- Дөрөв дэх засаглал хүчтэй төлөөлөгчөө алдав. Монголын сэтгүүл зүйн дунд үеийн эрч хүчтэй төлөөлөгчдийн нэг өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясаараа нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн “NВS” телевизийн захирал сэтгүүлч С.Наранбаатар 2013 оны 2 сарын 25-26-нд шилжих шөнө бусдын гарт амиа алдав. “Наранбаатар мэдээллээ” хэмээн зоримог дуу хоолойгоор хийсэн ажлаа тамгалдаг авьяаслаг сэтгүүлч таксины жолоочийн гарт амиа алдсан нь үзэг, дэвтэр, дуу хураагчаас өөр зэвсэггүй Монголын сэтгүүлчдэд амь насаа алдах аюул ойрхон байгааг сануулсан юм.
- Сая доллараа таг мартсан улс төрч. Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүл, хүрээллийн хүмүүсийн данс, гадаад дахь компаниудынх нь талаарх нууц мэдээлэл, материалыг олон нийтэд дэлгэдэг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстайг илрүүлэв. Түүний 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа нээсэн Их Британийн Виржинийн арлууд дээрх “Legend Plus Capital Limited” хэмээх компанийн 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримтыг олсон юм.
- Төр түгжрэлгүй үйлчилгээг нэвтрүүлэв. Шинэчлэлийн Засгийн газар төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэдэг болоход анхаарч “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ машин”-ыг хэрэглээнд нэвтрүүлэв. Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах, хуулбарлах боломжгүй гэдгийг уг ажлыг гүйцэтгэн хэрэгжүүлэгч Мэдээлэл технологи, шуудан харилцаа, холбооны газраас мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн иргэд “ТҮЦ” машинаас 11 төрлийн үйлчилгээг авч байна.
- Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдов. Тэрбээр сонгогчдын 50,23 хувь санал авчээ. Түүний гол өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сонгогчдын 41,97 хувь санал авсан байна.
- Даан хүлээлгэсэн өршөөл эзэндээ ирэв. Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2012 оны 4 дүгээр сард авилгын гэх тодотголтой олон хэрэгт буруутгагдан хоригдож улмаар шүүхээс хорих ял сонссон. Монголчуудын төдийгүй дэлхий дахины анхаарлыг татахын зэрэгцээ эрүүл мэнд нь асар муудаж, турш эцэн тамираа барсан Н.Энхбаярт 2013 оны 8 сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, уучлал үзүүлэн ялаас нь чөлөөлөв.
- Монголын морин спорт, уяачдын холбооноос зуун зууны түүхтэй хурдан морины уралдааныг дэлхийд сурталчлан, “Гиннесийн ном”-д бүртгүүлэх зорилгоор “Монгол морь-3000” уралдаан, “10.000 морьтон монголчуудын их жагсаал”-ыг Хүй долоон худагт зохион байгуулахаар санаачилсан. Тэгвэл монголчууд 10.000 биш 11.000 морьтны жагсаал хийж, 3000 биш 4249 хурдан морь уралдуулан дэлхийд дээд амжилт тогтоож, “Гиннесийн ном”-д бүртгүүлэв.
- Төрийн ордон руу зэвсэглэн халдав. Монгол улсын түүхэнд анх удаа иргэд төрийн ордон руу зэвсэгтэй орохыг завдсан хэрэг гарав. Урт нэртэй буюу гол,ой модны эх газарт алт олборлохыг хориглосон хуулийг өөрчлөх төслийг эсэргүүцсэн "Гал Үндэстэн" хөдөлгөөнийхөн ордон руу халдахыг завдаж, улмаар буун дуу гаргав. Улмаар хөдөлгөөнийхэнд хүч хэрэглэн нэгжлэг хийхэд гранат 11, гранат тэслэгч 10, Сайга маркийн гар буу 1, гар буу 1, том жижиг бууны сум 101, торотил 11, тетанатр 9 ш, бууны замаг 1 ширхэг илэрсэн юм.
- Түүх соёлын хосгүй дурсгалт өв, 1819 онд бүтээгдсэн, 111 боть “Есөн эрдэнийн Ганжуур” судрыг Дэлхийн баримтат өвөөр бүртгүүлэн баталгаажуулж дэлхийд данслуулав. Мөн Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 8 дугаар хуралдаанаар “Монгол уран бичлэг” болон “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад оролцогчид санал нэгтэй бүртгэлээ.
- УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн харьяалагдах Ховд аймгийн АН-ын даргадаа өгөв. Өргөдөлд “Ардчилсан намын Үндсэн дүрмийн үйлчилгээ зогсоод бараг гурван жил өнгөрөв. Намын бүтцийн байгууллагууд эрх зүйн чадамжгүй боллоо. “Ард олноосоо мандат авсан” гишүүд намын бодлогыг тодорхойлдог байх үзэл баримтлалыг Намын дүрэмд суулгах санаачилга ор сураггүй алга боллоо. Нөхцөл байдал иймд намын төлөөллийн төв байгууллага болох ҮЗХ-ны гишүүн гэж тооцогдох нь намын гишүүний хувьд, ёс зүйн хувьд зохисгүй хэмээн үзэж Үндсэн дүрмийн 6.4.6-д заасны дагуу ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдөхийг хүсч байна” гэжээ. Гэвч УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар түүний огцрох хүсэлт дэмжигдсэнгүй.
- Тираннозавр Батаар эх орондоо ирэв. 2012 оны тавдугаар сарын 18-нд Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан нь Тираннозавр Батаарын араг ясны тухай мэдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрч, тэр даруй Ц.Элбэгдорж улсынхаа нэрийн өмнөөс нэхэмжлэл гарган шуурхай ажилласны үр дүнд 70 гаруй сая жилийн настай Батаар үлэг гүрвэлийн олдвор тавдугаар сарын 17-нд Баасан гарагт эх орондоо эргэн ирлээ.
- Ерөнхий сайд төөрч, улсад онц байдал зарлах шахав. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч 4 сард хамт явсан 70-аад хүний хамт Бурханхалдун уулнаа цасанд боогдож, сураг тасраад улс орныг нэлээдгүй “хөдөлгөөнд” оруулав. Аяллын багийн хүмүүсийг аврахаар гурван нисдэг тэрэг, 200 аврах албаныхан дайчлагдсан байна. Эрлийн багийг МУ-ын Ерөнхийлөгч биечлэн удирдаж, тэд ч үүргээ амжилттай биелүүлэн, “сураг тасрагсад”-ыг эсэн мэнд олсон юм.
- Найман хувийн хүүтэй зээл. Энэ жил эдийн засгийн өсөлтийг аварсан нь яах аргагүй үл хөдлөх хөрөнгийн салбар. Тэр дундаа орон сууцны зах зээл байсан гэдэгтэй маргах хүнгүй. Энэ бол найман хувийн хүүтэй орон сууцны зээл байлаа. Засгийн газар иргэдэд жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгох журмыг батлаад хэрэгжүүлж буй бөгөөд урьдчилгаа 30 хүртэлх хувийг төлсөн иргэдэд хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон юм.
- “Хадгаламж” банкны дампуурал. Монголбанк “Хадгаламж” банкийг өнгөрсөн 7 сард татан буулгаж “Төрийн банк”-нд нэгтгэх шийдвэр гаргасан. Тус банк дампуурах болсон шалтгаан нь “Жаст” группын ерөнхий захирал Ш.Батхүүгийн “Олон овоот гоулд” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан их хэмжээний буюу 162 тэрбум төгрөгний зээлээс болсон гэж үзэж байгаа.
- Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн 103 орны 800 орчим төлөөлөгч оролцсон Сайд нарын VII бага хурлыг 4 дүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан нь манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн чухал арга хэмжээ болсон юм.
- Бас нэгэн монгол эмэгтэй харь нутагт амиа алдав. Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайзад бусдын гарт амиа алдаад найман жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар анхаарал хандуулж, гэм буруутанд хариуцлага тооцуулахаар ажлын хэсэг хүртэл байгуулсан ч үр дүнд хүрээгүй. Гэтэл хэдхэн хоногийн өмнө дахин нэг иргэн Малайзад амиа алдлаа. Хүний наймаанд өртсөн байж болзошгүй гэж таамаглаж байсан эмэгтэй өнгөрөгч аравдугаар сараас хойш ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж, тусламж гуйж байгаад амиа алдсан гэх мэдээлэл Эрүүгийн цагдаагийн газрынхныг "Иргэнийхээ төлөө ажилласангүй" гэсэн шүүмжлэлийн бай болоход хүргээд байна.
