Яруу найрагч, “Цаасан бар”-ын урлаач Цээнзэнгийн Галбадрахыг “Редакцийн зочин”-оор урилаа. Энэ удаад бид “цаасан хайчилбар” буюу цаасан барын урлалын нарийн ажилбарууд, арга техникүүдийн талаар түлхүү ярилцлаа.
-Таны “цаасан бар”-ын хөрөг бүтээлүүдээр яриагаа эхэлье. Энэ зүйлийг хийж эхэлсэн үе, үүх түүхээсээ яривал...?
-Шинэ оюутан хотод орж ирчихээд явж байлаа. “Төв шуудан”-гийн өмнө нэг ах баахан цаасан хайчилбар барьчихсан зараад зогсож байна. Гадны хүмүүс их сонирхоод л. Гэртээ ирээд оролдож, туршиж эхэлсэн. Надад байгаа ахуй нь адуу мал, аргаль янгир учраас эхэндээ ахуйлаг юм хийдэг байлаа. Тухайн үедээ болхи байсан. Гоё болсон юм ховор. Үүндээ дурлаад л хийгээд байхаар хүн ямх ямхаар сайжирдаг юм билээ. Нэг мэдэхэд ойр орчныхон маань таашааж, сонирхож байгаа нь мэдрэгдсэн. Ерөнхийдөө 20 орчим жил цаасан барыг “оролдож” байна даа.
-Таны бодлоор ер нь “Цаасан бар” өнөөдөр манайд ямар түвшинд хөгжиж байна?
-Яг нарийн авч үзвэл, цаасан барын хөгжлийн түвшин, хэмжүүр, урлагийн салбар мөн эсэх нь тодорхойгүй зүйл. Өөрөөр хэлбэл, манайд цаасан барын урлал албан ёсоор огт судлагдаагүй. Их дээд сургуулиудад зураасан зураг, хөрөг зураг, монгол зураг гэдэгтэй адил энэ төрлөөр ямар нэг заах арга, төрөлжсөн анги алга.
Дүрслэх урлагийн томоохон сургуулиудын багш, судлаачдаас асууж сураглахад манайд урьд өмнө нь албан ёсоор судалбар болж байгаагүй гэдэг. Цаасан бар тодорхой түвшинд хөгжиж, тасалдахгүй өнөө хүрсэн боловч “дайвар бараа” шиг л явсаар ирлээ гэж судлаачид хэлж байсан. Надад бол энэ зүйлээс хүмүүс сэтгэлийн таашаал, бахдал авч байгаа нь сайхан. Ийм тийм урлаг гэж ярих надад зохисгүй. Аль болох өндөр түвшинд хийх нь илүү чухал санагддаг.
Ингээд баримжаа авах юмгүй учраас үзэсгэлэн, ном бүтээл гаргахад ихээхэн бэрхшээлтэй юм билээ. Миний хувьд хэд хэдэн оролдлогуудыг хийж байгаа нь энэ.
-Таны уран бүтээлийн ажилд албан ёсоор тогтсон нэр бий юу?
-Хоёр нэршил дээр уран бүтээлч, урлаг судлал, шүүмжийн хүмүүс санал болгосон байдаг. “Цаасан барын урлал” гэж нэрлэх нь зөв юм гэсэн нэг хэсэг байхад “Цаасан барын урлаг” гэж үзэх хүмүүс байна. “Урлал”, “урлаг” гэдэг энэ хоёр үг чинь л тухайн зүйлийг ямар хэм хэмжээнд байхыг онолын хувьд тогтооход хүрээд байгаа юм.
Гэхдээ “урлал” буюу гар урлалын зүйл байх уу, дүрслэх урлагийн бүтээлийн төвшинд байх уу гэдгийг судлал шүүмжийн хүмүүс тогтох бизээ. Үүнийг хийдэг хүн, бүтээл хоёрыг хэрхэн нэрлэж байгаа нь эргэлзээтэй. Миний хийж байгаа “юм”-нууд дотор урлалын ч, урлагийн ч төвшнийх нь бий. Хүмүүсийн үгийг сонсоход алдартай уран хайчилбарчдын нэг С.Төр-Бурамтай гэж хүн “Цаасан барын урлал” гэх нь зөв юм гэж өөрөө ч хэлсэн, ингэж хэвшүүлэх гэж ч хичээсэн байдаг.
Мөн ерөнхий байдлаар нь “Цаасан бар”, “цаасан хайчилбар”, “уран хайчилбар”, “Хайчилбар” гээд олон янзын нэр байна. Хэвшсэн нэр алга.
