Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Цэдэндамбын Нацагдоржийг "Редакцийн зочин" буландаа урьж, ярилцлаа.
-Та сайхан хаваржиж байна уу?
-Сайхаан. Хүү сайхан хаваржиж байна уу. Маргааш (өнгөрсөн бямба гарагт) би БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот руу явж, биеэ эмчлүүлэх гэж байгаа. Харин чи амжаад ирлээ шүү.
-Таныг явах гэж байгаа сургаар яараад ирлээ. Гэхдээ таны бие хөнгөн харагдаж байна аа?
-Өмнөхөө бодвол овоо гайгүй болж байна. Шавь нар маань болон бөхийн спортод хайртай ард түмэн минь хандив тусламж үзүүлж, айхтар өвчнөөс холдууллаа. Энэ бол бөхийн спорттой ойр байсны минь гавьяа. Хаа хол амьдардаг Өвөрмонголын шавь нар маань ч их тусалсанд баярласан. Тэд одоо ч холбоотой байгаа.
-Та Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншаравын хамт СТО-нд бөх болох ирээдүйтэй хүүхдүүдийг бэлтгэлжүүлдэг хэвээрээ юу?
-Уг нь хэвээрээ л дээ. Нас ахихаар ачаалал даахаа байж. Тиймээс Ч.Дамдиншаравтайгаа утсаар холбогдож “Хүүхдүүд яаж байна. Чи давгүй байна уу” гэж л зөвлөлдөх юм байна шүү дээ. Нас ахина гэдэг ийм л юм байдаг юм байна. Анх “Алдар” спорт хорооны тамирчнаар орж байхад барилдахын төлөө л амьдарч байлаа шүү дээ.
-“Алдар”-т та хэдэн жил харьялагдсан бэ. Дараа нь “Хүч” спорт хороонд орсон юм билээ?
-Таван жил гаруй хугацааг “Алдар”-т өнгөрүүлсэн. 1976 оны Монералийн олимп болсны дараах намар “Хүч”-д орсон. Тухайн үед би үндэсний шигшээ багийн тамирчин байлаа. “Хүч”-ийн даргаар Г.Магванноров, орлогчоор Ч.Олзбаяр ажиллаж байв. Хавар нь намайг шигшээ багийнхантайгаа олимпийн бэлтгэл хийж байх үед Ч.Олзбаяр дарга надтай уулзаж, “Чамайг “Хүч” нийгэмлэгтээ дасгалжуулагчаар авах хүсэлтэй байна” гээд ирдэг юм байна. Тухайн үед Нийгмийг аюулаас хамгаалах яамны удирдлагууд тухайн тамирчны зан ааш, бусадтай нөхөрлөх байдал, ар гэр, ажил, амжилт зэргийг судалж, ирээдүйтэй эсэхийг нь “шинждэг” байсан юм. Тэрэнд нь би тэнцсэн байж л дээ.
-Та тэгээд ямар хариулт өгч байв?
-“Тун удахгүй олимп болох гэж байна. Үүнийг өнгөрөөчихөөд яваад очъё” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ч.Олзбаяр дарга “За ойлголоо. Яг тохирлоо шүү. Дараа нь ирэхээ болилоо гэхгүй биз” гээд ам мөчиг авч байгаад явсан. Ингээд би олимпид 68 кг-ын жинд өрсөлдөж, Болгарын бөхөд ялагдсанаар зургаадугаар байрт орсон. Өмнөх жилийн ДАШТ-ээс би мөнгөн медаль хүртээд байсан болохоор тэр олимпоос алтан медаль хүртэх зорилготой очсон. Гэтэл урагшлах биш улам хойшилчихсон болохоор “Хүч” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажиллахаас өөр аргагүй боллоо гэж бодоод тамирчны замналаа орхиж, амласан ёсоор есдүгээр сарын дундуур “Хүч”-д очсон. Хэрэв медаль хүртсэн бол “Дараагийн олимпид оролцоно” гээд л зүтгэх байсан л даа.
-Тэгээд “Алдар”-аас явахад байгууллагынхан тань хэрхэн хүлээн авч байв?