- Сүүлийн хэдэн жил тогтвортой байсан ам.долларын ханш өссөөр 1700 төгрөг давсан нь Монголын энэ оны санхүү, эдийн засгийн түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдэхээс өөр аргагүй үзэгдэл боллоо. 2009 оны гуравдугаар сард нэг ам. доллар 1800 төгрөг шүргэн алдаж байсан яг л тэр хар бараан дүр зураг давтагдсан гэхэд болно.
- Дэлхийн одод Монголын тайзнаа... Дэлхий даяар охид, залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж, Британийн чартуудыг нэгэн үе тэргүүлж, хөгжмийн дээд шагналуудыг нь хүртсэн “Blue” хамтлаг “EVENTO” компанийн урилгаар есдүгээр сарын 15-нд, Өмнөд Солонгосын охидын Т-АРА хамтлаг БНСУ-ын охидын T-ara болон “Davichi”, “The Seeya”, “Speed” хамтлагууд ETV телевизийн урилгаар есдүгээр сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тус тус тоглолтоо хийж, цэнгэлдэх дүүрэн үзэгч, шүтэн бишрэгчид нь өөрсдийн дууг сонсох дуртай хамтлагуудынхаа дууг даган дуулж, нэг үдшийг жаргалтай өнгөрүүлсэн юм. Ийнхүү Монголчууд эх орондоо дэлхийн алдарт хамтлагийн тоглолтыг үзэж чадсан нь бас нэгэн онцлох үйл явдал юм.
- Дуусдаггүй хэлэлцээр. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зургаадугаар хуралдааныг 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатарт зарлан хуралдуулсан. Үүгээр анхны хөрөнгө оруулалтыг нягтлах зэрэг манай талаас тавьсан зургаан асуудал, далд уурхайн санхүүжилт зэрэг нөгөө талаас тавьсан хоёр асуудлыг тус тус хэлэлцсэн юм. Гэвч, хоёр тал тодорхой шийдэлд хүрч чадаагүй учраас хувь нийлүүлэгчдийн хурлыг түр завсарлуулж, хоёрдугаар сарын 27-ны өдөр дахин хуралдуулсан. Гэвч үүгээр хоёр тал дахиад л нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй юм. Энэхүү сонирхлын зөрчлөөс болж “Хюго даммет”-ын далд уурхайн барилгын ажил зогсоод зургаа дахь сараа угтаж байна.
- Том төрөөс ухаалаг төр лүү. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо. Тус уулзалтад УИХ-ын гишүүдээс гадна, эрдэмтэн, судлаачид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, орон нутгийн төлөөлөл зэрэг нийт 800 гаруй хүн оролцсон юм. Уулзалтын эхэнд тавьсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг нэн онцлог илтгэл болж чадлаа.
- Анх удаа нэг өдөрт нэг компанийн 14,7 сая ширхэг хувьцаа арилжааллаа. Монголын хөрөнгийн бирж АПУ компанийн 14.7 сая ширхэг хувьцааг аравдугаар сарын 21-нд 47.5 тэрбум төгрөг өөр худалдсан нь түүхэндээ хамгийн өндөр дүнтэй арилжаанд тооцогдов. Мөн тус бирж “Миллениум Ай Ти” системийг суурилуулсан техникийн шинэчлэлээ эцэслэлээ. Түүнчлэн УИХ-ын намрын чуулганаар манай хөрөнгийн зах зээлийн хөгжилд ус агаар шиг хэрэгтэй Үнэт цаасны тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батлав. Ийнхүү хөрөнгийн зах зээл шинэ оны эхнээс дэлхийн жишигт нийцсэн хууль, журам мөрдөж эхэлнэ.