-"Цаасан бар" бол гэрэл сүүдрийн "тоглолт" юм-
-Өөрийнхөө бүтээл дээрээ тулгуурлаж ярьвал... Энэ “урлаг”-ийн онцлог юу вэ?
-Энэ бол хар, цагаан гэсэн туйлийн хоёр өнгө болоод гэрэл сүүдрийн “тоглолт” юм. Хар зураг дээр үндэслэж болно. Нэг ёсны гэрэл сүүдрийг сүлэх, “илбэ” ч байхыг үгүйсгэхгүй. Давхиж байгаа морины биенийх нь гуравны нэгийг огт хайчлахгүй “агаартай” орхиход бүх хүн бүтэн морь л нүдэндээ төсөөлж хардаг. Хүний нүүрний нэг талыг нь хар, нөгөө талыг нь цагаан хийхэд алаг нүүртэй гэж хэн ч хардаггүй. Хар, цагаан гэсэн хоёрхон өнгө байгаа боловч дотор нь хэдэн зуун арга, техник байна гэсэн үг.
Бусдаар ногоон өнгөөр цэцгийг, цэнхрээр усыг дүрслэдэг шиг боломж цаасан хайчилбарт байхгүй. Зөвхөн гэрэл сүүдэр тэдгээрийн тэнцвэр, уялдаа холбоо, хэм хэмжээ байх учиртай. Хайчилсан хэсэг чинь бүгд хоорондоо холбоотой, нэг ч хэсэг /детал/ салангид байж болохгүй. Бүх хэсгийг холбох боломжгүй тохиолдолд наамал хийх тохиолдол байна. Гэхдээ наах нь хувь уран бүтээлчийн ур дутмаг байгаагийн л илрэл болов уу. Хялгасыг хуваасан мэт нарийн зураасаар ч хайчилбарын хэсгүүд хоорондоо холбогдох тохиолдол бий.
-Тэгвэл энэ ажилд маш их тэвчээр болоод цаас бардаг гэсэн үг үү?
-Олон “ноорог” гарах ч юм бий. Бүр анхны хийсэн эх санаанд нийцэх ч байна. Претикний ир ямар өргөнтэй байдаг юм. Түүний ир шиг зураас алдахад /тасдахад/ л бүх ажил дуусаад, дахиад эхэлнэ. Хийж байгаа юм ямар ч хэрэггүй болно гэсэн үг.
-Нэг бүтээлийг хэр хугацаанд хийдэг вэ?
-Хугацаа харьцангуй. Хэдхэн хормын дотор хүн санахгүй ур шаардсан юм ч хийнэ. Бүр хэд хэд оролдоод ч санаанд хүрэхгүй тохиолдол байна. Надад хөргийг нь хийх гээд чадахгүй, хоёр жил шахам санааныхаа мухарт бодож яваа нэг хүн бий. Одоо болтол санаандаа хүртэл хийж чадахгүй явна. Нөгөөтэйгүүр нүд, хамар, амных нь харьцаагаар хүний ерөнхий төрхийг гаргаад ирнэ. Энэ гурвыг нь гаргачихсан байхад тухайн хүний зүс царай танигдана. Нүдний шилтэй, мэнгэтэй хүн гэх мэт онцлог их бий.
-Тухайлбал хэн бэ. Урлаг соёлын хүн үү?
-Нэрийг нь хэлээд яахав дээ. Тэр хүн өөрийгөө хэцүү царай зүстэй гэж бодно шүү дээ. /инээв/ Надад л хэцүү бөгөөд би чадахгүй байгаа болохоос... Тэр хүний буруу биш. Хүнийг фото зураг мэт л гэрэл сүүдрээр буулгах ёстой. Тиймээс дутуу дулимаг хийгээд хэрэггүй. Бас нэмж чимэх гээд хүнийг төрхийг өөрчлөхөөс аль болох зайлсхийнэ.
-Та хүүхдийн хөрөг бүтээж байв уу?
-Би ер нь хайчилбар хийхдээ хоёр зүйлээс татгалздаг зарчимтай. Нэг нь, хүүхэд багачууд. Яагаад ч юм их утгагүй санагддаг. Гурван настай хүүхэд хэзээ ч өөрийнхөө хөргийг бүтээлгэе гэж хэлэхгүй. Түүнийг аав ээж, ах эгч нь сэдэж байгаа. Тийм учраас энэ алаг үрсээрээ бид нийлж байгаад “тоглох” гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Нөгөөтэйгүүр хүүхэд чинь нас ахих тусам өөрчлөгддөг болохоор “хөрөг” байх боломжгүй. Хүүхдийн бага насыг бид нандигнах хэрэгтэй.