-“Хүч” рүү очих гэж буйгаа шууд хэлээгүй л дээ. Тэгээд ч би тухайн үед “Алдар”-ын нэг номерын тамирчин байсан болохоор дарга нар маань намайг явуулахдаа дургүй байсан. Тэгэхээр нь “Би амжилтаа ахиулах ёстой. Гэтэл сая олимпид зургаадугаар байр эзэлсэн болохоор миний тамирчин байх цаг үүгээр төгсч байгаа юм байна гэж бодлоо. Тэгээд ч З.Ойдов надаас дөрөв дүү хүн 62 кг-д хүч үзэж байхад би зайгаа тавьж өгье. Тэр жингээ нэмээд миний барилддаг 68 кг-д хүч үзэг. Би сургуульд орж, боловсрол эзэмших хэрэгтэй байна” гэж хэлсэн. Хэн нэгэн боловсролтой болъё гэж байхад хэн ч “Хэрэггүй” гэж хэлдэггүй юм билээ. Тиймээс тэд яах аргагүй хүлээж авсан. Тэгээд би УБИС-ийн дасгалжуулагчийн ангийг дүүргэснийхээ дараа “Хүч” нийгэмлэгт үндэсний болон чөлөөт бөхийн спортын төрлийг хариуцаж, дасгалжуулагчаар ажиллах болсон. Намайг “Алдар”-аас явсны дараа Ч.Дамдиншарав дасгалжуулагчаар очсон байсан. Тухайн үед “Хүч” нийгэмлэг Нийгмийг аюулаас хамгаалах яаманд харьяалагддаг байлаа. Манайхтай цагдаа, цэрэг, гал команд, шүүхийн шийдвэр биелүүлэх, засан хүмүүжүүлэх газар гээд олон байгууллага нэгддэг байв.
-Таныг анх ороход хэдэн дасгалжуулагчтай байсан бэ?
-Орон тооны болон орон тооны бус 20 орчим. Идэвхтэн дасгалжуулагчаас дурдвал сагсны Э.Гүррагчаа, штангны Г.Хөхөө, цанын Г.Нарантунгалаг нар байна. Тэд чин хүслээрээ олон тамирчин бэлтгэсэн. Биднийг Г.Магванноров дарга маш сайн удирдаж, ажилласан. Дарга надад зөвхөн бөх болох залуусын бэлтгэлийг хийлгэхээс гадна Дорнод аймгийн Эрээнцавын хилээс Дорноговийн Сулинхээр хүртэл явуулж, тамирчин болох цэрэг олж ирэх үүрэг өгсөн. Харин Сулинхээрээс Говь-Алтай, Увс, Сэлэнгэ хүртэлх хил рүү өөр дасгалжуулагч залгуулаад явдаг байлаа. Бид сонгосон цэргүүдийнхээ нэрийг албан бичигт буулгаад дарга нарт нь хүлээлгэн өгөхдөө “Тэдэн сарын тэдэнд тэдэн цагт тэнд бэлэн байлгаарай” гээд даалгавар буулгадаг байсан. Мөн би бөхчүүдийнхээ бэлтгэлийг УИД-ийн арын байрны подвальд хийлгэдэг байсан. Ийм маягаар би энэ байгууллагатай 16 жил нөхөрлөсөн. Тамирчдад бэлтгэл хийлгэх арга барилыг улсын шигшээ багийн дасгалжуулагч С.Магсар, О.Цэрэндагва, Д.Хашбат нараас суралцаж, хүнтэй яаж ажиллах ёстойг “Хүч” нийгэмлэгийн дарга Г.Магванноров даргаас суралцсан.
-“Хүч”-ээс чөлөөлөгдсөнийхөө дараа та өмнөд хөршид хэсэг хугацаанд ажилласан чинь хэзээ билээ?
-1991 он юм. Ардын багш А.Басхүү тухайн үед Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Тэр нэг өдөр над руу утас цохиж, “Таныг БНХАУ руу мэргэжилтэн багшаар явуулмаар байна. Тохирох өөр хүн ч алга” гэв. Тэр үед Монголд амьдрах боломж тун муу, лангуун дээр бор давснаас өөр юм бараг байдаггүй байсан болохоор би зөвшөөрсөн. Хэрвээ “Үгүй” гээд Монголынхоо тамирчдад бэлтгэл хийлгэхийг хүссэн ч олонх нь ганзгын наймаа хөөгөөд алга болчихсон үе. Тиймээс “Хүч” нийгэмлэгийн даргадаа энэ тухай хэлэхэд “Тэтгэвэр тогтоох асуудал чинь болон орныхоо хүнийг бэлдэж чадвал зөвшөөрье” гэдэг юм байна. Тэр үед 20 жил ажилласан хүний тэтгэврийг тогтоодог байсан юм. Тиймээс би “Алдар” нийгэмлэгт байсан тав орчим жилээ дээрх байгууллагад ажилласан 16 жилээ нэмэхээр 20 жил элбэг болсон. Ингээд би өөрийнхөө оронд шавь Н.Лхамсүрэнгээ дасгалжуулагчаар үлдээгээд явсан.
