Шууд Chart

Монголын хоолойн эрдэнэс

2016-02-05 11:52:13

-Аян замын тэмдэглэл- 

Энд тэнд алт, зэс, нүүрсний орд илэрлээ гэвэл хүний чих сортосхийх болсон цаг. Тиймээ..., Монголын хоолой гэдэг нутагт одоогоор маш их “эрдэс баялаг” илрээд байна. Тийшээ явцгаая. Тэндхийн байдалтай танилцъя.

Гэхдээ илэрсэн баялаг нь бидний сонирхдогоос арай өөр юм шүү. Тэр бол үеийн үед, магадгүй үлэг гүрвэлийн ч үед тааваараа алхаж явсан их говийн тэмээн сүрэг юм. Өөрөөр хэлбэл өнөөгийн иргэншлийн салхинд хойш тавигдаад байгаа бидний таван хошуу мал тэр тусмаа тэнэгэр говийн улаан тэмээд. Нүүрсний уурхай шиг ухаад дуусахгүй. Цаг ямагт нөхөн төлжиж, өсөж үрждэг баялаг бол мал сүрэг юм. Эх орны хүйс нутгаас энэ говийг зорилоо. 

/Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын малчин, "Алтан ботгоны эзэн" Ш.Болор-Эрдэнэ/

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Их, бага Монгол уул, Арц богдын бэл хөндийн заг түнгэ, харгана бударганатай тал хээр нутгийг Монголын хоолой гэнэ. Хуртай зун энэ хоолойд ус цэлэлзэж ган гачиг холуур тойрдог, өвөлдөө энд цас нь шуурч ороод заг түнгэний ёроолоор цас хунгарлаж, өвс ургамал нь ил гарч ирээд зуд зурхан болдоггүй гэнэм. Ийм л нэг дөрвөн цагт хал балгүй нутаг аж.

Энэ жил цаг хэцүү гэцгээх ч тэндэхийн тэмээтэй голцуу малчид нуруу тэнэгэр байна. Заг харганы орой далд ортол цас ордоггүй л юм бол энд тэмээ гэдэг амьтан газардахгүй. Эндэхийн эрдэнэс нь үеийн үед тэмээ л баймаар... Нутгийнхны санаа сэтгэл “Уул уурхай нь маниасаа л холуур болтугай” гэж сүсэглэдэг бололтой. Учир нь бас тэдний санааг зовоох шуум чихэнд нь хүрчээ. Нутгийнхан алба, ажлын хүний амнаас жаахан дөлөх шинжтэй. Ёстой л нэг энэ жилийн "Болор цом"-ын шүлэгт хэлсэнчлэн "Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг Андтай болов, Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг Нөхөдтэй болов гэдэг шиг таньж мэдэхгүй хүний ярианаас цэрвэх шинжтэй. 

Монгол орны минь альчиг говь зах хязгааргүй мэт санагдана... Жавар тачигнасан дүн өвлийн уургийн улаан нар тоймгүй мандаж, тоймгүй жаргана... Нэг л мэдэхэд өдөр, бас үдэш. Одоохондоо өдөр нь илүү богино юм даа. Монголын хоолойн салхи, хүн малын аж байдлаас цухас өгүүлбэл нэг ийм ээ.

Энэ нутгийн зорьсон шалтгаан нь "Араажив"-аас 38 жил тасралтгүй гардуулж байгаа “Алтан ботгоны эзэн” шагналыг Шийрэвгямцайн Болор-Эрдэнэ гэх залуу хар хүүд гардуулах байлаа. Болор-Эрдэнэ энэ жил бойжуулсан ботгоороо улсад дээгүүрт жагсаж байна. Өөрөө 1988 оны залуу аж. Эхнэр нь Гансүх гээд Хөдөө аж ахуйн их сургуулийг 2011 онд дүүргэсэн залуу бүсгүй. Дээд боловсролтой эдний гэр бүл хотод хэдэн жил ажиллаж амьдраад эцэст нь мал сүргээ сонгож, нутагтаа очжээ. Сайхан үлгэр дуурайл юм даа. Аав нь Шийрэвгямцай гээд аймгийн аварга тэмээчин, хижээл насны хүн биднийг очиход тэмээнийхээ бэлчээрээс дөнгөж уяан дээрээ бууж байлаа.