Нөгөө нэг нь нас барсан хүний хөргийг “хайчлах”-ыг огтоос цээрлэдэг. Нэгэнт л энэ орчлонд байхгүйгээс тэр хүн мэдрэхгүй. Түүнийг хийлгэсэн хань, үр хүүхдэд нь таалагдаж болох ч, гуниг нь сэдэрнэ үү гэхээс “ямар гоё юм бэ” гэж баярлахгүй. Энэ ертөнцөд байхгүй хүн биднийг дээрээс “эд нар надаар мөн чиг тоглож байна аа” гэж хардаг бол мөн аймшигтай яа. Тиймээс энэ хоёр дээр маш хянамгай байдаг.
-Хүнийг фото мэт буулгана гэхээр энэ урлаг “цаасан бар” талдаа юм биш үү?
-Тийм ч байж болно. “Энэ бол хүмүүсийн маргаад байгаа уран хайчилбар, цаасан урлал зэргийн аль нь ч биш. Энэ бол цаас ашигласан “бар” юм” гэж орчуулагч Ж.Нэргүй ах үзээд байгаа. Гэрэл зургийг яг л байгаагаар нь буулгахад л чиний энэ “юм”-ны амин сүнс оршино гэсэн. Би ч бас үүнийг зөвшөөрөх талдаа.
-Таны бүтээлд ямар төрөл, хэлбэр зонхилж байна?
-Хөрөг тал руугаа л зонхилж байгаа. Орчин үеийн урлаг болоод мэргэжлийн тал руугаа хандуулахыг мэр сэр оролдож байна. Гэхдээ мэргэжлийн уран бүтээлчидтэй өрсөлдөх хэмжээнийх гэвэл бас өрөөсгөл болно доо. Өөрийнхөө хэмжээнд л хийж байна. Мөн өөрийн мэддэг, ахуй соёлоо дүрсэлсэн хайчилбарууд ч бий.
-Та ер нь ямар ахуйд өссөн бэ... Унаган хөдөөний хүүхэд үү?
-Хар багаасаа л мал дагаж, монгол ахуй амьдралтайгаа ойр явсан хүн. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат. Нэгдэл, нийгмийн үед манайх улсын 1000 хонь хариулдаг байлаа. Тэрний захад л хүн болсон доо. Мөн аав маань морь уяах эрдэмтэй хүн. Би ч морь сайн унадаг хүүхэд байсан.
-“Хөрөг” гэдэг чинь нэг талаар бүтээлийн бие даасан хэлбэр биш гэж үү. Хөрөг хүний үрчлээ, сахал, инээмсэглэл, сэтгэл санааны байдал гээд нарийн ур дүй шаарддаг шүү дээ?
-Би анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайн хөргийг хийсэн юм. Тэгсэн үзчихээд “Намайг чинь “бажгар арав” гэдэг юм ш дээ. Чи яаж ийм гоё “геша” мэт толигор хийв” гээд инээсэн. Нөгөөтэйгүүр тухайн хүний нүүрний арьс, үрчлээг үзүүлэх боломж бий. Харин хувь хүн өөрөө зөвшөөрсөн ч бусад хүмүүс түүнийг зөвшөөрдөггүй. “Хүн доромжиллоо. Хүний үрчлээ, үзэж туулсан зовлон зүдгүүрийг илэрхийллээ” гэж шүүмжлэх талтай. Харин мэргэжлийнхэн тэр “хөрөг” гэдэг жанрыг тултал харуулсныг л таашаана... Ийм ийм ойлголтын зөрүү байна.
Угтаа бүтээл тал руу нь харах юм бол тэр хүний зовлон зүдгүүр, баяр баясал, сэтгэлзүй, туулсан амьдрал, зан араншин, сахал самбаа тэдгээрийг донжийг олж хийсэн байх ёстой.
-Хөргийг эхлээд зураад, дараа нь хайчлах уу...?
-Зураад ч хайчилна. Шууд ч хайчилна. Эхэндээ зурдаг байсаан. Хайчлах гэдэг гол техник нь гэж хэлж болно. Сүүлийн үед шууд хайчилдаг болоод байгаа. Овоо хэдэн жил хайлчилбар хийж, хэдэн зуугаар тоологдох хөрөг хайчилсны хувьд гарт жаахан ур дүй суусан байх л даа.
-“Цаасан бар”-аар уран бүтээлийн тайлан тавьж, ном гаргасан хүн таниас өөр бий юу?
