Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нэгэн сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн нь зураач, гэрэл зураг сонирхогч Б.Намууных байв. Тэрбээр тус үзэсгэлэнгээ “Oir-Rio-2016” хэмээн нэрлэжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Зуны XXXI олимпийг тохиолдуулан үзэсгэлэн гаргаж байгаад баяр хүргэе. Бразилын тухай гэрэл зургийн бүтээлийн үзэсгэлэн гаргах санаа хэзээ төрсөн бэ?
-Надад долоон сарын хугацаанд Бразил улсад амьдрах завшаан тохиосон юм. Тэгэхдээ тэр гоё улс орны сайхныг биширсээр байгаад ирсэн л дээ. Аялж, үзэж харах, судлах юм дуусна гэж үгүй. Ер нь очмогцоо үзэж харсныхаа тухай төрсөн сэтгэгдлээ уран зургаар буулгах санаа төрсөн юм. Гэтэл гэрэл зургийнхан түрүүлчихлээ (инээв). Би гэрэл зураг сонирхогч. Сэдэвчилж зураг дарах дуртай. Миний сонирхол, хүсэл Бразилд очиход зүгээр суулгахгүй байлаа. Тэгээд л үзэсгэлэнт газруудаар нь аялсан. Тэр аяллуудын замын тэмдэглэл маягтайгаар гэрэл зургуудаасаа дээжилж үзэсгэлэн гаргалаа.
-Нээлтэд нь олон хүн ирсэн гэсэн. Ер нь олон хүн сонирхож байна уу?
-Үзэж байна аа. Спортын чиглэлийн байгууллагуудаас хамтарч ажиллая, энэ гоё орчинд үйл ажиллагаагаа сурталчилъя, спорт сонирхогчдыг урья гэж байгаа. Энэ мэтээр олимп дуустал завгүй л байх юм шиг байна. Үзэсгэлэн гаргах боломж олгосон Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн удирдлага, хамт олонд маш их баярлаж байна. Би үзэсгэлэнгийн зургуудаа уугуул иргэд, байгаль, ургамал, шувууд, хүмүүс, Рио хот гэсэн байдлаар ангилж дарааллуулж байршуулсан. Эхний хэсэгт нь Бразилын уугуул иргэдийн хэсэг туюука омгийнхон орсон. Тэр хүмүүсийн өдөр тутмын амьдралын дүр зургийг буулгасан юм. Байгальдаа, ширэнгэн ой дотроо нүцгэн, урц овоохойдоо амьдраад байж байдаг хүмүүс юм билээ. Ийш нь жуулчдыг зөвшөөрөлтэйгөөр очуулдаг. Тусгай хөтөч дагуулж явдаг. Бүр цаашаа, гүндээ хагас зэрлэг олон омог байдаг гэсэн. Тийш нь хүн очуулдаггүй, ялангуяа гадаадынхныг. Үүнийгээ аюулгүй байдлыг нь хангах үүднээс гэж тайлбарладаг. Туюука омгийнхон дунд явахдаа тэндхийн бараг инээдэггүй нэг эмэгтэйг инээлгэж чадсандаа их баяртай ирж байлаа. Тэр хавийн хүмүүс тэр эмэгтэйг инээж байхыг хараад гайхаад байсан.
-Чи юу гэж хэлсэн юм бэ?
-Юм хэлээгүй ээ. Зүгээр л зургийг нь дарсан. Мэдээж зураг дарах гэж байгаа би өнөө хүндээ аятайхан сэтгэгдэл төрүүлэх үүднээс нүүр царайн ямар нэг хувирал үзүүлсэн байх. Эсвэл намайг хараад ямар нэг юм бодсон уу, мэдэхгүй чин сэтгэлээсээ инээсэн. Инээж байгаа хүн ер нь дандаа гоё байдаг.
-Тэндээс чамд юу хамгийн их таалагдсан бэ?
-Тукана гэдэг шувуу. Анх харахад чихмэл тоглоом шиг ч юм шиг санагдаж байлаа. Биеийн ерөнхий галбир, толгой хэсэг, хамгийн гол нь өнгө нь уран зургаас ч гоё. Байгаль эх тийм уран юм байна шүү дээ гэдгийг энэ шувуунаас харсан. Тэгээд ойлголтоо бататгах, үзсэн харснаа бусадтай хуваалцах үүднээс зургийг нь дарсан юм. Тукана зөвхөн Бразилд ч биш, халуун бүсийн өөр орнуудад байдаг юм билээ.
-Тэгвэл хамгийн их хичээж авсан зураг нь аль вэ?
-Тойруулгынх бололтой морины зураг авах үе байсан. Булчин шөрмөс нь ялгарч харагдаад сүрхий сайхан амьтан байсан шүү. Эзэн нь нэг бүсгүй байсан. Тэр морины зургийг маш олон дарсан. Түүнийг морио унаад харайлгаж байхад нь цаана нь уул, модны оройг багтааж авсан.
-Үзэсгэлэн хэдэн хүртэл үргэлжлэх вэ?
-Олимпийн хаалтын өдөр үзэсгэлэнгээ буулгана. Эцсийн дүнд надад төрсөн бодол юу вэ гэхээр Бразил орон тэндхийн хүмүүсийн ярьдгаар үнэхээр бурханы өгсөн бэлэг, бүтээл юм шиг санагдсан. Байгаль цаг уурын таатай нөхцөл, үзэмж төгс. Дээр нь газар хөдлөлт, цунами, галт уул дэлбэрэлт гэх зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл тун ховор. Ер нь бараг тохиолдож байгаагүйтэй ижил гэж ярьдаг юм билээ.
Б.Намуун: Бараг инээдэггүй нэг эмэгтэйг инээлгэсэндээ баяртай байгаа | ||
Үзсэн: 5490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.