- Монгол шатахуун. Шатахууны хувьд 100 хувь гадны улс орнуудаас хараат байгаа манай улс байна. Тэгвэл манайд шатахуун нийлүүлж байгаа улс орнууд хэдэн төгрөгөөр шатахуунаа нийлүүлэхээс шалтгаалж үнийн хэлбэлзэл бий болдог. Тэгвэл энэ асуудлыг бага ч болов цэгцлэх үүднээс энэ жилээс эхлэн монгол 93 шатахууныг хэрэглэгчдэд нийлүүлж эхэллээ.
- Үндэсний бөхийн шинэ аварга төрөв. Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит 512 бөх хүч бяраа сорьсон юм. Улмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын арслан Г.Эрхэмбаяр, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат улсын начин Б.Гончигдамбаар ес даван түрүүлж Монгол Улсын "Аварга" цолны болзлыг хангалаа. Үзүүрлэсэн Завхан аймгийн Их-Уул сумын харъяат улсын начин Б.Гончигдамба Монгол Улсын "Гарьд" цолны болзлыг хангасан юм.
- МУИС-ийн шинэчлэлийг тойрсон асуудлыг онцолж байна. Монголын хамгийн том гэгддэг Их сургуулийн удирдах зөвлөлөөс 12 бүрэлдэхүүн сургуулийг таван бүрэлдэхүүн сургуультай болгох шийдвэр гаргаж багш, оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Улмаар тус сургуулиудын захирлууд гэнэт суудлаасаа бууж түр орлон гүйцэтгэгчийг сонгосон явдал байлаа.
- Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсныг ажилласнаар нөхөн тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэх” зорилт тусгагдан УИХ-аас өнгөрсөн оны есдүгээр сарын 04-ны өдөр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг батлан гаргасан юм. Уг хуулиар иргэдийн 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нь тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцож нөхөн төлсөнд тооцуулах боломжтой болсон.
- Хөдөө аж ахуйн бирж байгуулав. Хөдөө аж ахуйн бирж анхны арилжаагаа энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд явуулснаар Монгол Улсад таваарын биржийн эхлэл тавигдлаа. Тус бирж ноос, ноолуур, тосны ургамал арилжиж, өчигдрийн байдлаар нийт 399.5 тэрбум төгр өгийн борлуулалт хийжээ. Тус биржийнхэн улаан буудай, малаар “лангуун” дахь барааныхаа нэр төрлийг өргөтгөхөөр төл өвлөж буй.
- Хөшгийн хөндийд нисэх онгоцны буудлын шав тавилаа. Япон улсаас Монголд хэрэгжүүлж буй хамгийн том төсөл болох Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын шавыг зургаадугаар сард тавив. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд (Улаанбаатараас 50 км-ийн зайд) барих уг олон улсын нисэх онгоцны буудлыг Японы “МицүбишиЧи ёода” компанийн хамтарсан түншлэл барихаар тендерт шалгарсан юм. Төлөвлөсний дагуу 2016 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах, 1200 га талбай хамран 30 гаруй барилга байгууламжаас бүрдэх уг нисэх онгоцны буудал жилд гурван сая хүртэлх жуулчин хүлээх авах хүчин чадалтай байх гэнэ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНАСАУ-д хийсэн дөрвөн өдрийн айлчлал олон улсын анхаарлын төвд байлаа. Мөн Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийнх нь асуудлыг шийдэх арга замыг эрж хайх гарцыг нээж магадгүй юм гэсэн найдлага тавьж байгаагаа Японы тал мэдээлэлдээ онцолсон байна. Зүүн хойд Азийн орнуудын томоохон мэдээллийн агентлагууд айлчлалын үйл явдлыг алгасахгүй мэдээлсэн юм.
- Самурай бонд Монголын засгийн газраас Японы зах зээлд анх удаа иений бонд гарган арилжаалж эхлэв. 10 жилийн хугацаатай 30 тэрбум иений бондыг 1.52 хувийн хүүтэй арилжсан гэх мэдээлэл байгаа ч энэ талаар Сангийн яам, Хөгжлийн банкнаас өнөөг хүртэл ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Сангийн сайд Ч.Улаан “Хөгжлийн нэмэлт эх үүсвэр олох шаардлагатай байгаа” гэж “Самурай” бондын ач тусыг нь тодотгож байгаа.
- Универсиадын алтан медальтан монгол бүсгүй. Энэ жил Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Лондоны олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг “Казань-2013” Универсиадын гурав дахь алтан медалийг энэ 2013 онд эх орондоо авчирсан нь нэгэн онцлох үйл явдал байлаа.