-Бараг үгүй байх. Миний эрэл хайгуулаар надаас урьтаж үүгээр “оролдсон”, үзэж харах юм л лав байхгүй. Би дутуу эрсэн байж мэдэх. Хүмүүсийн хүлээж авч байгаагаас ч үзэхэд би бусдаас арай түрүүлээд энэ юмыг бариад авчихсан юм болов уу. Яагаад гэвэл “шинэ юм” гэсэн хандлага ажиглагдаад байна. Үүгээрээ “цаасан бар”-ын хөгжилд нэлээд намхандуу шат нэгээр ахиулсан ч юмуу даа.
-Цаасан бар судлаачаа хүлээж байна-
-Ц.Галбадрах гэж хүн “хайчилбар”-ыг шинэ шатанд гаргаж ирлээ гэж хүн бүр л ярьж байна. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Бодвол “цаасан бар”-ыг цаас үүссэн үеэс л ихэс дээдэс, эмс хатдадаа цаас буюу нэг ёсны тухайн үеийн “тансаг хэрэглээ”-гээр бэлэг барьж ирсэн биз ээ. Тэр үеэс энэ хүртэл “цаасан бар”-ын лут бүтээлүүд төрсөн л байж таараа. Өөрөөр хэлбэл, энэ цаг үе хүрэхэд цаасан бар нь байсан ч судалгаа нь хоцрогдчихож. Харин өнөөдөр энэ зүйл судлаачаа хүлээж байна. Судлаач нь гарч ирсний дараа Ц.Галбадрах цаасан барын уран бүтээлч мөн, биш нь нэгэнт тодорхой болно.
-Танд багш бий юу. Таньд бас шавь оръё гэсэн хүн их биз?
-Би өөрөө махарсаар байгаад энэ хүрсэн. Хүмүүс хүүхдүүдээ сургая, дагуулья гэдэг. Гэвч би ямар аргаар заахаа мэдэхгүй байна. Буруу арга барил олгочихвол тэрнээсээ эс юм болно. Өөрөө хийж чадаад байгаа ч хүнд заах эвээ мэдэхгүй байгаа. 50 хүрээд ганц нэг хүн сургая гэж боддог л юм. Тэр хүртэл өөрөө дээд түвшинд хиймээр байна.
-Таньд захиалга их ирэх болсон. Үүнийг “мөнгөний ажил”, “уран бүтээл” гэсэн хоёр ойлголтын аль талаар нь илүү авч явахыг боддог вэ?
-Би аль, аль талаас нь бодож, хийж үзсэн. Үнэхээр миний хийсэн зүйлийг урлагийн бүтээл гэж үзэх, эсвэл бизнес хөөсөн зүйл гэж үзсэн тодорхойлолт алга. Гэтэл яруу найрагт социолист реалист, модернист гээд урсгал чиглэл байна. Үүнээсээ хамаараад чиглэл, зэрэг зиндаа нь тогтоогдож байна. Харин “цаасан бар”-д тийм юм алга. Ийм нь ашгийнх, ийм нь урлагийнх гээд тогтоосон юм гарч ирвэл цагаа тулахад хүн аль нэгийг нь, сонгож бүтээл туурвилаа хийх байх.
Нэг эгч надтай ирж уулзаад саналаа хэлсэн. “Чингис хааны хөргийг хайчлаад өгөөч ээ. Олон мянгаар хувилж, жаазлаад заръя. Тэр зарагдсан барааны ширхэг бүрээс чи “хувь” ав” гэж. Тэгээд намайг их сэнхрүүлсэн л дээ. Гэвч би энэ урлагийн зүйлийг лангууны бараа болгохыг хүсээгүй учраас зөвшөөрөөгүй. Татгалзаад өнгөрсөн. Би ийм аргаар хоолоо олж идэх хүн мөн үү, үгүй юу. Хоолоо олж идлээ ч “Чингис хаан”-аараа тэгж тоголмооргүй байна ш дээ. Чингис хаан гэлтгүй бусад хаад ноёдын ч дүрийг “хайчлахгүй”. Түүхэн хүн бол түүхэн л хүн. Миний зугаа биш. Мань мэт болоод барагтай аавын хүү Чингис хааны дүрийг хөндөх эрхгүй болов уу.
-Танд мөнгөтэй, мөнгөгүй захиалга их ирдэг гэсэн. Тэр хүмүүст хэрхэн ханддаг вэ?
-Сүүлийн үед бараг таньж мэддэг хүн болгон л намайг нэг “яагаад” /хайчлаад/ өгөөч гэх болсон. Зарим нь чи намайг “яасангүй” гэж агсан тавина. Аль боломжоороо гуйсанд нь зүгээр хийгээд өгдөг. Мөнгөтэйд нь мөнгөөр хийгээд өгнө. Энэ дундаас хамгийн сонин нь мөнгө өгсөн хүний хөргийг илүү сайн. Нөгөөхийг нь жаахан муу хийнэ гэсэн практик ерөөсөө байдаггүй. Яг тулаад хийж байх үед зөвхөн “миний бүтээл” гэсэн сэтгэл давамгайлдаг учраас аль санасан хэмжээндээ хийсэн байдаг.