/Аймгийн аварга малчин С.Шийрэвгямцай, "Алтан ботгоны эзэн" Ш.Болор-Эрдэнийн хот айл/

Малчид "дотогшоо" хүмүүс. Гайхширсан бололтой нэг хэсэг нам гүм агаад хэдэн хүн дүнгэнэтэл мэнд мэдэхээс өөр чимээ аниргүй. Тун удахгүй бид хэрэг зоригоо хэллээ. Ингээд “Алтан ботгоо” өгч баяр хөөр болцгоосон. Өнгөрсөн жил энэ Хоолойгоос Д.Пансан гэж тэмээчнийх “Алтан ботгоны эзэн” болсон. Жил дараалан энэхүү сайн малчны энтэй шагналыг эндхийн малчид авч байна. Хамгийн гол хүчин зүйл нь Монголын хоолойн тэмээний төлөрхөг чанар юм. Төлөрхөг, зуданд тэсвэртэй, сүү ноосны гарц өндөр гээд хэд хэдэн чухал үзүүлэлт түлхүү илэрснийг сум орон нутгаас хийсэн гурван жилийн үржлийн судалгаагаар тогтоожээ.

Үүний дараа Монголын хоолойн тэмээг “омог” буюу албан ёсны үүлдэр болгох саналыг Аймгийнхаа Хүнс хөдөө аж ахуйн газарт илгээсэн байна. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь салбар яамандаа уламжилж, одоо ажил нь яригдаж байгаа юм байна. Энэ мэдээллийг Өвөрхангай аймгийн ХХААГ-ын дарга Ц.Сэдэнбалжир болоод Гучин-Ус сумын засаг дарга Р.Намгилрагчаа нарын албаны нөхдөөс авлаа.

/Ш.Болор-Эрдэнийн гэргий Т.Гансүх/

Өнөөх залуу малчдынхаа тухайд өгүүлэхэд, Болор-Эрдэнэ гэж тэмээ шигээ өндөр, цагаан шар залуу байна. Тэмээнийхээ тоо биш чанарт анхаарч, шилмэл омгийн тэмээг “хобби”-гоо болгож байгаа гэнэ. Эхнэр нь эзэмшсэн мэргэжлээ ингэнийхээ сүү сүүн бүтээгдэхүүний гарц дээр хэрэглэж, хорин хэдтэй бүсгүй ингээ өөрөө сааж, ашиг тусыг нь сүрхий мэдэрч эхэлжээ. Энэ хоёр Билгүүнтөгс, Жавхлантөгс, хэмээх балчир хөвгүүдтэй. Мөн тун удахгүй бүл нэмнэ гэж Гансүх бүсгүй ингээ саах зуур бидэнд хуучилж байлаа. Одоо хорь гаруй ингэ сааж байна. Тэмээ гэдэг амьтан жилийн дөрвөн улирлын турш сааль сүүгээ өгч, өгсөн сүү нь хүнд эм болдог увидастай гэж тэрбээр буянт сүргээ магтав. Ингэ хоёр жилд нэг удаа ботголдог. Нэг гэм нь өсөлт удаавтар мал.

Болор-Эрдэнэ цаашид тэмээгээ бор шарга зүсмийн болгож өсгөх гэнэ. Ийм зүстэй тэмээ ноослог байдаг. Ноос ихтэй мал дулаан өвөлжинө, хүйтнийг тэсвэрлэнэ гээд наад захын хэмжүүр. Зөвхөн олон тэмээтэй болох биш, тэмээ эдлэх соёлыг хадгалах, уламжлах нь түүний нэг зорилго. Хорьдугаар зуунд Монголын хоолойд улсын аварга тэмээчин гурав төрж, тэд хаяа залгаа бууж, тэмээгээ бэлчээж байжээ. Энэ сайхан нутагт Болор-Эрдэнэ зэргийн хойч үе, залуу малчид хотоос хөдөөг зорьж, төрсөн бууриндаа эргэж очиж байгаа нь гавъяа юм даа.

Өвөрхангай аймаг хангай, говь хосолсон нутаг. Хангайн говьчууд гэвэл Монголын хоолойн тэмээчид эн тэргүүнд тооцогдоно. Эх орны хүйс нутгаас энэ говийг зорьсон учир ийм билээ.     

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монголын хоолойн эрдэнэс  
Үзсэн: 6501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.115.xxx] 2018-01-12 22:45
Minii nutag Minii aav Minii eej Minii duu... Minii buhen end baina. Minii hairtai buhen mini. Minii darhan ber duu mini.
Зочин [107.167.111.xxx] 2018-01-12 22:15
Сайхан нутгийн тухай сайхан нийтлэл байна
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-02-05 22:58
Батхолбоо их сайхан зурагтай сонирхолтой нийтлэл байна.Амжилт
101.235.55.xxx [101.235.55.xxx] 2016-02-05 20:36
minii nutag nulams garahn
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-02-05 16:31
saihan niitlel bna
211.245.18.xxx [211.245.18.xxx] 2016-02-05 14:21
goe

Бидэнтэй нэгдээрэй