-БНХАУ-д хэдэн жил болсон бэ?
-Хоёрхон жил ажилласан. Намайг ирэхэд улсын шигшээ багийн тамирчид ганзагын наймаагаа орхиогүй, мэргэжил эзэмших нь эзэмшээд бүр тарчихсан байсан. Тэгсэн чинь А.Басхүү надтай уулзаж “Та анхнаасаа тамирчидтай ойр байсан хүн. Шигшээ багийг эвэнд нь оруулж, бэлтгэлийг нь эхлүүлээд өг” гээд дахиад гуйдаг юм байна. Тэгэхээр нь би “Чи ийм хүсэлт тавьж байгаа бол яая гэх вэ” гээд цөөн тамирчин удирдахаар ханцуй шамлаад орсон доо. Бидэнд олон улсын тэмцээнд оролцох урилга их ирсэн. Гэтэл манай улс тамирчдынхаа зардлыг зохицуулах мөнгөгүй байсан болохоор би арга ядахдаа таньдаг компанийн захирлуудынхаа үүдийг тогшиж шаардлагатай мөнгөө авдаг байлаа. Тэд эхэндээ гайгүй өгдөг байсан бол яваа яваандаа намайг бараг үг хэлж амжаагүй байхад царай хараад л “Нацагаа ахаа мөнгө байхгүй шүү” гэдэг болсон. Зарим нь сүүлдээ үүдээ онгойлгохгүй, утсаа авахгүй надаас бүр зугтаадаг болсон. Би тамирчидтайгаа ийм байдалтай хоёр жил хэртэй болж байтал Монгол Улсын арслан П.Дагвасүрэн надтай таарахдаа “З.Ойдов аварга ямар ч эрхэлсэн ажилгүй яваад байх юм. Түүнийг ажилтай болгох арга байна уу” гэхээр нь би “Тэгвэл миний ажлыг аваг л дээ” гэж хэлсэн.
-Тэгээд та хаана ажилласан юм бэ?
-П.Дагвасүрэнд тэгж хэлсний дараахан “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсан надтай утсаар холбогдож “Манай “Хангарьд” спортын ордонд олон тамирчин бий. Гагцхүү дасгалжуулах хүнгүй болчихлоо. Танд ирж ажиллах боломж байна уу. Хэрвээ таныг ирнэ гэвэл би орон сууц, цалингаар хангана” гэхээр нь мөнгөтэй газрын тамирчид хүссэн тэмцээндээ оролцох боломжтой болохоор шууд л зөвшөөрсөн. Тэгээд ч шигшээ багийн тамирчдаа олон улсын тэмцээнд оролцуулахын тулд хоёр жил хэртэй мөнгө хайж явсан болохоор залхасныг ч хэлэх үү, тэр санал сайхан санагдаж байлаа. Тэгээд хотын орон сууцандаа хүн нууцаар суулгаж үлдээгээд гэр бүлээ дагуулаад явж билээ. Тэр үед өөрийн орон сууцандаа өөр хүн суулгасныг улс мэдвэл хураагаад авчихдаг байсан болохоор тэр л дээ.
-Таныг “Хүч”-д байхад УИД-ийн арын байрны подвалын бэлтгэлийн заалнаас олон хүчтэн төрсөн. Үүнийг хүмүүс тантай холбож, сайшаадаг юм билээ?