Гэтэл хийсэн бүтээлийг маань хүмүүс нэгнээ баярлуулах, нутаг нугын алдартандаа хүндэтгэл үзүүлэх гэсэн “бэлэг дурсгалын” зориулалтаар хэрэглээд байна. Бэлэг дурсгалын зүйл хүртэл хоцрогдож, хүмүүс шинэлэг юм эрэлхийлж эхэллээ. Тэр эрэлхийлэлд нь “цаасан бар” тохироод байх шиг. Би хувьдаа ингэж харж байгаа.
-Таны багаж хэрэгсэл юу байдаг вэ. Зөвхөн цаас, хайчаар хязгаарлагдахгүй биз?
-Юу эс байхав. цаасыг маш цэвэрхэн огтлох, сийлэх боломжтой үзүүр хазаартай юу л байна түүнийг туршиж хэрэглэж үзсэн дээ. Дээхэн үеийн Оросын претикийг бахиар хугалж үзүүр гаргаад ашиглахад их зүгээр. Тэр чинь зүсэх чадвартай, бас зүү шиг хатгаад хэлбэр гаргачихдаг. Цаасны хутганаас ч сайн.
-Та шүлэг бичдэг, олон дууны шүлгийн эзэн. Хайлчилбараа хийж суухад шүлгийн мөртүүд орж ирэх үү?
-Бүх анхаарал тэр хийж байгаа юман дээр дуусан дуустал төвлөрнө. Хоол унд, цаг хугацааг мартана, ёстой л донтоно шүү дээ. Хялгасан нарийн зураасыг яаж огтолж гаргах вэ гэж. Сонирхуулахад, нэг мэс заслын эмч намайг сорих гэсэн үү, яасан. Хоёр хундага архи “татуулчихаад”... Зүү бариулаад, огт чичирхийлэлгүй барь гэсэн.
Тэгээд хэлсэн ёсоор нь хийсэн чинь “Хайран хүүхэд. Үгүй ээ, мөн сайн мэс засалч болох байжээ” гэсэн. Хар ухаанаар бодоход гар ямар нэг чичиргээгүй байна гэдэг, зүрхэнд чичиргээ маш бүдэг гэсэн үг юм байна л даа. Тийм шалгуураар сайн мэс засалч эмч болдог юмуу даа. Хүний эд, эсийн нарийн бичил зүйл дээр мэс ажилбар хийхэд хүний гар салганахгүй байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, хүний “хөдөлгүүр” болсон зүрх чичиргээгүй байвал их сайн.
-Та шүлгээ аль завандаа бичиж байна?
-Лаглайтал суугаад л, цаг зав гаргаж шүлэг бичиж үзсэнгүй. Хөгшчүүл “зүүдээ мана” гэж ярьдаг байсан даа. Би зүүд болоод унтаа сэрүүний заагт ихэвчлэн шүлгийн санаа олж, бичдэг дээ.
-Ярианыхаа төгсгөлд, сэтгүүлч мэргэлийнхээ талаар яривал... Одоо алба ажил хаана вэ?
-Оюутан байхаасаа л тухайн үеийн “Засгийн газрын мэдээ” сонинд дагалдан сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн. Сүүлдээ тэндээ жинхлэгдсэн. Ихэвчлэн өдөр тутмын “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонинуудад ажилласнаа бодоход нэлээд хэдэн жил өнгөрсөн байна.
-Сүүлд Японы ЖАЙКА байгууллагын дэмжиж, хэрэгжүүлсэн “Эрхзүйн шинэтэгэл” гэдэг эвлэрүүлэн зуучлах төслийн хүрээнд найман жил хуулийн сэтгүүл гаргасан. Хууль эрхзүйн мэдлэг тааруу ч сэтгүүлч хүнийхээ өнцгөөс энэ салбарын сэтгүүлзүйг нэлээд гадарлахын хувьд одоо “Хуульч Ньюс” сэтгүүлийг эрхэлж байна даа.
-Баярлалаа. Таньд уран бүтээлийн амжилт хүсье.
Монгол ахуйг дүрсэлсэн "Цаасан бар"-ын бүтээлээс... http://mnb.mn/i/76436
Ц.Галбадрах: “Цаасан бар” бол гэрэл, сүүдрийн “илбэ” юм | ||
Үзсэн: 4571 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.