Шууд Chart

ОУВС-гаас гарч болох шийдвэрийн талаар эдийн засагчид байр сууриа илэрхийллээ

2017-02-01 13:04:39

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монголд ирээд хоёр дахь өдрөө ажиллаж байна. Тэд өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр Монгол Улсад  ирж, 10 хоног ажиллаад буцахдаа дахин ирэх төлөвлөгөөтэй байсан ч тодорхой бус шалтгаанаар хойшилсон юм. Харин энэ удаа ОУВС-гийн төлөөлөгчид Сангийн яам болон Засгийн газартай хамтран Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж ямар хэмжээний зээл авах, түүний үр дүнг хэрхэн тооцох шийдвэрийг гаргах юм байна. Энэ талаар манай эдийн засагчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.  


Валютын сангийн дэмжлэг манай санхүүгийн салбарын эрсдэлтэй нөхцөл, дотоод бодлогыг цэгцлэнэ

Эдийн засагч Ч.Хашчулуун

-Олон улсын валютын сангийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Энэ удаад ямар шийдвэр гарна гэсэн хүлээлт байна вэ?

-Валютын сангийн гол хөтөлбөрүүдийн онцлог нь богино хугацаанд төсвийн ихээхэн алдагдал болон төлбөрийн балансын алдагдалд орсон хөгжиж байгаа эдийн засагт туслалцаа үзүүлдэг. Жишээлбэл, яг энэ байдлаар 1997-1998 онд  хямралд орж байсан Тайланд, Солонгос зэрэг улсад урт хугацаатай, бага хүүтэй зээл олгоод эдийн засгийг нь тодорхой хэмжээгээр сэргээхэд арга зүйн болоод санхүүгийн тодорхой дэмжлэг өгч байсан. Тэр  зээл нь  богино хугацаанд төсвийн алдагдлыг нөхөх боломжтойгоороо давуу талтай. Нөгөө талаар төлбөрийн балансын тэнцлийг хангах, валютын ханшийг тогтвортой барих, урт хугацаанд дахин хямрал гаргахгүй байж, эдийн засгаа сайжруулах гол хөшүүрэг болсон.

-Өмнө нь манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хэд хэдэн удаа хамрагдаж байсан. Тухайн хөтөлбөр бүр өөрийн зорилготой байлаа. Харин одоо ямар зорилт тавьж, хэрэгжүүлэх гэж байна вэ?

-Эдийн засаг хэвийн байгаа нөхцөлд манай улс Валютын  сангаас заавал тусламж  аваад байх шаардлагагүй. Гэхдээ яах аргагүй дэлхийн эдийн засагт томоохон хямралууд нүүрлэхэд манай улс жижигхэн эдийн засагтай, экспортын бараа цөөнтэй, орлого багатай гэдгээрээ амархан өртдөг. 1990-ээд оны эхээр болсон шилжилтийн үед л гэхэд хуучин социалист орнууд манай барааг авахаас татгалзсанаас болж барааг доллараар тооцдог болсон. Гаднаас эм хүртэл авч чадахгүй хүнд байдалд орсон тэр үед Валютын сан анхны тусламжаа үзүүлж байсан. Дараа нь Азийн хямрал болсон. Энэ үеэр зэсийн үнэ унаснаас болж манай экспортын орлого эрс багассан. Мөн л Валютын сангаас 30 сая ам.долларын  тусламж үзүүлж, манай төсвийг хэвийн байдалд оруулж өгч байсан. Дараа нь   2009 онд дэлхийн зах зээлд томоохон хямрал үүсэхэд манайд 300 сая.ам долларын тусламж үзүүлсэн байгаа. Энэ удаагийн хямралыг дэлхийн зах зээл дээр сүүлийн жилүүдэд манай экспортын гол нэрийн барааны үнэ огцом  буурснаас гадна бодлогын хувьд алдаатай, эрсдэлтэй ажилласантай холбоотой гэж үздэг. Тэгэхээр Валютын сангийн хувьд энэ удаад дэлхийн хямралаас шалтгаалсан эрсдлийг засч залруулж туслах биш  урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр манай дотоодын эдийн засгийн бодлогыг цэгцлэх, дахин ийм эрсдэлд орохгүй байх тал дээр илүү анхаарч ажиллах байх гэж харж байна.

-ОУВС-гийн зээл хоёр янз байдаг. Бага болон бага дунд орлоготой орнуудад чиглэсэн. Энэ удаагийн манай нөхцөл байдлыг харвал аль чиглэлээр нь  зээл олгохоор байна вэ?

-Бага орлоготой улсад бол Дэлхийн банк, Олон улсын валютын сан бараг хүүгүй тусламжийг хандив маягаар үзүүлдэг. Монгол Улс зарим үед ийм тусламж авч байсан. Үүнийг голдуу техникийн туслалцаа гэж манайхан нэрлэдэг. Сүүлийн үед манай улсын эдийн засаг томорсон. Нэг хүнд ногдох орлого нь жаахан өссөн болохоор нэн ядуу улсын тооноос гарсан. Тийм болохоор хөнгөлөлттэй урт хугацааны зээл авах боломжтой гэж харж байна.

Валютын сангийн хөтөлбөр хэрэгжвэл манай бодлого тодорхой болно

МУИС-ийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс

-Банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны төгсгөлд ес орчим хувьд хүрлээ. Төсвийн алдагдал гурван их наяд төгрөг давсан. Гадаад өрийн хэмжээ огцом өссөн гээд манай эдийн засаг хүнд байдалд байна. Энэ нөхцөлд Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөр орж ирснээр ямар боломж, өөрчлөлт бий болох вэ?