-Бөхийн хувьд маш их ирээдүйтэй залуус ирж бэлтгэл хийдэг байсан. Тэгээд ч олон сайн дасгалжуулагчтай байсны гавьяа. Тиймээс зөвхөн надтай холбож тайлбарлашгүй. Тэр подвалаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, гавьяат тамирчин, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Мягмар, Ч.Бямбадорж, Р.Давааням агсан, Д.Хишигдорж, улсын начин Д.Дашжамц, Д.Сүхбат агсан гээд олон хүчтэн төрөн гарсан. Тэднийг цэргийн албанаас тэр бэлтгэлийн заал руу шилжиж орсон гэж бараг хэлж болно. Тэд цаанаасаа л бөх болохоор төрчихсөн, сайхан алдар цолыг хүртэх заяатай улс. Гэхдээ надаар бэлтгэлээ хийлгэдэг байсан болохоор намайг багш аа гэж их хүндэлдэг юм аа. Хүүхдүүд нь ч намайг энд тэнд явж байхад “Багш аа” гээд гүйж ирдэг. Би тэдгээр хүүхдэд “юм” заагаагүй ч аавын минь багш гэсэндээ ингэж хүндэлж байгаа юм. Дээрх хүчтэнүүд байгаагүй бол “Хүч” нийгэмлэг байх уу, үгүй юу бас л бодож үзэх асуудал. “Могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэдэг шиг “Хилчин” клуб “Хүч”-ээс салбарлаж, биеэ даасан ч “Хүч” буурь дээрээ данайгаад л үлдэж байгаа юм. НАХЯ гэж байхад би дарга нарын өрөөгөөр их орно. Тэд “Нацагаа ямар ажлаар явна. Мөнгө төгрөг хэрэгтэй бол хэлээрэй” гэдэг байлаа. Одоо ч манай хороо Монгол Улсын заан О.Одгэрэлээр удирдуулж, үйл ажиллагаагаа сайхан өрнүүлж байгаад баяртай байна. Саяхан манай хороо чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулахдаа намайг нээлтэндээ урьсан. Миний бие хэдийгээр сул байгаа ч очсон.
-Та дээр хилээр явж бөх болох цэрэг “Хүч” нийгэмлэгт татан оруулдаг байсан гэж хэлсэн. Чухам хэн, хэнийг авч ирж байсан бэ?
-Хойд хилээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Бямбадорж, Булган аймгаас Ж.Бямбаа, улсын начин Г.Бат-Амгалан нарыг авч ирсэн. Ер нь жижиг жингийн хүүхдүүд хаанаас л бол хаанаас олдоно. Харин хүнд жингийнхнийг олоход хэцүү байсан. Гэхдээ одоо цаг өөр болж, хүнд жинтэй бөх олширсон ч чөлөөт бөх рүү биш үндэсний бөх рүү орчихоод байна. Тэр үед би улсын заан Д.Хишигдоржийг цэргийн ангиас нь авах гээд гурван жил хөөцөлдөж байж, халагдах жил нь авсан. Хүнд жинтэй гайгүй бөхтэй болох гээд л тэр шүү дээ. Хилийн цэргийн дарга Г.Арвайгийн ажлын өрөөнд ороод Д.Хишигдоржийг авах хүсэлтээ хэлэхэд “Чи яах гээд хүүхэд нэхээд байгаа юм. Хүүхдийн сэтгэл санаа зүгээр байлга. Ер нь чи яах гээд байгаа хүн бэ” гээд загнаад халгаадаггүй. Тэр байдлыг Г.Магванноров даргад хэлэхээр “Чи ажлаа хийж явна гээд дахин дахин очоод бай” гэв. Тэгсэн хэрнээ өөрөө очихоос айгаад байгаа нь мэдэгддэг байсан. Харин би даргынхаа тушаалаар яваа хүн болохоор айсан ч очиж таарна шүү дээ. Тэгж тэгж гурван жилийн дараа өөрийнхөө хорооны тамирчин болгосон. Тухайн үед хүнд жинтэй бөхчүүдээс улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын заан “том” Ц.Санжаа нар байлаа. Гэхдээ тэдний жин 110 орчим байсан. Харин өнөөдөр улсын начин Б.Сугаржаргал 150 гаруй кг жинтэй гэсэн.
-Чөлөөт бөхийн спортод хүнд жингийнхэн яагаад дутмаг байна вэ?
