах албыг байгуулсан. Төгсөгчид чанартай байх юм бол гараад ажилтай болно гэсэн үг.
Сайд Л.Гантөмөр: Энэ жил яамны зүгээс сургалтын төлбөрийг асуудлаар тодорхой чиглэл өгөхгүй | ||
Үзсэн: 2288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.