Тэртээ холын нутгаас та тэнэгэр уудам говийг зорихдоо тэнхээт хүлгийнхээ гэгээвчээр харж ажигласан бол тэнгэр, газрын савслагад хөшиглөх цэнхэр уулс, тэгш талбиун цэлгэр өргөн талыг лав болгоосон биз ээ. Уултай, устай, ургамал, амьтан жигд энэ газар маань унаган төрхөө алдалгүй хадгалж үлдсэн уран сайхан байгаль орчин нь урам сэргээж ухаан тэлэхээр нутаг юм шүү.
Хэрэв та нутгийн малчин айлаар зочилбол хэтэрхий өглөгч гэмээр гэрийн эзэгтэйн чанасан таны хэзээ ч амсаагүй ааг нь ханхалсан сүүтэй цай зооглож, хээрийн өвс, ногоо амтагдсан үндэсний хоолоор нь дайлуулна. Харин манай говийг мэдэхгүй хүнд бол халуун элс шуурч, амьсгал давхцуулсан хатуу өргөст бут хөл дороос хатгасан, харангадаж ангаж туйлдмаар хахир хэцүү эзэнгүй цөл санаанд буудаг байх. Хааяа бас тийм суртал ухуулга ч байдаг л даа.
Таанын үнэр сэнгэсэн уудам талын өвчүүн дээгүүр талын бүргэд шиг дүүлэх мөнгөн хүлгээсээ таныг буухад тавтай морилохыг ерөөх мэт Гурван сайхан уул тосон авна.
Танд энэ уулын тухай нэгэн домог байдгийг өргөн баръя.
Эрт урдын цагт гэнэ. Хангайн сайхан нутагт хангалуун чинээлэг амьдралтай ч ханах сэтгэл нь дутсан нэгэн баяных байжээ. Тэр айл тэрсхэн төрсөн гурван сайхан охинтой юмсанжээ. Охид нь өсөн торниж олны харц булаасан онцгой ухаалгаараа орон нутагтаа гайхагдаж, гол шиг тэгшхэн нуруутай, гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүд болж хадамд гарах нас бие гүйцээд байсан үе байв гэнээ. Харин хөрөнгө мөнгийн увидасыг хэт шүтдэг гэрийн эзэн , хөөрхөн хонгор охидынхоо хойчийн жаргалтай амьдралыг хороож баршгүй их мөнгө, хотоороо дүүрсэн мал сүрэгтэй холбож ухаардаг хомсхон бодолтой нэгэн байжээ. Ийм учраас л баян аав нь эдлэж дуусашгүй их хөрөнгөтэй хөгшин ноёдод гурван охиноо тэдний бага хатан болгож өгөхөөр сүй бэлэг төхөөрч сүрхий нууцгай бэлтгэж байгааг алаг хонгор үрсдээ аминаасаа илүү хайртай ээж нь мэдэж, хөөрхий миний танхил үрс минь хөгшин ноёдын талхинд өртөх нь гэж зүрх сэтгэлээ шимшрүүлэн байж нэг өдөр эл учрыг охиддоо хэлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Хүний хайлан ээжийнх нь хэлсэн энэ үг хүсэл мөрөөдлийн жигүүрээ дэлгэж дэрвэж яваа онгон цэвэр зүрхийг нь хүйтэн төмрөөр хайрах мэт болж хүнд хэцүү тавилан хүлээж байгааг гэнэт мэдэрсэн тэд аав, ээж, ахан дүүсээсээ нууцлан зөвлөлдөж алс холын говь нутагт амьдрахаар зориг шулууджээ.
Эд мөнгөнд толгойгоо мэдүүлсэн эцгийнхээ энэрэлгүй, хатуу сэтгэлд туйлаас гомдсон охид эрхлэж тоглож өссөн эх нутаг, ээж, аав, элгэн халуун гал голомтоо үүрд орхин өгөөмөр зуны нэгэн өглөө өөрсдийн хайртай хурдан морьдоо унаж өндөр өндөр уулсыг давж, өргөн өргөн талыг гаталж, өлсөж ядрахыг огоорон явсаар өмнийн цэнхэр говийг зорин ирэхэд уужуу тайван ухаалаг зочломтгой уугуул нутгийн говьчууд умар зүгийн босуул охидод учирсан гай зовлонг нь ухааран өрөвдөж, уужим сайхан говийнхоо унаган хүүхдүүд шигээ хайрлан угтаж гэнээ.