- Нүсэр төсөв буюу чамлагдсан биелэлт. 2014 оны төсвөө батлахын өмнө 2013 оны төсвийг тодотгох асуудал УИХ-ын гишүүдийн дунд баахан маргаан дэгдээв. Өмнө нь Засгийн газар татварын орлого төлөвлөгөөгөө биелүүлээд илүүдэл хуримтлал үүсгээд дахин зарцуулахын тулд тодотгол хийж шинэ хөрөнгө оруулалтуудыг баталдаг басан бол энэ удаа засгийн газар баталсан хөрөнгө оруулалтын 30 хувийн гүйцэтгэлтэй орж ирлээ. Төсвийн орлого нь 1.5 их наяд төгрөгөөр, хөрөнгө оруулалт 1.1 их наяд төгрөгөөр тасарсан нь олон хүнийг бухимдууллаа.
- Хогийн савнаас их хэмжээний мөнгөтэй сэйф олдов. Гэмт этгээдүүд төв цэнгэлдэхийн дэргэдэх хогийн саванд нэгэн сейфийг нь орхисон байжээ. Тэрхүү сейфийг цагдаагийнхан онгойлгож шалгахад битүү чихсэн 2 сая 145 мянган юань, 6000 ам.доллар гарч ирсэн аж. Эдгээр мөнгөний цаад эзэд нь Н.Хүрэлбаатар нарын хүрээлэгчид гэх бөгөөд одоогоор тус хэрэг шалгагдаж байна. Ийнхүү дүүрэн валюттай сейф хогон дээр гаргаж хаясан нь гайхшрал төрүүлэв.
- Оюутолгойн зэсийн баяжмалыг экспортолж эхэллээ. Олон жил дуншсан “Оюутолгой” төсөл эдийн засгийн эргэлтэд орж, өнгөрч буй онд зэсийн баяжмалаа экспортолж эхэллээ. Тодорхой шалтгааны улмаас хоёр ч удаа хойшилсон ч өнгөрсөн долдугаар сарын 9-нд “Монголд үйлдвэрлэв” шошготой, 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машины цуваа Гашуунсухайтын боомт руу хөд өлс өн билээ. Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт эхэлснээр Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа зэсийн баяжмалыг 80 хувиар, нийт экспортын хэмжээг 30-40 хувиар, ДНБ-д эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлж, Монгол Улс дэлхийн зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломж бүрдэв.
- Ирж буй шинэ оны босгон дээр буюу 12 дугаар сарын 23-ны өдөр 4 ихэр хүүхэд ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн мэндэлсэн нь энэ оны нэгэн онцлох үйл явдал байлаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат залуу гэр бүл Ч.Баттулга, Э.Хандаа нарын гэрт гурван хүү, нэг охин төрсөн байна. Энэ нь ээжийн хоёр дахь төрөлт аж.
- МАН-ын XXVII их хурал. МАН-ын XXVII их хурал гурван өдөр болж өндөрлөлөө. Их хурлын хамгийн анхаарал татсан сэдэв бол МАН-ын дараагийн дарга хэн болох вэ гэсэн асуудал юм. Улмаар их хурлын төлөөлөгчдийн 91.65 хувийн саналаар УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын шинэ даргаар сонгогдлоо.
- Монгол Улсын анхны “Чингис 767 300ER” агаарын хөлөг Америкийн Нэгдсэн Улсаас 12.00 цагийн шууд нислэг үйлдэж, “Чингис Хаан” нисэх буудалд ирсэн билээ. АНУ-ын Seattle хот дахь Боингийн үйлдвэрт үйлдвэрлэсэн тус онгоцны өртөг болох 114 сая ам.долларыг бондын хөрөнгөөс гаргасан байна. МИАТ компани 10 жилийн хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр анхны онгоцоо ийнхүү хүлээн авлаа. Шинэ онгоцтой болж байгаатай холбогдуулан онгоцны тариф, тэр дундаа бизнес ангилалын тийзний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх юм байна.
- Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчилж батлав. Монголбанкны үзүүлэлтээр 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөр өнгө оруулалт энэ оны эхний хагаст 1.4 тэрбум ам.долларт хүрч шалдаа буугаад байна. Энэ онд хөрөнгө оруулалтыг дэмжих алхам нэлээд хийсэн. Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль баталж, үүгээрээ хөрөнгө оруулалтыг ялгаварлахаа больё, хөрөнгө оруулбал татварын хувьд өөрчлөлтгүй, тууштай, тогтвортой байх зохицуулалтыг 5-10 жилээр Монгол Улс хийхээр боллоо.
- Дэлхийн аваргын хошой медальтан. Казахстаны сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс МУГТ У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. Ингэснээр тэрбээр дэлхийн аваргын хошой хүрэл медальтай тамирчин болсон юм.
- Дэлхийн улсуудтай бодит харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлсэн жил. Өнгөрч буй 2013 онд дээд болон өндөр түвшний 35 айчлал хийгдсэн байна. Үүнээс гадаадад 14 айлчлал хийгдэж, дэлхийн улс орнуудаас дээд болон өндөр хэмжээний 21 зочинг монгол улс хүлээн авчээ. Мөн Олон улсын болон хоёр талын нийт 63 баримт бичигт гарын үсэг зурж, НҮБ-ын гишүүн 11 улстай шинээр дипломат харилцаа тогтоов.
- Сайтуудын сэтгэгдэлд үгийн шүүлтүүр тавьсан. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос “Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” гаргаж, албан ёсоор мөрдөгдөж эхэлсэн. Дээрх журмаар сайтуудын үүргийг сэтгэгдэл бичсэн хэрэглэгчийн компьютерын IP хаягийг харуулах, Сэтгэгдэл бичихийн тулд тухайн сайтад заавал бүртгүүлэх, Сэтгэгдлийн гомдол хүлээн авах утас ажиллуулах, хууль бус сэтгэгдлийг устгах, Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдлээс ХХЗХ-ноос баталж өгсөн 750 үгийг хасч үзүүлэх буюу Үгийн шүүлтүүр ашиглах зэргээр тодорхойлсон явдал юм.
- Дэлхийн аварга анхны эмэгтэй. Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Мөнхбатын Уранцэцэг Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, аваргын алтан медалийн эзэн боллоо.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуульд гадаад орнуудад суугаа монгол иргэдийн саналыг авах ажлыг анх удаа зохион байгуулав. Салбар комиссуудад нийт 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлж, баталгаажуулснаас 4248 буюу сонгогчийн 68.2 хувь нь саналаа өгөв.
- Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ. Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах нь манай гадаад бодлогын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хельсинкийн үйл явц”-ыг жишээлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачлагыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү санаачлагыг холбогдох талуудад мэдэгдэж, таниулах, татан оролцуулах замаар санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллав.
- Монгол Улс авлигын индексээрээ олон улсад 11 байр урагшиллаа. Монгол Улс өнгөрч буй энэ жилд авлигатай тэмцэх чиглэлээр нэр нөлөө бүхий холбогдогчтой олон хэргийг хууль, шүүхийн байгууллагаар шалгаж шийдвэрлэсэн, 17 хэрэгт 24 төрийн албан хаагч хэрэгтнээр татаж шалгасан дүнгээр олон улсад авлигын индексээрээ 11 байр урагшиллаа.
- Сүхбаатарын талбайг “Чингисийн хааны талбай” болгов. НИТХ-ын зарим эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, судлаачид, төрийн бус байгууллагуудаас удаа дараа гаргасан саналыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчийн хуралдаанаас долоодугаар сарын 15-ны өдөр “Гудамж талбайн нэр өөрчлөх тухай” тогтоол гаргаж, нийслэл хотын төв талбайн нэрийг Чингисийн талбай болгов.
- Монголын рок поп урлагийн том төлөөлөгч болсон “Хурд” хамтлагийн 20 жилийн ой нь тохиож монголын хөгжмийн түүхэнд
анх удаа АНУ-д “Алтан пянз”-аа хэвлүүлэв.
- Монгол улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсний 100 жилийн ой, Чөлөөт хэвлэл үүсч хөгжсний 25 жилийн ой тохиов.
Оны онцлох үйл явдлууд | ||
Үзсэн: 4963 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.