-Жин нэмээд ирэхээрээ зодог шуудаг өмсөөд Монгол бөхийн өргөө рүү зүглэж байна шүү дээ. Тэгээд ч үндэсний бөхөөр барилддаг нөхдүүд чөлөөт бөхийнхнөөс бага бэлтгэл хийдэг. Бие нь арай амардаг гэсэн үг. Мөн улсын цол зүүдлээд, тэрийгээ хүртэхээр нутгийн зөвлөл, ивээн тэтгэдэг байгууллагуудаасаа чамлахааргүй шагнал хүртдэг болохоор дэлхийн спортын төрлөөр “махаа идэж” хөлсөө гаргах шаардлагагүй гэж боддогт байгаа юм. Хэрвээ тэдний ар гэрийн амьжиргааг улсаас найдвартай болгоод, улсын шигшээ багийн хамт олны шийдвэргүйгээр өөр спортоор хичээллэхгүй байх гэсэн гэрээ байгуулвал тэд үндэсний бөх рүү тэгж олноор цуваад байхгүй л дээ. Ийм маягаар ажилладаг улс АНЭУ-аас эхлээд олон бий. Манайхан л эдийн засаг муутай болохоор яаж ч чадахгүй яваа юм.
-Таны хувьд хүнд, хөнгөн жинтэй бөхийн алийг нь дасгалжуулахад амар байсан бэ?
-Тамирчин, багш хоёр тухайн спортдоо хандах хандлагаас л шалтгаална. Багш болох хүн тухайн тамирчныг сонгож, дасгалжуулна гэсэн л бол тэрхүү тамирчин зөвшөөрсөн байх ёстой. Мөн 99 хувь авьяастай байх хэрэгтэй. Жишээ нь, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов 99 хувь авьяастай хүн. Түүний унаган мэхүүдийг хэн ч заагаагүй. Өөрөө л барилдааныхаа явцад олж авсан. Тэр хэрээрээ ДАШТ-ээс хоёр удаа алтан медаль хүртсэн. Гурав ч түрүүлэх боломж хангалттай байсан. Би өөрийнхөө оронд 68 кг-ын жинд барилдуулаагүй бол дөрвөн ч удаа түрүүлэх магадлал байж гэж одоо би боддог юм. Учир нь 63 кг-д барилддаг байсан хүн 68-д барилдахаар өрсөлдөгчид нь илүү бяртай байж таарна. Тэгээд л түүний их амжилтыг би зогсоочихлоо доо гэж харамсдаг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар ч гэсэн ялгаагүй төрмөл авьяастай. Өөрсдөөсөө хамаагүй жижиг биетэй хоёр бор “юм” дагуулаад бэлтгэлээ хангуулдаг байсан хэрнээ тэмцээнүүдэд оролцохоороо медальт байраас бараг мултардаггүй байсныг өөрөөр юу гэж тайлбарлах вэ дээ. Тэдний дараа дараагийн үе болох гавьяат тамирчин Б.Болд, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар нар бас байна. Тэдэн шиг бөх манай улсад дахин төрөхөд бэрх.
-Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын тухай та юу хэлэх вэ?
-Эд нарыг би авьяасгүй гэж хэлэхгүй. Гэхдээ нэг багт нэг л хүн гарцаагүй авьяастай байдаг. Харин тэд энэ амжилтаа хэдэн удаа давтах вэ гэдэг нь чухал. Мөн манайхан эдгээр тамирчдынхаа залгамжийг бэлдэх талд жаахан тааруу байна уу даа. Заримдаа би энэ тухай чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нарт тэсэлгүй хэлэхээр “Тийм ээ, багш аа. Бидэнд бодсон юм бий” л гэдэг.
-Саяхан “Буянт-Ухаа” спортын ордонд болж өнгөрсөн “Ulaanbaatar-2016” олимпийн эрх олгох олон улсын тэмцээнийг та үзэв үү. Манай тамирчдын барилдаан ямар санагдсан бэ?
-ОУХМ Д.Хүдэрбулгын хувьд бэлтгэл жаахан муу байв уу даа гэж харсан. Түүнийг энэ тэмцээнд ингэж барилдахыг нь мэдсэн бол манайхан ОХУ-ын тамирчидтай нэг сар хамтарсан бэлтгэл хийлгэх хэрэгтэй байсан юм. Тэгвэл тэс өөр барилдах байлаа. Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа уг нь олимпийн эрх авах боломжтой байсан ч тактикийн алдаа гаргасан. Өөрөөс нь л болсон хэрэг. Нөгөө охин бол (Ц.Намуунцэцэг) яалт ч үгүй туршлагагүй байна билээ. Бэлтгэл сайн хийлгэх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Та сайн яваад ирээрэй.
Ц.Нацагдорж: Би З.Ойдовын их амжилтыг тасалдуулсандаа харамсдаг | ||
Үзсэн: 13243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.