Гуйвашгүй чин зориг гарган гунигт амьдралаа орхиж ирсэн гурван сайхан бүсгүйн тухай мэдээ тал амхязгаараар нутаглаж баячуудын адууг өдөр шөнөгүй манан хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж амьдардаг Өлзийт, Цагаан, Цогт гэдэг гурван сайхан залуу хархүүгийн чихийг өнөөх дуулиант мэдээ нэгэн адил дэлсжээ. Нэг удаа 3 залуу сүргийн бэлчээрт уулзаж, элдвийг ярилцаж хүүрнэсээр хол нутгаас оргож ирсэн хүүхнүүдийн тухай ярианд шилжжээ. Баян ядуу хэнд ч бай байгалиас заяасан хайр сэтгэлийн уянга байдаг хойно холоос ирсэн хонгорхон бүсгүйчүүдтэй уулзаж учрах нэгэн санаатай болохоо ойлголцож адуун сүргийнхээ дотроос аргамаг сайхан хүлгүүдийг шилж адуу манах ээлжээ тааруулан явахаар болзоо тохирчээ.
Тэр цагаас хойш орой бүр тэмдэгт газраа уулзаж, гурван бүсгүйнд очиж, хайр сэтгэлээ илчилж, ханилан сууж амьдрах тухайгаа хүртэл ярилцаж амжжээ. Гэтэл нэгэн шөнө гэрийн эзэн баян манааны хэдийг тандах эргүүл явуулж мань гурвын нууц явдлыг мэдчихэж гэнэ. Адуун сүргийг эзэнгүй орхиж, аргамаг хурдан хүлгүүдийг нь ээлжлэн унаж, амрагийн болзоонл очдгийг нь мэдсэ баяны хорсол буцалж адуучин гурвыг арав, арав банздаад хоёр хөлд нь хүнд гинж уяж хонины бэлчээрээс цааш холдох чадалгүй аргалчин болгочихсон учир амраг бүсгүйчүүддээ дахин очиж уулзах аргагүй болжээ. Хайрт хөвгүүд нь харгис эзний гарт өртсөн харамсалтай тохиолыг мэдсэн цагаас хойш гурван бүсгүй жил бүрийн аагим халуун зуны цагт сэтгэлийн гунигийг нь сэргээх гэж аадрын ариун хураа илгээж, хөхөө өвлийн цангинам хүйтэнд хөвөн зөөлөн цасаараа хучин энхрийлдэг болсон гэнээ.
Хагацан одсон цагаас хойш танхил залуу насны хайр сэтгэлийн үнэнчээ илтгэж адуучин гурван хөвгүүн Өлзийт овоо, Цогт овоо, Цагаан овоо гэдэг адилхан гурван толгод болж мөнхөрсөн гэнэ.Говьд идээшсэн гурван сайхана хүүхэн Гурвансайхан уул болон сүндэрлэж урин дулаан цаг ирэнгүүт хамгаас түрүүнд дугуй хээтэй ногоон торгон дээлээ өмсөцгөөн гунхаж, улирлын сэрүүн намар болонгуут цацагт цагаан эсгий тоорцог духлуулан гангарцгаадаг нь холоос ирэх учраатай хонгор хөвгүүдээ хүлээн харуулдаж байгаа нь тэр гэж домог өндөрлөдөг.
Арц гангын анхилам үнэр ханхилсан ариг цэнгэг рашаан, булгийн ус жирэлзсэн, ариун тунгалаг агаарын амт сэнгэнэсэн, аргаль, янгир сүрэг сүргээрээ бэлчээрлэсэн говийн сайхан хангай гэж нутгийнхан хайрлан хамгаалдаг гоо үзэсгэлэн төгөлдөр онгон дархан ууланд минь амран жуулчилж яваа танд урт удаан наслахыг ерөөе.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн, ахмад багш Ц.Лувсанцэрэн
Говь гурван сайхан уулын домог | ||
Үзсэн: 8387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.