-Валютын сангийн хөтөлбөрүүдийн хамгийн давуу тал нь сахилга бат байдаг. Валютын сан нь зөвхөн эдийн засгийн нэг секторт төвлөрдөг хөтөлбөр биш. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцэл, төсвийн хүндрэл, банк санхүүгийн хүндрэл гэсэн макро эдийн засгийн  том гурван салбарыг хамарсан цогц арга хэмжээг ярьж байгаа гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Түүнээс биш зөвхөн төлбөрийн тэнцэл, эсвэл зөвхөн төсвийн хүндрэлийг Валютын сангийн зээлээр шийдэж болдог гэж ойлгох нь өрөөсгөл юм. Хөтөлбөр гэдэг утгаараа цогц арга хэмжээг дэмждэг. 1990-ээд оноос эхлээд манай улсад янз бүрийн нэртэйгээр Валютын сангийн олон хөтөлбөр хэрэгжсэн. Хамгийн сүүлд л гэхэд 2008-2009 оны эдийн засгийн хүндрэлийн үеэр хэрэгжсэн байдаг. Практикаас харахад Валютын сангийн  зээл ихэвчлэн төлбөрийн зээлийн хүндрэлд ашиглагддаг. Тухайлбал, манай улс гадагшаа төлбөр тооцоо хийх гээд валютын хүндрэлд  орсон тохиолдолд Валютын сангийн зээл тэр төлбөрийг саадгүй хийхэд нь туслаж гадаад валют зээлээр  олгож байгаа гэсэн үг. Өнөөдөр бид 580 сая ам.долларын асуудлыг яаж шийдэх вэ гэж байна. Төлөх гээд валют нь байхгүй. Энэ нь яах аргагүй төлбөрийн тэнцэл хүндрэлд орсны шинж. Энэ тохиолдолд олгосон зээл нь түр зуурынх байдаг. Энэ мөнгийг зүгээр өгчихдөггүй. Яагаад гэхээр макро эдийн засгийн салбар хоорондоо уялдаа холбоотой учраас нэгэнт зээл өгч байгаа бол төсөв дээрээ болон санхүүгийн салбартаа  ямар бодлого хэрэгжүүлэх гэж  байгааг харгалздаг. Тийм учраас цогц арга хэмжээ болдог гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Цогц арга хэмжээний хөтөлбөрөө боловсруулаад хоёр тал хэлэлцээд тохирсон тохиолдолд бусад донор байгууллагууд  төсвийн хүндрэл, банк санхүүгийн салбарын хүндрэлд тусламж үзүүлдэг жишээ хаа сайгүй байдаг. Тиймээс бид Валютын сангаас төсвийн алдагдлыг хаагаад өгөөч гэж гуйж байгаа хэрэг биш. Хамтраад хөтөлбөр боловсруулаад манай улсын эдийн засгийн хүндрэлийг давж туулах ямар арга байна гэдгийг эрэлхийлж байгаа арга хэмжээ гэж ойлгох ёстой.

-2008-2009 онтой харьцуулахад манай улсын эдийн засаг илүү тэлсэн. Тиймээс өмнө хэрэгжүүлсэн хөтөлбөрөөс өөр байдлаар ажиллах шаардлагатай болов уу. Энэ тал дээр ямар дүр зураг харагдаж байна вэ?

-Тийм. 2008-2009 онтой харьцуулахад манай эдийн засаг их тэлсэн. Тухайн үед ярьж байсан мөнгөн дүн одоогийнхоос хамаагүй бага. Тухайлбал, Монгол Улсын өрийн асуудал байна. Өмнө нь ярьж байгаагүй их хэмжээний мөнгөн дүн яригдаж байна. Төсвийн алдагдлыг их наяд төгрөгөөр ярьж байсан бол зөвхөн 2016 оны төсвийн алдагдал гурван их наяд төгрөг болсон байгаа. Үүнийгээ дагаад төсвийн алдагдал нэмэгдсэн. Эдийн засаг, мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн банк санхүүгийн үйл ажиллагаа тэлсэн гэдгээрээ өмнөх үеэс ялгаатай.

-Тэгэхээр одоогийн энэ нөхцөлд Валютын сангийн хөтөлбөр орж ирвэл манай эдийн засагт ямар өөрчлөлт, давуу тал бүрдэх бол?

-Валютын сангийн манайд үзүүлж болох хөтөлбөрийн үр дүнд хамгийн гол нь бодлогууд тодорхой болно. Гадаадын хөрөнгө оруулагч, Монголын бизнес эрхлэгч, хэрэглэгч гээд аль аль нь тодорхой болно. Одоогийн байдлаар цогц арга хэмжээний төлөвлөгөө сайн харагдахгүй байгаа учраас эдийн засагт тодорхой бус байдал их байна. Гэтэл Валютын сангийн хөтөлбөр энэ тал дээр илүү анхаардаг. Та бүхэн гадаадын хөрөнгө оруулагчдын хэлж, ярьж байгааг сонсоорой. Тэд “Тодорхой хөтөлбөрүүд хаана байна, эргэж буцсан тохиолдолд шийдвэр нь өөрчлөгдөхгүй байх баталгаа бий юу” гэдгийг биднээс асуугаад байгаа юм. Тэгэхээр энэ хөтөлбөр дээрх асуултуудад хариулт өгөхөд илүү чиглэгдэнэ гэдгээрээ ач холбогдолтой.           

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОУВС-гаас гарч болох шийдвэрийн талаар эдийн засагчид байр сууриа илэрхийллээ  
Үзсэн: 2008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй